Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 38

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр

 Улсын яллагч Т.Эрдэнэбат

 Шинжээч Т.Алтайбаатар, Д.Даваахүү

 Шүүгдэгч Ү.Алтайбаатарын өмгөөлөгч М.Энхзаяа

 Шүүгдэгч У.Батсүхийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Батсүх, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү.Алтайбаатар нарт холбогдох 201607000068 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1972 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт сумд төрсөн, 44 настай, дээд боловсролтой, малын эмч, нягтлан бодогч, улс төр судлаач мэргэжилтэй, “Өвгөн буурал” компанийн захирал ажилтай, Хөдөө аж ахуйн тэргүүн, хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдаж байсан, 2000 онд 1 жилийн ял эдэлж байсан, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын төвд оршин суух, Домч Овогт Үржингийн Алтайбаатар гэв.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт сумд төрсөн, 27 настай, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, мал эмнэлэг үржлийн тасгийн эрхлэгч ажилтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 4-р багт оршин суух Ундрах овогт Уртнасангийн Батсүх гэв.

 Шүүгдэгч Ү.Алтайбаатар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын төвд байрлах Мал эмнэлэг, үржлийн тасагт бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, догшин авирлан танхайрч хохирогч У.Батсүхийг зодож бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан, шүүгдэгч У.Батсүх нь 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын төвд байрлах Мал эмнэлэг, үржлийн тасагт хохирогч Ү.Алтайбаатарыг “Даваадоржийн бууны нохой, чам шиг бууны нохой хийж амьдрахгүй, чиний эцэг чинь үхэхдээ надад гай болж үхсэн, чиний авгай чинь биеэ худалдаж байж сургуулийн захирал болсон” гэж доромжиллоо хэмээн маргалдан зодолдож улмаар хохирогч Ү.Алтайбаатарын бие мах бодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 

2.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ү.Алтайбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Намайг У.Батсүх түлхүүртэй гараар зодсон зүйл байхгүй. Би өөрийнхөө гэм бурууг ойлгоод У.Батсүхээс уучлалт гуйж бид 2 эвлэрсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв. 

Шүүгдэгч У.Батсүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр би өрөөндөө Тунгалагтай сууж байхад гаднаас Ү.Алтайбаатар согтуу орж ирээд хэл амаар доромжилж биед маань гэмтэл учруулсан. Энэ хэрэгт өөрийгөө буруугүй гэж намайг гүтгэж яллагдагч болгож байгаад харамсалтай байна. Миний хэргийг цагаатгаж өгнө үү, Ү.Алтайбаатар үнэн байдлыг хэлэх байх гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хавтаст хэргийн 27-рт гэрч Э.Гансүхийн мэдүүлэг, 140-рт гэрч Тунгалагын мэдүүлэг, гэрч Батбаатарын мэдүүлэг, 168-рт 843/А дугаартай шинжээчийн дүгнэлт, 60-рт шинжээчийн 843 дугаартай дүгнэлт, 12-17-рт гомдол мэдээллийн дагуу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяагийн хүсэлтээр: Хавтаст хэргийн 68-рт байгаа шинжээчийн дүгнэлт, 26-рт Ү.Алтайбаатарын мэдүүлэг, 179-рт үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол, шинээр ирсэн эвлэрсэн баримт зэрэг нотлох баримтыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн хүсэлтээр: Гэрч нарын мэдүүлэг, 39-40-рт, 44-45-рт, 50-51-рт, шинжээчийн дүгнэлтүүд, 72-рт томографикийн зургууд, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалж, үзлэг хийв.

Шүүгдэгч Ү.Алтайбаатар нь 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын төвд байрлах Мал эмнэлэг, үржлийн тасагт албан ажлаа хийж байсан хохирогч У.Батсүхийг хэл амаар доромжилж, улмаар  зодож бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан, шүүгдэгч У.Батсүх нь хохирогч Ү.Алтайбаатарыг өөрийг нь хэл амаар доромжиллоо хэмээн маргалдан зодолдож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай  учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 Шүүгдэгч Ү.Алтайбаатарын дээрхи үйлдлийг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэл болж байх тул Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 Харин шүүгдэгч У.Батсүхийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан ... У.Батсүх нь хохирогч Ү.Алтайбаатарыг зодож биед нь гэмтэл учруулсан гэх үйлдэл нь тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.Алтайбаатар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт заасан эрх, үүргийнхээ дагуу  ..У.Батсүх нь намайг түлхүүртэй гараар цохисон асуудал байхгүй, миний биед У. Батсүхийн

 

 

 

3.

үйлдлийн улмаас гэмтэл учраагүй, урьд үүссэн гэмтлийн улмаас мөн өөрийгөө хамгаалах гэж эмнэлэгт хэвтсэн надад гомдол санал байхгүй... гэж мэдүүлж байгаа хэдий ч хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний  хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №843а дугаартай дүгнэлт, нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн №2294 дугаартай өвчний түүх, хавтаст хэргийн 91 дүгээр хуудсанд байгаа гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, 17 дугаар хуудсанд байгаа улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хананы гэрэл зураг болон Ү.Алтайбаатарыг хохирогчоор байцаасан мэдүүлэг, гэрч З.Баатархүү, гэрч Б.Батбаатарын ..Алтайбаатарын хамраас нь цус гарсан байсан... гэх мэдүүлгүүд, гэрч Ж.Баярцэцэгийн ...2016 оны 04 сарын 27-ны орой 21 цагийн орчим Ү.Алтайбаатарын гэрт нь очиж үзсэн. Биед нь зулгаралт үүссэн байсан. Тухайн зулгаралтын хэмжээг нарийвчлан гаргаж тэмдэглэлд тусгасан юм. Алтайбаатар толгой өвдөнө гэсэн зовиуртай байсан...гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч У.Батсүх нь хохирогч Ү.Алтайбаатарыг *Даваадоржийн бууны нохой, чам шиг бууны нохой хийж амьдрахгүй, чиний эцэг үхэхдээ надад гай болж үхсэн, чиний авгай чинь биеэ худалдаж сургуулийн захирал болсон* гэж доромжиллоо хэмээн хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан зодож хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ү.Алтайбаатар, У.Батсүх нарт холбогдох хэргийг зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл зөв, шүүгдэгч нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Ү.Алтайбаатарт оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзээд тэнсэж хянан харгалзах үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь  шүүгдэгч Ү.Алтайбаатар нь  2006 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор торгох ялаар шийтгүүлж байсан боловч 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар ял  шийтгэлгүй болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.    

Харин шүүгдэгч У.Батсүх нь 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Ү.Алтайбаатарыг зодож хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч Ү.Алтайбаатарын согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасныг баримтлан хүндрүүлэх, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хувийн байдал зэргийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн  55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч У.Батсүхийн иргэний цахим үнэмлэх шүүхэд ирсэн зэргийг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд нь тухайн хэрэг үйлдэл болсон байдлыг нотолсон, хоорондоо зөрүүгүй байх тул шүүх эдгээр мэдүүлгүүдийг үнэн зөв, хэрэгт ач холбогдолтой байна гэж үнэлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 248, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

 

4.

  1. Шүүгдэгч Домч овогт Үржингийн Алтайбаатарыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ундрах овогт Уртнасангийн Батсүхэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Алтайбаатарыг 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ү.Алтайбаатарт оногдуулсан 3 жил 2 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Ү.Алтайбаатарт оногдуулсан 3 жил 2 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт хариуцуулсугай.

6. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ү.Алтайбаатар нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл Эрүүгийн  хуулийн  58  дугаар  зүйлд  заасан  журмыг  баримтлан  ял  оногдуулах,  мөн захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулсугай.   

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч, ялтан нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч У.Батсүхийн ДЛ89021715 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг өөрт нь буцаан олгосугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, ялтан, тэдгээрийн өмгөөлөгч нар Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.МӨНХТУЯА