Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/454

 

 

 

 

 

 

 

  2022          6           13                                      2022/ШЦТ/454

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Ц.Гэрэлчимэг,

хохирогч Б.Г

шүүгдэгч Г.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Д овогт Г-ийн Х-д холбогдох эрүүгийн 2210000000619 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой /5 дугаар анги төгссөн/, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, эгч нарын хамт, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Д овогт Г-ийн Х (РД:)

         

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Г.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 27а байрны гадаа Б.Г-тэй муудалцаж түүний баруун хөл рүү хөлөөрөө өшиглөж унагаасны улмаас эрүүл мэндэд баруун шагайн гадна хавчаарын далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Г.Х: “...Бид хоёр хоёулаа байрны гадна архи уусан. Ганбат хэрэгт хамааралгүй болж байна. Ганбат намайг түрүүлж цохисон.” гэв.

 

Хохирогч Б.Г: “...Манай байрны гадна архи уусан. Уугаад 120 руу биллиард тоглоно гээд явсан. Шүүгдэгч Цэ пабын орчимд манай Ганбаа гэдэг найзтай муудалцсан. Энэ хоёр зодолдох гээд байхад нь би салгасан. Би шүүгдэгчийг бодож ярьсан боловч намайг бодохгүй ярьж байна. Шүүгдэгч миний хөл рүү өшиглөж хугалсан. Намайг хаяад явсан. Намайг түргэн ирж аваагүй. Хүргэн ирж авсан. Надад зураг нь байгаа. Би өнөөдөр өөрөө надтай уулзах байх гэж бодсон боловч надтай уулзаагүй, яриагүй. Намайг насанд хүрээгүй 5 хүүхэдтэй гэдгийг мэдэж байгаа. Би гомдол саналгүй гээд салъя, 10 сарын дараа хагалгааны төлбөрөө авъя гэж бодсон. ... Манай эхнэр мөнгө цуглуулсан байсан. Өчнөөн зардал гарч хадгалсан мөнгө дууссан. Эмнэлгээс гарч ирээд эм тариа авах мөнгө үлдээгүй байсан. Шүүгдэгч байгаа нь энэ гээд 1.800.000 төгрөг өгсөн. Би үүнийг нь аваад салъя гэж бодсон. 10 сард орох хагалгааны зардал доод тал нь 2.300.000 төгрөг болно.” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 27а байрны гадаа машин дотор Ганбат бид 3 нэг шил архи хувааж уусан. Тэгээд Ганбат, Хурцгэрэл дээрэлхээд цохих гээд байсан бөгөөд би одоо болио гээд салгасан чинь над руу Хурцгэрэл уурлаж эхэлсэн. Ингээд би Хурцгэрэлийг түлхтэл газар унасан бөгөөд босох гэтэл миний баруун хөл эвгүй болсон гишгэж болохгүй байсан. Би Хурцгэрэлд “хөл хугалчихлаа” гэж хэлсэн чинь өөдөөс нотолгоотой юм яриарай гээд байсан. Тэгээд гэмтэлд үзүүлэхэд баруун хөлийн туялзуур яс хугарсан зөөлөн эд гэмтсэн байна гэж хэлсэн...” /хавтас хэргийн 8-9 дэх тал/ гэсэн мэдүүлэг

 

Гэрч Л.Ганбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...хэд хоногийн дараа Гансүх над руу залгаад хагалгаанд өчигдөр орлоо тус өдөр Хурцгэрэл намайг жийгээд унагаасан. Тэгээд хөл хугарсан байна, намайг хаяад яваад өгсөн гэж хэлсэн. (хавтаст хэргийн 17 дахь тал) гэсэн мэдүүлэг

 

Гэрч Ц.Ариунтунгалаг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...удалгүй 14 цагийн үед хүргэн ах Баясгалан над руу залгаад замын хойд талд Ганаагийн хөл хугарсан байна, юу болсон талаар асуухад Хурцгэрэл хамт уусан Ганбаттай маргалдаад тэгээд нөхөр маань өмөөрсөн гэж хэлсэн бөгөөд Хурцгэрэлийг түлхтэл газар унаад босож ирэхдээ хөл рүү жийсэн тэгээд хөл хугарсан гэж хэлсэн. (хавтаст хэргийн 21 дэх тал) гэсэн мэдүүлэг

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5950 дугаартай дүгнэлтэд: “...Б.Гийн биед баруун шагайн гадна хавчаарын далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” (хавтас хэргийн 23-24 дэх тал) гэсэн дүгнэлт,

 

Яллагдагчаар Г.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Гансүх нааш ир гэж дуудсан бөгөөд би яасан гээд очтол миний шүд рүү гараараа цохисон, би хойш унахдаа Гансүхийн татаад хамт газарт унасан. Гансүх миний дээр унасан. Тэгээд боссон чинь Гансүх “ёооё, ёооё” хөл хугалчихлаа гэж хэлсэн. ...Бид хоёр унахдаа шороон дээр унасан ба би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч Гансүхтэй уулзаж хохирлын мөнгө гэх 1.800.000 төгрөгийг түүний эхнэрийн данс руу шилжүүлж өгсөн. (хавтаст хэргийн 37 дахь тал) гэсэн мэдүүлэг

 

Шүүгдэгч Г.Хийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, нийгмийн даатгал төлсөн лавлагаа, гэр бүлийн бүртгэлийг лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг баримтууд (хавтас хэргийн 42-60 дахь тал), хохирогч Б.Г гомдол санал байхгүй, хохирол хүлээн авсан гэх хүсэлт (хавтас хэргийн 71-72 дахь тал) зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Г.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 27а байрны гадаа Б.Гтэй муудалцаж түүний баруун хөл рүү хөлөөрөө өшиглөж унагаасны улмаас эрүүл мэндэд баруун шагайн гадна хавчаарын далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5850 тоот дүгнэлт, хохирогч Б.Г гомдол санал байхгүй, хохирол хүлээн авсан гэх хүсэлт (хавтас хэргийн 71-72 дахь тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Б.Гийн эрүүл мэндэд учирсан “...биед баруун шагайн гадна хавчаарын далд хугарал...” бүхий хүндэвтэр гэмтлийг нь шүүгдэгч Г.Х санаатай идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Х, хохирогч Б.Гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч Г.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Г.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн, хохирогч гомдол санал хүсэлтгүйгээ илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Г.Хд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Г.Хд оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Гийн эрүүл мэндэд нь баруун шагайн гадна хавчаарын далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан, бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаанд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, эмчилгээнд 1.800.000 төгрөг төлсөн талаарх баримт (хавтас хэргийн 71 дэх тал) гэсэн байх тул шүүгдэгч Г.Х нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь 10 сард хөлийн хагалгаанд орох талаар мэдүүлж байх тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Эрүүгийн 2210000000619 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Г-ийн Х-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ийн Х-ийг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Хд торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Х-д оногдуулсан 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч нь цаашид гарах эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ