Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ийшээгийн Ганбат |
Хэргийн индекс | 187/2022/0503/Э |
Дугаар | 2022/ШЦТ/496 |
Огноо | 2022-06-29 |
Зүйл хэсэг | 11.7.1.1., |
Улсын яллагч | Б.Хурц |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/496
2022 6 29 2022/ШЦТ/496
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч Б.Хурц /томилолтоор/,
хохирогч Ж.У,
шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Э овогт М-ын М-т холбогдох эрүүгийн 2210000000563 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03
дугаар сарын 28-ны өдрийн 164 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10
дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/541 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй
тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох торгуулийн ялаар тус тус
шийтгүүлж байсан гэх хэрэг хариуцах чадвартай Э овогт М-ын М (РД:)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.М-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Дөл” хотхоны 97А байрны 88 тоот гэртээ хамтран амьдрагч Ж.Утай маргалдаж улмаар түүний биед нь халдан зодож хөнгөн хохирол санаатай учруулсан,
2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дөл хотхоны 97А байрны 88 тоот гэртээ хамтран амьдрагч Ж.Утай маргалдаж улмаар түүний биед хохирол учруулахгүйгээр халдан зодсон,
2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Дөл” хотхоны 97А байрны 88 тоот гэртээ хамтран амьдрагч Ж.У-тай маргалдаж улмаар түүний биед хохирол учруулахгүйгээр халдан зодсон буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч М.М: “...Хадмууд надад дургүй байдаг. Өгсөн мэдүүлэг нь зөрүүтэй санагдаж байна. Үйл явдлын талаар маргаан байхгүй...” гэв.
Хохирогч Ж.У “...Бид хоёр хамт амьдраад 1 жил гаран болж байна. Бид хоёр урьд амьдралтай байсан. Хэрэг болсон гэх өдрүүдэд бид хоёр архи уусан байдаг байсан. Би гэрийнхнийхээ мэдүүлгийг сая сонслоо. Миний хэлсэн ярьсан зүйлийг буруугаар ойлгосон эсхүл нэмж ярьсан байна. Энэ хүнд бурууг тохож болохгүй. Би ээждээ бүх үнэнээ ярьсан. Би одоо 3 сар гарантаа жирэмсэн. Бид хоёр цаашид хамт амьдарна...” гэв
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Ж.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би хамтран амьдрагч М-тай 2020 оны 09 дүгээр сард танилцаад түүнээс хойш уулзаж найзалж нөхөрлөж ирсэн. Тэгээд 2021 оны 04 дүгээр сард Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт орон сууц худалдаж аваад хамт амьдрах болсон. Миний хамтран амьдрагч М- нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ л урьдын амьдрал яриад хэрүүл маргаан үүсгэж намайг цохиж, зоддог байсан. Энэ хугацаанд буюу 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр М- нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэчхээд миний толгой, бие хэсэг рүү гараараа цохиж гэмтэл учруулсан ба энэ асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаад М- нь шүүхээр орж албадан ажил хийх ял авч байсан. Түүний дараа 2021 оны 12 дугаар сард архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэчхээд хэрүүл маргаан үүсгэж намайг цохиж зодсон ба энэ асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж 10 хоног баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн юм. Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн нь л энэ болохоос биш өөрийн эцэг, эх, ах, дүү нартаа хэлээгүй 3-4 удаа цохиж зодуулсан зүйл бол байгаа. Тухайн үеүдэд М- надаас уучлалт гуйдаг байсан болохоор дараа цохиж зодохгүй юм болов уу гэж бодоод өнгөрөөдөг байсан. Одоо бол цаашид М- гэх хүнтэй хамтран амьдарч чадахгүй сална гэсэн бодолтой байна. М- нь архи. согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ намайг харааж сэтгэл санаад минь нөлөөлж түүний дараа цохиж, зодож бие махбодид минь хохирол учруулдаг. Эдийн засаг болон бэлгийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Голцуу дандаа миний өмнөх амьдралыг яриад хэрүүл маргаан үүсгэдэг. Өөрөөр бол бид 2-т хэрүүл хийх шалтгаан байхгүй...” (хавтас хэргийн 13-14 дахь тал) гэсэн,
Гэрч Л.Эрдэнэчимэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний охин У нь 2020 оноос хойш М гэх залуутай хамтран амьдрах болсон. У, М- нар манай нөхөр Жаргалсайхан бид 2-оос тусдаа амьдардаг. Энэ хугацаанд 2021 оны 09 дүгээр сард У миний гар утас руу залгаад М- намайг алах гээд байна. Би гэртээ 00-ын өрөөн дотроо орчихсон дотор талаасаа түгжсэн байна. гэж хэлэхэд нь тухайн үед нөхөр бид 2 Дархан-Уул аймагт байсан учраас шууд цагдаагийн байгууллага мэдэгдээрэй гэж хэлсэн. Ингээд уг асуудлаас болоод цагдаагийн байгууллагад шалгагдаад М- нь миний охин уянгыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан хэргээр шүүхийн байгууллагаар орж ял авсан. Түүний дараа М- дахин миний охин Уянгыг зодсон талаар Уянгын дүү Билгүүн надад хэлсэн ба он сар хугацааг нь сайн санахгүй байна дахин цагдаагийн байгууллагад хандаж баривчлах арга хэмжээ авагдсан. Баривчлах арга хэмжээ авагдаж дууссаны дараа 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр М- нь миний охин Уянгыг зодож, цохисон талаар Билгүүн надад хэлсэн ба би эгчийг гэрээс нь очиж авсан гэж хэлж байсан. Тэгээд бид нар У, М- нартай уулзаж ингээд зодож цохиод байх юм бол гэр бүл болоод яах юм бэ нэг нь шоронд нэг нь шороонд ороогүй байгаа дээрээ 2 тийшээ бол гэхэд М- нь би дахиж цохиж зодохгүй, би салах юм бол амиа хорлоно гэж гуйгаад байхаар нь за удаа ухаарч байгаа юм байлгүй дээ гэж бодоод амлалтыг нь аваад явсан. Амлалт өгснөөс хойш бид 2 Дархан-Уул аймагт байж байгаад 2022 оны 03 дугаар сарын сүүлээр М-, У нарын амьдарч байгаа гэрт очиход миний охин У нь сонин харагдаад байхаар нь юу болсон талаар асуухад 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр намайг цохиж зодсон гэж хэлсэн. Ингээд М- нь миний охин байнга цохиж зодоод байгаа юм байна гээд Уянгыг аваад Дархан-Уул аймаг руу явтал М- араас ирэхээр нь одоо нэг мөсөн сал, чамайг цагдаагийн байгууллагад мэдэгдмээргүй байна гэхэд одоо ёстой дахиж тэгэхгүй гээд миний охиныг Улаанбаатар хот руу аваад явсан. Улаанбаатар хотод очсоноос хойш чимээгүй байхаар нь одоо гайгүй байгаа юм байх даа гэж бодоод байж байтал 2022 оны 04 дүгээр сарын 14-ний шөнө 02 цагт миний охин У над руу гар утсаар залгаад М- намайг зодчихлоо гэж хэлсэн. Ингээд М- гэх залуу миний охиныг байнга цохиж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна...” (хавтас хэргийн 22-23 дахь тал) гэсэн,
Гэрч Ж.Билгүүн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний төрсөн эгч У нь М- гэх залуутай 2021 оноос хойш нэг гэрт хамтран амьдрах болсон. Би цаг хугацааг нь нарийн сайн санахгүй байна ямар ч байсан хамтран амьдарснаас хойш миний эгч У над руу 7-8 удаа миний гар утас руу залгаад Намайг хурдан ирээд аваач М- архи уугаад агсам согтуу тавиад зодож цохиод байна гэж хэлж байсан. Үүнээс би 3 удаа гэрт нь очиж эгчийг авч байсан ба аав Жаргалсайхан, ээж Эрдэнэчимэг нарт У эгчийг М- цохиж зодоод байна гээд салгах арга хэмжээ авсан ч буцаад нийлээд байдаг байсан. Намайг харахад бол нүүрэн хэсэг нь хөхөрчихсөн, шалбарчихсан харагддаг байсан. Бие хэсгийг нь харж байгаагүй. Сүүлдээ М- нь эрэгтэй хүн зодож цохиж байгаа юм шиг гар хүрдэг гэсэн...” (хавтас хэргийн 25 дахь тал) гэсэн,
Яллагдагчаар М.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би одоогийн хамтран амьдрагч Ж.Уянгыг 2000 оны эхээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Г.Бумцэндийн нэрэмжит Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд байхад нь таньж мэддэг болсон. Түүнээс хойш 2020 оны 01 дүгээр сараас хойш дотно харилцаж найзалж, үерхэж ирсэн. Тэгээд 2020 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотод байр авч ам бүл 2-лаа биеэ даагаад тусдаа амьдрах болсон. Ер нь бол миний хамтран амьдрагч Ж.У урьд нь амьдрал зохиож байсан 1 эмэгтэй хүүхэдтэй гэдгийг би мэднэ. Тэгтэл хамтран амьдарснаас хойш 1 эмэгтэй хүүхдээс гадна дахиад өөр хүүхэд гарч ирдэг, өөр залуутай уулзаж, гэрлэлтийн баталгаа хийж байсан, гадаад залуутай хамтран амьдарч байсан гээд миний мэдэхгүй их олон асуудлууд гарч ирсэн. Үүнээс болоод бид 2-н харилцаа мууддаг, би дотроо хадгалж явсаар уурлаж бухимддаг мөн Уянгын эцэг, эх 2 бол бидний харилцаанд байнга оролцоод бидний өмнөөс шийдвэр гаргаад байдаг. Энэ бүх асуудлаас болоод зарим үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээрээ уурлаж бухимдлаа Уд гаргадаг. Үүнийгээ бол би хүлээн зөвшөөрч байна. Ж.У миний мэдэхээс өөр хүүхэдтэй, өөр залуутай уулзаж, гэрлэлтийн баталгаа хийж байсан, гадаад залуутай хамтран амьдарч байсан гээд миний мэдэхгүй их олон асуудлууд гарч ирсэн. Үүнээс болоод бид 2-н харилцаа мууддаг, би дотроо хадгалж явсаар уурлаж бухимддаг...” (хавтас хэргийн 43-44 дахь тал) гэсэн,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол / (хавтаст хэргийн 74-79 дэх тал),
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр (хавтаст хэргийн 80 дахь тал),
Шүүгдэгч М.Мын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 57-59 дэх тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 60 дахь тал) зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, М.Мт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч .М-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Дөл” хотхоны 97А байрны 88 тоот гэртээ хамтран амьдрагч Ж.Утай маргалдаж улмаар түүний биед нь халдан зодож хөнгөн хохирол санаатай учруулсан,
2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дөл хотхоны 97А байрны 88 тоот гэртээ хамтран амьдрагч Ж.Утай маргалдаж улмаар түүний биед хохирол учруулахгүйгээр халдан зодсон,
2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Дөл” хотхоны 97А байрны 88 тоот гэртээ хамтран амьдрагч Ж.Утай маргалдаж улмаар түүний биед хохирол учруулахгүйгээр халдан зодсон буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хохирогч Ж.У, шүүгдэгч М.М нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, шүүгдэгч М.М нь хохирогч Ж.Уянгыг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зодож биед нь хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээр шийтгүүлсэн, 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр биед нь хохирол учруулахгүйгээр халдан, зодож Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 заалтад зааснаар шүүхээр шийтгүүлсэн, мөн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр түүнийг хохирол учруулахгүйгээр халдан зодсон зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож, шүүх тухайн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэв.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “...гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг. ...”, 5.1.6 дахь заалтад “...хамтран амьдрагч гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдэд хамаарна...” мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “...энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ. ...” мөн зүйлийн 6.3 дахь хэсэгт “...Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгөх, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэл гэнэ” гэж тус тус хуульчилсан байх бөгөөд М.М нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Ж.Уд гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зорилт нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход орших бөгөөд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дүгээр зүйлд тодорхойлсон агуулгаар ойлгохдоо зөвхөн уг зүйлд заасан аль нэг үйлдлийг нь 3 удаа хийхийг ойлгох биш уг зүйлд заасан үйлдэл 3 ба түүнээс дээш удаа хийсэн байхыг хамааруулан ойлгох ба Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож, харгис хэрцгий харьцсан гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг “байнга” гэсэн шинжид хамаарч байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан шинжүүдийн давхардаж буй хэсгүүд нь гэмт хэргийн шинжийг тодорхойлох үндэслэл болох бөгөөд аль нэг үйлдлийг гурав ба түүнээс дээш удаа, эсхүл нийтдээ гурав ба түүнээс дээш удаа байх аль ч тохиолдол гэмт хэргийн шинжийг хангана.
Нөгөөтээгүүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн зэрэг хүчирхийллийн аль нэгийг байнгын шинжтэй үйлдсэн тохиолдолд дээрх гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрдэнэ.
Иймд дээрх дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл М.Мын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив талын үндсэн шинж болох “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний” гэх шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Мын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн хуульд зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх..” саналыг шүүхэд гаргажээ.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, прокурорын гаргасан санал дүгнэлтийг шүүх харгалзан үзэж, шүүгдэгч М.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ.
Иймээс шүүгдэгч М.Мын эдлэх 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар М.Мт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Уянгын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй, хохирогч нь гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал төлбөр нэхэмжлээгүй гомдол саналгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн зэргээр үндэслэн шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 2210000000563 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э овогт М-ын М-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-т оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч М.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ