Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2023/0652/З |
Дугаар | 221/МА2024/0142 |
Огноо | 2024-02-29 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2024/0142
Б.Аийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 945 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Б.А
Хариуцагч НЗД
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.
Хэргийн индекс: 128/2023/0652/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 945 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, НЗД-ын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/603 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгон” шийдвэрлэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхээс үзэхдээ “НЗД-ын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/603 дугаартай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж шийдвэрлэлээ гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч Б.Ад Баянгол дүүргийн 10 дугаар хороонд автозамын талбайн зориулалтаар 150 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Уг газрыг хүчингүй болгох болсныг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар 27.2.2 дахь хэсэгт “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заасныг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Өдрийн сонин”-ийн №214 хэвлэлтээр зарласан. Үүнээс хойш нэхэмжлэгч нь тайлбараа өгөх боломжтой байсан. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасныг үндэслэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 04-08/3832 дугаар албан бичгээр НЗД-ын А/603 захирамжийг хүргүүлсэн байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 945 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч Б.Аийн хүчингүй болгуулахыг хүссэн НЗД-ын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/603 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэж, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт автозогсоолын талбайн зориулалтаар 150 м.кв газрыг газар эзэмшигч нь 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй тул Б.Аийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор шийдвэрлэжээ.
2. Анхан шатны шүүх “... газрын төлбөр төлсөн баримтууд болон тооцоо нийлсэн актаар төлбөрийн үлдэгдэлгүй нь тогтоогдсон, ... нэхэмжлэгч Б.А нь өөрийн өмчлөлийн 450 м.кв газарт барилгын ажил эхлүүлсэн, харин маргаж буй 150 м.кв газарт анх олгосон зориулалтыг өөрчлөөгүй автомашины зогсоол хэвээрээ ашиглаж байхад 2 жил дараалан ашиглаагүй гэж ... дүгнэх боломжгүй тул хариуцагчийн акт хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган, маргаан бүхий актыг хүчингүй болгосон нь үндэслэл бүхий байна.
3. Хариуцагч нь давж заалдах гомдолдоо “... Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т зааснаар Өдрийн сонинд зарласан, нэхэмжлэгч нь тайлбараа өгөх боломжтой байсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар маргаан бүхий актаа нэхэмжлэгчид хүргүүлсэн” гэжээ.
4. Маргаан бүхий НЗД-ын 2023 оны А/603 дугаар захирамж нь зөвхөн нэхэмжлэгч Б.Аийн 150 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгосон агуулгатай байх тул Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т “... 21 буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол ... хэвлэл мэдээллийн ... хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж зааснаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан сонсох ажиллагааны талаар мэдэгдэх тохиолдолд хамаарахгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн, харин маргаан бүхий актыг хүргүүлсэн эсэх талаар маргаагүй, нэхэмжлэгч актыг мэдэж, шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх тул энэ талаарх давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.
5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2023/0945 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.- ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ