Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 128/шш2020/0722

 

 

 

 

 

 

 

2020 оны 11 сарын 03 өдөр Дугаар 128/ШШ2020/0722 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Зандангийн Санждорж /РД:ХН61051271/,

Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

Нэхэмжлэлийн шаардлага: 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл шашны байгууллага байгуулахаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргасан хүсэлтэд татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл хэмээх бурхны шашны байгууллагын зөвшөөрөл олгохыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Санждорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвабат, түүний өмгөөлөгч М.Амарбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл хэмээх бурхан шашны байгууллагыг шинээр санаачлан байгуулж Монгол Улсад одоогийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд заасны дагуу бүх бичиг баримтуудаа бүрдүүлэн өргөдөл гаргасан боловч 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын гарын үсэгтэй 02/794 тоот албан бичгээр хариу мэдээлэл авсан.

Уг мэдээлэлд Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан хэсгийг 1994 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болгосон заалтаар бичиг баримтын бүрдүүлбэр дутуу байна хэмээн мэдэгдэл гаргасан нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох асуудалд захиргааны акт гаргуулахыг даалгаж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Нэхэмжлэгч З.Санждорж нь Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл буюу бурхан шашны байгууллага байгуулахаар 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандсан боловч 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 02/794 дугаартай албан бичгээр тодорхойлолт буюу баримт бичиг дутуу, шашны байгууллага бүртгэх журмын 3.3-т заасан шаардлагыг хангаагүй байна гэдэг үндэслэлээр бүртгэхээс татгалзсан хариу өгсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т заасныг үндэслэн энэ бүртгэхээс татгалзсан хариу нь хууль бус болохыг тогтоолгож, зөвшөөрөл олгохыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 буюу захиргааны актыг гаргахаас татгалзаж байгаа шийдвэр буюу үйлдэл нэхэмжлэгч З.Санждоржийн эрх ашгийг хөндсөн гэж үзсэн учраас захиргааны акт гаргахыг захиргааны байгууллагад даалгах нэхэмжлэлийг гаргасан. Зөвхөн баримт бичгийн бүрдүүлбэр дутуу байна гэсэн асуудалд маргаж байна. Агуулга руу огт ороогүй. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн баталсан журмын дагуу баримт бүрдүүлэх шаардлагын хүрээнд баримт бичгээ бүрдүүлж өгсөн. Ямар процессын дагуу шаардаад байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь баримт бичгээ бүрдүүлж өгсөн байхад татгалзсан асуудалд маргаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам-ын 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан бичиг баримтын бүрдүүлбэр дутуу байна гэсэн хариуг нэхэмжлэгч иргэн С.Санждоржид тус Хурлын Ажлын албанаас хүргүүлсэн байна. Нэхэмжлэгчийн энэ нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр шийдвэрлэсэн. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.6 заасан нөхцөл байдал тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь 2018 онд нэхэмжлэгч З.Санждорж нь Монголын бурхан шашинтны төв зөвлөл байгуулахаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2 удаа хандаж, үүнийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж эцэслэн шийдэгдсэн байдаг. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 192 дугаартай шийдвэр хэрэгт авагдсан. Нэхэмжлэлд заасан үйл баримтын талаар шийдсэн байх тул хэргийн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Тухайн шүүхийн шийдвэр нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үндэслэх хэсэгт заасан байна. Тодруулбал иргэн З.Санждорж нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа шашны байгууллага байгуулах миний эрхийг зөрчиж байна гэсэн агуулгатай нэхэмжлэл гаргасан. Захиргааны ерөнхий хуульд нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн байх үндэслэлийг тавьдаг. З.Санждорж нь сүм хийдийг нэгтгэн зохион байгуулах эрх байгаа эсэхийг анхаарч үзэх ёстой. Шашны байгууллага байгуулахад хуулийн дагуу зөвшөөрөл авч, улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой боловч З.Санждоржийн гаргасан нэхэмжлэлд иргэн З.Санждоржийн байгуулах сүм хийд нь Монгол Улсын хэмжээнд байгаа бүх бурхан шашны хийд төвүүдийг удирдан зохион байгуулах эрх үүргийг хэрэгжүүлэхээр дүрэмдээ заасан байна.

Иймд дээрх үйл баримтуудаас хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй харагдаж байна. Төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр үү эсхүл шашны байгууллагын эрх үү гэдгийг тогтоох ёстой. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн хэлэлцүүлгийн явцад болон гаргаж байсан Улсын Их Хурлын гишүүдийн санал санаачилгаас тодорхой харагддаг. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлд тухай шашны байгууллага байгуулах үйл ажиллагаа явуулах, зөвшөөрөл авах ажиллагааг тусгайлан хуульчилж өгсөн бөгөөд хамрах хүрээг тусгайлан заасан байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас харахад шашны төв байгууллага байгуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлага нь өмнө энэ агуулгаар шийдсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна. Хэдийгээр шашин шүтэх, эс шүтэх нь хүний эрх чөлөөтэй холбоотой асуудал боловч нөгөө талаас уламжлалт шашны байгууллага байгуулах нь хуулийн этгээд гэсэн агуулгаас харахад хуулийн этгээд байгуулах, төрөөс шашны бодлогын хүрээнд хөндөгдөж байна гэж үзэж байна. Үүнээс үзэхэд Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчилэн хийдийн эрх түдгэлзсэн байгаа хэдий ч иргэн З.Санждоржид энэ эрх олгогдоогүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад төв байгуулахад ямар ямар сүм хийд оролцсон нь тодорхойгүй байна. Нийслэлийн хэмжээнд 234 шашны байгууллага байдаг, үүний 60 орчим хувь нь буддын шашны байгууллага байдаг. Иргэн, хуулийн этгээдтэй харилцах харилцааг тусгайлан зохицуулсан харилцаа байдаг. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан шийдвэр нь хууль бус үйлдэл гаргасан гэдэг нь тогтоогдохгүй, хууль бус эс үйлдэхүй гаргаагүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь хууль ёсны баримтаар нотлогдохгүй захиргааны байгууллагын үйлдэл хууль ёсны дагуу байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Санждорж нь 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл шашны байгууллага байгуулахаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргасан хүсэлтэд татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл хэмээх бурхны шашны байгууллагын зөвшөөрөл олгохыг даалгуулах-аар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүгнэлт хийгээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам-ын дагуу баримт бүрдүүлэх шаардлагын хүрээнд баримт бичгээ бүрдүүлж өгсөн байхад баримт бичгийн бүрдүүлбэр дутуу гэж журмын хуульд нийцээгүй заалтыг үндэслэн татгалзсан нь үндэслэлгүй гэж маргаж байгаа бол хариуцагч нь Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс албан ёсны тодорхойлолт аваагүй буюу баримт бичгийн бүрдэл дутуу, нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлж байна.

Нэхэмжлэгч нь 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл хэмээх шашны байгууллага байгуулах хүсэлтийг Монголын будда бурханы шашинтны төв зөвлөлийн үйл ажиллагааны чиглэл, дүрэм, үйл ажиллагааны танилцуулга, шашны байгууллага байгуулахыг анх санаачлагчийн товч бүртгэл, шашны байгууллагаас шүтэн бишрэгчид, итгэгчдийн дунд зохиох ажлын гол агуулга чиглэл, Баянгол дүүргийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 324 тоот шийдвэрийг үндэслэн Их хүрээ зурхайн дацан хуулийн этгээдэд Монгол эмнэлэг зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон 0066354 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 19/28 дугаартай түрээсийн гэрээ, Монголын будда бурханы шашинтны төв зөвлөлийн эхлэлтийн санхүүгийн тайлан, шашны эд зүйлсийн жагсаалт, 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл хэмээх шашны байгууллага байгуулах асуудлыг хэлэлцсэн хурлын тэмдэглэл, Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 180131007 дугаартай Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл хэмээх шашны байгууллагын хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас зэргийг хавсарган Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргасан байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 02/794 тоот албан бичгээр ... Танаас ирүүлсэн өргөдөл, хүсэлтэд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 74 дүгээр тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам-ын 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тодорхойлолт буюу бичиг баримтын бүрдэл дутуу тул шийдвэрлэх боломжгүй... гэсэн агуулгатай хариу өгчээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл байгуулахаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргасан хүсэлтэд татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, энэ нэрээр шашны байгууллагын зөвшөөрөл олгохыг даалгах гэж тодорхойлсон ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Монголын уламжлалт будда бурхны шашинтны төв зөвлөл гэсэн нэрээр шашны байгууллага байгуулах тухай хүсэлтийг Монголын уламжлалт будда бурхны шашинтны төв зөвлөлийн дүрэм, 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Монголын уламжлалт будда бурханы шашинтны төв зөвлөл хэмээх шашны байгууллага байгуулах асуудлыг хэлэлцсэн хурлын тэмдэглэл, 2 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаартай Монголын уламжлалт будда бурхны шашинтны төв зөвлөлийн удирдах зөвлөлийн тогтоол, хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлагын анкет, хуулийн этгээдийн эхлэлтийн санхүүгийн тайлан, шашны эд зүйлсийн жагсаалт, нэхэмжлэгчээс Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчинлэн хийд-ийн захиргаанд хандаж үйл ажиллагааны тодорхойлолт авахаар гаргасан 2020 оны 02 дугаар сарын 18-ны өргөдөл, 02 дугаар сарын 19-ний өдрийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд явуулсан тодорхойлолт, Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 200217078 дугаартай Монголын уламжлалт будда бурханы шашинтны төв зөвлөл хэмээх шашны байгууллагын хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас зэргийн хамт хавсарган Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд дахин гаргажээ.

Улмаар нэхэмжлэгчээс Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчинлэн хийд-ээс үйл ажиллагааны зөвшөөрөл авахаар хандсанд ... танаас 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн баримттай танилцахад Монголын уламжлалт будда бурханы шашинтны төв зөвлөл-тэй огт хамааралгүй өөр буюу Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл-ийн материал байх тул үйл ажиллагааны талаар тодорхойлолт өгөх боломжгүй байна гэсэн хариуг хүргүүлсэн, мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 02/794 тоот албан бичгээр энэ тухайд хариу өгсөн... гэж татгалзжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд дурдсан шашны байгууллагын нэр, 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүсэлт гаргахдаа тодорхойлсон шашны байгууллагын нэрээс зөрүүтэй байгаа ч нэхэмжлэгч нь шаардлагаа 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргасан хүсэлтэд татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлж байх тул шаардлагын энэ хүрээнд шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг Улсын Их Хурлаас 1993 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр баталсан бөгөөд энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь Буддын болон мусульман шашны сүм хийд байгуулахад Монгол улс дахь тухайн шашны удирдах төвийн албан ёсны санал, дүгнэлтийг авсан байна. гэсэн хэсгийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар дүгнэлтээр шашны байгууллагын дотоод хэрэгт төрөөс оролцож байгаа агуулгатай болжээ гэж дүгнээд уг хэсгийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, энэ дүгнэлтийг Улсын Их Хурал 1994 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд хүлээн авснаар тухайн заалтыг хүчингүй болгосон хууль гаргажээ.

Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийслэлийн нутаг дэвсгэрт сүм хийд байгуулах зөвшөөрөл олгох эсэхийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэх эрхтэй, энэ эрхийн хүрээнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар тухайн нутаг дэвсгэрийнхээ нийгэм, эдийн засаг, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй ч, Хурлын Тэргүүлэгчид нь мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.9, 20.1.10-т зааснаар иргэдийнхээ эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг зохион байгуулах, тухайн нутаг дэвсгэр дэх сүм хийдтэй харилцах эрхтэй ч энэ бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гаргаж буй аливаа шийдвэр Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцэх учиртай. Тиймээс шашны байгууллагын дотоод хэрэгт төрөөс оролцож байгаа агуулгатай болсон үндэслэлээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр 1994 онд хүчингүй болсон Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь Буддын болон мусульман шашны сүм хийд байгуулахад Монгол улс дахь тухайн шашны удирдах төвийн албан ёсны санал, дүгнэлтийг авсан байна. гэсэн хэсгийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам-ын 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт буддын шашны сүм хийд, дацан төв нь Монголын Бурхан шашинтны төвөөс албан ёсны тодорхойлолт авсан байна гэж агуулгаар нь тусгасан нь шашны байгууллага байгуулах зөвшөөрөл хүсэхдээ бүрдүүлэх баримт бичигт дээрх тодорхойлолтыг авсан байхыг шаардсан буюу Монгол Улсын Үндсэн хууль болон Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай 1994 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хуулийг зөрчсөн байх тул хариуцагчийн ... дээрх журмын 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тодорхойлолт буюу бичиг баримтын бүрдүүлбэр дутуу... гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна.

Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 6 дугаар зүйлд сүсэгтэн олны шашин номын эрэлт хэрэгцээг хангах зорилгоор байгуулагдаж, шашны зан үйл, хурал ном, боловсролын ажлыг эрхлэн гүйцэтгэж буй албан ёсны зөшөөрөл бүхий хийд, сүм, дацан, төв болон тэдгээрийн удирдах байгууллагыг шашны байгууллага хэмээн тодорхойлж, сүм хийд байгуулах зөвшөөрлийг мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д зааснаар иргэдээс гаргасан өргөдөл, дүрмийн хамт аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хянан үзэж, зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэж, ийнхүү олгосон зөвшөөрлийг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага бүртгэхээр заасан.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д тухайн хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулснаас хойш 30 хоногийн дотор /энэ хугацааг 60 хүртэл хоногоор сунгаж болно/ хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдлийг улсын бүртгэлийн байгууллагад гаргаагүй бол хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт хүчингүй болохоор заасан байх бөгөөд дээрх хуулийн зохицуулалтын дагуу хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 180131007 дугаартай Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл хэмээх шашны байгууллагын хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт хүчингүй болсон байна.

Иймд дээрх хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт нь хүчингүй болж, хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийн бүрдэл хангагдахааргүйн дээр Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл гэх энэ нэрээр шашны байгууллагад зөвшөөрөл олгох боломжгүй болсон байх тул нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар тус улсад зонхилох шашин нь буддын шашин байхаар заасан, Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийд бөгөөд Монголын Бурханы шашинтны төвийн дүрмээс үзвэл Монгол Улсад бурхны шашны сүм, хийдүүдийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах, шашны дэг жаяг, ёс уламжлалыг сахиулахаар байхад Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бурханы шашны сүм, хийдийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах дүрмийн зорилго бүхий Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл хэмээх үйл ажиллагаа явуулах хүрээ, зорилго ижил шашны байгууллага байгуулж болох эсэх нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон шүүхийн шийдвэрлэх асуудал биш, тухайн шашны дотоод асуудал байна. Учир нь Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт төрийн байгууллага шашны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хоригложээ.

Иймд Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл хэмээх нэрээр шашны байгууллага байгуулах зөвшөөрөл олгохоос татгалзсанд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг буруутгахааргүйн дээр шүүх энэ нэрээр шашны байгууллага байгуулах зөвшөөрөл олгохыг даалгаж шийдвэрлэх боломжгүй юм.

Түүнчлэн Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл хэмээх нэрээр шашны байгууллага байгуулах зөвшөөрөл олгохоос татгалзсан нь нэхэмжлэгчийн аливаа шашны байгууллага байгуулах хүсэлт гаргах, хүсэлтээ шийдвэрлүүлэх эрхийг хөндөөгүй байгааг дурдах нь зүйтэй.

Хэдийгээр нэхэмжлэгч нь шашны байгууллага байгуулах зөвшөөрөл авахыг хүссэн шашны байгууллагын нэр хэвээрээ, энэ маргаан үүсэх үндэслэл болсончлон баримт бичгийн бүрдэл хангаагүй хэмээн зөвшөөрөл олгохоос татгалзсан маргааны агуулга хэвээр боловч энэ талаарх маргааныг шүүх 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр шийдвэрлэснээс хойш дахин шашны байгууллага үүсгэн байгуулахаар шийдвэрлэж, шинэ материалаар шашны байгууллагын зөвшөөрөл авахаар 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хандсан, энэ хүсэлтийг нь татгалзсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянуулахаар нэхэмжлэл гаргасан тул захиргааны актын хууль зүйн үндэслэл, үйл баримтын талаар өмнө нь шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэх нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзлээ.

Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийг эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж үзэж гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан ч улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4736 дугаар дүгнэлтээр ...үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгуулаагүй үндэслэлээр тус шашны байгууллагын улсын бүртгэлийг түдгэлзүүлсэн, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө сунгуулсан тохиолдолд бүртгэлийг сэргээхээр шийдвэрлэсэн ч орон нутгийн сонгуулийн дагуу байгуулагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хугацаа сунгуулахаар гаргасан хүсэлтийг нь шийдвэрлээгүй байгаа, өөрөөр хэлбэл тус шашны байгууллагын эрх зүйн байдал тодорхойгүй байсан тул шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З.Санждоржийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл шашны байгууллага байгуулахаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргасан хүсэлтэд татгалзаж шийдвэрлэснийг хууль бус болохыг тогтоож, Монголын будда бурханы шашинтны төв зөвлөл хэмээх бурхны шашны байгууллагын зөвшөөрөл олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА