| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2018/01258/И |
| Дугаар | 1512 |
| Огноо | 2018-05-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 1512
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, Номин юнайтед оффес дугаар давхарт байрлах, “Номин даатгал” ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, дугаар хороо, дугаар байранд байрлах, “Эв нэгдэл-35” СӨХ /Сууц өмчлөгчдийн холбоо/-нд холбогдох
гэм хорын хохиролд 452,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Дэлгэрмаа, хариуцагчийн төлөөлөгч Г.Хосбаяр, иргэдийн төлөөлөгч Н.Цэрэннадмид, Н.Соронзонболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин байх “Макс молл” /Махmall/ их дэлгүүрийн зоорийн давхарт байрлах “Эв нэгдэл-35” СӨХ-ны 24 цагийн харуул хамгаалалттай дулаан зогсоолд иргэн Ж.Мягмарсанаа нь 68-08 УНК улсын дугаартай “Ниссан патрол” маркийн авто машинаа байрлуулсан байсан. Энэ үед нь уг автомашины урд хаалга болон баруун хойд хаалга, баруун хойд криллог зурж гэмтээн 452,000 төгрөгийн хохирол учруулсан. Иргэн Ж.Мягмарсанаа нь 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг “Номин даатгал” ХХК-тай байгуулж, даатгалын баталгааг эзэмшиж байсан тул даатгуулагчид учирсан хохирол болох 452,000 төгрөгийг “Номин даатгал” ХХК-иас төлж хохирлыг барагдуулсан. Даатгалын тохиолдол нь “Эв нэгдэл-35” сууц өмчлөгчдийн холбооны 24 цагийн харуул хамгаалалттай дулаан зогсоолд болсон нь тус байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон тул даатгуулагчид учирсан гэм хохирлыг хариуцагч хариуцах үндэслэлтэй. Хохирлын хэмжээг даатгалын хохирол үнэлэх эрх бүхий байгууллага болох “Ашид билгүүн” ХХК-ийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн №763 дугаартай хохирлын үнэлгээний тайлан, үйлчилгээний хөлс авсан баримтаар нийт 452,000 төгрөгөөр тодорхойлсон ба 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “Номин даатгал” ХХК-иас даатгуулагчийн дансанд шилжүүлсэн. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ...”, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт “Даатгалын гэрээн даасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэгч даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж тус тус заасныг үндэслэн даатгуулагчийн төлбөр нэхэмжлэх эрх нь “Номин даатгал” ХХК-д бүрэн шилжсэн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу “Эв нэгдэл-35” СӨХ-ноос 452,000 төгрөгийг гаргуулж “Номин даатгал” ХХК-д олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн гол шаардлага нь “Эв нэгдэл 35” СӨХ-ны дулаан зогсоолд Ж.Мягмарсанаа гэдэг хүний “Ниссан патрол” маркын 68-08 УНК улсын дугаартай машины хаалга болон крыллог нь 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр зурсан тул 452,000 төгрөг нэхэмжилсэн байна. “Эв нэгдэл 35” СӨХ-ны дулаан зогсоолд Ж.Мягмарсанаа гэдэг хүний “Ниссан патрол” маркын 68-08 УНК улсын дугаартай машин 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байсан гэх нотлох баримт болон Ж.Мягмарсанаа гэдэг хүний “Ниссан патрол” маркын 68-08 УНК улсын дугаартай машин 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр “Эв нэгдэл 35” СӨХ-ны дулаан зогсоолд зурагдсан видео бичлэг болон фото зураг гэх зэрэг нотлох баримтыг гаргаж өгөхийг шаардаж байна. “Эв нэгдэл 35” СӨХ-ны гүйцэтгэх захирал Г.Хосбаяр миний бие гэртээ амарч байхад гар утас руу маань 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн орой 22 цагийн орчим Ж.Мягмарсанаа залгаж дулаан зогсоолд бууж ирэхийг хүссэн. Намайг очиход Ж.Мягмарсанаа нь “миний машин зурагдсан байна” гээд машинаа үзүүлэхэд миний нүдэнд тухайн машины зурагдсан байдал харагдаагүй. Энэ талаар түүнд хэлсэн. Гэтэл тэрээр “...өдөр гадаа гэрэлтэйд харагдана” гэж хэлсэн. Хариуд нь миний бие Ж.Мягмарсанаад “камер шүүлгээд манай дулаан зогсоолд машинаа зуруулснаа нотлох хэрэгтэй” гэж сануулсан. Мөн “хүмүүс машинаа мөргүүллээ, зурууллаа” гэх явдал байдаг бөгөөд камер шүүгээд үзэхээр дулаан зогсоолд биш гадуур явж байгаад шүргүүлсэн байдгийг сануулсан. Маргааш нь Ж.Мягмарсанаа над руу залгаад “Эв нэгдэл 35” СӨХ-нд миний машин байдаг тодорхойлолт гаргаж өгөхийг хүссэн тул миний бие тодорхойлолт гаргаж өгсөн. Тухайн үед ямарч даатгалын компани ирж уулзаж байгаагүй бөгөөд Ж.Мягмарсанаа дахин холбогдоогүй, ямар нэгэн нотлох баримт авч ирж өгөөгүй. Иймд манай байгууллагатай ямарч холбогдолгүй энэ хэрэгт ямар ч төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзээд татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Дэлгэрмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Макс молл /Мах mаll/ малл худалдааны төвийн зоорийн давхарт байрлах дулаан зогсоолд иргэн Ж.Мягмарсанжаа нь 68-08 УНК улсын дугаартай Ниссан патрол /nissan patrol/ маркийн тээврийн хэрэгсэлийг байрлуулсан байсан. Уг зогсоол нь “Эв нэгдэл 35” сууц өмчлөгчдийн холбооны 24 цагийн харуул хамгаалалттай байдаг. Ж.Мягмарсанаагийн тээврийн хэрэгслийг байрлуулсан байх хугацаанд уг тээврийн хэрэгслийн урд, баруун хойд хаалгууд, баруун хойд крилог зурж гэмтээн 452,000 төгрөгийн хохирол учирсан байсан. Иргэн Мягмарсанжаа нь 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр тээврийн хэрэгслийн даатгалыг “Номин даатгал” ХХК-тай байгуулж, даатгалын баталгааг эзэмшиж байсан учир учирсан хохирол болон 452,000 төгрөгийг “Номин даатгал” ХХК-иас барагдуулсан. Даатгалын тохиолдол нь “Эв нэгдэл 35” сууц өмчлөгчдийн холбооны 24 цагийн харуул хамгаалалттай дулаан зогсоолд болсон нь тус байгууллагын хайхрамжгүй, буруутай үйлдлээс шалтгаалан гарсан. Иймд даатгуулагчид учирсан хохирлыг сууц өмчлөгчдийн холбоо хариуцан арилгах үндэслэлтэй. Иргэний хуулийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8.7 дахь хэсэгт зааснаар “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээг баримталж нэхэмжлэгчээс даатгуулагчид олгосон 452,000 төгрөгийг “Эв нэгдэл 35” сууц өмчлөгчдийн холбооноос гаргуулж “Номин даатгал” ХХК-д олгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Г.Хосбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр орой 22 цагийн орчимд гэртээ амарч байхад намайг иргэн Ж.Мягмарсанжаа дуудсан. Гаражид буугаад очиход тэрээр надад “...миний машин маань зурагдсан байна” гэж хэлсэн. Би машиных нь зураасыг шалгасан боловч юу ч олж хараагүй. Тэгээд би “...та машинаа манай дулаан зогсоолд байж байхад нь зурагдсан гэж үзэж байгаа бол тухайн гаражийн камерийг шүүлгэж өгч болно”, “...даатгалын компаниа дуудаад 3 талаасаа уг асуудлыг нотлох баримтаар баримтжуулбал манай сууц өмчлөгчдийн холбооноос хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй” гэж түүнд хэлсэн. Үүнээс хойш Ж.Мягмарсанжаа огт холбоо барихгүй байж байгаад сүүлд нэг удаа холбогдож “...өөрийн машиныг манай зогсоолд байдаг гэсэн тодорхойлолт гаргаж өгөөч” гэхэд нь би тодорхойлолтыг нь гаргаж өгсөн. Ж.Мягмарсанжаа нь машинаа зогсоолд тавих талаар манай сууц өмчлөгчдийн холбоотой ямар нэгэн гэрээ байхгүй бөгөөд манай 59 тоотод оршин суугч н.Болорцэцэг гэх хүний зогсоолд жилийн 1,800,000 төгрөг төлж 2015 оноос хойш өдийг хүрч байгааг би мэднэ. СӨХ нь даатгалын компани биш бөгөөд Ж.Мягмарсанжаа нь машинаа манай гаражид байлгаж байгаад зурагдсан гэдэг нь нотлогдоогүй байхад нэхэмжлэгч даатгалын нөхөн төлбөр өгсөн нь буруу. Даатгалын компанийн хувьд энэ тал дээр дутуу ажилласан байна гэж үзэж байгаа бөгөөд даатгалын компаниас ирсэн ажилтан нь сууц өмчлөгчдийн холбооны төлөөллийг байлгаж байгаад камер шүүлгээд буруутай эсэхийг тогтоох боломжтой байсан. Ямар ч нотлох баримтгүй байхад манай сууц өмчлөгчдийн холбоо уг төлбөрийг төлөх боломжгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Номин даатгал” ХХК нь хариуцагч “Эв нэгдэл” сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-нд холбогдуулж 452,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч байгууллагын хариуцлагагүй байдлаас болж иргэн Ж.Мягмарсанжаагийн автомашинд хохирол учирч, улмаар бид даатгуулагчид учирсан гэм хорыг арилгасан. Иймд бид Ж.Мягмарсанжаад төлсөн 452,000 төгрөгийг шаардах эрхтэй” гэж тайлбарлаж байна.
Хариуцагчийн зүгээс даатгалын тохиолдол гарсан гэх авто зогсоолыг “Эв нэгдэл-35” СӨХ 24 цагийн турш хариуцан хамгаалдаг эсэх талаар маргаагүй хэдий ч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөөгүй. Иргэн Ж.Мягмарсанжаагийн 68-08 улсын дугаартай “Ниссан патрол” маркын автомашинд үнэхээр хохирол учирсан эсэх, учирсан бол үүнд “Эв нэгдэл-35” СӨХ буруутай эсэхийг нэхэмжлэгч тал тодруулалгүй даатгалын нөхөн төлбөрийг Ж.Мягмарсанжаад төлсөнд бид буруугүй гэж өөрсдийн татгалзлаа хариуцагч тал тайлбарласан.
Дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
“Номин даатгал” ХХК болон иргэн Ж.Мягмарсанжаа нар 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр “Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ” байгуулжээ /хх 9, 10 хуудас/.
2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, “Макс молл” /Max mall/ их дэлгүүрийн зоорийн давхарын авто зогсоолд байсан Ж.Мягмарсанжаагийн 68-08 улсын дугаартай “Ниссан патрол” маркын автомашинд хохирол учирсан буюу “даатгалын тохиолдол гарсан” гэсэн үндэслэлээр “Номин даатгал” ХХК нь Ж.Мягмарсанжаад нийт 452,000 төгрөгийг төлсөн байна /хх 7, 8, 11, 12 хуудас/.
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.-д “даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7.-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, аливаа даатгуулагчид даатгалын тохиолдол үүссэн, улмаар даатгагч нөхөн төлбөрийг даатгуулагчид олгосон нөхцөлд шаардах эрх шилжихийг дээрх хуулийн заалтуудаар зохицуулснаас үзэхэд нэхэмжлэгчид иргэн Ж.Мягмарсанжаад 452,000 төгрөгийн хохирлыг учруулсан буруутай этгээдээс уг мөнгийг шаардах эрх үүссэн байна.
Харин 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр бий болсон даатгалын тохиолдолд хариуцагч “Эв нэгдэл” СӨХ буруутай нөхцөл байдал буюу иргэн Ж.Мягмарсанжаагийн 68-08 улсын дугаартай “Ниссан патрол” маркын автомашиныг “Эв нэгдэл” СӨХ-ны хариуцан хамгаалдаг авто зогсоолд байхад нь хэн нэгэн зурсан, гэмтээсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн, даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон зэрэг тохиолдлуудад даатгагч даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн олгохоос татгалзах эрхтэйг Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсгүүдэд заасан.
“Номин даатгал” ХХК нь даатгуулсан зүйл буюу Ж.Мягмарсанжаагийн автомашин нь “Эв нэгдэл” СӨХ-ны хамгаалалтад байдаг авто зогсоолд байхдаа гэмтсэн эсэхийг тодруулалгүйгээр даатгуулсан эд хөрөнгөнд учирсан хохирлыг Ж.Мягмарсанжаад нөхөн төлсөн явдалд хариуцагчийг буруутгах боломжгүй.
Нөгөөтэйгүүр авто тээврийн хэрэгсэлийн даатгалын гэрээ нь даатгалын тохиолдол бий болсноос хойш байгуулагдсан байгааг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул хариуцагч “Эв нэгдэл-35” СӨХ-ноос 452,000 төгрөг гаргуулах тухай “Номин даатгал” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 14,210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ
ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
Ч.МӨНХЦЭЦЭГ