Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/437

 

 

 

 

 

 

 

  2022          6           07                                    2022/ШЦТ/437

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Б овогт П-ын Б-д холбогдох эрүүгийн 2210000720521 дугаартай хэргийг дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймаг Тарагт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй Б овогт П-ын Б (РД:)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кувэйтийн ам гэх газарт байсан иргэн Г.Б-ийн эзэмшлийн 00-39 УББ улсын дугаартай Mercedes benz s320 загварын тээврийн хэрэгслийг түүний зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

         

          Шүүгдэгч П.Б: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр би Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Кувэйтийн ам гэх газар өөрийн мужааны бригад ажиллуулдаг байсан. Тухайн өдөр би ядраад гэрт 12-13 цагийн үед ороод унтахаас өмнө өөрийн эзэмшлийн Mercedes benz s320 загварын 00-39 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би гэрийн гадаа байрлуулаад түлхүүрийг нь машинд зоолттой үлдээгээд унтаад өгсөн. Би 17 цаг өнгөрөөгөөд намайг Ширнэн, Өлзийбаяр нар нь сэрээгээд машины аккумлятор суугаад унтарчихлаа гэхээр машин хаана байна гэж асуухад Кувэйтийн ам салаад 2-3 км зайд зам дээр миний тээврийн хэрэгслийг орхисон гэж хэлээд байсан. Би тээврийн хэрэгсэл дээрээ очоод үзэхэд доогуур нь мотор нь хагарсан байдалтай тос гоожиж урд талын купер нь салаад унасан копуд гэрэл хоёрын хооронд зай гарч арамд нь гажилт их гэрлийн чих нь тасарсан байдалтай байхаар нь юу болсон талаар нь Багабандиас асуухад аккумлятор эвдрээд бид нар машинаа энд орхисон гэж надад хэлсэн боловч тус машинд сууж байсан Ширнэн гэх залуу Багабанди нь согтуу тээврийн хэрэгсэл барьж байсан бөгөөд машины зам дээгүүр харайлгаад байсан гэж надад хэлээд байхаар нь би их гайхсан. Тухайн үед би тэд нарт өөрийн тээврийн хэрэгслийг унах эрхийг өгөөгүй бөгөөд миний тээврийн хэрэгслийг унаад дэлгүүр явж байсан гэсэн...” (хавтас хэргийн 10 дахь тал) гэсэн,

 

Гэрч Х.Өлзийбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...гараад иртэл Багабанди, Ширнэн хоёр Бат-Эрдэнийн машинд суугаад архи ууж байсан. Тэгэхээр нь би хамт сууж архинаас нь уусан тэгээд би машинд нь тасарсан байсан нэг сэртэл амралтын газарт байдаг дэлгүүр дээр ирсэн тэндээс дахин 1 шил архи аваад түүнийг тэндээ уугаад дахин би тасарсан. Тэгээд дахиад сэртэл дэлгүүр жоохон өнгөрөөд машин зогссон байсан буугаад иртэл машиных нь кастер нь цоороод масло нь гоожсон байсан. Машиныг Багабанди унаж явсан. Өмнө нь зүгээр явдаг машин байсан...” (хавтас хэргийн 18 дахь тал) гэсэн,

 

Дамно ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №ХУ2-22-363 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 40-42 дахь тал)

 

Яллагдагчаар П.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...би өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна.” (хавтаст хэргийн 52 дахь тал) гэсэн,

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 30 дахь тал),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 34-38 дэх тал),

Шүүгдэгч П.Б хохирол төлбөр барагдуулсан талаарх баримтууд (хавтаст хэргийн 58, 62-63 дахь тал) зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, П.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч П.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кувэйтийн ам гэх газарт байсан иргэн Г.Б-ийн эзэмшлийн 00-39 УББ улсын дугаартай Mercedes benz s320 загварын тээврийн хэрэгслийг түүний зөвшөөрөлгүй авч явсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, Дамно ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №ХУ2-22-363 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 40-42 дахь тал) Шүүгдэгч П.Б хохирогчид хохирол төлбөр барагдуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 58, 62-63 дахь тал) зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож, шүүх тухайн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэв.

 

Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар Халдлагын зүйл нь бусдын автотээврийн хэрэгсэл бөгөөд автотээврийн хэрэгсэл гэж зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгслийг ойлгоно.

 

Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн обьектив шинж нь бусдын өмчлөх эрх буюу Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д "Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус заасан.

 

Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь бусдын автотээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй, үйлдэл хийснээр буюу автотээврийн хэрэгслийг авч явснаар төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

 

Автотээврийн хэрэгслийг авч явах гэж автотээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэг газраас нөгөө газарт хөдөлгүүрийг асаах болон өөр тээврийн хэрэгслээр тээвэрлэх, чирэх байдлаар авч явсныг ойлгоно.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулсан байх бөгөөд өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо, гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч П.Бн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч П.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч П.Б нь хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, улмаар учирсан хохирлыг төлсөн, цаашид төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч П.Бйг автовээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар П.Бд оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б-ийн эзэмшлийн 00-39 УББ улсын дугаартай Mercedes benz s320 загварын тээврийн хэрэгсэлд 2.625.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч П.Б нь 1.600.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчид хохирол төлбөр барагдуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 58, 62-63 дахь тал) тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хуульд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд шүүгдэгчээс 1,025,000 төгрөгийг гаргуулж 00-39 УББ улсын дугаартай Mercedes benz s320 тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Б-д олгох нь зүйтэй.      

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 , 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт П-ын Б-г автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П-ын Б-ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-аас 1,025,000 төгрөгийг Mercedes benz s320 00-39 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч хохирогч Г.Б-д олгосугай.

 

5.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      И.ГАНБАТ