| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00319/и |
| Дугаар | 153/ШШ2018/00301 |
| Огноо | 2018-05-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 153/ШШ2018/00301
| 2018 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 153/ШШ2018/00301 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Дөргөн сумын Авгаш багт оршин суух, Н.Б-ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 153/2018/00319/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, хүсэлт гаргагч Н.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1959 онд төрсөн бөгөөд 4 дүгээр ангиасаа гарч 1981 он хүртэл аав, ээж нарын хамт мал маллаж байсан. 1981 онд цэргийн албанд татагдаж, 1984 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. 1984-1990 он хүртэл нэгдэлд мал маллаж байсан. Тэтгэвэрт орох гэсэн боловч зарим баримт нь дутуу учир шүүхэд хандсан. Намайг Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад 1976 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл, 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлттэй байна....Миний аавыг Чимэдийн Намсрай гэдэг....Миний ахыг Цэвэгмид, том ахыг Пүрэвжав гэдэг....гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Н.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Н.Б нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад 1976 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл, 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулалаа.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Н.Б нь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад 1976 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл, 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 07 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадын 1975-1981, 1984-1985, 1988-1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 36/002359 дугаартай Эцгийн Эцэг/эх/-ийн нэр Намсрай, Эхийн Эцэг/эх/-ийн нэр Намзан, Намсрай Батжаргал 1959/12/22-нд Ховд аймгийн Дөргөн сумын 59-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэх бичвэртэй төрсний бүртгэлийн лавлагаа, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 36/002360 дугаартай Намсрай Батжаргал, Аюуш Янжмаа нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрч Г.Басангаагийн ....Н.Б 4 дүгээр анги төгсөж, сургуулиас гараад эцэг эхийн хамт мал маллаж байгаад 16 насанд хүрээд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1 дүгээр бригад буюу Агваш бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Ингэхдээ эцэг, эхийн хамт мал маллаж байсан. Н.Б нь 1981-1983 онуудад цэргийн алба хаасан. Цэргээс ирээд тус нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар нэгдэл тартал буюу 1991 он хүртэл ажилласан....Н.Б нь тэмээ, бог мал маллаж байсан.... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 8-19, 36-37, 39-40 дүгээр тал/
Н.Б нь БХЯ-ны сайдын 1981 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн н/199 дүгээр тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1984 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн н/180 дугаар тушаалаар 1984 оны 6 дугаар сарын 26-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 3354 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримт хэрэгт авагдсан болно. /ХХ-ийн 20-21 дүгээр тал/
Хавтаст хэргийн 5-6 дугаар хуудсанд авагдсан 1976 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар нь байгууллагын тамгаар баталгаажаагүй буюу нотлох баримтын шаардлага хангахгүй, хавтаст хэргийн 22-23 дугаар иргэн Г.Басангаа, М.Лхагва нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 24 дүгээр хуудсанд авагдсан Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахмад П.Бямбадоржийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн ...1989 онд гал түймэр гарч 1970-1980 онд ажиллаж байсан хугацааны цалингийн материал бүрэн шатсан нь үнэн болно. гэх тодорхойлолт нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 07 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадын 1975-1981 онуудын 70 дугаар дансны хуулбаруудаар няцаагдсан буюу уг тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй, хавтаст хэргийн 25-28 дугаар хуудсанд авагдсан дурсгал, үнэмлэх, сайшаалын үнэмлэх, дипломууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Н.Б-ын Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад 1976 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл, 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ