Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1607

 

МАГАДЛАЛ

 

2017.7.19                                               Дугаар 1607                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

“Баян-Элстий” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2017/01820 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Баян-Элстий” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих 407 дугаар ангид холбогдох,

9 288 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Батцэцэг, Д.Сандаг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Даваажав нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч хорих 407 дугаар ангитай аж ахуйн гэрээ байгуулж, тус байгууллагад 800 тонн нүүрсийг нийлүүлэхээр тохирсон юм. Өнгөрсөн хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, гэрээнд заасан нүүрсийг захиалагч талд нийлүүлсэн бөгөөд талуудын хооронд төлбөрийн үлдэгдэл 9 288 000 төгрөг байсныг 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр харилцан тооцоо нийлж, баталгаажуулсан. Нэхэмжлэгч “Баян Элстий” ХХК-ийн хувьд нүүрсийг олборлоогүй, бэлэн байгаа нүүрсийг авч, нийлүүлсэн. Хэдийгээр хариуцагч тал санхүүгийн тайлангаа өгч, аливаа авлага, өглөг байхгүй гэж тайлбарлаж буй боловч 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш ямар ч төлбөр төлөөгүй. Иймд, хариуцагч хорих 407 дугаар ангиас гэрээний үлдэгдэл төлбөр       9 288 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Манай байгууллага улсын төсвөөс 100 хувь санхүүждаг бөгөөд нэхэмжлэгч “Баян Элстий”      ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 800 тонн нүүрс авах гэрээ байгуулсан нь үнэн. Хэдийгээр энэхүү тооцоо нийлсэн актаар талуудын хооронд 9 288 000 төгрөгийн асуудал байсан боловч хэрэгт авагдсан тус байгууллагын 2015 оны санхүүгийн тайлангаар ийм хэмжээний өглөг байхгүй, энэ талаар нягтлан бодогч А.Наранбаатарын гаргасан тайланд тодорхой дурьдсан. Нэхэмжлэлийг хүлээн авсаны дараагаар төрийн сангаас нэхэмжлэгчийн Хаан банк ХХК дахь 5124003630 тоот данс руу шилжүүлсэн мөнгөн гүйлгээг шалгахад өнгөрсөн хугацаанд 70 000 000 гаруй төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсан ба тооцоо нийлсэн өдрөөс хойш ямар ч төлбөр төлөөгүй. Нэгэнт санхүүгийн баримтаар 9 288 000 төгрөгийн өглөг байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг үндэслэн хариуцагч хорих 407 дугаар ангиас 9 288 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Баян Элстий” ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн            163 750.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 163 750.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хорих 407 дугаар анги нь улсын төсвөөр санхүүждаг төрийн байгууллага тул хуулийн байгууллагатай аливаа нэг гэрээ байгуулж, түүний төлбөр тооцоог хийхдээ төрийн сангаар дамжуулж хийдэг. Шүүх дээрх дүгнэлтийг гаргахаас урьд нэхэмжлэгчийн харилцагч банкны дансны хуулга, хариуцагчийн төрийн сангийн гүйлгээний задаргаа /хуулга/-г шалгаж, судлах ёстой байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т " Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, .... эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана." гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй байна. Хорих 407 дугаар анги 2015 оны санхүүгийн тайлан болон орлого, зарлагын гүйлгээгээр нэхэмжлэгчид тооцооны үлдэгдэл байхгүй гэсэн тайланг дээд байгууллагад хүргүүлж улмаар дээд байгууллагаас уг тайланг баталгаажуулсан байна. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 72 000 000 төгрөгийг 200312003 тоот данснаас "Баян Элстий" ХХК-ийн 5124003630 тоот дансруу шилжүүлсэн гэхэд дээрх дансуудыг шалгаж шийдвэрлээгүй нь түүнчлэн нэхэмжлэгч 43 000 000 төгрөгийг хариуцагчаас шилжүүлж авсан тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа зэрэг нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Баян-Элстий” ХХК нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих 407 дугаар ангид холбогдуулан 9 288 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч байгууллагатай аж ахуйн гэрээ байгуулан 800 тонн нүүрсийг нийлүүлэхээр тохирч, 145.125 тонн нүүрсны үлдэгдэл төлбөрийг төлөөгүй...” гэж, хариуцагч нь “...тооцоо нийлсэн акт байгаа боловч, ийм хэмжээний төлбөр байхгүй гэсэн нягтлан бодогчийн тайлан байдаг...” гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл талууд 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх акт үйлдэж нягтлан бодогч нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Мөн талууд гэрээний зүйл болсон 800 тонн нүүрсийг хүлээж авсан, өгсөн эсэх талаар маргаагүй байна. /хх 5,6 хуудас/

Дээрх баримтуудаас дүгнэвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй тул гэрээний үүргийн гүйцэтгэлээс үлдэх төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь нэхэмжлэгчээс гэрээний дагуу хариуцагчид хүлээлгэн өгсөн нүүрсний хэмжээ, чанарын талаар хариуцагч маргаагүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг баримтаар няцааж чадаагүй, өөрийн татгалзлаа хариуцагч нотлох баримтаар нотлоогүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж нэхэмжлэлийг хангасан нь зөв болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2017/01820 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

 

                                                  ШҮҮГЧИД                                Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                          М.НАРАНЦЭЦЭГ