Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/479

 

 

 

 

 

 

 

   

  2022          6            21                                    2022/ШЦТ/479

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Ц.Отгонсүрэн /томилолтоор/,

шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Х овогт Б-ийн Ц-ид холбогдох эрүүгийн 2210011250731 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, 2 хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Б-ийн Ц- (РД:)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бурхантын 1- 9-110 тоотод хохирогч Б.Э-тай маргалдаж түүний нүүр хэсэг рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь хамрын хянганд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Б.Ц: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Б.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр би 16 цагийн орчимд эмнэлэгт үзүүлчхээд явж байгаад гэр лүүгээ харих гээд автобуснаас явж байгаад замдаа Цэнд-Аюуш, Төрөө хоёртой тааралдсан...бид 3 тухайн архиа уучхаад би гэртээ харихаар явах гээд байж байтал Цэнд-Аюуш намайг урьд нь шатахуун түгээгүүрийн газар ажилладаг байхдаа бензин өгч байгаагүй гээд уурлаад байсан. Би согтуу хүнтэй юу ярихав гэж бодоод гэрээс гарах гэтэл Цэнд-Аюуш намайг миний нүүр рүү 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд гэрээс нь шууд гараад явтал би замдаа бүдрээд ойччихсон. Намайг газар унах үед Цэнд-Аюуш миний нүүр рүү 1 удаа өшиглөсөн...” (хавтас хэргийн 24 дэх тал) гэсэн,

 

Гэрч Б.Баттөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...тэгээд Энхбат гэрээс гараад явсан чинь Цэнд-Аюуш бид хоёр түүнийг дагаж гараад түүний нүүр рүү 1 удаа гараараа цохисон, тэгээд газар түлхэж унагаасан. Тэгээд би тэр хоёрыг салгасан бөгөөд Энхбатын хамар орчимд шалбарчихсан байсан...Цэнд-Аюуш л Энхбатын нүүр рүү 1 удаа цохисон...” (хавтас хэргийн 29 дэх тал) гэсэн,

 

Яллагдагчаар Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бурхантын 1-9-110 тоотод буюу Баттөрийн гэрт байж байсан чинь Баттөр над руу 08 цагийн орчим утсаар яриад тал шил ганц архи байна, уух юм уу гэж асуусан. Тэгэхээр нь би тухайн үед ажилтай байгаа учраас уухгүй гэж хэлсэн. Тэгээд би 10 цаг өнгөрч байх үед Баттөр рүү буцааж залгаад нөгөө архи чинь байна уу? Би ажлаа дуусчихлаа гэж хэлсэн чинь архи байна гэж хэлсэн. Тэгээд би Баттөрийн гэрт очиж уусан юм. Ингээд бид хоёр архиа хувааж уугаад дууссан. Ингээд зурагт үзээд юм яриад сууж байсан бөгөөд 16 цагийн орчим Баттөрийн хүүхдийг сургуулиас нь авах байсан учраас бид хоёр хамт гарсан юм. Тэгээд хорооны тэр хавьд явж байгаад Энхбаттай тааралдсан юм. Тэгээд бид гурав ганц юм уухаар ярилцаад тэгээд 0,75 литрийн 1 шил Хараа архи аваад буцаад Баттөрийн гэр рүү явсан юм. Баттөрийн хүүхэд нь автобус ирсэн боловч ирээгүй юм. Баттөрийн гэрт ороод 3 уулаа сууж архиа ууж байгаад Энхбат бид хоёрын дунд бага зэрэг маргаан үүсэж эхэлсэн юм. Тэгээд авсан архи ч дууссан бөгөөд Баттөрийн гэрээс гарах болоод Энхбат бид хоёр маргалдсан байсан учраас би Энхбатыг түлхээд нүүр хэсэг рүү нь өөрийнхөө зүүн гараар нэг удаа цохиж биед нь гэмтэл учруулсан юм. Энэ асуудлыг Баттөр бас хараад байж байсан юм. Энхбатыг шатахуун түгээгүүрийн газар ажилдаг байхдаа надад бензин өгдөггүй байсан гэх шалтгаанаар түүнд уурлаад цохичихсон юм...” (хавтас хэргийн 33-34 дэх тал) гэсэн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4-р сарын 21-ний өдрийн шинжээчийн 5921 дугаар “...Б.Э-ын биед хамрын хянганд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...хөнгөн зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 13-14 дэх тал) гэсэн дүгнэлт

 

          Шүүгдэгч Б.Цийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 35-39 дэх тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 40  дэх тал),

Хохирогч Б.Э- хохирол төлбөр хүлээн авсан, гомдол саналгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 45 дахь тал) зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1. Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бурхантын 1- 9-110 тоотод хохирогч Б.Э-тай маргалдаж түүний нүүр хэсэг рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь хамрын хянганд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Э- болон шүүгдэгч Б.Ц нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №5921 дугаартай дүгнэлт, Хохирогч Б.Э- хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 45 дахь тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Б.Э-ын эрүүл мэндэд нь “...биед хамрын хянганд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт...” бүхий гэмтэл нь шүүгдэгч Б.Ц түүний нүүрэн тус газар гараараа цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Ц, хохирогч Б.Э-ын эрүүл мэндэд нь “...биед хамрын хянганд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Цийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Мөн энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус зан харилцаа нөлөөлснийг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Б.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүйгээ илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Б.Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал (хавтаст хэргийн 35-39 дэх тал) зэргийг харгалзан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавь) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Б.Цид оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э-ын эрүүл мэндэд хамрын хянганд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч Б.Э- нь гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал төлбөр хүлээн авсан, гомдол саналгүй гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн 2210011250731 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Б-ийн Ц-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Ц торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Ц-ид оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ц урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ