Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/508

 

 

 

 

 

 

 

   

  2022          7            01                                    2022/ШЦТ/508

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Л.Төгсжаргал,

шүүгдэгч Д.Ж, түүний өмгөөлөгч Б.Дамба нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн З овогт Д-гийн Ж-т холбогдох эрүүгийн 2210001200337 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, авто ашиглалтын инженер мэргэжилтэй, “Тэргэл Ирээдүй” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамтаар тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, З овогт Д-гийн Ж (РД:)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ж нь 2021 оны 12дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Шинэ яармаг цогцолбор хорооллын С-2 блокийн 2 дугаар орцны 3 давхрын 1 дүгээр айлын том өрөөнд хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч М.О-ийн үснээс зулгаан үстэж, эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Д.Ж: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч М.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Жт хандан энэ барилгын ажил хэзээ дуусах вэ. Бид нар билентус, обойн талаар яриагүй байна гэж хэлэхэд Ж материалаа өгчих гэж хэлсэн. Ж байрнаас гарах гэж явснаас миний хажуугаар өнгөрснөө шууд миний цамцны энгэр хэсгээс баруун гараараа заамдаж, аваад ариун цэврийн өрөө рүү чирсэн. Тэгэхээр нь би чи яагаад байгаа юм бэ гэж хэлээд хоёр гараараа Жийн заамдсан байсан гарыг тавиулах гээд цохиход гараа авснаа хоёр гараараа миний хоёр гарын шуу хэсгээс барьж авсан. Би Жийг өөрөөсөө холдуулах гээд хоёр гартай нь ноцолдсон. Тэгж байгаад Ж бид хоёр газар коридорын шалан дээр урд урдаасаа харсан байдалтай биеийнхээ хажуу хэсгээр унасан. Тэгэхэд Ж аль гараараа байсныг санахгүй байна нэг гараараа миний үсний хойд хэсгээс татсан Тэр үед Наранбаатар хүрч ирээд хоёр гараараа миний толгойны дээд орой хэсгээс татаад баруун гарынхаа тохой хэсгээр миний баруун талын шанаа хэсэгт нэг удаа, духны баруун хэсэгт нэг удаа цохисон...” (хавтас хэргийн 13 дахь тал) гэсэн,

 

Гэрч Г.Алтанзул мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ж чи муу одоо юу гээд байгаа юм бэ гэж хэлээд Оийн энгэр хэсэг рүү нь баруун гараараа түлхэхээр нь би хүүшээ Жээ чи яаж байгаа юм бэ гэж хэлээд араас нь очиход Ж, О хоёр өөд өөдөөсөө харсан байдалтай бие бие ээ заамдсан байдалтай газар унасан байсан...Ж Оийн үснээс нь нэг гараараа татаад байсан .Ж Оийг үснээс нь зулгаасан хэвээр 3 алхам газар чирсэн...” (хавтас хэргийн 26 дахь тал) гэсэн,

 

Гэрч М.Амарсанаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ж Оийн торгойны каскыг нь унагаагаад хоёр гараараа үснээс нь үстсэн. Ж нь Оийг үстсэн хэвээр О Жийн куртикнийх нь хоёр ханцуйнаас нь зуурсан байдалтай хоёулаа хоорондоо ноцолдож байгаад газар унасан...О нь салгаач ээ гээд орилоод байсан...” (хавтас хэргийн 31 дэх тал) гэсэн,

 

Гэрч О.Эрдэнэбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ж нь уурлаад М.О-ийг хувцасных нь энгэр хэсгээс нь баруун гараараа заамдаж аваад арагш нь түлхэхэд М.О- гарын нь тавиулах гээд хоёр гараараа Жийн гарыг түлхэхэд хоёулаа газар шалан дээр унасан. Тэр үед Ж 2 гараараа М.О-ийн үснээс татаад арагш гэдийсэн... Алтанзул, Амарсанаа хоёр Жийн гарыг тавиулах гээд гараас нь татаж байсан. Шууд татах гэхээр Оийг үстсэн байсан болохоор болохгүй байсан...” (хавтас хэргийн 34 дэх тал) гэсэн,

 

Гэрч М.Анхзаяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ж О хоёр юм яриад байж байсан Ж гэнэт О руу дайраад хоёр гараараа Оийн үснээс нь үстээд авахад О нь Жийн үснээс нь бариад хоорондоо барьцалдаж аван газар шалан дээр унахаар нь би наад хоёроо салгаач ээ, болиулаач ээ гэж хэлэхэд Наранбаатар гүйж очин Оийн үснээс нь үстээд авсан ..О Жт ажлын шаардлага тавихад Ж шаардлагыг хүлээж авахгүй уурлан Оийг үстээд авахад О харилцан үстэлцэж хоорондоо ноцолдсон...” (хавтас хэргийн 117 дахь тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12-р сарын 22-ны өдрийн шинжээчийн 656 дугаар “....М.О-ийн биед тархи доргилт, дух, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 45-46 дахь тал) гэсэн дүгнэлт

 

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 81 дэх тал)

          Хохирогч М.Оюунтунгалагаас гаргасан хохирлын баримт (хавтаст хэргийн 87-89 дахь тал),

          Шүүгдэгч Д.Жийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 100-107 дахь тал), шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга бүхий 30 хуудас баримт зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

          1. Шүүгдэгч Д.Ж нь 2021 оны 12дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Шинэ яармаг цогцолбор хорооллын С-2 блокийн 2 дугаар орцны 3 давхрын 1 дүгээр айлын том өрөөнд хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч М.О-ийн үснээс зулгаан үстэж, эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Жийн шүүхийн хэлэлцүүлэгт болон хохирогч М.О-, гэрчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлын талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны №656 дугаартай дүгнэлт, Хохирогч М.Оюунтунгалагаас гаргасан хохирлын баримт (хавтаст хэргийн 87-89 дахь тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч М.О-ийн  эрүүл мэндэд нь “...биед тархи доргилт, дух, баруун хацарт цус хуралт...” бүхий гэмтлийг шүүгдэгч Д.Ж түүний үснээс зулгаан үстэж, цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Ж, хохирогч М.О-ийн эрүүл мэндэд нь “...биед тархи доргилт, дух, баруун хацарт цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Жийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Д.Ж нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...шүүгдэгч Д.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, 180.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох...” саналтай гэх,

 

Гэм буруугийн хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Анхнаасаа хэргээ хүлээн зөвшөөрч, үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. 180.000 төгрөгийн хохирол төлнө гэдгээ илэрхийлж байна. Татвар төлөөд шударгаар хөдөлмөрлөөд явж байгаа, 4 хүүхэдтэй, барилгын ажил хийдэг. Хувийн байдлыг харгалзан үзэж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж өгнө үү” гэж тус тус мэтгэлцэв.

 

          Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал (хавтаст хэргийн 100-107 дахь тал), прокурорын гаргасан санал дүгнэлтийг шүүх харгалзан үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 500 (таван зуун мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Жт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Д.Жт оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.О-ийн эрүүл мэнд биед тархи доргилт, дух, баруун хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардалд баримтаар эмнэлгийн үйлчилгээ, шинжилгээ, эмийн сангийн үйлчилгээ зэрэг баримтаар нийтдээ 310.000 төгрөгийн хохирол, Синдерелла клиник эмнэлгийн  4.350.000 төгрөгийн нэхэмжлэл, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний зөрүү гэх “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн тодорхойлолт зэргээр нийтдээ 5.273.206 төгрөг нэхэмжилсэн, эдгээр баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтын шаардлага хангасан баримтаар шүүгдэгч Д.Жээс 180.000 (нэг зуун наян мянга) төгрөгийг гаргуулж хохирогч М.О-т олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт зааснаар Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй. бөгөөд хохирогч М.О- нь ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан баримтын хүрээнд дээрх нэхэмжлэлийг шийдэх боломжгүй, цалин хөлс авдаг байсантай холбоотой баримт хангалтгүй тул шүүх хэлэлцэхгүй орхиж, хохирогч ажилгүй байсан хугацааны цалин хөлс, цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн 2210001200337 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овогт Д-гийн Ж-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жт 500 (таван зуун мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Жт торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Жт оногдуулсан 500 (таван зуун мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жээс 180.000 (нэг зуун наян мянга) төгрөгийг гаргуулж хохирогч М.О-т олгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ