Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/988

 

 

 

 

 

 

 

 

      2022          08           04                                  2022/ШЦТ/988

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: Г.Хулан,

улсын яллагч: Ж.Отгончимэг,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.07.28-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                               

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1982 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аврагч, гал сөнөөгч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо Уулын 0-00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:**0000000/ Бэсүд овогт Лгийн Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо Уулын 0-00 тоот хашааны гадна иргэн Б.С-ийн нүүр рүү гараараа 2 удаа цохиж түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, мөн тухайн газарт иргэн Ч.Эын нүүрэнд гараараа цохиж түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Б.С-ийн “2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн орчимд манай нөхөр Ч.Эын эгчийн гэрт очъё гээд байхаар нь Ч.Эын төрсөн эгч Ч.Эы гэрт очсон. Ч.Э гэртээ ганцаараа байсан.Тэгээд Ч.Э эгч 2 ширхэг пиво авч ирээд бид 3 тэр 2 ширхэг пиво хувааж уугаад байж байтал ******* ах гадаа хашааныхаа үүдэн дээр согтуу ирсэн байхаар нь Ч.Э “би ******* дээр очоод ирье над руу агсраад байвал би чамайг дуудахаар хүрээд ирээрэй” гээд Ч.Э гэрээс гараад явсан чинь удалгүй Ч.Э эгч намайг дуудахаар нь би яваад очтол Ч.Э эгч *******ыг “яагаад архи уугаад байгаа юм бэ” гээд тэр 2 хоорондоо маргалдаад байхаар нь би ******* ах дээр очоод би *******ыг машинаас татаад буулгасан чинь ******* над руу дайраад миний нүүр рүү гараараа 1 удаа цохиход миний хамар хэсэг рүү оносон ба тэгээд манай нөхөр Ч.Э араас гарч ирээд *******ыг “яаж байгаа юм бэ” гээд ******* дээр яваад очтол ******* ах манай нөхөр Ч.Эын нүүр рүү буюу шүд рүү нь гараараа 1 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-8-9/,

- Хохирогч Ч.Эын “Э эгч Б.Сэг дуудахаар нь Б.С гүйгээд гарахаар нь би бас араас нь гарсан чинь ******* ах манай эхнэр Б.С-ийн шууд нүүр рүү нь гараараа цохихоор нь би эхнэрээ өмөөрөөд ******* дээр яваад очтол ******* миний бас нүүр рүү гараараа 1 удаа цохисон. Тэр үед манай эхнэр Б.С ******* ахыг машинд сууж байхад машинаас татаад буулгачихсан чинь ******* ах уурлаад манай эхнэрийн нүүр рүү цохисон байсан” гэх мэдүүлэг /хх-14-15/,

- Гэрч Ч.Эы “******* Б.С-ийн нүүр рүү гараараа 1 удаа цохисон чинь Б.С-ийн хамар руу оносон ба Б.С нүүрээ дараад суусан чинь араас нь Ч.Э гэрээс гарч ирээд “чи манай эхнэрийг яагаад зодож байгаа юм бэ” гээд ******* руу дайрсан чинь ******* Ч.Эын нүүр рүү гараараа 1 удаа цохисон чинь Ч.Эын шүд рүү гараараа цохичихсон” гэх мэдүүлэг /хх-21/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 8510 дугаартай “Б.С-ийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын нуруунд, зөөлөн эдийн няцрал, таславчийн мурийлт, зүүн гуянд зулгаралт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл дээрх гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-26-27/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 8512 дугаартай “Ч.Эын биед 2 шүдний булгарал, доод цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл дээрх гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-32/,

- Яллагдагч *******ын “2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр найзтайгаа хамт гадуур архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад машинтайгаа 19 цагийн үед гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Уулын 1-22 тоотод ирсэн чинь хашааны гадаа би машинтайгаа байж байтал гэрээс эхнэр Ч.Э манай эхнэрийн дүүгийн эхнэр болох Б.С нар гарч ирээд Б.С намайг машинаас чирээд буулгахаар “яаж байгаа юм бэ” гэсэн “архичин минь” гээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би уурлаад Б.С-ийн нүүр рүү нь гараараа 1 удаа цохисон чинь Б.Сэ нүүрээ дараад доошоо суусан. Тэгсэн чинь Ч.Э над дээр ирээд манай эхнэрийг “яаж байгаа юм бэ” гээд хүрээд ирэхээр нь би Ч.Эын нүүр рүү гараараа 1 удаа цохисон ба Ч.Эын шүд рүү цохисон. Тэр үед Б.С-ийн хамраас цус гараад байсан. Ч.Эын шүд нь унасан ба хамраас нь цус гараад байсан” гэх мэдүүлэг /хх-65-66/ зэрэг баримтууд хамаарч байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Уулын 1-22 тоотад байрлах гэрийнхээ хашааны гадна талд хадам дүү Б.Стэй маргалдан улмаар түүний нүүр рүү гараараа 2 удаа цохиж биед нь хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын нуруунд, зөөлөн эдийн няцрал,таславчийн мурийлт, зүүн гуянд зулгаралт цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл, Б.С-ийн нөхөр Ч..Эын нүүрэнд гараараа цохиж 2 шүдний булгарал, доод цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч Б.С, Ч.Э нарын мэдүүлэг /хх-8-15/, гэрч Ч.Эы мэдүүлэг /хх-21/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022.06.16-ны өдрийн 8510, 8512 дугаартай дүгнэлт /хх-26-32/, шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ******* нь хоёр хүний хуулиар хамгаалагдсан халдашгүй эрх, эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь гэнэт үүссэн шинжтэй, хувийн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл байх тул *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр хүнийг” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Б.С, Ч.Э нар нь хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй ба шүүгдэгч ******* нь өөрийн санаачилгаар хохирогч нарт нийт 2 сая 400 мянган төгрөгийн хохирол төлж барагдуулсан болох нь хохирогч нараас шүүхэд бичгээр гаргаж өгсөн хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болсон байна.

Шүүгдэгч ******* нь шүүхээс өмнөх байцаалтын шатанд хохирогч нарын эрүүл мэндэд учирсан гэм хорын төлбөрийг сайн дураараа нөхөн төлж хохирогч нарыг гомдол саналгүй болгосон ба гэмт хэрэг үйлдэхэд хохирогч Б.С-ийн зүй бус харилцаа нөлөөлсөн /түрүүлж *******ыг автомашинаас нь чирж буулган хэл амаар доромжилсон г.м/ нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, сайн дураараа хохирогч нарын хохирол төлбөрийг барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Бэ овогт Лгийн Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б овогт Лгийн Нт 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан *******т оногдуулсан найман зуун мянган төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд сар тутамд 200000 төгрөг төлүүлэх байдлаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Б.С, Ч.Э нар  нийт 2400000 /хоёр сая дөрвөн зуун мянган/ төгрөг хүлээн авсан тухайгаа шүүхэд бичгээр илэрхийлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.С, Ч.Э нарын иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Б.С, Ч.Э нар нь эмчилгээ, шинжилгээтэй холбогдон гарсан зардлын нотлох баримтаа бүрдүүлж өөрсдийн болон *******ын оршин суух газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******т мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ