Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1007

 

 

 

 

 

 

 

 

 

       2022             08             09                                                               2022/ШЦТ/.....

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч: Н.Улсболд /томилолтоор/,

шүүгдэгч: С.Т /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Т-т холбогдох эрүүгийн 000000000 тоот хэргийг 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                             

                

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт С-гийн Т /РД:0000000/,

Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын ***-ны өдөр ****** аймагт төрсөн, ***настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, ********** дүүрэг, 0 дугаар хороо, Зүүн Баян уул 0 дугаар гудамж,0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.Т нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр байрны 0 тоотод хохирогч Н.Х-д “айл эзгүйчилж архи уулаа” гэж уурлан, түүн рүү аяга шидсэний улмаас биед нь зүүн нүдний ухархай ясны хугарал, духанд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, дух, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:             

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч С.Т нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр байрны 0 тоотод хохирогч Н.Х-д “айл эзгүйчилж архи уулаа” гэж уурлан, түүн рүү аяга шидсэний улмаас биед нь зүүн нүдний ухархай ясны хугарал, духанд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, дух, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

               -Хохирогч Н.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 19 цагийн үед Б-гийн гэрт гаднаас хаалга нэг хүн нүдээд байсан ба тухайн хүн хаалгыг нь онгойлгож өгтөл Б-гийн ээжийнх нь дүү гээд нэг хүн орж ирсэн...айл эзгүйчлээд архи уугаад гээд уурлаад л байсан ба бид хэд том өрөөнд байсан бөгөөд...эгч нь ширээний хажууд сууж байгаад ширээн дээрээс бариултай ногоон өнгийн аягыг надруу шидсэн ба миний толгой хэсэг болох духыг оносон. Миний духнаас маш их цус гарсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9-р хуудас/,

               -Гэрч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...С.Т эгч ширээн дээр байсан ногоон өнгийн аягыг аваад Х бид хоёр луу шидсэн бөгөөд Х-ын нүүр буюу духыг нь оносон...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17-р хуудас/,

               - Гэрч Г.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хүн гаднаас орж ирээд миний толгой руу аяга шидчихлээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-р хуудас/,

               -Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Г-ийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай:

               “...1. Н.Х-ын биед зүүн нүдний ухархай ясны хугарал, духанд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, дух, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

               3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх  дүгнэлт /хавтаст хэргийн 23-24-р хуудас/ гэх зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл гэрч, хохирогчийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч С.Т-гийн яллагдагчаар өгсөн: “...би хүлээн зөвшөөрч байна...” гэж /хавтаст хэргийн 37-38-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хувийн байдлын хувьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 39-р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 40-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 41-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 42-р  хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 43-р хуудас/, /60%-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хавтаст хэргийн 44-р хуудас/, депозит дансны хуулга /хавтаст хэргийн 45-46-р хуудас/, тэтгэврийн зээлийн гэрээ /хавтаст хэргийн 47-48-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Т нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Галиндэвийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай дүгнэлтээр хохирогч Н.Х-ын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон бөгөөд шүүгдэгч С.Т нь “хувийн таарамжгүй харьцааны” улмаас хохирогч Н.Х руу аяга шидсэн нь хууль зүйн хувьд “шууд санаатай” үйлдэл гэж үзэх үндэслэлтэй.    

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Н.Х нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч С.Т-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч С.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  (дөрвөн зуун тавин мянган) төгрөгийн торгох ял оногдуулах, уг ялаас чөлөөлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй  болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч С.Т нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч С.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд дээрх хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үйлдлийн арга барил, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан улсын яллагчийн санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Т-ийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бие биедээ гомдол саналгүй эвлэрсэн, хувийн байдлын хувьд 60%-ийн хөдөлмөрийн чадвар алдагдалтай, ам бүлийн хувьд ганцаараа амьдардаг зэргүүдийг нь харгалзан үзэж ялаас чөлөөлөх нь үндэслэл болж байна гэж үзэв.

 

2.3. Бусад асуудлын талаар

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овогт С-гийн Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 хэсэгт заасныг баримтлан С.Т-т шүүхээс оногдуулсан 450,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

          5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.УРАНГУА