| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2018/00924/И |
| Дугаар | 1664 |
| Огноо | 2018-05-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 1664
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, НҮ гудамж, МТ байранд байрлах, “МТ петролиум” ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, дугаар хороо, дугаар бичил хороолол, Хасбаатар гудамж, дүгээр байр, тоотод оршин байх, “Бэрхийн нурамт” ХХК /РД/-д холбогдох,
50,034,258 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунсувд, Г.Энхжавхлан, хариуцагчийн төлөөлөгч А.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани “Бэрхийн нурамт” ХХК-тай 145/16 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 146/16 тоот барьцааны гэрээг тус тус 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулсан. 145/16 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу худалдан авсан барааны төлбөрийг барааг худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор компанийн дансанд шилжүүлэх эсхүл бэлнээр төлж барагдуулах байсан боловч өнөөдрийн байдлаар төлж барагдуулаагүй байна. Иймд 145/16 тоот гэрээний 3.3, 5.1, 5.2-т тус тус заасны дагуу үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 29,259,800 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл /нийт 432 хоног/ хугацаа хэтрүүлсэн алдангийг тооцон Иргэний хуулийн 232.4-д зааснаар 50 хувьд хүргэж зогсооход 14,629,900 төгрөг, хүү 6,144,558 төгрөг, нийт 50,034,258 төгрөгийг “Бэрхийн нурамт” ХХК-иас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Манай компани “Бэрхийн нурамт” ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 146/16 тоот барьцааны гэрээ тус тус байгуулсан. 145/12 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан 146/16 тоот барьцааны гэрээний барьцааны зүйл болох улсын бүртгэлийн 47-20 УБВ, гэрчилгээний 012661538, арлын 1FTFW1R63EFA65502 дугаартай дугаартай FORD F-150 маркийн бага оврын ачааны автомашинаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунсувд, Г.Энхжавхлан нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид “Бэрхийн нурамт” ХХК-иас гэрээний үүрэгт 50,034,258 төгрөгийг шаардаж анх шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцааны зүйл болох улсын бүртгэлийн 47-20 УБВ, гэрчилгээний 012661538, арлын 1FTFW1R63EFA65502 дугаартай дугаартай FORD F-150 маркийн бага оврын ачааны автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлагаа нэмэгдүүлсэн. Гэвч энэхүү шаардлагаасаа татгалзаж шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх хүсэлтэй байна.
Нэхэмжлэлд дурдсанчлан бидний хооронд байгуулагдсан гэрээ үргэлжлэх хугацаанд “МТ петролиум” ХХК нь нийтдээ 135,529,800 төгрөгийн үнэ бүхий газрын тосны бүтээгдэхүүн буюу дизель түлшийг хариуцагч “Бэрхийн нурамт” ХХК-д нийлүүлсэн. Хариуцагч хүлээн авсан бүтээгдэхүүний үнийг төлсөөр одоо үлдэгдэл төлбөр нь 29,259,800 төгрөг байгаа. Иймд гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 29,259,800 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл нийт 432 хоногийн хугацааны алдангийн тал хувь болох 14,629,900 төгрөг, гэрээгээр тохирсон хүүнд 6,144,558 төгрөг, нийт 50,034,258 төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний А.Ганбат нь “Бэрхийн нурам” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад “МТ петролиум” ХХК-иас түлш худалдаж авсан үлдэгдэл төлбөр 26,000,000 төгрөг байсан. Харин “МТ петролиум” ХХК-ийн нэхэмжилсэн 50,034,258 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх гэрээнд алданги тооцохгүй гэж хэлцэл хийсэн гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч А.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчтэй анх гэрээ байгуулсан болон гэрээний дагуу дизель түлш хүлээн авсан талаар маргахгүй. Иймд манай компани гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл 29,259,800 төгрөг, гэрээгээр тохирсон хүү 6,144,558 төгрөгийг буцаан төлөх ёстой юм. Харин нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж чадаагүйд миний буруу байхгүй учраас алдангийг их хэмжээгээр төлөх боломжгүй. Алдангаа хассан тохиолдолд эвлэрэх боломжтой гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч “МТ петролиум” ХХК болон хариуцагч “Бэрхийн нурамт” ХХК-иуд №145/16 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ” байгуулжээ.
Уг гэрээгээр “МТ петролиум” ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд “Бэрхийн нурамт” ХХК-д газрын тосны бүтээгдэхүүн /дизель түлш/ нийлүүлэх, хариуд нь “Бэрхийн нурамт” ХХК нь хүлээн авсан барааны төлбөрийг 30 хоногийн дотор төлөх үүргийг харилцан хүлээснээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.
Дээрх гэрээ үргэлжлэх хугацаанд “МТ петролиум” ХХК нь нийтдээ 135,529,800 төгрөгийн үнэ бүхий газрын тосны бүтээгдэхүүн /дизель түлш/-ийг хариуцагч “Бэрхийн нурамт” ХХК-д нийлүүлсэн болон хариуцагчийн төлөх ёстой үлдэгдэл төлбөр нь 29,259,800 төгрөг байгаа тал дээр зохигчид маргаагүй.
Нэхэмжлэгч “МТ петролиум” ХХК нь хариуцагч “Бэрхийн нурамт” ХХК-д холбогдуулж талуудын хооронд 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний үүрэгт нийт 50,034,258 төгрөгийг шаардаж шүүхэд хандсан.
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох 47-20 УБВ улсын дугаартай /гэрчилгээний дугаар: 012661538, арлын дугаар: 1FTFW1R63EFA65502/ “Форд эф-150” /FORD F-150/ маркийн бага оврын ачааны автомашинаар хангуулахаар өөрийн шаардлагаа ихэсгэсэн. Гэвч шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал энэхүү шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шаардлагын үндэслэлээ “...гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 29,259,800 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл нийт 432 хоногийн хугацааны алдангийн тал хувь болох 14,629,900 төгрөг, гэрээгээр тохирсон хүүнд 6,144,558 төгрөг, нийт 50,034,258 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй” гэж тайлбарласан.
Хариуцагчийн зүгээс үндсэн төлбөрийн үлдэгдэл 29,259,800 төгрөг, гэрээгээр тохирсон хүү 6,144,558 төгрөгийг буцаан төлөх талаар маргаагүй. Харин “...нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж чадаагүйд миний буруу байхгүй учраас алдангийг их хэмжээгээр төлөх боломжгүй” гэж маргаж байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх тул нэхэмжлэгч нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөр болох 29,259,800 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн гэрээгээр тохирсон хүү гэх 6,144,558 төгрөгийг хангаж шийдвэрлэв.
Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3 дахь хэсгүүдэд заажээ. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан байна.
Нэгэнт талууд гэрээний хариуцлага буюу алданги тохирсон тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй. Харин гэрээний үүргээ зөрчсөн хариуцагчийн гэм буруу болон ноцтой байдлыг харгалзан үзэж алдангийн хэмжээг тодорхой хэмжээгээр буюу 7,314,950 төгрөгөөр багасгаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасантай харшлахгүй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “МТ петролиум” ХХК нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “Бэрхийн нурамт” ХХК-иас 42,719,308 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МТ петролиум” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,314,950 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478,321 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Бэрхийн нурамт” ХХК-иас 371,547 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “МТ петролиум” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ