| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2018/01562/И |
| Дугаар | 1690 |
| Огноо | 2018-05-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 1690
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө , стадион оргил хаягт оршин байх “Хаан банк” ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, алтайн гудамж, тоотод оршин байх, “Дулаанбогд хайрхан” ХХК /РД:/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, дүгээр хороо, Голден парк хотхон, Энхтайваны өргөн чөлөө гудамж, дугаар байр, тоотод оршин суух, Алдарынхан овогт Д-ын Н /РД:вэ/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, дүгээр хороо, Голден парк хотхон, Энхтайваны өргөн чөлөө гудамж, дугаар байр, тоотод оршин суух, Алдарынхан овогт Н-ийн Тогоомаа /РД:вэ/ нарт холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 79,908,639.25 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ганцогт, Э.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дулаанбогд хайрхан” ХХК түүнийг төлөөлж захирал Д.Найдан, иргэн Д.Найдан, иргэн Н.Тогоомаа нар нь Хаан банкны Чингэлтэй тооцооны төвөөс 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ЗГ/216 тоот зээлийн гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр БГ/216 тоот барьцааны гэрээ байгуулж 70,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх эориулалтаар бизнесийн зээл авсан. Зээлдэгч зээлийн гэрээний хавсралт дахь “Зээл олголт, эргэн төлөлтийг хувиар” хугацааг сунгах хүсэлт гаргасны дагуу 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ЗГ/216-01 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж хугацааг сунган хавсралт 2 дахь “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-г байгуулж эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн. Зээлдэгч нар 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/216 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 20,359,859.56 төгрөг, хүүгийн төлбөрт 10,005,333.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 295,539.59 төгрөг, нийт 30,660,733 төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч зээлийн гэрээний үүргийн дагуу хавсралтад дахь “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчид 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зээл төлөх мэдэгдлүүдийг удаа дараа хүргүүлсэн боловч зээлдэгч өнөөдрийг хүртэл өр, төлбөрөө төлөөгүй байна. Иймд банк 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/216 барьцаат зээлийн гэрээний 6 дутаар зүйлийн 6.1.1, 6.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:
1/ 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/216 тоот зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлийн төлбөр 49,640,140.44 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 25,552,540.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4,703,458.74 төгрөг, нотариатын төлбөр 12,500 төгрөг, нийт 79,908,639.25 төгрөгийг гаргуулах.
2/ Зээлдэгч зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд энэхүү 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн БГ/216 тоот барьцааны гэрээнд дурьдсан Ү-2205043034 үл хөдлөхийн дугаартай, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо голден парк хотхон /16010/, Энхтайваны өргөн чөлөөний 103 дугаар байрны 3 тоот хаягт байршилтай, 46 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Ү-2205044409 үл хөдлөхийн дугаартай, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо голден парк хотхон /16010/, Энхтайваны өргөн чөлөөний 105 дугаар байрны 171 тоот хаягт байршилтай 57 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 0674 ОРО улсын дугаартай, NЕ11004974 арлын дугаартай Ниссан нөт /Nissan note/ маркийн ногоон өнгөтэй суудлын автомашин зэрэг хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ганцогт, Э.Эрдэнэбат нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд бичгээр гаргасан шаардлагаа бүхэлд нь дэмжин оролцож байна. Хариуцагч нарт банкны зүгээс удаа дараа боломж олгосон боловч ямар нэг арга хэмжээ авахгүй байсан тул шүүхэд хандсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Найдан шүүхэд гаргасан тайлбартаа: “Дулаанбогд хайрхан” ХХК-ийг төлөөлж Д.Найдан би Хаан банкны Чингэлтэй салбараас 70,000,000 төгрөгийн зээл авсан. 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 216 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 20,359,859.56 төгрөг, хүү 10,005,333.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 295,539.59 төгрөг, нийт 30,660,733 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд 100 айлын төслийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг өгсөн боловч хуурамч гэрээ байсан тул бид хохирсон. Тиймээс үндсэн зээлийн төлбөр 49,640,140.44 төгрөгийг төлж чадахгүй болоод байна. 49,640,140.44 төгрөгийг төлөхөөс хүүг нэмж төлөх чадваргүй байна. Энэ байдлыг харгалзан үзэж 49,640,140.44 төгрөгийг барьцаа хөрөнгөөр төлөхөд орон сууцгүй болох асуудал тулгарч байна. Иймд залилан хийсэн этгээдээс мөнгөө авч байж төлөх боломжтой гэжээ.
Хариуцагч “Дулаанбогд хайрхан” ХХК-ийн төлөөлөгч Д.Найдан шүүхэд гаргасан тайлбартаа: Хаан банкнаас зээлийн гэрээгээр авсан 70,000,000 төгрөгөөс 49,640,140.44 төгрөгийг 100 айлын төслийн ажил гүйцэтгэх гэрээнийн баталгаа болгон байршуулсан. Гэвч уг төслийн ажил нэрээр Г.Должинсүрэн гэгч этгээд 2016 онд 86,000,000 төгрөг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан боловч одоо хүртэл Дулаанбогд хайрхан” ХХК-д төлөөгүй нь улмаас тус компани дампуурсан байдалд орж ямарч мөнгө төлөх чадваргүй болсон тул 49,640,140.44 төгрөгийг зээлийн үлдэгдлийг хугацаагаар төлж, хүүгээс хөнгөлж өгөхийг хүсч байна. н.Должинсүрэнгээс мөнгөө аваагүй цагт барьцааны байраа өгөх боломжгүй болно. Иймд барьцааны байр хураалгах асуудал н.Должинсүрэнтэй холбоотой юм.
Хариуцагч Тогоомаа шүүхэд гаргасан тайлбартаа: “Дулаанбогд хайрхан” ХХК-ийг төлөөлж Н.Тогоомаа би Хаан банкны Чингэлтэй салбараас 70,000,000 төгрөгийн зээл авсан болно. 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 216 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 20,359,859.56 төгрөг, хүү 10,005,333.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 295,539.59 төгрөг, нийт 30,660,733 төгрөгийг тус тус төлөөд 100 айл төслийн ажил гүйцэтгэх гэрээ хийж үлдэгдэл төгрөгийг түргэн хугацаанд найдвартай төлнө гэж үзэж 50,000,000 төгрөг өгсөн хэдий ч өнөөдрийг хүртэл төслийн ажил хийгдээгүй бид хохирч үндсэн зээлийн төлбөр 49,640,140.44 төгрөгийг төлж чадахгүй өнөөдрийг хүрлээ. Энэ хугацаанд төслийн ажлын гэрээ хийсэн “Өндөр заяа” компанийн захирал Г.Должинсүрэнтэй шүүхээр явж эвлэрлийн гэрээгээр 86,000,000 төгрөгийг “Дулаанбогд хайрхан” ХХК, Д.Найданд өгөх шүүхийн шийдвэр гарсан. Иймд үндсэн зээл 49,640,140.44 төгрөгийн зээлийн үлдэгдлийг барьцаагаар төлж, хүүгээс хөнгөлж өгөхийг хүсч байна. Энэ барьцаа хөрөнгийг суллаж өгөхдөө дээрх Г.Должинсүрэнгээс шүүхийн шийдвэрээр гарсан 86,000,000 төгрөгийг бидэнд олгогдсон тохиолдолд Хаан банкинд төлөх төлбөрийг барагдуулах бололцоог олгож өгөхийг туйлын их хүсч байна гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хаан” банк нь хариуцагч Д.Найдан, Н.Тогоомаа, “Дулаан богд хайрхан” ХХК-иудад холбогдуулж №ЗГ/216, №БГ/216 тоот зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 49,640,140.44 төгрөг, зээлийн хүүнд 25,552,540.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,703,458.74 төгрөг, нотариатын зардалд 12,500 төгрөг, нийт 79,908,639.25 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай шаардлагуудыг гаргажээ.
2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Хаан” банк болон хариуцагч Д.Найдан, Н.Тогоомаа, “Дулаан богд хайрхан” ХХК-д №ЗГ216 тоот зээлийн гэрээ байгуулсан байна. “Хаан” банк нь хариуцагч нарт 70,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэйгээр 7 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохирчээ /хх 10-12 хуудас/.
Дээрх зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож зээлдэгч нарийн зүгээс Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхон /16010/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 103-03 тоот хаягт байршилтай, 46 м2 талбай бүхий 2 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 105-171 тоот хаягт байршилтай, 57 м2 талбай бүхий 2 өрөө орон сууц, 06-74 ОРО улсын дугаартай, NЕ11004974 арлын дугаартай “Ниссан нөт” /Nissan note/ маркийн ногоон өнгөтэй суудлын автомашин зэрэг хөрөнгүүдийг барьцаалсан байна.
Улмаар талууд 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр №ЗГ/216-01 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-г байгуулж өмнө байгуулсан гэрээний хугацааг 3 сараар сунгажээ /хх 17 хуудас/.
Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т “...зээлийн гэрээг бичгээр хийнэ”, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэсэн хуулийн шаардлагуудад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.
Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Хариуцагч нарын зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болон зээлийн тооцоолол дээр маргаагүй. Нэгэнт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан үүргээ гүйцэтгэсэн тул нэхэмжлэгч тал хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй болно.
Иймд хариуцагч Д.Найдан, Н.Тогоомаа, “Дулаан богд хайрхан” ХХК-иудаас үндсэн зээл 49,640,140.44 төгрөг, зээлийн хүүд 25,552,540.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4,703,458.74 төгрөг, нийт 79,896,139.25 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд нийцнэ.
Түүнчлэн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасантай нийцэж байх тул барьцааны зүйлсийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй.
Харин Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн “нотариатын зардалд 12,500 төгрөг гаргуулах” тухай шаардлагыг хангахгүй орхив.
Хэдийгээр “Хаан” банк зээлийг “Дулаан богд хайрхан” ХХК-ийн данс руу хийсэн хэдий ч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч нар үүрэг хуваарилах талаар тохиролцоогүй, нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргийг хариуцагч бүрээр тодорхойлж, нэхэмжлээгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын хүлээх үүрэг нь тэнцүү байна гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Д.Найдан, Н.Тогоомаа, “Дулаан богд хайрхан” ХХК-иудаас 79,896,139.25 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хаан” банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхон /16010/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 103-03 тоот хаягт байршилтай, 46 м2 талбай бүхий 2 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 105-171 тоот хаягт байршилтай, 57 м2 талбай бүхий 2 өрөө орон сууц, 06-74 ОРО улсын дугаартай, NЕ11004974 арлын дугаартай “Ниссан нөт” /Nissan note/ маркийн ногоон өнгөтэй суудлын автомашиныг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 627,631 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 557,431 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хаан” банкинд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ