Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2016/0587

 


Д.Наранбаярын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Г.Билгүүн, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван, Я.Тогтохням нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 480 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, Д.Наранбаярын нэхэмжлэлтэй, Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, Монгол Улсын Их сургуульд тус тус холбогдох захиргааны хэргийг Г.Билгүүн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: “1. Монгол Улсын Дээд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 9 дүгээр зүйлийн 9.1, 16 дугаар зүйлийн 16.2, Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 45 дугаар зүйлийн 45.2.1, 45.2.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Наранбаярын Монгол Улсын Их Сургуульд холбогдох Д.Наранбаярыг 1996-2000 онд Монгол Улсын Их сургуульд санхүү, эдийн засагч мэргэжлээр суралцаж, дээд боловсрол эзэмшсэн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.4, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Наранбаярын Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/340 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, Төрийн тусгай хамгаалалтын газрын Хангамж, үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор, нэмэгдэл, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв давж заалдах гомдолдоо: Д.Наранбаярын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Их сургууль, Төрийн тусгай хамгаалалтын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 480 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний бие эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс Дээд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 9 дүгээр зүйлийн 9.1, 16 дугаар зүйлийн 16.2, Боловсролын гухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 45 дугаар зүйлийн 45.2.1, 45.2.5, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.4, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-д заасныг тус тус баримтлан Д.Наранбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

1. Нэхэмжлэгч Д.Наранбаяр нь анх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан Төрийн тусгай хамгаалалтын газрын даргад холбогдуулан “Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/340 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, нэхэмжлэгч Д.Наранбаярыг Төрийн тусгай хамгаалалтын газрын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор, нэмэгдэл, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд дээрх нэхэмжлэлээс тусдаа Монгол Улсын Их сургуульд холбогдуулан “Д.Наранбаярыг 1996-2000 онд Монгол Улсын Их сургуульд санхүү, татварын эдийн засагч мэргэжлээр суралцаж, дээд боловсрол эзэмшсэн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Дээрх 2 нэхэмжлэлийн шаардлагыг анхнаасаа тусдаа гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тусад нь явуулах нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэхэд ач холбогдолтой байхад анхан шатны шүүхээс дээрх хэргүүдийг нэгтгэн хэлэлцсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Энэхүү хэргийг тусгаарлан хэлэлцүүлэх талаар миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бичгээр хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

2. Анхан шатны шүүхээс Д.Наранбаярын МУИС-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагад хамаарах нотлох баримтыг Төрийн тусгай хамгаалалтын газрын даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамааруулан дүгнэсэнтэй санал нийлэх боломжгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харуицагч МУИС-д итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн бакалаврын дипломын гарын үсэг үнэн зөв эсэхийг тогтоолгохоор шинжээч томилсон бөгөөд шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болсон нотлох баримт болох шинжээчийн 3586 дугаар дүгнэлтийг нэхэмжлэгч болон өмгөөлөгчид танилцуулаагүй, танилцаж тайлбар, хүсэлт гаргах эрхээр хангаагүй хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хангаагүй, тэгш байдлыг алдагдуулж, мэтгэлцэх зарчим хангагдаагүй гэж үзэж байна.

3. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэсэн Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуулиуд нь 2002 оны 5 дугаар сарын 03-ны өдөр буюу нэхэмжлэлийн үйл баримтад дурдагдаж буй үйл баримтаас хойш батлагдсан хуулиуд байхад ямар үндэслэлээр дээрх хуулиудыг буцаан хэрэглэсэн нь тодорхойгүй байна.

Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 480 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцуүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бүхий болж чадаагүй байна.

            Нэхэмжлэгч Д.Наранбаяр нь Монгол Улсын Их сургуульд холбогдуулан “1996-2000 онд Монгол Улсын Их сургуульд санхүү, эдийн засагч мэргэжлээр суралцаж, дээд боловсрол эзэмшсэн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх”,

            Төрийн тусгай хамгаалалтын газарт холбогдуулан “тус газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/340 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор, нэмэгдэл, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн болон түүний өмгөөлөгчийн гаргасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” /Нэгдүгээр хавтаст хэргийн 155 дугаар тал/, “гэрч асуулгах тухай” /Нэгдүгээр хавтаст хэргийн 205 дугаар тал/, “Хэргийг тусгаарлан шийдвэрлүүлэх тухай” /Нэгдүгээр хавтаст хэргийн 208 дугаар тал/ хүсэлтүүдийг анхан шатны шүүх огт шийдвэрлэлгүй орхигдуулж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-д нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна.

Түүнчлэн шүүх 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд, шүүхээс хийсэн ажиллагаануудтай хэргийн оролцогчдыг танилцуулалгүй, талуудыг тэгш эрхтэйгээр мэтгэлцэх боломжоор хангалгүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасан эрхийг хязгаарлан, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 62 дугаар зүйлийн 62.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийг зөрчжээ.

Мөн анхан шатны шүүх Д.Наранбаярын “1996-2000 онд Монгол Улсын Их сургуульд Санхүү, эдийн засагч мэргэжлээр суралцаж, дээд боловсрол эзэмшсэн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ 2002 онд батлагдсан Боловсролын тухай хууль болон Дээд боловсролын тухай хуулийг буцаан хэрэглэсэн нь ойлгомжгүй, ямар учраас буцаан хэрэглэсэн болох нь тодорхойгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 30-ны өдрийн 480 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:  

ШҮҮГЧ                                                                                   Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                                   Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                                   Г.БИЛГҮҮН