| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00330/и |
| Дугаар | 153/ШШ2018/00302 |
| Огноо | 2018-05-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 153/ШШ2018/00302
| 2018 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 153/ШШ2018/00302 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багт оршин суух Ж.Т-ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 153/2018/00330/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, хүсэлт гаргагч Ж.Т нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 7 дугаар ангиа төгсөөд 1975 онд илгээлтээр хөдөө мал дээр гарсан. 1977 онд цэргийн албанд татагдаж, 1980 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. 1981-2010 он хүртэл Ховд аймгийн Мөст сумын Хужир багт малчнаар ажилласан. 2010-2017 он хүртэл Булган аймгийн Орхон суманд мал маллаж байсан. Иймд намайг Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 2 дугаар бригадад 1975 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1977 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1980 оны 08 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаад тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.... 1976-1978 оны хооронд аав, ээж бид гурав нэгдлийн гишүүн байсан....Миний эхнэрийн нэрийг Шагай гэдэг....гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ж.Т нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Ж.Т нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 2 дугаар бригадад 1975 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 1977 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1980 оны 8 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулалаа.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Ж.Т нь Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 2 дугаар бригадад 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1981 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 660 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 2 дугаар бригадын 1976-1977, 1983-1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлээс олгосон 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Ч.Баастын ....Ж.Т нь Ховд аймгийн Мөст сумын 8 жилийн дунд сургуулийг 1975 оны 6 дугаар сард 8 дугаар анги төгсөж, илгээлтээр Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар маллаж эхэлсэн. Нэгдэлд ажиллаж байгаад 3 жилийн цэргийн алба хаасан. Цэргээс ирээд тус нэгдэлдээ 1991 он хүртэл малчнаар ажилласан. Ж.Тогтмол нь нэгдэлд бог мал малладаг байсан....Ж.Т-ын аавынх нь нэрийг Жалцав, ээжийнх нь нэрийг Түвшинжаргал гэдэг байсан. Ж.Т нь эцэг эхээс 6-уулаа санагдаж байна. Дүү нарынх нь нэрийг Гансүх, Ганхуяг, Ганболд, Алтанзаг гэдэг. Эхнэрийнх нь нэрийг Шагай гэдэг юм.... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 9-18, 27-28, 46-47 дугаар тал/
Харин хүсэлт гаргагч Ж.Т-ын Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 2 дугаар бригадад 1975 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 1975 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1980 оны 8 дугаар сараас 1981 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хүсэлт гаргагч нь энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээлээ.
Ж.Т нь БХЯ-ны сайдын 1977 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн н/122 дугаар тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1980 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн н/162 дугаар тушаалаар 1980 оны 6 дугаар сарын 22-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 3042 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримт хэрэгт авагдсан болно. /ХХ-ийн 29-30, 36-37 дугаар тал/
Хавтаст хэргийн 5-8 дугаар хуудсанд авагдсан иргэн Ч.Бааст, Б.Дамдинбазар нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, тэдгээрийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 19-26 дугаар хуудсанд авагдсан Мал тооллогын А дансны лавлагаа, Мал тооллогын картууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 44-45 дугаар хуудсанд авагдсан гэрч Б.Дамдинбазарын мэдүүлэг нь хүсэлт гаргагчийн тайлбараас зөрсөн буюу нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж.Т-ын Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 2 дугаар бригадад 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1981 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Хүсэлт гаргагч Ж.Т нь Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 2 дугаар бригадад 1975 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 1975 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1980 оны 8 дугаар сараас 1981 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ж.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ