Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ийшээгийн Ганбат |
Хэргийн индекс | 187/2022/0518/Э |
Дугаар | 2022/ШЦТ/513 |
Огноо | 2022-07-04 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Л.Төгсжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/513
2022 7 04 2022/ШЦТ/513
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч Л.Төгсжаргал /томилолтоор/,
шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б овогт Г-ын Э-т холбогдох эрүүгийн 2210000000718 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Э нь 2022 оны 5 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо 32 дугаар байрны 5 тоотод тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харьцааны улмаас хохирогч О.Хын үснээс зулгаах, өшиглөх, хазах зэргээр эрүүл мэндэд нь “зулайн хуйх, зүүн далны зөөлөн эдийн гэмтэл, баруун хацарт цус хуралт, баруун сарвуун ар гадаргуун зулгарал, зөөлөн эдийн няцрал, зүүн бөөрний түвшинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч Г.Э: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч О.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 5 дугаар сарын 08-ны шөнийн 00 цаг 30 минутын нөхрийнхөө эгчийнд ирээд гэрийн хаалгыг нь хүчтэй нүдсэн. Тэгээд эгч нь хаалгаа онгойлгохоор нь би Мөнхбаяраас салахаар шийдсэн одоо энэ хүнээс авах юм аа аваад явлаа гэж хэлээд машиныхаа түлхүүрийг аваад гар утсыг лизингээр 3200000 төгрөгөөр авч өгч байсан. Самсунг С21 гэдэг утас байсан. Тэгээд би утсаа нэхтэл манай нөхрийн эгч нь намайг янз бүрээр харааж янхан минь гэрээс зайл гал голомт бузарлаад бай гэж хараагаад нөхөр Төрөөг дуудаж энийг хурдан чирээд гаргаадах гэж хэлсэн. Гэтэл манай нөхөр гэнэт босож ирээд чи муу янхан минь юугаа авах гээд байгаан утсаа авах гээд байгаа юм уу гээд намайг үсдээд чирээд гаргасан. Тухайн үед нөхөр нь намайг үсдэж байхад эгч нь миний гараас хазаж нуруу хэсэг рүү өшиглөсөн. Ингэхэд хүргэх ах нь намайг ижилхэн зулгаагаад гадуур хувцасгүй орц руу гудамжны новш минь гээд намайг гаргасан. ...манай хадам эгч Энхцэцэг нь эхлээд үснээс зулгааж хуйхны гэмтэл, харин бөөр зүүн далны гэмтлийн намайг газар унасан байхад 4 өшиглөж гэмтэл учруулсан юм. Баруун гарын гэмтэл бол гэрээс нь гарахгүй гээд хаалганаас нь татаж байхад баруун гарын сарвууны хэсгээр хазаж учруулсан юм. Тэрнээс манай нөхөр болон Энхцэцэгийн нөхөр хоёр миний хувцаснаас зулгааж чирч гэрээсээ гаргасан. Тэр намайг зодож цохисон зүйл байхгүй. Надад учруулсан бүх гэмтлийг Энхцэцэг учруулсан...” (хавтас хэргийн 9-10 дахь тал) гэсэн,
Гэрч Г.Мөнхбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ажлаа тараад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Шүншиг Вилла 1 хотхоны 576 байрны 80 тоот төрсөн эгч Г.Эийн гэрт амарч байхад яг хэдэн цаг гэдгийг санахгүй байна, гэнэт хүмүүс чанга хашхираад байхаар нь босоод хартал манай эхнэр О.Х эгчтэй хамт үсдэлцчихсэн байж байхаар нь хүргэн ахтай хамт очиж салгасан. Тэгээд би эхнэрийг эгчийн гэрээс гаргах гэхэд газар уначихсан байхаар нь хувцаснаас нь татаад гэрээс гаргаж хаалгаа хаасан. Тэгтэл эхнэр хаалга чанга балбаад байхаар нь манай эгч хаалганы цаанаас чамайг ингээд хаалга нүдээд байвал эрүүлжүүлэхэд өгчихнө шүү гэхэд эхнэр орилоод хаалга нүдээд байсан. Тэгэхээр нь би эргээд нойр хүрээд байсан учраас унтаж байтал хүргэн ах намайг сэрээсэн. Сэрээд хартал 2 цагдаа эгчийн гэрт ирчихсэн эгч, хүргэн ах, эхнэр бид хэдийг цагдаагийн хэлтэс рүү дагуулж явсан. Би эхнэрийг ямар шалтгааны улмаас асуудал гаргасныг мэдэхгүй байна би унтаж байгаад сэрсэн учраас мэдэхгүй байна...” (хавтас хэргийн 15 дахь тал) гэсэн,
Яллагдагчаар Г.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай гэрийнхэн унаж амарч байсан бөгөөд би гэртээ сэрүүн утсаараа оролдоод хэвтэж 2022 оны 05 дугаар сарын 08-ний шөнө 00 цагийн орчимд манай бэр болох О.Х согтуу манай гэрийн хаалгыг цохиж, нүдээд би хаалгаа тайлж өгөөгүй. Тэгсэн чинь улам хүчтэй хаалга цохиж өшиглөөд байхаар хажуу талын айлуудаас санаа зовоод гайхах байх гэж бодоод хаалгаа тайлж өгсөн. Гэрийн хаалга тайлж өгөхөд О.Х согтуу орж ирээд та нар яахаараа хаалга тайлж өгдөггүй юм гээд харааж зүхэж намайг үстээд дайрахад би хойшоогоо унасан юм. Тэгээд би босож ирээд адилхан үстэж авахад Хонгорзул бид хоёр давхар газар унасан. Бид хоёрыг ноцолдож байхад намайг “00” өрөөний хана савуулж мөргүүлсэн. Манай дүү Г.Мөнхбаяр сэрээд бид хоёрыг салгаж Хонгорзулын гарыг тавиулж хаалгаар гаргасан юм.Тэгэхэд манай дүү Мөнбаяр Хонгорзулд хандаж гэрийнхээ зүйлийг гэртээ харьж ярь гээд гаргасан юм.Хонгорзул гарсан хойноо цагдаа дагуулаад орж ирээд гурвуулаа нийлж зодсон гэж хэлсэн.Тэгээд шөнө цагдаагийн хэлтэс дээр манай нөхөр, дүү бид гурав ирсэн. ...Тухайн үед манай гэрт нөхөр Баянтөр, дүү Мөнхбаяр, Хонгорзул бид дөрвөөр өөр хүн байгаагүй...” (хавтас хэргийн 33 дахь тал) гэсэн,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5-р сарын 10-ны өдрийн шинжээчийн 6759 дугаар “....О.Хын биед зулайн хуйх, зүүн далны зөөлөн эдийн гэмтэл, баруун хацарт цус хуралт, баруун сарвуун ар гадаргуун зулгарал, зөөлөн эдийн няцрал, зүүн бөөрний түвшинд цус хуралт үүсжээ. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” (хавтаст хэргийн 21-22 дахь тал) гэсэн дүгнэлт
Шүүгдэгч Г.Эийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 37, 39-40 дэх тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 38 дахь тал) шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 75-83 дахь тал) зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Г.Э нь 2022 оны 5 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо 32 дугаар байрны 5 тоотод тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харьцааны улмаас хохирогч О.Хын үснээс зулгаах, өшиглөх, хазах зэргээр эрүүл мэндэд нь “зулайн хуйх, зүүн далны зөөлөн эдийн гэмтэл, баруун хацарт цус хуралт, баруун сарвуун ар гадаргуун зулгарал, зөөлөн эдийн няцрал, зүүн бөөрний түвшинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт болон хохирогч О.Х, гэрчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлын талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №6759 дугаартай дүгнэлт зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч О.Хын эрүүл мэндэд нь “...биед зулайн хуйх, зүүн далны зөөлөн эдийн гэмтэл, баруун хацарт цус хуралт, баруун сарвуун ар гадаргуун зулгарал, зөөлөн эдийн няцрал, зүүн бөөрний түвшинд цус хуралт...” бүхий гэмтлийг шүүгдэгч Г.Э түүний үснээс зулгаах, өшиглөх, хазах, цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Э, хохирогч О.Хын эрүүл мэндэд нь “...биед зулайн хуйх, зүүн далны зөөлөн эдийн гэмтэл, баруун хацарт цус хуралт, баруун сарвуун ар гадаргуун зулгарал, зөөлөн эдийн няцрал, зүүн бөөрний түвшинд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Эийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
2. Шүүгдэгч Г.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас: “... шүүгдэгч Г.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн хуульд зааснаар 2 сарын хугацаагаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” саналыг шүүхэд гаргасан.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал (хавтаст хэргийн 37, 39-40 дэх тал), прокурорын гаргасан санал дүгнэлтийг шүүх харгалзан үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Г.Эт оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Хын эрүүл мэнд биед зулайн хуйх, зүүн далны зөөлөн эдийн гэмтэл, баруун хацарт цус хуралт, баруун сарвуун ар гадаргуун зулгарал, зөөлөн эдийн няцрал, зүүн бөөрний түвшинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал төлбөр нэхэмжлээгүй зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 2210000000718 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г-ын Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Эт торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.Эт оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ