Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/505

 

 

 

 

 

 

 

   

  2022          6            30                                    2022/ШЦТ/505

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Л.Төгсжаргал /томилолтоор/

шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Х.Ундрах-Оргил, Т.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б овогт А-ийн А-д холбогдох эрүүгийн 2110021360291 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Увс аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн 252 дугаар цэцэрлэгт их эмч ажил эрхэлдэг, ам бүл 1, тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт А-ийн А (РД:)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.А нь 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо 1437 дугаар байрны 9 тоотод хохирогч Б.М-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас баруун чихэнд нь цохиж эрүүл мэндэд нь “баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч А.А: “...Юу болсныг сайн мэдэхгүй байна. Хохирогчийг зодож бэртээсэн зүйл байхгүй. Харин ч би дарамтад амьдардаг байсан. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр фейсбүүкээ ухаад байж байтал манай аймгийн Аззаяа гэх эмэгтэйтэй танилцаж тус оны 4 сард уулзаж эхэлсэн юм. Бид хоёр 2020 оны 10 дугаар сараас эхлэн манай гэр буюу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо 1437-9 тоот 4 давхарт амьдарч эхэлсэн юм. Бид хоёр амьдарч байх үедээ Аззаяа нь миний танихгүй Чинзориг гэх хүнтэй чатаар хайртай дуртай гэх зэргээр бичдэг байсан ч би тэрийг нь нээх тоохгүй байдалтай байсан. 2021 оны 1 сараас эхлэн бид хоёр хоорондоо маргалдаж намайг орой ажлаа тараад ороод ирэхээр намайг Аззаяа нь “чи хэнтэйгээ банзалдаж байгаад ирсэн юм” гэх зэргээр хий хардаж гэрт оруулахгүй шөнийн 3-4 цагт гуйгаад орохоор хэрүүлээ таслахгүй маргаан хийгээд намайг хөшиглөж дарамталж элдвээр хэлээд байдаг байсан бөгөөд би тэр үед урдаас нь юм ярихгүй тоохгүй өнгөрөөгөөд явчихдаг байсан юм. 2021 оны 3 дугаар сарын 10-ны өглөө Аззаяаг ажилд нь хүргэж өгөөд би ажилдаа очиж ажлаа хийгээд өдөр 15-16 цагийн үед утсаа машиндаа үлдээгээд ажлаа хийж байсан юм. Тэгтэл би 18 цагийн үед ажлаасаа тараад утсаа хартал Аззаяа миний утас руу нэг удаа л залгасан байсан бөгөөд би буцаагаад залгахад “чи хэнтэйгээ уулзаад утсаа авдаггүй юм, банзалдаж байгаад ирсэн үү” гэх зэргээр хэл амаар доромжилж байсан юм. Би гэртээ 19 цаг өнгөрөөгөөд ортол Аззаяа урдаас хэрүүл хийгээд элдэв үгээр хараагаад байхаар нь би уурладаг нь эхэлчих шиг боллоо гээд байж байтал миний нүүр хэсэг рүү хэдэн удаа цохисон талаар нь би сайн мэдэхгүй байна. Тэгтэл жижиг өрөөнд байж байтал Аззаяа миний баруун талын чих хэсэг рүү баруун гараараа араас 1 удаа цохихоор нь миний чих шуугиад явчихсан юм. Би тухайн үед чих эвгүй болчих шиг  боллоо гэж бодоод урдаас нь хэрэлдэж байгаад хэрүүл намжаад зүгээр болсон юм. Тэгтэл тэр өдрөөс хойш 3 хоног болоход миний баруун чих шуугихаа болихгүй өвдөөд байхаар нь нойлын өрөөндөө ороод хамраас цус гараад байхаар нь нийтэл миний чихнээс хий гарсан тул чихний хэнгэргэ цоорсноо мэдсэн юм. 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Зүүн дөрвөн замд байх чих, хамар хоолойн эмнэлэгт үзүүлсэн бөгөөд баруун талын чихний хэнгэргэ нь хагарсан байна гэсэн дүгнэлт гарсан...” (хавтас хэргийн 9 дэх тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10-р сарын 21-ний өдрийн шинжээчийн 10218 дугаар “...Б.М-гийн биед баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр  үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 18-19 дэх тал) гэсэн дүгнэлт

 

Хаппи Веритас чих хамар хоолойн эмнэлгийн үзлэг (хавтаст хэргийн 21 дэх тал)

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 69 дахь тал) шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 75-83 дахь тал) зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1. Шүүгдэгч А.А нь 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо 1437 дугаар байрны 9 тоотод хохирогч Б.М-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас баруун чихэнд нь цохиж эрүүл мэндэд нь “баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч А.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, хохирогч Б.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлын талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны №10218 дугаартай дүгнэлт, Хаппи Веритас чих хамар хоолойн эмнэлгийн үзлэг (хавтаст хэргийн 21 дэх тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Б.М-гийн эрүүл мэндэд нь “...биед баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, цус хуралт...” бүхий гэмтлийг шүүгдэгч А.А түүний баруун чихэнд цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.А, хохирогч Б.М-гийн эрүүл мэндэд нь “...биед баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Агийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч А.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хохирогч гомдол саналгүйгээ илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас: “... шүүгдэгч А.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” саналыг шүүхэд гаргасан.

 

          Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, прокурорын гаргасан санал дүгнэлтийг шүүх харгалзан үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар А.Ад оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.М-гийн эрүүл мэнд биед баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал төлбөр нэхэмжлээгүй гомдол саналгүй талаар шүүхэд мэдэгдсэн зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Түүнчлэн эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол улсын Их хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүн, хуулийн этгээдэд уг хууль хамаарна гэж хууль үйлчлэх цаг хугацаа, хамрах хүрээг тодорхойлжээ.

 

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “... энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-д зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэсэн нөхцөл шаардлага хангагдаж байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйл, Эрүүгийн хуулийн /2015 оны/ ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон  А.Ад оногдуулсан торгуулийн ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэх эрх зүйн үндэслэл үүссэн гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн 2110021360291 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт А-ийн А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.Ад торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч А.Ад оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их хурлаас баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ