Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/490

 

 

 

 

 

 

 

       

   2022          6            27                                    2022/ШЦТ/490

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Д.Доржмаа /томилолтоор/,

шүүгдэгч Б.М, С.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдлаар мөн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Б овогт Б-ийн М, Б овогт С-ийн М нарт холбогдох эрүүгийн 2210000000558 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж дүү нарын хамт тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Б-ийн М (РД)

 

2. Монгол улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт тоотод оршин суудаг, урьд нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилин хугацаагаар ял хойшлуулж байсан, Б овогт С-ийн М (РД)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М, С.М нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бүлэглэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Минт” баарны гадна 2022 оны 04 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө иргэн М.Бтэй маргаан үүсгэн, нүүрэн тус газар нь гараараа цохиж энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн, биед нь хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дотор булан хамарт цус хуралт, баруун бугалга, хоёр тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

шүүгдэгч Б.М “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

шүүгдэгч С.М “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

           

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 04 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” бааранд найз Хүслэнгийн хамтаар үйлчлүүлэхээр ороод 10-ны шөнө 03 цагийн орчимд “Минт” баарнаас гараад шатны хажууд зогсож байсан үл таних хар өнгийн хувцастай буржгар үстэй 21-24 насны залуу ирээд ямар нэгэн шалтгаан байхгүйгээр намайг гараараа боосон...эхэлж намайг боосон буржгар үстэй хар өнгийн хувцастай залуу намайг газар унагааж байгаад үсдэж байгаад нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохисон...Эхлээд намайг боож газар унагааж байгаад миний үснээс зулгааж нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохиж зодоод байсан. Хамар хугарсан байсан...Хүмүүс салгаад намайг машинд суулгаад явах гэж байсан чинь Мөнхтүвшин явуулах гээд янз бүрийн үг хэлээд агсраад дайраад байсан. Би машины хойд талын суудал дээр сууж байсан чинь машины хаалга онгойлгоод намайг татаж гаргаж ирээд миний нүүрэн тус газар 1 удаа цохисон чинь миний хамар сонин болоод цус гараад би бас газар унасан. Намайг газар унасан байхад миний дээр дараад зууралдаад байсан...Мөрөнтамир гэдэг залуу намайг цохих гэж байгаад чадаагүй, хамгаалагч нар салгасан чинь миний үснээс гараараа атгачхаад тавихгүй байсан...Өлгүүрийн үүдэнд миний үснээс зулгаасан залуу дахиж миний үснээс зулгаасан. Нэлээн их зулгаасан арай гэж тавиулаад цааш явж байхад бас л над руу дайрч давшлаад байсан...Миний үснээс зулгааж гэмтэл дээр дурдагдсан байгаа зулайн хуйхны зөөлөн эдийн няцралтыг баарны өлгүүр болон гадаа байхад үснээс зулгаагаад байсан. Өндөр туранхай биетэй Мөрөнтамир гэдэг залуу учруулсан. Харин хамрын гэмтэл, таславчийн мурийлтыг Мөнхтүвшин учруулсан байгаа...” (хавтас хэргийн 21, 26, 31 дэх тал) гэсэн,

 

Гэрч А.Содбилэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ингээд би баарнаас гарсан чинь гадаа Мөнхтүвшин Мөрөнтамир нар үл таних 2 залуутай маргалдаж байх шиг байсан. Тэгээд би дундуур ороод салгаад Би Мөрөнтамиртай юм яриад зогсож байсан чинь Мөнхтүвшин үл таних эмэгтэй хүнтэй юм яриад зогсож байсан... Мөнхтүвшин хар өнгийн хувцастай байсан үсний засалт нь буржгар үстэй...” (хавтас хэргийн 37 дахь тал) гэсэн,

 

Гэрч О.Хүслэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Үл таних залуу Билгүүнтэй танилцсан эмэгтэйтэй юм яриад зогсож байсан чинь Билгүүн болон үл таних залуу хоёрын хооронд маргаан үүсээд бужигналдаж эхэлсэн чинь хамгаалагч нар салгаж байсан...өлгүүр дээр маргалдсан залуу явуулахгүй гээд саад учруулж байгаад машины хойд хаалгыг онгойлгоод Билгүүнийг татаж гаргаад нүүрэн тус газар нь гараараа цохисон чинь Билгүүн газар унасан чинь цохисон чинь залуу дээр нь гараад ноцолдоод байсан...Билгүүн цохиулаад машинд суухад хамраас нь цус гараад хамар хугарчих шиг боллоо гэж хэлж байсан...” (хавтас хэргийн 62 дахь тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн 5648 дугаар “...М.Бий биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дотор булан хамарт цус хуралт, баруун бугалга, хоёр тохойд зулгаралт гэмтэл тогтогдлоо.2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх нидрэгдэх механизмаар хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 67-68 дахь тал) гэсэн дүгнэлт,

 

Шинжээч эмч Б.Ганзориг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хуйхны зөөлөн эдийн няцрал үсний халцрал нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дүгнэлтэд тусгагдсан байгаа гэмтлүүд бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” (хавтаст хэргийн 73 дахь тал) гэсэн,

 

Яллагдагчаар Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...автомашинд суугаад явах гэхэд нь би хаалгыг нь татаж онгойлгоод хохирогч М.Бийг татаж гаргаж ирээд ноцолдож байгаад нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохисон чинь тэр залуугийн хамраас цус гараад газар унасан.” (хавтаст хэргийн 91 дэх тал) гэсэн,

 

Яллагдагчаар С.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...би хохирогчийг цохих гэсэн чадаагүй. Тэгээд үснээс нь зулгаасан...” (хавтаст хэргийн 98 дахь тал) гэсэн,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 10-15 дахь тал)

Шүүгдэгч Б.Мий хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 103-108, 168-170 дахь тал),

Шүүгдэгч С.Мын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 122-126 дахь тал),

Хохирогч М.Бээс гаргаж өгсөн хохирлын баримтууд (хавтаст хэргийн 134-136 дахь тал)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 101, 120 дахь тал)

Хохирогч М.Бээс  гомдол санал, нэхэмжлэх зүйгүй талаарх хүсэлт (хавтаст хэргийн 151 дэх тал) зэрэг болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1. Шүүгдэгч Б.М, С.М нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бүлэглэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Минт” баарны гадна 2022 оны 04 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө иргэн М.Бтэй маргаан үүсгэн, нүүрэн тус газар нь гараараа цохиж энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн, биед нь хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дотор булан хамарт цус хуралт, баруун бугалга, хоёр тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь гэрч, хохирогч М.Б болон шүүгдэгч эөрын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №5648 дугаартай дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч М.Бийг зодож эрүүл мэндэд нь “...биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дотор булан хамарт цус хуралт, баруун бугалга, хоёр тохойд зулгаралт...” бүхий гэмтлийг шүүгдэгч Б.М, С.М нар бүлэглэн түүний нүүрэн тус газар гараараа цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.М, С.М нар бүлэглэн, хохирогч М.Бий зодож эрүүл мэндэд нь “...биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дотор булан хамарт цус хуралт, баруун бугалга, хоёр тохойд зулгаралт...” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.М, С.М нарын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.М, С.М нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч С Б.М, С.М нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол, санал нэхэмжлэх зүйлгүйгээ илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Б.М, С.М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.М, С.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 5 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Б.М, С.М нарт оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Бийг зодож эрүүл мэндэд нь “...биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дотор булан хамарт цус хуралт, баруун бугалга, хоёр тохойд зулгаралт...” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал төлбөр төлөгдсөн, гомдол саналгүй талаар (хавтаст хэргийн 151 дэх тал) зэргээр шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн 2210000000558 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.М, С.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Мийг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

- шүүгдэгч Б овогт С-ийн Мыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,

- шүүгдэгч С.Мыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.М, С.М нарыг торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 5 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.М, С.М нарт оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.М, С.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай. 

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ