Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 1580

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 50 мянгат, 11 дүгээр байр, 8  тоотод оршин суух, Сахъяа овогт Сахъяагийн Нямаа /РД:хж54112161/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 80/6 байр, 1 тоотод оршин суух, Мэргэн тангад овогт Нарангэрэлийн Байгалмаа /РД:шг83032201/-д холбогдох,

 

орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Тэмүүлэл, хариуцагчийн өмгөөлөгч С.Цацралтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Нямаа миний бие “Тэлмэнхас” ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж Баянгол дүүрэг 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/ Энх тайвны өргөн чөлөө гудамж, 80/6 байр, 1 тоот хаягт байрлах 66.08 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдаж авсан. Дээрх орон сууцыг худалдаж авч байхдаа тус байранд Н.Байгалмаа гэдэг эмэгтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгүй атлаа оршин суудаг болохыг мэдэж байсан. Миний бие үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ хүлээж авсны дараагаар Н.Байгалмаа гэдэг эмэгтэйгээс байрыг чөлөөлж өгөхийг хүсэхэд, тэрээр “...байрыг чөлөөлж өгөх боломжгүй шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл” гэж хэлээд байрыг чөлөөлж өгөөгүй. Иймд Баянгол дүүрэг 5 хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, Энхтайвны өргөн чөлөө гудамж 80/6 байр, 1 тоот хаягт байрлах орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч Н.Байгалмаад даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Тэмүүлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Нямаа нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 80/6-1 тоотод байдаг 66,8 м/кв орон сууцыг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр худалдаж авсан. Уг орон сууцыг хариуцагч Н.Байгалмаа нь хууль бусаар эзэмшиж, сайн дураараа чөлөөлж өгөхгүй байгаа нь хууль ёсны өмчлөгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Иймд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 80/6-1 тоотод байдаг 66,8 м/кв орон сууцыг хариуцагч Н.Байгалмаагийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх буюу орон сууц чөлөөлүүлэх шаардлагаа бүрэн дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Байгалмаагийн төрсөн эгч Н.Цанжидмаа нь “Модерн конструкци” ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан барилгыг худалдан борлуулж байсан “Тога” ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээгээр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 15 айлын байрны 1 дүгээр давхрын 2 өрөө, 66.08 мкв талбай бүхий орон сууц буюу одоогийн албан ёсны хаяг болох Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс 16010, Энхтайвын өргөн чөлөө гудамж, 80/6 дугаар байр, 1 тоот байршилтай, 2 өрөө, 66.08 м.кв талбай бүхий орон сууцыг 42,500,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан юм. Төлбөрийг барагдуулахдаа “Тога” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ангарын төрийн банкин дахь 108801358765 тоот дансанд шилжүүлсэн. Учир нь төлбөрийг шилжүүлэх үед “Тога” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ангар нь “Модерн конструкци” ХХК-ийн 24 хувийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд тухайн үед “Модерн конструкци" ХХК-ийн захирал н.Гончигсүрэн нь бусдад төлөх төлбөрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас тус компанийн арилжааны банкин дахь дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоосон байсан тул хувьцаа эзэмшигч, мөн борлуулт хариуцсан компанийн захирал Д.Ангарын нэр дээрх хувийн дансанд шилжүүлсэн. Дээрх орон сууцыг гэрээний 2.1-д заасны дагуу 2017 оны 4 дүгээр сард багтаан захиалагчид хүлээлгэн өгөх байсан хэдий ч 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр орон сууцыг хүлээн авч, өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж орон сууцны ашиглалтын зардлыг бүрэн төлж ирсэн. Үүнээс хойш “Тога” ХХК болон “Модерн конструкци” ХХК нар нь барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх болон өөр бусад шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Н.Цанжидмаад гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно. Гэтэл иргэн С.Нямаа нь уг орон сууцны худалдан авсан бөгөөд хууль ёсны өмчлөгч орон сууцыг чөлөөлж, албадан гаргуулахаар шүүхэд хандаж нэхэмжлэлийн гаргасан нь “Тога” ХХК болон “Модерн конструкци” ХХК нартай хуйвалдсан байх ба өмнө нь өөр иргэнд худалдсан орон сууцыг, дараагийн өөр бусдад дахин худалдсан байж болох хууль бус үйлдэл гэж ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл С.Нямаа нь маргаан бүхий орон сууцыг хэзээ, ямар гэрээний үндсэн дээр худалдан авсан эсэх, худалдан авч буй орон сууцаа өөрийн биеэр ирж, үзэж харсан эсэх, өөр бусдад өмнө худалдагдсан байж болзошгүй талаар шалгаж тодруулалгүй авсан нь тэдгээр нь хоорондоо хуйвалдан иргэн Н.Цанжидмаагийн эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна. Үүний дагуу иргэн Н.Цанжидмаа нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Тога” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд иргэний хэрэг үүсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цаг 30 минутад зарлагдсан шүүх хуралдаанаар хамтран хариуцагчаар “Модерн конструкци” ХХК-ийг татан оролцуулахаар шүүх хуралдаан 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хойшлогдоод байна. Иймд энэ хэргийн жинхэнэ хариуцагчаар оролцвол зохих этгээд нь иргэн Н.Цанжидмаа тул хариуцагчийг сольж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч С.Цацралтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбараа бүрэн дэмжиж байна. Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 80/6 дугаар байрны 1 тоотод байршилтай 66,8 м/кв талбайтай орон сууцыг 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээний дагуу хариуцагчийн төрсөн эгч иргэн Н.Цанжидмаа худалдан авч, өнөөг хүртэл ашиглалтын төлбөр тоооцоог хийж амьдарч байна. Уг орон сууцыг ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэн өгсөн “Модерн конструкци” ХХК-ийн хувьцаа эзэмшигч н.Ангараг, н.Гансүх, тухайн орон сууцны борлуулалтын хариуцаж байсан “Тога” ХХК-ийн захирал н.Ангараг зэрэг хүнтэй тухайн үедээ худалдах худалдан авах гэрээг байгуулж уг орон сууцыг худалдан авч, төлбөр тооцоог бүрэн хийж гүйцэтгэсэн. Ингээд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг шаардсан боловч өнөөг хүртэл гаргаж өгөхгүй, үүргээ биелүүлэхгүй байгаа. Эрхийн улсын бүртгэлийн газраас авсан лавлагаагаар 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр улсын комисст барилгыг хүлээлгэж өгсөн бөгөөд эрхийн улсын бүртгэлийн Ү2205604285 дугаартай гэрчилгээгээр уг орон сууцыг иргэн н.Бүжинд өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байсан. н.Бүжин гэх хүн нь “Модерн конструкци” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч ажилтай хүн байсан. Үүнээс харахад тухайн компани нь хууль зөрчиж, уг орно сууцыг давхар худалдахаар компанийн нэр дээр гэрчилгээг гаргаж авч байсан байдал харагдаж байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаа өөрөө тодорхойлох боловч хариуцагч Н.Байгалмаа нь тухайн байранд амьдардаггүй бөгөөд энэ талаар баримт хэрэгт авагдсан байгаа. Иймд хариуцагч Н.Байгалмаа нь тухайн байранд амьдардаггүй учраас тухайн байрыг чөлөөлөх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Нямаа нь “Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 80/6 байрны 1 тоот хаягт байршилтай, 66.08 м2 талбай бүхий хоёр өрөө орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч Н.Байгалмаад даалгах” тухай шаардлагыг гаргажээ /хх 1 хуудас/. 

 

“...Дээрх орон сууцыг хариуцагч Н.Байгалмаа нь хууль бусаар эзэмшиж, сайн дураараа чөлөөлж өгөхгүй байгаа нь хууль ёсны өмчлөгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна” гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шаардлагын үндэслэлээ тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэлд дурдагдсан орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр С.Нямаа нь шүүхэд хандсан гэж үзэхээр байна.

 

Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшил болон өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй болохыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгүүдэд заасан.

 

Харин энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тулд шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч өөрөө байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь хууль ёсны өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалт байлгаж байх, өмчлөгчийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий этгээд нь тухайн эд юмсыг эзэмших эрхгүй байх урьдчилсан нөхцлүүд бүрдэх ёстой.  

 

Хэрэгт авагдсан хариуцагч Н.Байгалмаагийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “орон сууц захиалгаар бариулах гэрээ”, гэрч Н.Цанжидмаагийн мэдүүлэг, Баянгол дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1/1245 тоот албан бичиг зэрэг баримтуудаас үзэхэд Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 80/6 байрны 1 тоот хаягт байрлах 66.08 м2 талбайтай 2 өрөө орон сууц нь хариуцагч Н.Байгалмаагийн эзэмшил, ашиглалтад байгаа нь тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагч Н.Байгалмаагийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай С.Нямаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлгүй тул Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 80/6 байрны 1 тоот хаягт байрлах 66.08 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч Н.Байгалмаагийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай С.Нямаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 


 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                       Н.ХАНГАЛ