| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2022/0506/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/504 |
| Огноо | 2022-06-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/504
2022 6 30 2022/ШЦТ/504
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч О.Доржмаа,
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Ш овогт Д-ын Б-д холбогдох эрүүгийн 2210007350539 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 784 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан, хэрэг хариуцах чадвартай Ш овогт Д-ын Б, (РД:)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Корпорейт” зочид буудлын гадаа Ц.Оыг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун өвдөгт зулгаралт, хамрын нуруу, зүүн хацарт нөсөө бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч Д.Б: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...тэр үед Бадрал дотроос гарч ирээд Укатай ам мурийгаад эхэлсэн. Энийг хэн дуудсан юм гээд. Тэгэхээр нь би дуудсан юмаа гэж хэлтэл согтуурхаад маргаан үүсгэсэн. Тэр үед Мөөмөө гэнэт Ука руу дайраад эхэлсэн. Тэгэхээр нь би ямар учраас дайраад байгааг нь огт ойлгоогүй. Бадралыг гарч ирэхээс нь өмнө зүв зүгээр хоорондоо юм яриад зогсож байсан хүн. Тэгээд Мөөмөө Ука руу дайраад байхаар нь би болиулаад Укаг машинд нь суулгаад явуулах гэтэл Мөөмөө Укагийн машиныг зогсоолын төмөр шидсэн. Тэр төмрийг мөн Бадрал авч машиныг цохисон. Тэр хооронд би дахиад салгатал уг төмрөөрөө Бадрал миний нүүр рүү савж намайг газар унагаасан. Тэгээд миний хамраас маш их цус гарч унахдаа шанаагаа халцалсан...” (хавтас хэргийн 25-27 дахь тал) гэсэн,
Гэрч А.Анхбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Мөөмөө зогсоолын төмөр барьж машин руу нь шидэж маргалдаад бужигналдаад эхэлсэн. Тэр үед Оргил, Бадрал бид 3 уг маргааныг салгах гэж оролдсон. Би Мөөмөөг салгаад аваад явах үед Оргил хойшоо саваад уначихсан хэнд яаж цохиулсныг нь харж чадаагүй, Мөөмөөтэй зууралдаж байгаад. Тэгээд цаашаа нэг буланд очоод байж байтал Оргил араас хүрээд ирсэн, нүүр нь халцарчихсан, хамраас нь цус гарчихсан намайг Бадрал цохичихлоо гэж орилоод байсан...” (хавтас хэргийн 31-32 дахь тал) гэсэн,
Яллагдагчаар Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би уг өдөр танил ах болох Мөөмөөг авах гэж Блю скай дээр очиж найзуудынх нь хамт авч Корпрайт дээр хүргэж өгсөн. Тэгээд тэнд байж байгаад нөгөө хэд гарч би гадаа гараад иртэл гадаа нөгөө хэд хоорондоо маргалдаж байсан. Тэгээд болиулах санаатай очтол Ука гэх залуу Мөөмөөгийн өөдөөс хэрэлдээд хоорондоо муудалцаад байсан. Мөөмөө машин руу нь замын хаалтын төмөр авч шидсэн. Би машиных нь толийг нь хуга цохисон. Тэр үед Оргил дундуур орж ирээд араас намайг цохиод байхаар нь эргэж хараад заамдаж байгаад түлхэж унгаасан чинь цаашаа өнхрөөд өгсөн...” (хавтас хэргийн 58 дахь тал) гэсэн,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3-р сарын 23-ны өдрийн шинжээчийн 4672 дугаар “....Ц.Оын биед хамар ясны хугарал, баруун өвдөгт зулгаралт, хамрын нуруу, зүүн хацарт нөсөө бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 45-46 дахь тал) гэсэн дүгнэлт
Шүүгдэгч Д.Бын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 62-66 дахь тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 72 дахь тал) шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 75-83 дахь тал),
Хохирогч Ц.О гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх (хавтаст хэргийн 88 дахь тал) зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Корпорейт” зочид буудлын гадаа Ц.Оыг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун өвдөгт зулгаралт, хамрын нуруу, зүүн хацарт нөсөө бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Бын шүүхийн хэлэлцүүлэгт болон хохирогч Ц.О, гэрчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлын талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №4672 дугаартай дүгнэлт, Хохирогч Ц.О гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх (хавтаст хэргийн 88 дахь тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Ц.Оын эрүүл мэндэд нь “...биед хамар ясны хугарал, баруун өвдөгт зулгаралт, хамрын нуруу, зүүн хацарт нөсөө...” бүхий гэмтлийг шүүгдэгч Д.Б түүний нүүрэн тус газар цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Б, хохирогч Ц.Оын эрүүл мэндэд нь “...биед хамар ясны хугарал, баруун өвдөгт зулгаралт, хамрын нуруу, зүүн хацарт нөсөө...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Бын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
2. Шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, хохирогч гомдол саналгүйгээ илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас: “... шүүгдэгч шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн хуульд зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” саналыг шүүхэд гаргажээ.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал (хавтаст хэргийн 62-66 дахь тал), хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, прокурорын гаргасан санал дүгнэлтийг шүүх харгалзан үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Д.Бд оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Оын эрүүл мэнд биед хамар ясны хугарал, баруун өвдөгт зулгаралт, хамрын нуруу, зүүн хацарт нөсөө бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал төлбөр нэхэмжлээгүй гомдол саналгүй талаар мэдүүлсэн зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 2210007350539 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Д-ын Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Бд торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ