Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/507

 

 

 

 

 

 

 

   

  2022          6            30                                    2022/ШЦТ/507

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Л.Төгсжаргал,

шүүгдэгч Э.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Д овогт Э-ын Ж-өд холбогдох эрүүгийн 2210010540766 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөг угсрагч мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамтаар тоотод оршин суух хаягтай, урьд

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 370 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дугаар зүйлд зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.7 дугаар зүйлд зааснаар 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, нийт биечлэн эдлэх ялыг нэмж нэгтгэн нийт 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан ялыг цагдан хоригдсон 105 хоногт тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсон, Д овогт Э-ын Ж (РД:)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ж нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн хүрээ” амралтын газарт 2022 оны 03 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Н.Б-ийг гар станцаар толгой хэсэгт цохих, хөлөөрөө өшиглөх, нуруунд төмрөөр цохих зэргээр эрүүл мэндэд нь “дагзны хуйханд шарх, баруун сарвуу, баруун гарын эрхий хуруу, нуруу, баруун дал, зүүн шилбэ, баруун өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Э.Ж: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 03 дугаар сарын 29-ний орой 20 цагийн үед өөрийн ажилладаг Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо “Чингисийн Хүрээ” амралтын газарт байрлаж амардаг өрөө болох нэгдүгээр контейнерт хамт ажилладаг багын найз Тэлмэний хамтаар 2,5 литртэй Сэрүүн нэртэй пиво 4-ийг уугаад сууж байсан чинь гаднаас хамт ажилладаг найз Бямбаа орж ирээд хамт пиво ууж байгаад би бямбаа руу чиний төрсөн дүү Номиныг нөхөр нь зоддог шөнө ч хамаагүй зоддог чи дүүгээ Жавхаагаас салгаад ав, суугаагүй байж зодоод байна гэж хэлсэн чинь Бямбаа чи Жавхааг яаж амьдардаг болохыг мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь эрэгтэй хүн яаж бол яаж л амьдарна эмэгтэй хүн зодуулж нүдүүлээд байх хэцүү шүү дээ хүүхэдтэй болгоод хаяад явна эртхэн салгаж ав гэсэн чинь Бямбаа би дүүгээ мэдэж байна гээд уурлаад гаръя үзье, гэхээр нь би зүгээр хэлсэн юмаа хүний амьдралд хошуу дүрээд байх шиг байна гэж хэлсэн чинь Бямбаа гаръя зодолдъё гэхээр нь гарсан...хамт ажилладаг Жавхаа гарч ирээд миний толгой руу юмаар хүчтэй цохисон яаг юугаар цохисныг нь мэдэхгүй байна тэгээд би хэсэгхэн зуур ухаан алдсан юм шиг байна лээ...” (хавтас хэргийн 14-15 дахь тал) гэсэн,

 

Гэрч О.Номин-Од мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...миний ах Бямбажавт /Баагий/ ах хандаж хоёулаа эр хүн шиг сайхан үзье хэн хэндээ гомдол саналгүйгээр гэж хэлээд гадагшаа гараад явчихаар нь би бас араас дагаж гарсан ба тэр хоёр хоорондоо зодолдолгүй юм яриад зогсчихсон юм. Тэлмэн ах араас гарч ирээд Бямбажав Баагий ах хоёрыг зодолдох гэж байна гэж бодоод манай ах Бямбажав руу дайрч эхэлсэн юм.Тэгээд манай ах Бямбажав Тэлмэн хоёр хоорондоо муудаж Бямбажав ах Тэлмэний  нүүр рүү нь 1 удаа гараараа цохисон. Тэр үед Баагий Тэлмэнийг өмөөрч манай ах руу дайрахаар нь би болиулах гэж очих үед Баагий миний нүүр рүү гараараа цохичихсон юм. Намайг цохиулж байхыг манай найз залуу Жавхаа хараад халаасандаа байсан станцаараа Баагийгийн толгой руу цохисон юм...” (хавтас хэргийн 21-22 дахь тал) гэсэн,

 

Гэрч Н.Энхдулам мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Батзориг ах Бямбаа ахыг тохойгоороо контейнерт хоолой руу нь шахаад зогсож байсан чинь Жавхаа араас нь Батзориг ахын толгой руу цохиж авсан. Юугаар цохисныг нь бол хараагүй. Жавхаа өөрөө болохоор станцаар цохисон гэж хэлсэн. Тэгсэн Батзориг ах цохиулчхаад эргэж хараад Жавхааг цохих гэж байгаад андуураад Номиог цохиод авсан. Ард нь Номио зогсож байсан юм. Тэгсэн Номио намайг зодчихлоо ш дээ гэсэн чинь Жавхаа Батзориг ахыг татаж ирээд дахиад толгой руу нь цохиж авсан. Тэгсэн Бямбаа Батзориг хоёр хоорондоо зодолдсон. Би тэр хоёрыг салгаад Бямбаа ахыг бариад байж байтал Жавхаа ирээд урт төмрөөр Батзоригийн нуруун тус газар нь хоёр удаа цохиж авсан. Батзориг ах толгойгоо бариад явган сууж байхад Жавхаа дахиад толгой руу нь нэг удаа гараараа цохиж авахаар нь би Жавхааг болиулаад цааш нь түлхсэн чинь намайг тойроод дахиж очоод 3-4 удаа толгой руу нь өшиглөж авсан. Бас нэг удаа толгойн дээр нь дагз хэсэгт нь нэг удаа хөлөөрөө дэвсэж авсан. Тэр үед Батзориг ах газар уначихсан байсан...” (хавтас хэргийн 29-30 дахь тал) гэсэн,

 

Яллагдагчаар Э.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Батзориг Бямбажав ахын араас хувцаснаас нь барьж аваад контейнер руу шахаад өөдөөсөө харуулж байгаад гараараа хоёр хацар хэсгээс нь базаад байсан чинь Бямбажав ах Жавхлантөгсөө ахын дүү Батзоригийг аваач ээ ахыг нь аллаа ш дээ гэж хэлсэн тэгэхээр нь би Батзоригийг хоёр гараас нь бариад хойш нь татсан чинь бүгдийг нь ална шүү гээд баруун тохойгоороо миний баруун хацар хэсэг рүү нэг тохойлдож цохисон тэгээд байж байхад миний эхнэр Номин-Од гарч ирээд салгах гээд Батзоригийг гараас нь татсан чинь эргэж хараад Номин-Одын зүүн талын эрүү хэсэг рүү баруун гараараа нэг удаа хүчтэй цохисон тэгэхээр нь би хувцасны халаасанд байсан гар станцаа барьж аваад Батзоригийн толгойн баруун дээд хэсэг рүү нь нэг удаа цохисон чинь миний цээж рүү гараараа нэг удаа цохихоор нь би нэг дүгээр контейнер руу гүйж ороод цонхоор нь харсан чинь Бямбажав ах Батзориг хоёр зууралдаад нэлээд зодолдоод байхаар нь буцаж гараад контейнерын урд 20-30см урттай нарийн дөрвөлжин төмөр байхаар нь аваад Батзоригийн нуруу хэсэг рүү 2 удаа зөөлөн цохисон чинь зодолдохоо больсон...” (хавтас хэргийн 90 дэх тал) гэсэн,

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4-р сарын 01-ний өдрийн шинжээчийн 5095 дугаар “...Н.Б-ийн биед дагзны хуйханд шарх, баруун сарвуу,баруун гарын эрхий хуруу, нуруу, баруун дал, зүүн шилбэ, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 48-19 дэх тал) гэсэн дүгнэлт

 

Шинжээч эмч Ү.Нансалмаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...хохирогч Н.Б-т учирсан дагзны хуйханд шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарна. Энэ гэмтлээс бусад баруун сарвуу,баруун гарын эрхий хуруу, нуруу, баруун дал, зүүн шилбэ, баруун өвдөгт зулгаралт гэмтэл гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” (хавтас хэргийн 75 дахь тал) гэсэн,

 

102 тусгай дугаарт гомдол мэдээлэл ирүүлсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дахь тал),

          Шүүгдэгч Жавхлантөгсийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 38-39, 67-70 дахь тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 37 дахь тал), шийтгэх тогтоолуудын хуулбар (хавтас хэргийн 79-86 дахь тал)

Хохирогч Н.Б-т баримтаар учирсан хохирол төлөгдсөн, гомдол саналгүй гэх (хавтаст хэргийн 71, 94, 98 дэх тал) зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1. Шүүгдэгч Э.Ж нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн хүрээ” амралтын газарт 2022 оны 03 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Н.Б-ийг гар станцаар толгой хэсэгт цохих, хөлөөрөө өшиглөх, нуруунд төмрөөр цохих зэргээр эрүүл мэндэд нь “дагзны хуйханд шарх, баруун сарвуу, баруун гарын эрхий хуруу, нуруу, баруун дал, зүүн шилбэ, баруун өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.Б- болон шүүгдэгч Э.Ж нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №5095 дугаартай дүгнэлт, хохирогч Н.Б-т баримтаар учирсан хохирол төлөгдсөн, гомдол саналгүй гэх (хавтаст хэргийн 71, 94, 98 дэх тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Н.Б-ийн эрүүл мэндэд нь “...биед дагзны хуйханд шарх, баруун сарвуу,баруун гарын эрхий хуруу, нуруу, баруун дал, зүүн шилбэ, баруун өвдөгт зулгаралт...” бүхий гэмтэл нь шүүгдэгч Э.Ж түүний толгой тус газар гар станцаар цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Жавхлантөгс, хохирогч Н.Б-ийн эрүүл мэндэд нь “...биед дагзны хуйханд шарх, баруун сарвуу,баруун гарын эрхий хуруу, нуруу, баруун дал, зүүн шилбэ, баруун өвдөгт зулгаралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Жийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Э.Ж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүйгээ илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Жавхлантөгсийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал (хавтаст хэргийн 38-39, 67-70 дахь тал) зэргийг харгалзан 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Ж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Э.Жөд оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б-ийн эрүүл мэндэд биед дагзны хуйханд шарх, баруун сарвуу,баруун гарын эрхий хуруу, нуруу, баруун дал, зүүн шилбэ, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч Н.Б-т баримтаар учирсан хохирол төлөгдсөн, гомдол саналгүй (хавтаст хэргийн 71, 94, 98 дэх тал) гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн 2210010540766 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хар өнгийн гар станцыг Э.Жөд буцаан олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Э-ын Ж-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ын Ж-ийг 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Жавхлантөгс торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Жөд оногдуулсан 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хар өнгийн гар станцыг Э.Жөд буцаан олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Ж урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ