Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ийшээгийн Ганбат |
Хэргийн индекс | 187/2022/0393/Э |
Дугаар | 2022/ШЦТ/412 |
Огноо | 2022-05-30 |
Зүйл хэсэг | 10.6.2., |
Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/412
2022 5 30 2022/ШЦТ/412
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам,
улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Г.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн С овогт Д-ын Ц-д холбогдох эрүүгийн 2210003450586 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ц нь “Шүрт булаг” ХХК-тай “Барилгын заслын ажлын гэрээ”, “Барилгын өрлөгийн ажлын гэрээ” зэргийг байгуулан Шүрт хотхонд барилгын заслын болон өрлөгийн ажлыг хариуцан хийж гүйцэтгэж байхдаа хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль дүрэм, журам, стандартыг хэрэгжүүлэх, сахин хангуулах үүрэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1,8, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12- 03-04- ийн 5.11.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.14.6, Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага ММЗ-5079:2001” стандартын 3.3. /Ачиж, буулгах ажлыг зориулалтын өргөх, тээвэрлэх тоног төхөөрөмж болон механикжсан хэрэгслийн тусламжтайгаар гүйцэтгэнэ./-д заасан аюулгүйн шаардлага болон өргөх зөөх хэрэгслийн техникийн бүрэн бүтэн хангагдаагүй, зориулалтын бус өргөх хэрэгсэл ашиглаж ачаа өргөж буулгах ажлыг хийж гүйцэтгүүлсэн зэрэг хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас Болор Номин өргөө” ХХК-ийн туслах ажилтан ажилтай Т.Б нь тус барилгын ажлыг хийж гүйцэтгэж байхдаа буюу 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүрт хотхоны барилгын Д блокийн 12 давхарт лифтний хонгилд байх өргөх төхөөрөмжөөр барилгын хог зөөж байхдаа унаж цээж, хэвлий, аарцгийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг:
Шүүгдэгч Д.Ц нар: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй.” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байх Зэвсэгт хүчний 326 дугаар ангид угаагч ажилтай бөгөөд одоогоор хүүхэд асрах чөлөөтэй байгаа юм. Манай нөхөр Төмөрбаатарын Буянхүү хувиараа барилгын ажил хийдэг байсан бөгөөд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хорооллын баригдаж байгаа барилга дээр 2021 оны 11 дүгээс сараас шаварчнаар ажиллаж эхэлсэн юм. Би ямар байгууллага компани болохыг тухайн үед би сайн мэдээгүй байсан юм. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 08 цагийн үед нөхөр ажилдаа явлаа гээд гэрээсээ гарсан юм. Ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан юм. Энэ өдрөө 14 цагийн нөхөр миний утас руу залгаад хүүхдийн мөнгө Е-баримтад холбуулсан уу гэхээр нь би холбуулсан гэж хэлсэн чинь өнөөдөр эртхэн тарна гэж хэлсэн дахин утсаар яриагүй юм. Би гэртээ очоод 17 цаг өнгөрч байхад нөхрийн гар утас руу залгахад утсаа авахгүй байсан юм. Тэгсэн 19 цагийн үед нөхөртэй хамт ажилладаг Амгаланбаяр утсаар яриад ах өндрөөс унаад бэртчихлээ солих хувцсыг нь аваад гэмтлийн эмнэлэг дээр хүрээд ир гэж хэлсэн би 20 цаг өнгөрч байхад гэмтлийн эмнэлэг дээр очиход нөхрийг нас барсан гэж хэлсэн юм. Нөхрийн оршуулах ёслолын ажиллагаа бол дууссан. Манай нөхөр 1981 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дархан хотод төрсөн нөхөр бид хоёр 2009 онд гэр бүл болсон бөгөөд 4-н хүүхэдтэй юм. Манай нөхөр тамхи татдаг, архи дарс хаяа баяр ёслолоор хэрэглэдэг байсан юм. Гэр бүлдээ их хайртай, халамжтай, гэр амьтай хүн байсан юм. Нөхрийн болон өөрийн мөн хүүхдүүдийн бичиг баримтын хуулбарыг гаргаж өгье. Манай нөхрийн ажил явдлын үеэр захирал нь гэх Цэрмаа нэртэй эмэгтэй ирж уулзаад баяны ажилд зориулж мөнгө өгөх гэсэн юм дансны дугаараа өгчих гэж хэлхээр нь би дансны дугаараа өгсөн чинь миний данс руу 20 сая төгрөг шилжүүлсэн байсан юм. Буяны ажил болон бусад зардалд зарцуулсан мөнгөний баримтыг нөхрийг оршуулахдаа шатаагаад устгачихсан болохоор одоо гаргаж өгөх ямар нэгэн баримт бол байхгүй...” ( 1 дүгээр хавтас хэргийн 22-23 дахь тал) гэсэн мэдүүлэг
Гэрч Ж.Дэмбэрэлсайхан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би “Шүрт булаг” ХХК-г 2008 үүсгэн байгуулсан бөгөөд “Абу сэлэм” ХХК-г 2020 онд худалдан авсан юм. Манай компани нь барилгын чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Манай компани нь 2019 оноос Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд “Шүрт хотхон төслийг эхлүүлэн ажиллаж байгаа юм. 2021 онд Шүрт хотхоны дотоод засал чимэглэлийн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр “Болор номин өргөө" ХХК-тай гэрээ байгуулсан юм. Өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хөдөө явж 18 цаг өнгөрч байхад ажлын өрөөндөө ороод байж байсан чинь Д блокийн барилгаас хүн уначихлаа гэхээр нь яваад очиход Д блокийн 2 дугаар орцны лифтний дэргэд нэг хүн хэвтсэн байдалтай байсан. Тэгэхээр нь би тэнд байсан хүмүүсээс 103 дуудсан уу гэхэд дуудсан гэж хэлсэн юм. Яг юу болсон талаар бол сайн мэдэхгүй байна. Унасан хүн нь “Болор номин өргөө” ХХК-н ажилтан байсан бөгөөд гэмтлийн эмнэлэг дээр очоод нас барсан гэж мэдсэн юм. Хүмүүсийн ярьснаар бол лифтний хонгилд өргөгч төхөөрөмжөөр хог зөөж байгаад унасан гэж хэлсэн юм. “Болор номин өргөө” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу бол Цэрмаа нь өөрийн ажилчдын хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хариуцахаар заасан байгаа юм. Манай компани нь хөдөлмөр хамгааллын ажилтантай бөгөөд өөрсдийн ажилчдад зааварчилгаа өгдөг юм. Нэрийг Баясгалан гэдэг утасны дугаар нь 8902413. Уг лифтний хонгилд ашиглаж байсан өргөх төхөөрөмжийг “Болор номин өргөө” ХХК- н тоног төхөөрөмж байгаа юм. Манай компанийнх бол биш болохоор сайн мэдэхгүй байна...” ( 1 дүгээр хавтас хэргийн 29 дэх тал) гэсэн мэдүүлэг
Гэрч С.Үүлэнхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би найзууд болох Батхүү, Ёондгоо, Сүх-Эрдэнэ бид нар бригад болоод Болор номин өргөө ХХК-н захирал Цэрмаатай ямар нэгэн гэрээ бол байгуулаагүй амаар тохироод хийсэн ажлын үр дүнгээр өдрөөр цалингаа авахаар болоод Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд баригдаж байгаа Шүрт хотхонд 8 хоног ажиллаж байсан юм. Тэгсэн өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын |л-ны өдөр 16 цагийн үед шавар дуусаад хөгөө зөөж буулгахаар болоод Ёондгоо, Буянхүү бид гурав 12 давхарт байсан шуудайтай хогийг лифтний /люлка/ хонгилд байх өргөгч төхөөрөмжид ачиж өгөөд доор 1 давхарт Батжаргал, Мөнхбат хоёр хогийг авч байсан юм. Цагийг нь сайн санахгүй байна бид хогоо тэвшинд ачаад байж байсан чинь Буянхүү шуудайтай хог тэвшин дээр тавиад хогийг хөлөөрөө түлхээд байх байсан. Би эргэж хараад шуудайтай хог авч байхад түр тар гэх чимээ гарахаар нь эргээд харсан тэвш доошоо унасан байсан юм. Буянхүү байхгүй байхаар нь Ёондгоо бид хоёр гүйгээд очиход лифтэнд тэвшин дотор Буянхүү хэвтэж байхаар нь Ёондгоо бид хоёр өргөж гаргаад байж байхад гаднаас Батжаргал, Мөнхбат хоёр орж ирээд юу болов яав аа дээр чимээ гараад тэвш унаад ирэхээр нь бид хоёр гүйгээд гарлаа гэсэн юм. Тэгээд хүмүүс орж ирээд юу болов яав гээд 103 дуудаад эмч авч явсан юм. Гэмтлийн эмнэлэг дээр нас барсан гэж хэлсэн юм. Зааварчилгаа өгч байсан удаа бол байхгүй. Намайг ажилд ороход уг төхөөрөмж байсан бөгөөд хариуцдаг хүн нь хэн байдаг талаар сайн мэдэхгүй байна Манай бригадын даргыг Батхүү гэдэг юм Батхүү л хариуцсан хүнийг нь мэдэж байгаа байх. Төхөөрөмжийн удирдлага нь 1 давхарт байдаг байсан юм. Дээш доошоо явахдаа дуу чимээ ихтэй мотор нь дуугараад л байдаг байсан юм. Өөр зүйл сайн мэдэхгүй байна...” ( 1 дүгээр хавтас хэргийн 31 дэх тал) гэсэн мэдүүлэг
Гэрч Б.Батхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай найз Амгаланбаатар 2021 оны 12 дугаар сарын сүүлээр утсаар яриад Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд баригдаж байгаа Шүрт хотхонд засал чимэглэлийн ажил байна хэдүүлээ бригад болж энэ ажлыг хийх үү гэхээр нь би зөвшөөрөөд Үүлэнхүү, Энхбат, Сүх-Эрдэнэ, Ёндонжамц нарын хамт 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхэлж тус хотхоны Д блокийн техникийн шатны заслын ажлыг хийж эхэлсэн юм. Тэгсэн өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 17 цагийн үед ажлаа дуусаад хөгөө зөөж буулгахаар болоод би байрны гадуур явж өрөөнүүдийн түлхүүр хэнд байгааг хайхаар гарсан юм. Манай бригадын Үүлэнхүү, Ёндонжамц хоёр нь Амгаланбаатарын бригадын ажилтан болох Буянхүү, Батжаргал, Мөнхбат нартай хог зөөнө гээд үлдсэн хэн нь хаана нь зөөхөөр зөөж байсан талаар мэдээгүй юм. Тэгээд би өрөөний түлхүүр олоод Е блокийн 1 дүгээр давхарт багаж хураагаад байж байсан чинь Мөнхбат барилгын гадаа хүн уначихлаа гээд орилохоор нь би гүйгээд очсон чинь /18 цаг өнгөрч байхад хог зөөх гээд үлдсэн нөгөө бригадын Буянхүү лифтний хажууд хэвтсэн байдалтай байсан юм. Буянхүү нь хөдөлж чадахгүй ёоё нуруу чилээд байна гээд байсан. Удалгүй 103 ирээд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан бөгөөд эмнэлэг дээр байж байгаад удалгүй нас барсан юм. Болор номин өргөө ХХК-н захирал Цэрмаа гэдэг хүнтэй заслын ажил хийхээр амаар тохирсон байсан юм. Ямар нэгэн гэрээ бол Байгуулаагүй юм. Ажлыг хөлсийг өрөөгөөр тохирч хийж байсан юм. Мөнгийг бол бэлнээр тухай бүр Цэрмаа эгчээс авдаг байсан юм. Зааварчилгаа өгч байсан удаа бол байхгүй. Намайг ажилд ороход уг төхөөрөмж байсан бөгөөд хариуцдаг хүн нь хэн байдаг талаар сайн мэдэхгүй байна. Хүмүүс өргөгч төхөөрөмжөөр бараа материал зөөдөг байсан юм...” ( 1 дүгээр хавтас хэргийн 33 дахь тал) гэсэн мэдүүлэг
Гэрч Б.Энхбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...өрөөндөө сууж байхад гаднаас хүн барилгаас уначихлаа гэхээр нь гүйгээд гарсан чинь манай байгууллагын захиалан бариулж байгаа Шүрт хотхоны Д блок 2 дугаар орцны 12 давхарт шаврын ажил хийж гүйцэтгэж байсан гүйцэтгэгч Болор номин өргөө ХХК-ний ажилтан тухайн давхраас лифтний хонгилоор унаж гэмтсэн байдалтай байсан. Тэгээд миний анзаарахад тухайн унаж гэмтсэн хүн орилоод гэмтсэн байдалтай байхаар нь битгий хөдөлгөөрэй гэмтсэн юм шиг байна түргэн тусламж дуудсан уу? гэж тухайн орчинд байсан хүмүүсээс асуусан. Тэгтэл түргэн тусламж дуудсан ирж байгаа гэх яриа өгүүлэл нэг нь гаргасны дараа удалгүй түргэн тусламж ирсэн. Тухайн үед би гэмтсэн хүнийг аль давхраас ямар ажил хийж байгаад гэмтсэн талаар мэдээгүй. Цугларсан байсан хүмүүсийн ярианаас хохирогч нь лифтний хонгилд байрлуулсан түр зуурын ачаа өргөх, хог тээвэрлэх тэвшээр хог барилгын хаягдал ачаад зөөж буулгах гэж байгаад тэвштэйгээ цуг унаж гэмтсэн байдалтай байсан. Тухайн тэвшний тороосыг осол болсны дараа хэргийн газрын үзлэг хийж байхад харахад тасраагүй байдалтай байх шиг надад анзаарагдсан. Гэхдээ тухайн тэвш нь осол болсон 1 давхарт ирчихсэн байхыг харсан. Манай байгууллага нь Болор номин өргөө ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 10 өдөр №4/20г гэх Барилгын заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Тухайн гэрээнд гүйцэтгэгч тал нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаагаа өөрсдөө хариуцаж хариуцаж ажиллахаар тусгаж үйл ажиллагаа явуулж байсан. Манай байгууллага нь захиалагч учраас гүйцэтгэгч байгууллагын удирдлагуудад хөдөлмөр хамгааллын удирдамж зөвлөгөө өгч ажилладаг байсан юм. Харин өдөр бүрийн ажлын байр нь дахь аюулгүй ажиллагааны зааварчилгаа болон хөдөлмөр хамгааллыг гүйцэтгэх байгууллагын хөдөлмөр хамгаалал хариуцсан удирдлага өөрсдөө өгдөг байсан. Осол болсон гэх хонгилд байрлуулсан тэвшний зардлыг манай байгууллагаас гаргасан боловч ашиглалтыг нь гүйцэтгэгч тал нь өөрийн биеэр хариуцан ажилладаг байсан. Өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус хотхоны Д блокийн засварын ажлыг гүйцэтгэгч талаас тухайн байгууллагын захирал Цэрмаа гэх эмэгтэй хүн удирдаад барилгын талбай дээр явж байхыг харсан болохоос өөр мэдээлэл алга байна. Манай байгууллага нь тухайн Болор номин өргөө гэх гүйцэтгэгч компанитай иж бүрэн заслын ажил, Е блокийн дотор өрлөгийн ажил, Д.Е.Ц блокийн дотор заслын хийж гүйцэтгүүлэх нийт 3 гэрээ байгуулан ажиллаж байсан учраас тухайн гэрээнүүдийн хуулбарыг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй байна. Би хохирогч Т.Б гэх хүнийг өнөөдөр гэмтсэн үед нь анх харсан юм. Учир би захиалагч талын ерөнхий инженер учраас гүйцэтгэгч байгууллагын ажилтан бүртэй нэг бүрчлэн уулзаж зааварчилгаа өгөх шаардлага байдаггүй. Тухайн ажилтан бүр нь өөрийн тохиролцон ажиллаж байгаа компани удирдлага болон ахлах ажилтнаас хөдөлмөр хамгаалал болон аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваад ажилдаа гардаг юм. Осол болсон гэх 12 давхарт гүйцэтгэгч талын хэдэн хүн ажиллаж байсан талаар надад мэдээлэл алга байна. Учир нь нэг давхарт хэдэн хүн ямар хугацаатайгаар ажиллуулах талаараа гүйцэтгэгч талын удирдлага өөрсдөө мэддэг юм. Осол болсон гэх давхар болон тухайн Д блокод хяналтын камер байхгүй учир нь барилгын ажил гүйцэт хийж дуусаагүй учраас хяналтын камер тавиагүй байсан...” ( 1 дүгээр хавтас хэргийн 37 дахь тал) гэсэн мэдүүлэг
Гэрч Ц.Ёондонжамц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...тухайн өдөр тухайн барилгын 13 буюу техникийн давхрын шаврын ажлыг хийж дуусгаад 17 цагийн орчимд 12 давхрыг цэвэрлэх барилгын үлдэгдэл хог материалыг 1 давхар руу буулгах ажилд орсон. Тухайн үед 12 давхарт би хохирогч болон Үүлнээ гэх нэртэй эрэгтэй хүн бид гурав ажиллаж байсан юм. Бид гурвын дунд ямар нэгэн муудалцах хэрүүл маргаан үүсгэх нэгнийгээ бэртээж гэмтээх ямар ч санаа зорилго байгаагүй. Тухайн үед миний харснаар лифтний хонгилд байрлуулсан ачаа зөөх зориулалт бүхий тэвшинд хог хаягдлыг доош буулгахаар ачиж байтал хохирогч ачигдсан хаягдлыг хөлөөрөө цааш түлхэх гэж байгаад тухайн тэвшний тороос нь даац хэтэрснээс болоод алдах үед хамт гишгэгдэл алдаад унасан. Учир нь би тухайн үед хохирогчтой хамт хог зөөж ажиллаж байсан учраас болсон явдлыг нүдээрээ хараад өнгөрсөн. Хохирогчийг унах үед хажууд нь хүн байгаагүй Үүлнээ гэх нэртэй эрэгтэй хүн бид хоёр цаад талаас хог түүж байсан учраас тусалж чадаагүй юм. Харин хохирогчийг унсын дараа шатаар хурдан бууж хажууд нь очих үед талийгаач орилсон байдалтай байхаар түргэн тусламж дуудаад анхан шатны тусламж үзүүлж эхэлсэн. Удалгүй эмнэлгийн байгууллагаас эмч нар ирээд хохирогчийг аваад явсан учраас биеийн байдлыг цаашид мэдээгүй. Намайг өглөө ажилд гарах үед аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөд аюулгүй байдлын хувцас болон бусад холбогдох багаж тоног төхөөрөмжөөр хангадаггүй байсан. Осол болсон гэх газарт ямар нэг хяналтын камер байгаагүй. Тухайн үед хохирогчийн биеийн байдал хэвийн. Мөн оюун санаанд нь ямар нэг өөрчлөлт гараагүй хэвийн харилцаатай байсан...” ( 1 дүгээр хавтас хэргийн 42 дахь тал) гэсэн мэдүүлэг
Гэрч Б.Сүх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цагийн орчимд намайг Д блокийн 1 давхарт барилгын хог цэвэрлэж байхад хүн уначихлаа гэх чимээ сонсогдсон юм. Улмаар би осол болсон гэх газарт ирээд лифтний хонгилоор хартал үл таних 40-50 орчим настай эрэгтэй хүн лифтний хонгилд дээшээ харчихсан хэвтэж байсан бөгөөд тухайн үед орилж ёоолоод байсан сонсогдсон. Удалгүй эмнэлгийн машин ирээд хохирогчийг аваад явсан. Би тухайн үед л анх удаа хохирогчийг харсан бөгөөд би тус барилгад ажиллаад удаагүй байх гэж бодсон. Мөн би өөр бригад учраас тааралдаж байгаагүй байж магадгүй юм. Осол гарах үед хохирогчийг 12 давхарт хог буулгаж байхыг харсан. Улмаар тухайн үед лифтний хонгилд байрлуулсан тэвшийг ашиглаж байхыг нь анзаарсан. Миний харснаар хохирогч нь эрүүл саруул байдалтай анзаарагдсан бөгөөд тухайн үед хохирогч нь ямар нэгэн байдлаар хүнтэй маргалдсан муудалцсан зүйл огт ажиглагдаагүй. Хохирогчийг хэн гэдэг хаана ажиллаж байсан талаар надад өөр мэдэх зүйл алга байна. Би Батхүү гэх хүний бригадад өөрийгөө ажилладаг гэдгийг мэднэ. Тэрнээс дээш Батхүү ах нь ямар ямар хүнтэй харилцаж хамтран ажилладаг талаар надад мэдэх зүйл байхгүй. Өчигдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр намайг ажилд гарах үед ямар нэгэн байдлаар хөдөлмөр хамгааллын талаар танилцуулан аюулгүй ажиллах талаар зааж зөвлөн хувцас хэрэгсэл өгч гаргаагүй. Тийм утга учир бүхий тэмдэг тэмдэглэгээ тухайн барилга дотор байгаагүй...” ( 1 дүгээр хавтас хэргийн 44 дэх тал) гэсэн мэдүүлэг
Гэрч Ц.Баясгалан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай компани нь Д болон Е блокийн дотор заслын ажлыг Болор номин өргөө ХХК- тай байгуулан ажиллаж байсан юм. Би өөрийн ажилчдад заавар зөвлөгөөг өгдөг бөгөөд бусад туслан гүйцэтгэгч компаниудын ажилчдыг бол хариуцдаггүй юм. Гэрээний дагуу бол Болор номин өргөө ХХК-нь өөрийн ажилчдын хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хариуцах ёстой юм. Тухайн өдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр би өөрийн компанийн ажилчдад заавар зөвлөгөөг өгч ажилд гаргаад 18 цагийн үед ажилчдаа ажлаас буулгаад Д блокийн 1 дүгээр орцны лифтний торон хамгаалалтыг шалгаад техникийн давхарт явж байсан чинь хүмүүс шуугилдаад осол гарлаа гэхээр нь гараад Д блокийн 2 дугаар орцны 1 дүгээр давхарт очиход лифтний хонгилоор ачаа зөөж байсан Болор номин өргөө ХХК-н ажилтан өргөгч төхөөрөмжийн тавцангийн хамт унаж осолдсон байсан юм. Удалгүй 103-н эмч ирээд унасан хүнийг аваад явсан юм. Тухайн лифтний хонгилд ашиглаж байсан өргөгч төхөөрөмж нь Болор номин өргөө ХХК-н эзэмшлийнх бөгөөд ажилчид нь ачаа зөөдөг юм. Уг төхөөрөмжийг Болор номин ХХК-нь суурилуулж ашиглаж байсан юм. Миний санаж байгаагаар ашиглаад 1 сар орчим болсон. Би удаа Болор номин ХХК-н ажилчин болон захирал Цэрмаад лифтний хонгилд өргөгч төхөөрөмж ашиглаж болохгүй талаар хэлэхэд Цэрмаа эгч за гээд л ажиллуулаад байдаг байсан юм. Уг лифтний хонгилд ашиглаж байсан өргөх төхөөрөмжийг “Болор номин өргөө” ХХК- н тоног төхөөрөмж байгаа юм. 250 кг даацтай буюу 5 шуудай цементээс илүү ачаа зөөж болохгүй байсан юм. Энэ талаар хүртэл хэлдэг байсан юм. Би ойлгохдоо осол гарсан шалтгаан нь даацыг хэтрүүлээд мотор эвдэрсэн болов уу гэж бодож байна. Би 2019 оны 03 дугаар сард 14 хоногийн сургалтад хамрагдаж хөдөлмөр хамгааллын мэргэжилтэй болсон юм. 2019 оны 04 дүгээр сараас хойш одоог хүртэл Шүрт ХХК- д хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж байгаа юм...” ( 1 дүгээр хавтас хэргийн 49 дэх тал) гэсэн мэдүүлэг
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Б Ганзоригийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 385 дугаартай “...талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр цээж, хэвлий, аарцгийн хавсарсан гэмтэл, доод уруулд шарх, баруун хөмсөг, хацар, бугалга, зүүн тохой, гуя, өгзөг, шилбэнд зулгаралт, зүүн гуя, өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо...дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайлбал өндрөөс унах үед үүсгэгдсэн байх боломжтой. ...тогтоогдсон цээж, хэвлий, аарцгийн хавсарсан гэмтэл нь хүнд зэрэгт, доод уруулд шарх, баруун хөмсөг, хацар, бугалга, зүүн тохой, гуя, өгзөг, шилбэнд зулгаралт, зүүн гуя, өгзөгт цус хуралт гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. Шинжилгээгээр үхэлд нөлөөлөх өвчингүй байна. Цээж, хэвлий, аарцгийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ...ходоодны шингэнд САЗ-ын хүрээнд хорт бодис болон эмийн бодис, хүчтэй хүчил шүлт илрээгүй. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 65-69 дэх тал)
Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №ХАБ-05/22 дугаартай “...Болор номин өргөө” ХХК нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. Барилгын ажил гүйцэтгэгч дараах чиг үүрэгтэй: 40.1.22. /захиалагчтай байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол туслан гүйцэтгэгчийг сонгож, гэрээний үндсэн дээр ажиллуулах/ гэж заасан үүргээ биелүүлээгүй, Төмөрбаатарын Буянхүүтэй гэрээ байгуулаагүй, ажил гүйцэтгүүлсэн байна. Иймд хохирогч Төмөрбаатарын Буянхүүгийн ажил олгогч нь Болор номин өргөө” ХХК-ий захирал Д.Ц болно. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04, “Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага ММ8-5079:2001” стандартын 3.3. /Ачиж, буулгах ажлыг зориулалтын өргөх, тээвэрлэх тоног төхөөрөмж болон механикжсан хэрэгслийн тусламжтайгаар гүйцэтгэнэ./-д заасан шаардлагууд зөрчигдсөн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалт /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна./-ын дагуу тухайн ажил /үргийг гүйцэтгүүлж байсан “Болор номин өргөө” ХХК-ий захирал Д.Ц нь хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль дүрэм, журам, стандартыг хэрэгжүүлэх, сахин хангуулах үүрэгтэй. “Болор номин өргөө” ХХК-ийн захирал Д.Ц нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1,8./аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ гэж заасныг зөрчиж, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй ажилтнаар ажил үүрэг/ гүйцэтгүүлсэн, мөн Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№2487/ “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12- 03-04-ийн 5.11.3./ Шинээр ажилд орсон ажилтныг ажилд орохын өмнө ММ5 4969:2000-д заасны дагуу урьдчилсан болон ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг заавал өгөх үүрэгтэй./ гэж заасан шаардлагын дагуу аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй байна. Мөн МИЗ 4969:2000 “Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” стандартын 4.16-д /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө / гэж заасан шаардлагын дагуу өдөр тутмын зааварчилгаа өгөөгүй байна. Болор номин өргөө ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17-р зүйлийн 17.4./Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна./-д заасныг зөрчсөн, мөн Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан/№2487 “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 5.11.2. /Тухайн ажлыг гүйцэтгүүлэхээр томилсон ажилтан нь урьд өмнө нь мэргэжлээрээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж байгаагүй бол ажилд авсан өдрөөс хойш сарын дотор, салбарын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн зааврын үндсэн дээр, МЫЗ 4969:2000-ыг баримтлан сургалтад хамруулбал зохино / гэж заасан шаардлагын дагуу Т.Бг аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамруулаагүй, сургалтад хамрагдсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Лифтний хонгилд өргөх байгууламжийг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл, зураг төсөл, тооцоо, судалгаа, ослоос хамгаалах хэрэгсэлгүй ачаа өргөх төхөөрөмжийг хийсэн байгаа нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.14.6. дахь (барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил эрхлэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх) заалтыг, Барилгын тухай хуулийн 19.1.3. дахь (өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар, үйлчилгээ эрхлэх) заалтыг, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 234 дүгээр тушаалын 04 дүгээр хавсралтаар баталсан Барилгын өргүүрийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 3.1.1 дэх (өргүүр, түүний зангилаануудыг энэхүү дүрэм, стандарт, техникийн нөхцөл зураг төсөл болон бусад норматив баримт бичгийн дагуу үйлдвэрлэнэ) заалтыг, 3.1.2 дахь (Өргүүрийг холбогдох техник тоног төхөөрөмжтэй, мэргэшсэн боловсон хүчинтэй Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл бүхий байгууллага үйлдвэрлэнэ) заалтыг тус тус зөрчсөн байна. “Болор номин өргөө” ХХК-ий захирал Д.Ц нь “Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага ММ5-5079:2001” стандартын 3.3. /Ачиж, буулгах ажлыг зориулалтын өргөх, тээвэрлэх тоног төхөөрөмж болон механикжсан хэрэгслийн тусламжтайгаар гүйцэтгэнэ./-д заасан аюулгүйн шаардлага болон өргөх зөөх хэрэгслийн техникийн бүрэн бүтэн хангагдаагүй, зориулалтын бус өргөх хэрэгсэл ашиглаж ачаа өргөж буулгах ажлыг гүйцэтгүүлж байсан нь осол гарах шалтгаан, нөхцөлийг бий болгосон байна. Мөн Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№2487 “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" БНбД 12-03-04-ийн 5.14. /Ажил олгогч нь хөдөлмөрийн хүнд хортой, аюултай бохирдол бүхий нөхцөлд ажилтнуудад ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй. Барилгын талбайд ажиллаж байгаа бүх хүмүүс нь хамгаалалтын дуулга малгай өмсөнө. Хамгаалалтын дуулга малгай, бусад шаардагдах нэг бүрийн хамгаалах хэрэгсэлгүйгээр ажилд гарахыг хориглоно./ гэсэн шаардлагыг биелүүлээгүй, хохирогч Т.Бд ажлын хувцас, хувийн хамгаалах хэрэгсэл/ каск, өндрийн хамгаалалтын бүс/ олгоогүй, хэрэглээгүй байсан. Т.Бд ажлын хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл олгосон эсэх / каск, өндрийн хамгаалалтын бүс/ хүлээн авсан гарын үсэг бүхий баримт материал, хэрэгт авагдаагүй байна. Лифтний хонгилд төхөөрөмж угсарч ашигласан байгаа нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 53 дугаар тушаалаар баталсан Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 3.23. дахь (Хонгилд агааржуулах систем, галын болон хамгаалалтын дохиолол, диспетчерийн хяналтын системээс бусад шугам сүлжээ, тоноглол байрлуулахыг хориглоно) заалтыг зөрчсөн байна. Уг дүрэм журмыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалт /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна./-ын дагуу тухайн ажил үүргийг гүйцэтгүүлж байсан “Болор номин өргөө” ХХК-ий захирал Д.Ц нь хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль, дүрэм, журам, стандартыг хэрэгжүүлэх, түүнийг сахин хангуулах үүрэгтэй. Jin Xiang үйлдвэрийн ОТ3495-60-В маркийн эргүүлэг нь БНХАУ-д үйлдвэрлэсэн байна. Тус эргүүлэг (лебёдка)-ийн цахилгаан хөдөлгүүрийн холхивч нурсан мөн цахилгаан хөдөлгүүрийн гол, саалтуур (редуктор)-ын нэгдүгээр гол хугарч тоормос ажиллах боломжгүй болж тэвш доош унасан. Эргүүлгийн цахилгаан хөдөлгүүрийн холхивч нурснаар хөдөлгүүр ажиллах үед голд савлагаа, чичиргээ, халалт өгч хөдөлгүүр болон саалтуурын нэгдүгээр гол хугарах хүчин зүйл болно. ОТ3495-60-В маркийн эргүүлэг нь ган татлагад ороодос буюу (полиспаст систем) ашиглаагүй тохиолдолд 750 кг өргөх хүчин чадалтай ба ороодос буюу (полиспаст систем)-ийг ашигласан тохиолдолд 1500 кг даацтай төхөөрөмж байна. Гүйцэтгэгч Болор номин өргөө ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалт /Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/ -ын дагуу ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангаагүй, 28 дугаар зүйлийн 28.1.8 /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ сургалтад хамрагдаагүй зааварчилгаа аваагүй, ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалт /Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл зөвлөл ажиллуулна/, Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/114 тоот “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах норматив батлах тухай” тушаалын 1.6 /Ажлын байрны эрсдэлийн түвшин ихтэй уул уурхай, эрчим хүч, зам, барилгын салбар болон үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлс бүхий аж ахуйн нэгж, байгууллагад ажилтны тооноос хамаарахгүйгээр нэг ба түүнээс дээш орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан ажиллуулахаар, зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтныг авч ажиллуулаагүй, мөн “Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага МNS-5079:2001 ” стандартын 3.3. /Ачиж, буулгах ажлыг зориулалтын өргөх, тээвэрлэх тоног төхөөрөмж болон механикжсан хэрэгслийн тусламжтайгаар гүйцэтгэнэ /-д заасан аюулгүйн шаардлага болон өргөх зөөх хэрэгслийн техникийн бүрэн бүтэн хангагдаагүй, зориулалтын бус өргөх хэрэгсэл ашиглаж ачаа өргөж буулгах ажлыг гүйцэтгүүлсэн. Болор номин өргөө ХХК нь Шүрт булаг ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №4/20г гэрээ “Барилгын заслын ажлын гэрээ”- ний Гүйцэтгэгчийн эрх, үүрэг 5.4 Гүйцэтгэгч нь гэрээний хугацаанд ажилчдынхаа хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг бүрэн хариуцаж ажиллана. /ХХАА-ны анхан шатны, давтан, өдөр тутмын гэсэн зааварчилгаануудыг тухай бүрт нь өгч байх/ Дээрх гэрээний 5.5 Гүйцэтгэгч нь гэрээний хугацаанд өөрийн талаас мэргэжлийн үнэмлэх, дипломтой албан тушаалтнуудыг барилгын талбайд томилон ажиллуулна. /Барилгын инженер даамал, Хөдөлмөр хамгааллын инженер, бригадын дарга/ гэж заасан үүргээ биелүүлээгүй байна...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 91-97 дахь тал),
Яллагдагчаар Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...“Болор номин өргөө” ХХК-г 2014 онд үүсгэн байгуулсан бөгөөд манай компани нь барилгын дотоод засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. “Шүрт булаг” ХХК-н захирал Дэмбэрэлсайхантай 2019 онд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд баригдаж байгаа барилга дээр дотоод засал чимэглэлийн ажил хийж гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Тус хотхоны Д блокийн барилгын дотоод засал чимэглэлийн ажил хийж гүйцэтгэж байхад 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 18 цагийн үед би оффисын өрөөндөө орж ирээд сууж байхад Д блокийн шатны хонгилд хүн уначихлаа гэхээр нь гүйгээд очсон юм. Лифтний гадна шалан дээр нэг эрэгтэй хүнийг хэвтүүлсэн байсан юм. Хамт ажиллаж хүмүүсээс тодруулахад Буянхүү бид гурав 12 давхраас хог лифтээр өргөх төхөөрөмж ашиглан зөөж байсан юм. Сүүлийн шуудайтай хогийг тэвшин дээр тавиад багтахгүй байхаар нь хөлөөрөө жийсэн чинь тэвшин дотор эрчиндээ унасан юм. Тэгсэн өргөх төхөөрөмжийн хамт доошоо унасан юм гэж хэлсэн юм. Тухайн үед ийм зүйл болсон юм. Амь хохирогч нь надтай ямар нэгэн гэрээ хийгээгүй, амаар тохиролцож дотоод заслын шаврын хийж байсан юм. Би шинжээчийн бүх дүгнэлтүүдтэй танилцсан байгаа бөгөөд ямар нэгэн маргах зүйл байхгүй харин ч өөрийн гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч хохирогч талд сайн дураар 20 сая төгрөгийг оршуулгын зардалд, амь хохирогч нь олон хүүхэдтэй эхнэр нь үлдэж байгаа учир гэмт хэргийн хор уршгийг арилгах зоригоор, амь хохирогчийн 4-н хүүхэд Б.Маргад-Эрдэнэ, Б.Номинзул, Б.Сайнхүү, Б.Номин-Эрдэнэ, эхнэр болох Д.Э нарт өөрийн Болор номин өргөө ХХК нь Аят өндөр ХХК-тай барилгын гэрээ байгуулан ажиллаж байгаа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Аят өндөр” ХХК-н үйлчилгээний орон сууцны барилгын 46,1м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг сайн дураар өгөхөөр болж гэрээ байгуулсан юм. Энэ орон сууц нь 2023 оны 1 дүгээр улиралд ашиглалтад орох юм. 46,1м2 талбай бүхий орон сууцны 1м2 нь 2,500,000 төгрөгийн үнэтэй бөгөөд нийт 115,250,000 төгрөг болж байгаа юм. Уг мөнгийг Болор номин өргөө ХХК-нь гаргаж байгаа юм. ...Миний буруу маш их гэмшиж харамсаж байна. Хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлаасаа болоод ийм үр дагавар үүссэн, миний буруу хүний амь нас хохирсон байгаад маш их харамсаж байна. ...Би өмнө нь хөдөлмөр хамгааллын дүгнэлттэй танилцахдаа тухайн үед сайн ойлгоогүй учраас би хүлээн зөвшөөрөхгүй байна гэж бичсэн. (1 дүгээр хавтаст хэргийн 233-234 дэх тал) гэсэн мэдүүлэг
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 6-16 дахь тал)
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 17-18 дахь тал)
Шүрт булаг ХХК болон Д.Ц нарын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 111-131 дэх тал)
Болор номин өргөө ХХК-ийн гэрчилгээ, зөвшөөрөл гэх материалууд (1 дүгээр хавтаст хэргийн 158-190 дэх тал)
Амь хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 192-203 дахь тал)
Шүүгдэгч Д.Цгийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, гэр бүлийн бүртгэлийг лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг баримтууд (хавтас хэргийн 205-214 дэх тал)
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт (2 дугаар хавтаст хэргийн 02 дахь тал) зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Д.Ц нь “Шүрт булаг” ХХК-тай “Барилгын заслын ажлын гэрээ”, “Барилгын өрлөгийн ажлын гэрээ” зэргийг байгуулан Шүрт хотхонд барилгын заслын болон өрлөгийн ажлыг хариуцан хийж гүйцэтгэж байхдаа хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль дүрэм, журам, стандартыг хэрэгжүүлэх, сахин хангуулах үүрэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1,8, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12- 03-04- ийн 5.11.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.14.6, Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага ММЗ-5079:2001” стандартын 3.3. /Ачиж, буулгах ажлыг зориулалтын өргөх, тээвэрлэх тоног төхөөрөмж болон механикжсан хэрэгслийн тусламжтайгаар гүйцэтгэнэ./-д заасан аюулгүйн шаардлага болон өргөх зөөх хэрэгслийн техникийн бүрэн бүтэн хангагдаагүй, зориулалтын бус өргөх хэрэгсэл ашиглаж ачаа өргөж буулгах ажлыг хийж гүйцэтгүүлсэн зэрэг хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас Болор Номин өргөө” ХХК-ийн туслах ажилтан Т.Б нь тус барилгын ажлыг хийж гүйцэтгэж байхдаа буюу 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүрт хотхоны барилгын Д блокийн 12 давхарт лифтний хонгилд байх өргөх төхөөрөмжөөр барилгын хог зөөж байхдаа унаж биед цээж, хэвлий, аарцгийн хавсарсан гэмтэл, доод уруулд шарх, баруун хөмсөг, хацар, бугалга, зүүн тохой, гуя, өгзөг, шилбэнд зулгаралт, зүүн гуя, өгзөгт цус хуралт бүхий гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайлбал өндрөөс унах үед үүсгэгдсэн байх боломжтой цээж, хэвлий, аарцгийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас Т.Б нь нас барсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хэргийн шүүгдэгч Д.Ц нь Болор Номин өргөө ХХК-н захирлаар ажиллаж байхдаа хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль дүрэм, журам, стандартыг хэрэгжүүлэх, сахин хангуулах үүрэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1,8, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12- 03-04- ийн 5.11.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.14.6, Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага ММЗ-5079:2001” стандартын 3.3. /Ачиж, буулгах ажлыг зориулалтын өргөх, тээвэрлэх тоног төхөөрөмж болон механикжсан хэрэгслийн тусламжтайгаар гүйцэтгэнэ./-д заасан аюулгүйн шаардлага болон өргөх зөөх хэрэгслийн техникийн бүрэн бүтэн хангагдаагүй, зориулалтын бус өргөх хэрэгсэл ашиглаж ачаа өргөж буулгах ажлыг хийж гүйцэтгүүлсэн зэрэг хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй шаардлагын хэрэгжилтийг хангаж ажиллах, хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэм буруутай байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.Ц нь хэргийн үйл баримт болон гэм бурууд маргаагүй, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийн нөхөн төлбөрт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, үр хүүхдэд нь 2 өрөө орон сууцыг талуудын тохиролцсон “Эвлэрлийн гэрээ”-нд заасан хугацаанд нөхөн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Д.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Хэргийн шүүгдэгч Д.Ц нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт 1 дүгээр хавтаст хэргийн 214 дүгээр талд авагдсан ба энэ нь түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох юм.
2. Шүүгдэгч Д.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн, цаашид гэмт хэргийн улмаас үүссэн хор уршгийг арилгахаа илэрхийлж байгаа хохирогч гомдол саналгүйгээ илэрхийлсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Д.Цг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, мөн зүйлийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгчид засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Ц нар нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Шүүгдэгч Д.Ц, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эт гэмт хэргийн хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон 20.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, үр хүүхдэд нь 2 өрөө орон сууцыг талуудын тохиролцсон “Эвлэрлийн гэрээ”-г 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан (1 дүгээр хавтаст хэргийн 243-247 дахь тал) баримттай байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт үр хүүхдэд нь Баянзүрх дүүргийн 14-р хороонд байрлах “Аят Өндөр” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны 46.1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2023 оны 2-р улиралд багтаан ашиглалтад оруулж, захиалагч талд хүлээлгэн өгөхөөр харилцан тохирч, хохирогч, шүүгдэгч нар эвлэрэн хэлэлцсэнийг баталж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн ирүүлсэн зүйлгүй шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч С овогт Д-ын Ц-г хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дуламын Цэрмаад хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, мөн зүйлийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, албадлагын хэмээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д тус тус зааснаар шүүгдэгч Д.Цд тэнсэж, хянан харгалзсан байдал, албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Д.Ц нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эт 20.000.000 /хорин сая/ төгрөг нөхөн төлснийг тэмдэглэж, үр хүүхдэд нь Баянзүрх дүүргийн 14-р хороонд байрлах “Аят Өндөр” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны 46.1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2023 оны 2-р улиралд багтаан ашиглалтад оруулж, захиалагч талд хүлээлгэн өгөхөөр үүрэг хүлээж, талууд эвлэрэн хэлэлцсэнийг баталсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн ирүүлсэн зүйлгүй шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ