Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/435

 

 

 

 

 

 

 

 

  2022          6            07                                    2022/ШЦТ/435

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Х овогт Б-ийн Н-д холбогдох эрүүгийн 2210000000484 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамтаар тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Х овогт Б-ийн Н (РД:)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автобусанд зорчиж явсан хохирогч Ж.Агийн халааснаас нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар Iphone Xr загварын гар утсыг хулгайлан авч 850,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Б.Н: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

         

          Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Ж.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр найз Бүжинлхамын хамт Таван богдын автобусны буудлаас Яармагийн 1 дүгээр буудал хүрэх замд автобус дотор би үл таних хүнд халааснаасаа утсаа алдсан. Би өөрийн баруун талын хүрмийнхээ халаасанд хийсэн байсан. Би гар утсаа 2021 оны 2 дугаар сард Өвөрхангай аймгийн гар утасны худалдааны захаас 1,070,000 төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн автобусанд явж байхад хүмүүс их, бараг дүүрэн шахуу явж байсан бөгөөд миний ард талд нэг үл таних урт куртиктэй залуу зогсож байсан залуу миний гар утсыг авсан гэж бодож байна...” (хавтас хэргийн 13 дахь тал) гэсэн,

 

Яллагдагчаар Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ажилд орохоор автобусанд суусан юм. Тэгээд нисэх рүү явж байгаад Хан-Уул дүүргийн 4 дүгээр ВиВа Ситигийн автобусны буудал дээр буугаад ажилд оруулж өгөх хүнтэйгээ уулзчихаад буцаад тухайн автобусны буудал дээрээс нисэхийн чиглэлийн автобусанд суусан юм. Намайг автобусанд суух үед автобус дүүрэн хүнтэй байсан бөгөөд би дундуур ороод явж байгаад гол хавьд нь очоод зогссон чинь миний урд талд хар өнгийн куртиктэй нэг охин зогсож байсан бөгөөд би баруун талын халаас руу гараа хийгээд тухайн охины гар утсыг аваад өөрийнхөө халаасан хийсэн юм...” (хавтаст хэргийн 54-55 дахь тал) гэсэн,

 

Ж.Агаас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 10дахь тал),

Дамно ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №ХУ2-22-290 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 16-17 дахь тал)

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

Шүүгдэгч Б.Нын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 24, 35, 38 дахь тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 23 дахь тал)

Хохирогч Ж.А гомдол саналгүй талаарх хүсэлт (хавтаст хэргийн 64 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Нд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автобусанд зорчиж явсан хохирогч Ж.Агийн халааснаас нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар Iphone Xr загварын гар утсыг хулгайлан авч 850,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Дамно ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №ХУ2-22-290 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 16-17 дахь тал)

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

Хохирогч Ж.А гомдол саналгүй талаарх хүсэлт (хавтаст хэргийн 64 дэх тал) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Нын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

 

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Б.Нд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 240 цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Б.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Нд нийтэд тустай ажил хийлгэх ялаас ноцтойгоор зайлсхийвэл найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Агийн эзэмшлийн Iphone Xr загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 850,000 төгрөгийн хохирол учруулсан талаарх баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бөгөөд шүүгдэгч нь Дамно ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №ХУ2-22-290 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 16-17 дахь тал), Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 21-22 дахь тал) буцаан өгсөн байх тул бусдад төлөх төлбөргүй, Хохирогч Ж.А гомдол саналгүй талаарх хүсэлт (хавтаст хэргийн 64 дэх тал) зэргээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн 2210000000484 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, хохирогч нь санал хүсэлтгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Б-ийн Н-ыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд 240 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Нд нийтэд тустай ажил хийлгэх ялаас ноцтойгоор зайлсхийвэл найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

6. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ