| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/03124/И |
| Дугаар | 1600 |
| Огноо | 2018-05-15 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 1600
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, дугаар хороо, айл, тоотод оршин байх, “Техникфорум” ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, дүгээр хороо, хийморь цогцолбор, барилгачдын талбай, гудамж, байр, тоотод оршин суух, Сорон овогт Надмидын Уранчимэг /РД:/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, дугаар хороо, Моносын уулзвар, өөрийн байранд оршин байх, “Монтрак групп” ХХК // -иудад холбогдох,
Н.Уранчимэг болон “Монтрак групп” ХХК-ийн хууль бус эзэмшлээс тус компанийн эзэмшлийн Баянгол дүүрэг, дугаар хороо, Сонсголонгийн тойруу замын урд орших, нэгж талбарын дугаар бүхий м2 газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Мөнхдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тулга, хариуцагч Н.Уранчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Орхон, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Техник форум” ХХК нь 2006 онд үүсгэн байгуулагдсан, бизнесийн чиглэлээр үйл ажиллагааг тогтмол явуулж байгаа. Энэ хугацаанд “Техник форум” ХХК нь холбогдох хууль журмын дагуу 6009 м2 газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмших гэрээг Баянгол дүүргийн Газрын албатай байгуулж улмаар тус газар дээрх Баянгол дүүргийн 20 хороо, Үйдвэрийн баруун бүс-1, Сонсголонгийн зам 1 тоот хаягт байрлах офиссийн барилга, Баянгол дүүргийн 20 хороо Үйлдвэрийн баруун бүс-1 Товчооны зам 37/1 тоот хаягт байрлах засварын төв, Баянгол дүүргийн 20 хороо Үйдвэрийн баруун бүс-1 Товчооны зам 37/2 тоот хаягт байрлах сэлбэгийн дэлгүүр тус бүрт үйл ажиллагаа явуулж байсан билээ. Энэ хугацаанд “Техник форум” ХХК-д ажиллаж байсан Н.Уранчимэг гэгч нь эрх мэдлээ урвуулан ашиглаж 2012 оны 3 дугаар сарын 25-ны өдөр тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг газрын хамт 1 сарын 1,000,000 төгрөгөөр 3 жилийн хугацаатайгаар түрээслэх гэрээг өөрийн 100 хувь хувьцаа эзэмшдэг “Монтрак групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Үнэнбаттай байгуулж улмаар эзэмшилдээ авсан. Үүнээс хойш Н.Уранчимэг болон “Монтрак групп” ХХК нь дээрх хөрөнгүүдийг газрын хамт эзэмшилдээ авч идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн бөгөөд “Техникфорум” ХХК-д нэг ч төгрөгийн түрээс төлөөгүй өдий хүрсэн. Манай компанийн зүгээс өмч хөрөнгө, эзэмшил газраа өмчлөлдөө авах талаар шаардахад “үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан өгөхгүй, та нар чаддаг юм бол булаагаад ав” гэж илтэд тохуурхаж үндэслэлгүйгээр татгалзаж байсан тул бусдын хууль эзэмшлээс 3 үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж улмаар гурван шатны шүүхээр манай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж дээрх 3 үл хөдлөх эд хөрөнгөөс “Монтрак групп” ХХК-ийн эд зүйлсийг албадан гаргаж манай мэдэлд шилжүүлэн өгсөн. Харин газар чөлөөлөх талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул газраас эд зүйлийг нь холдуулахгүй гэсэн. Үүний улмаас “Монтрак групп” ХХК-ийн хүнд даацын техник хэрэгсэл, сэлбэг хэрэгсэл манай эзэмшлийн хашаанд үлдсэн. “Монтрак групп” ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шаардлагаар манай 3 үл хөдлөх эд хөрөнгийг суллаж өгсөн боловч манай эзэмшил бүхий газраас өөрсдийн эд зүйл, машин механизмаа санаатайгаар авахгүйгээр үл барам, нэмж манай эзэмшил газар “Монтрак групп” ХХК-ийн хувьцаа эзэмшигч иргэн Н.Уранчимэг өөрийн воганчикийг оруулж байрлуулан сэлбэг, машин механизмын худалдааг явуулж компанийн хуулийн дагуу газар эзэмших эрхэнд ноцтой халдаж байна. Иймд бусдын хууль бус эзэмшлээс манай компанийн эзэмшлийн 6009 м2 газрыг бүрэн чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Мөнхдэлгэр, өмгөөлөгч Г.Тулга нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид анх Н.Уранчимэг болон “Монтрак групп” ХХК-иудад холбогдуулж өөрийн эзэмшлийн газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Гэвч нэгэнт маргаан бүхий газарт дан ганц “Монтрак групп” ХХК нь үйл ажиллагаа явуулж байгаа тул бид Н.Уранчимэгт холбогдох шаардлагаасаа татгалзаж байна. Бусдаар бол шүүхэд бичгээр гаргасан шаардлагаа бүрэн дэмжиж байна. Иймд манай компанийн эзэмшлийн 6009 м2 газрыг газрыг хариуцагч “Монтрак групп” ХХК-ийн хууль бус эзэмшлээс бүрэн чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Уранчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Би шүүхэд шинээр нотлох баримтууд гаргаж өгөх хүсэлтэй байна. Энэ хүсэлтийг маань хангаж өгнө үү. Бидний хоорондын маргаан өөр шүүхээр шийдвэрлэгдэж байгааг анхаарна уу гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Орхон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монтрак групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Орхон миний бие шүүх хуралдаанд өмгөөлөгч Ж.Гантулгыг авсан боловч өмгөөлөгч маань эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирж амжаагүй. Мөн тухайн нэгж талбайд “Монтрак групп” ХХК нь үйл ажиллагаагаа явуулдаггүй гэсэн талаарх 11 ширхэг нотлох баримт байгаа. Эдгээр нотлох баримтуудыг би шинээр өмгөөлөгч авсны эцэст гаргаж өгөх хүсэлтэй байна. Ер нь бол нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт манай компани ямар нэг үйл ажиллагаа явуулдаггүй, энэ талаар хэрэгт ямар ч баримт байхгүй байгааг анхаарч үзнэ үү гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Техник форум” ХХК нь Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголонгийн тойруу замын урд орших өөрийн эзэмшлийн нэгж талбарын 168022/5074 дугаар бүхий 6009 м2 газрыг хариуцагч Н.Уранчимэг болон “Монтрак групп” ХХК-иудын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шүүхэд ханджээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч хариуцагч Н.Уранчимэгт холбогдох шаардлагаасаа татгалзсан тул тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/00263 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Монтрак групп” ХХК-ийн хууль бус эзэмшлээс улсын бүртгэлийн Ү-2205028395 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1 /16102/, Товчооны зам 37/2 тоотод байршилтай, үйлчилгээний зориулалттай, 216 м2 талбайтай, 2 давхар барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205043068 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1 /16102/, Товчооны зам 37/1 тоотод байршилтай, авто засварын зориулалттай, 200 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205026494 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1, Сонсголон зам 1 тоотод байршилтай, үйлчилгээний зориулалттай, 900 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлж шийдвэрлэжээ. Улмаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна /хх 15-20, 28-30 хуудас/.
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр манай компанийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч “Монтрак групп” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсөн. Гэвч шүүхэд нэхэмжлэл гаргаагүй гэсэн үндэслэлээр манай эзэмшлийн газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс бүрэн чөлөөлөөгүй ба энэ байдлыг далимдуулж хариуцагч “Монтрак групп” ХХК нь өөрсдийн хүнд даацын техник хэрэгсэл, сэлбэг хэрэгсэлийг манай эзэмшлийн хашаанаас гаргаагүйгээр барахгүй өөрийн воганчикийг оруулж байрлуулан сэлбэг, машин механизмын худалдааг явуулж компанийн хуулийн дагуу газар эзэмших эрхэнд ноцтой халдаж байна. Иймд бусдын хууль бус эзэмшлээс манай компанийн эзэмшлийн 6009 м2 газрыг бүрэн чөлөөлүүлэх хүсэлтэй гэж нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.
Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголонгийн тойруу замын урд байршилтай, нэгж талбарын 168022/5074 дугаар бүхий 6009 м2 газар нь нэхэмжлэгч “Техник форум” ХХК-ийн хууль ёсны эзэмшилд байдаг болох нь Баянгол дүүргийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/509 тоот захирамж болон уг захирамжийн хавсралт, Баянгол дүүргийн газрын албанаас “Техник форум” ХХК-д ирүүлсэн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 23 тоот албан бичиг, Баянгол дүүргийн газрын албаны 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1/1243 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн маргаан бүхий газрын хувийн хэрэг зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна /хх 14, 114-141 хуудас/.
Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшил болон өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй ба энэ эрх хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарахыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4 дэх хэсгүүдэд заасан.
Энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тулд шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч өөрөө байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь хууль ёсны өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалт байлгаж байх, өмчлөгчийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий этгээд нь тухайн эд юмсыг эзэмших эрхгүй байх урьдчилсан нөхцлүүд бүрдэх ёстой.
Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмших эрхгүйг, мөн газрыг Газрын тухай хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхийг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсгүүдэд хуульчилсан.
Дээр дурдсанчлан Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголонгийн тойруу замын урд байршилтай, нэгж талбарын 168022/5074 дугаар бүхий 6009 м2 газрын хууль ёсны эзэмшигч нь нэхэмжлэгч “Техник форум” ХХК байх бөгөөд нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт хариуцагч “Монтрак групп” ХХК нь тодорхой үйл ажиллагаа явуулж байгаа, уг газарт хариуцагчийн техник, хэрэгслүүд байгаа гэж үзэх үндэслэл тухайн газарт шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Иймд бусдын хууль бус эзэмшлээс өөрийн газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Техник форум” ХХК нь хариуцагч Н.Уранчимэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Техник форум” ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын 168022/5074 дугаар бүхий 6009 м2 газрыг хариуцагч “Монтрак групп” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Техник форум” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Монтрак групп” ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ