| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2022/0505/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/503 |
| Огноо | 2022-06-30 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/503
2022 6 30 2022/ШЦТ/503
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч Б.Дэлгэрмаа /томилолтоор/,
хохирогч Т.А,
шүүгдэгч Н.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, М овогт Н-ы Л-ид холбогдох эрүүгийн 2203001880274 дугаартай хэргийг дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 19-нд Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Тайнь, 1 дүгээр гудамж, 22 тоотод түр оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Н-ы Л (РД:)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Л нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны 22 цаг 05 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 3 дугаар “ДЦС”-ын урд замд замд Toyota prius маркийн 94-99 УБМ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.”Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;”, 4-р хавсралтын 3.6.”Нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин, хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан”, 5.3. “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон;” мөн дүрмийн 10.4.”Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Т.А жолоочтой КТМ маркийн 78-95 УБ улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, мотоциклын жолооч Т.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч Н.Л: “...Тухайн үед ахтайгаа хотын төв рүү явж байгаад болиод замаасаа буцаж эргэсэн. Би автобусны буудал дээр утсаар ярьж байгаад хөдөлж шууд 2 дугаар эгнээ рүү дарж орсон нь миний буруу. Тухайн үед машины хажуу талаас нэг зүйл хүчтэй мөргөсөн. Би сандраад буугаад хартал машин байхгүй мотоцикл байсан. Цаана хохирогч Т.А хэвтэж байсан. Хохирогчийн каскыг нь тайлж тэнд байсан хүмүүсийг туслаарай гэж орилсон. Ах түргэн дуудсан...” гэв.
Хохирогч Т.А: “...Тухайн үед дулааны цахилгааны станцын урдаар явж байгаад гэнэт машинтай мөргөлдсөн. Юу болсныг санахгүй байна. Гэнэтийн болсон зүйл. Би шүүгдэгчтэй адилхан залуу хүмүүс юм чинь ирээдүйг нь баллаад яах вэ гэж бодож байгаа. Таллаад өгье гэж ярьсан. Би хөдөлмөр эрхлэх чадваргүй болж байна. Би хариуд нь бөөн авъя тэр нь надад хэрэгтэй мотоциклоо янзлах гэж байгаа..” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Т.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 04 дүгээр 06-ны өдөр 21 цаг 40 минутын үед Баянмонгол хорооллоос өөрийн эзэмшлийн КТМ маркийн мотоциклийг жолоодон Яармаг руу найзтайгаа уулзахаар явсан. Тэгээд 3 дугаар цахилгаан станцын урд замаар нэг талдаа 2 эгнээтэй замын 2 дугаар эгнээнд ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлд явж байхад гэнэт хажуу талаас /баруун гар талаас/ цагаан өнгийн Toyota prius маркийн автомашин хөндлөн ороод ирсэн. Би тэр үед хэтэрхий тулаад ороод ирсэн болохоор тоормос атгаж, гишгэж амжихгүй уг автомашины зүүн талын урд крыло дугуй хавьцаа мөргөөд унасан. Ослоос болж хэсэг хугацаанд ухаан алдаж тэрүүхэн зуур юу болсныг мэдэхгүй гэмтлийн эмнэлэг дээр очоод болсон асуудлыг санаж эхэлсэн. Намайг гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд баруун талын хөлийн дунд чөмгөний яс бяцарсан хугаралтай, гарын 10 сарвууны үенүүд мултарсан, баруун гарын долоовор хурууны дунд үений хэсэгт оёдол тавиулсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлэх хугацаандаа хөлдөө хагалгаа хийлгэж дунд чөмгөний ясыг хадуулсан. Одоо гэрээр хэвтрийн дэглэм сахиж байна...” (хавтас хэргийн 18 дахь тал) гэсэн,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Нямсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...хамаатны дүү Лхагвадоржоор машинаа жолоодуулан өөрөө жолоочийн хажуу талын урд суудалд суугаад Хан-Уул дүүргийн “Е-март” худалдааны төв орчхоод буцаад Нисэх рүү явж байгаад автобусны буудал дээр зогсож манай дүү хүнтэй утсаар яриад хөдлөөд шууд 2 дугаар эгнээнд орох үед 2 дугаар эгнээгээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлд явсан мотоциклтой мөргөлдсөн. Би машинаас буугаад өөрийн 86117562 дугаараас түргэн лүү залгаж дуудлага өгсөн. ...миний зүгээс иргэний хариуцагчаар татагдаж байгаа гэдгээ ойлголоо..” (хавтас хэргийн 25-28 дахь тал) гэсэн,
Гэрч Н.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...автобусны буудал дээр зогсож ярьчхаад буцаад хөдлөөд 2 дугаар эгнээ рүү орохдоо толиндоо харахад автомашин байхгүй байхаар нь шууд 2 дугаар эгнээ рүү ороход гэнэт машины зүүн талын урд тал руу маш хүчтэй тас нис дуугараад явчихаар нь сандарсандаа хаазаа гишгээд буцаж эргээд зогсоод толиндоо харахад зам дээр мотоцикл уначихсан байхаар нь буугаад харахад мотоциклын цаана хүн хэвтэж байхаар нь ахыгаа түргэн дуудаарай гэж хэлчхээд тэр залуу дээр очиход ухаангүй байдалтай байхаар нь хамгаалалтын малгайг нь тайлахад манай ах цаанаас машиныхаа суудлын дэрийг барьж ирээд толгой доор нь дэрлүүлээд сэрээрэй гэж дуудахад 4-5 минутын дараа сэргээд “би яачваа” гээд ёолоод байсан..” (хавтас хэргийн 32 дахь тал) гэсэн,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 5440 дугаар “...Т.Аын биед баруун дунд чөмгөний далд хугарал, тархи доргилт, баруун сарвуунд шарх, хоёр сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруул, хэл, эрүү, зүүн шуу, баруун бугуй, сарвуу, зүүн гуя, өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 35-36 дахь тал) гэсэн шинжээчийн дүгнэлт
Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн техникийн дүгнэлт: (хавтаст хэргийн 52-58 дахь тал)
Виннер Вэй ХХК-ний шинжээчийн 8763 дүгнэлт ...КТМ 500 маркийн 78-95 УБ улсын дугаартай мотоциклд шууд зардлын дүнгээр 5.478.000 төгрөгийн, нийт 5.858.000 төгрөгийн эвдрэл, хохирол учирсан байна... (хавтаст хэргийн 62 дэх тал) гэх үнэлгээний тайлан
Мөрдөгчийн 554 дугаартай магадалгаа (хавтаст хэргийн 66-67 дахь тал)
Яллагдагчаар Н.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 4 сарын 08-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон ослын талаар дэлгэрэнгүй ярьсан болохоор өмнө гэрчээр өгсөн мэдүүлэг дээр одоо нэмж ярих зүйл байхгүй ээ. Би энэ хугацаанд хохирогчийг эмчилгээний зардалд 3.500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн байгаа. Цаашид бодит хохирлыг төлж барагдуулна. Миний өөрийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осол үйлдэгдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” (хавтаст хэргийн 92 дахь тал) гэсэн,
2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хавтаст хэргийн 6-13 дахь тал),
Хохирогч Т.Аын “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, (хавтаст хэргийн 37-47 дахь тал),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 70-71 дэх тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 72 дахь тал),
Хохирлын баримтууд (хавтаст хэргийн 77-83 дахь тал),
Хохирогчид хохирол төлсөн дансны хуулга (хавтаст хэргийн 22 дахь тал) зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Н.Л нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны 22 цаг 05 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 3 дугаар “ДЦС”-ын урд замд замд Toyota prius маркийн 94-99 УБМ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.”Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;”, 4-р хавсралтын 3.6.”Нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин, хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан”, 5.3. “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон;” мөн дүрмийн 10.4.”Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Т.А жолоочтой КТМ маркийн 78-95 УБ улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, мотоциклын жолооч Т.Аын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний шинжээчийн 5440тоот дүгнэлт,
2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хавтаст хэргийн 6-13 дахь тал),
Хохирогч Т.Аын “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, (хавтаст хэргийн 37-47 дахь тал),
Тээврийн цагдаагийн албаны “Мөрдөгчийн магадалгаа” (хавтаст хэргийн 66-67 дахь тал) зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож, шүүх тухайн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэв.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд нь гэм буруугийн холимог хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.”Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;”, 4-р хавсралтын 3.6.”Нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин, хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан”, 5.3. “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон;” мөн дүрмийн 10.4.”Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Т.А жолоочтой КТМ маркийн 78-95 УБ улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, мотоциклын жолооч Т.Аын эрүүл мэндэд нь баруун дунд чөмгөний далд хугарал, тархи доргилт, баруун сарвуунд шарх, хоёр сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруул, хэл, эрүү, зүүн шуу, баруун бугуй, сарвуу, зүүн гуя, өвдөг, шилбэнд зулгаралт бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах “хүндэвтэр” хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Н.Лид Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Н.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах юм.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гэм буруугийн дүгнэлтдээ: шүүгдэгч Б.Жаргалсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Хохирогчийн зүгээс баримтаар нэхэмжилсэн 9.791.402 төгрөгийн хохирлоос 3.500.000 төгрөг төлөгдсөн. Үлдэгдэл мөнгийг шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас гаргуулах, охирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх. гэсэн саналыг шүүхэд гаргажээ.
Шүүхээс дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг, түүнийг арилгах зэргийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Н.Лид авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 6 (зургаа) сар хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Иймээс шүүгдэгч Н.Лийн эдлэх 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Н.Лид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Аын эрүүл мэндэд биед баруун дунд чөмгөний далд хугарал, тархи доргилт, баруун сарвуунд шарх, хоёр сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруул, хэл, эрүү, зүүн шуу, баруун бугуй, сарвуу, зүүн гуя, өвдөг, шилбэнд зулгаралт бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах “хүндэвтэр” хохирол учирсан, хохирогч Т.А гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардалд баримтаар эмнэлгийн үйлчилгээ, шинжилгээ, эмийн сангийн үйлчилгээ зэрэг баримтаар нийтдээ 3.739.102 төгрөгийн хохирол, КТМ маркийн мотоциклийн хохиролд 5.858.000 төгрөг, журмын хашааны төлбөр, үнэлгээ хийлгэсэн зардалд 437.0000 төгрөгийн тус тус хохирол нэхэмжилсэн, эдгээр баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан ба шүүгдэгч Н.Л мөрдөн шалгах ажиллагаанд баримтаар учирсан дээрх төлбөрөөс 3.500.000 төгрөгийн хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 22 дахь тал) авагдсаныг хохирогч үгүйсгээгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь КТМ маркийн мотоциклийн гэмтэл засвартай холбоотой хохирлыг нэхэмжилж байгаа ба шүүгдэгч Н.Лоос 6.291.402 (зургаан сая хоёр зуун ерэн нэг мянга дөрвөн зуун хоёр) төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Ад олгох нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт зааснаар Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй. бөгөөд хохирогч Т.А ажилгүй байсан хугацааны цалин хөлс, цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Эрүүгийн 2203001880274 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч М овогт Н-ы Л-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-ы Л-ийг 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Лоос 6.291.402 (зургаан сая хоёр зуун ерэн нэг мянга дөрвөн зуун хоёр) төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Ад олгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
6. Эрүүгийн 2203001880274 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Лид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ