| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2018/00780/И |
| Дугаар | 1370 |
| Огноо | 2018-04-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 1370
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, өнөр хороолол, 11 дүгээр байр, 113 тоотод оршин суух, Дайртан овогт Данзансамбуугийн Гэрэлчимэг /РД:ав79011700/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, нарны зам 1 гудамж, 29 дүгээр байр, 35 тоотод оршин суух, Боржигон овогт Эрдэнэчулууны Алтантуяа /РД:чж79021865/-т холбогдох,
4,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Гэрэлчимэг нь Э.Алтантуяатай 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 2,150,000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж, зээл авсан боловч одоог хүртэл төлөхгүй байна. Иймд үндсэн зээл 2,150,000 төгрөг, 157 хоногийн хүү 1,125,166 төгрөг, алданги 1,687,750 төгрөгөөс 687,750 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 1,075,000 төгрөг, нийт 4,350,000 төгрөгийг хариуцагч Э.Алтантуяагаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Гэрэлчимэг нь Э.Алтантуяатай 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 1 жилийн хугацаатай 10 хувийн хүүтэй, 2,150,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан зээлсэн байдаг. Зээлийн гэрээ нь 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хугацаа нь дуусах байсан. Зээлийн гэрээний үүргийг хариуцагч гүйцэтгээгүй тул гэрээг цуцалж шүүхээр шийдвэрлүүлэх тухай гэрээгээр зохицуулсан байх тул зээлийн гэрээний үндсэн зээл 2,150,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх зээлийн гэрээний хүү 1,125,000, алданги нь 1,075,000 төгрөг, нийт 4,350,166 төгрөг болж байгаа боловч 4,350,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Хариуцагч 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчид дансаар 60,000 төгрөгийг төлсөн талаар маргахгүй гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо талуудын хооронд байгуулсан 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөрийн зээлийн гэрээний дагуу бэлэн авсан 2,150,000 төгрөгийг, хүү, алдангийн хамт нэхэмжилж байна. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон зээлийн гэрээнд дурдсан 2,150,000 төгрөгийг бэлнээр болон аливаа хэлбэрээр хүлээн аваагүй болно. Учир нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Д.Гэрэлчимэгээс 700,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж авсан. Мөн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Д.Гэрэлчимэгийн танил гэх хүнээс 405,000 төгрөгийг зээлж авсан. Үүний дараа Д.Гэрэлчимэг нь надтай уулзаж “...чиний авсан 1,105,000 төгрөгийн хүү, алданги 2,150,000 төгрөг болсон. Одоо уг үлдэгдэл дээрээ зээлийн гэрээ байгуул, бэлнээр авсан гэж бич” гэж удаа дараа шаардсаны дагуу арга буюу гарын үсэг зурсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон зээлийн гэрээнд дурдсан 2,150,000 төгрөгийг бэлнээр болон аливаа хэлбэрээр хүлээн аваагүй, уг зээлийн гэрээ биелэгдээгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь уг гэрээ нь бүрэн биелэгдээгүй. Нэхэмжлэгч нь 2,150,000 төгрөгийг бэлнээр хариуцагчид өгсөн гэж тайлбарлах боловч энэ талаар ямар нэгэн баримт байхгүй. 2018 оны 9 дүгээр сарын 07, 08-ны өдрүүдийн нэхэмжлэгчийн дансыг шалгахад тухайн өдрүүдэд 2,150,000 төгрөг огт гараагүй байдаг. Ийм хэмжээний бэлэн мөнгөтэй явж байгаад Э.Алтантуяад өгсөн гэдэг нь нотлогдохгүй байна гэж үзэж байна. Хариуцагч нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Д.Гэрэлчимэгээс 700,000 төгрөг зээлж авсан. Мөн хүнээр дамжуулж дахин 405,000 төгрөгийг Д.Гэрэлчимэгээс авсан нь үнэн. Үндсэндээ хариуцагч нь Д.Гэрэлчимэгээс 1,105,000 төгрөгийг зээлж авсан. Энэ 1,105,000 төгрөгийн хүү болон алданги нь нийлээд 2,150,000 төгрөг болсон гэж нэхэмжлэгч үзээд уг 2,150,000 төгрөг дээрээ хариуцагчийг албадаж байгаад зээлийн гэрээ байгуулсан, гарын үсэг зуруулсан. Гэхдээ бодит байдал дээр хариуцагч уг гэрээний дагуу 2,150,000 төгрөгийг аваагүй юм. Мөн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч яагаад гэрээг цуцлаад байгаа нь ойлгомжгүй, гэрээний хугацаа дуусаагүй байхад ямар үндэслэлээр алданги тооцож байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь гэрээний хугацаа дууссанаас хойш алдангийг тооцохоор хуульчилсан байдаг. Нэгэнт энэхүү сүүлд байгуулсан гэрээний дагуу хариуцагч нэг ч төгрөг аваагүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч өмнө авсан 1,105,000 төгрөгийн зээлээс 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчид дансаар 60,000 төгрөгийг төлсөн. Уг нь бол 300,000 төгрөгийг буцаан төлсөн боловч энэ талаар баримт бол алга гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Д.Гэрэлчимэг болон хариуцагч Э.Алтантуяа нар “Зээлийн гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр Д.Гэрэлчимэг нь Э.Алтантуяад 2,150,000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийг буцаан төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлүүлэхээр харилцан тохирсноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч Д.Гэрэлчимэг нь хариуцагч Э.Алтантуяад холбогдуулж дээр дурдсан гэрээний үүрэгт 4,350,000 төгрөг гаргуулахаар 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Тэрээр өөрийн шаардлагын үндэслэлийг “...би Э.Алтантуяатай 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 2,150,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Гэвч хариуцагч зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа тул гэрээг цуцалж, үндсэн зээл 2,150,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны хүү 1,125,166 төгрөг, алданги 1,075,000 төгрөг буюу нийт 4,350,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хэдийгээр тооцоолол нь 4,350,166 төгрөг болж байгаа боловч би 4,350,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна” гэж тайлбарлаж байна.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөөгүй. Өөрийн татгалзлын үндэслэлээ “...нэхэмжлэгч өмнө нь надад өгсөн нийт 1,105,000 төгрөгийн хүү болон алдангийг нийлүүлж бодоод 2,150,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Түүнээс биш 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 2,150,000 төгрөгийг бэлнээр авсан зүйлгүй” гэж тайлбарлав.
Зээлийн гэрээ нь хоёр талын хүсэл зоригийн үндсэн дээр өөрөөр хэлбэл нэг тал нь мөнгө зээлэх эсхүл мөнгө зээлдүүлэх санал гаргаж, нөгөө тал нь үүнийг хүлээн зөвшөөрснөөр байгуулагддаг хоёр талт гэрээ бөгөөд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан.
Харин гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсэн эсэх буюу гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн эсэх тал дээр маргаан гарсан тохиолдолд мөнгө, эд хөрөнгийг шилжүүлсэн байх нь гэрээг байгуулагдсанд тооцох үндэслэл болохыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгээр зохицуулжээ.
Хэрэгт авагдсан 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “зээлийн гэрээ”-ний ар талд “...2017 оны 9 дүгээр сарын 08-нд Гэрэлчимэгээс 2,150,000 төгрөг бэлнээр хүлээн авсан”, мөн “...14 хоногийн дотор төлнө. 9/25-нд төлж дуусгана” гэж тус тус бичигдсэн.
Хариуцагч талаас “...14 хоногийн дотор төлнө. 9/25-нд төлж дуусгана” гэсэн бичвэрийг өөрөө бичиж, гарын үсэг зурсан эсэх талаар маргаагүй. Харин “...2017 оны 9 дүгээр сарын 08-нд Гэрэлчимэгээс 2,150,000 төгрөг бэлнээр хүлээн авсан” гэж бичсэнийг нэхэмжлэгч өөрөө бичсэн гэж маргасан.
Гэвч өөрийн энэхүү татгалзлаа няцаасан баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй, дээр бичвэрийг бичээгүй, гарын үсэг зурсан нь эргэлзээтэй гэж тайлбарласан боловч шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч Д.Гэрэлчимэгийг 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлсэн буюу 2,150,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэж үзнэ.
Хэдийгээр хариуцагчийн зүгээс “...зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгчид гэрээг цуцлах эрх үүсээгүй” гэж тайлбарлаж байх хэдий ч хэрэгт хариуцагчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж байсан буюу хүүг тохирсон ёсоор төлж байсан баримт авагдаагүй тул зээлдэгчийг зээлийн гэрээгээр хүлээсэн, гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг зөрчсөн гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчид Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзаж, үүргийн биелэлтийг шаардах эрх үүссэн гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгч Д.Гэрэлчимэгт талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 2,150,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд хандсан 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны хүүнд 1,125,166 төгрөгийг шаардах эрх үүсчээ. Хариуцагч 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчид дансаар 60,000 төгрөгийг төлсөн талаар зохигчид маргаагүй тул уг мөнгийг хасч, нийт 3,215,166 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Харин нэхэмжлэгч нь 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээнээс татгалзсан тул аливаа гэрээний хариуцлага буюу талуудын байгуулсан гэрээний 3 дахь хэсэгт заасан алдангийг шаардах эрхгүй.
2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн 700,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн 405,000 төгрөг нь талуудын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Э.Алтантуяагаас 3,215,166 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Гэрэлчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,134,834 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Алтантуяагаас 66,393 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Гэрэлчимэгт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ