Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 153/ШШ2018/00303

 


 

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 153/ШШ2018/00303

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Зэрэг сум Г.Г-ын  хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 153/2018/00268/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, хүсэлт гаргагч Г.Г нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1962 онд төрсөн бөгөөд 8 дугаар анги төгссөн....1980 онд цэргийн албанд татагдаж, 1983 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. Цэргийн албанаас халагдаж ирснээс хойш өдий хүртэл мал маллаж байна. Тухайн үед малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад 1977 оны 06 дугаар сараас 1980 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал, 1983 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд тус тус малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХКомпанид малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Г.Г  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Г.Г нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад 1977 оны 6 дугаар сараас 1980 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг дуустал, 1983 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд тус тус малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулалаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Г.Г нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад 1978 оны 6 дугаар сараас 1980 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг дуустал, 1983 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд тус тус малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 794 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадын 1978-1980, 1983-1991 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн өмч хувьчлалын комиссын 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дугаартай тогтоолын хуулбар, 1989 оны 10 сарын 30-ны өдөр олгосон Тэрүүний малчин алтан медиалын үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1990 оны 2 сарын 16-ны өдөр олгосон Залуу аварга малчин медиалын үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 440 дугаартай Тус аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл /Хөдөлмөр ХК/ нь 1991-1992 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болно гэх бичилтэй албан бичиг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 111 дугаартай Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл нь 1991 оны 12 сарын 26-нд Хөдөлмөр хувьцаат компани болж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэх бичилттэй лавлагаа, гэрч Ч.Дамдинсүрэнгийн ....Г.Г нь 1978 оны 6 дугаар сард Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр гарч Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн эхэн бригадад эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1980 оны хавар цэргийн албанд татагдаж явж 1983 онд халагдаж ирсэн. 1983 онд цэргийн албанаас халагдаж ирснээс хойш 1991 он хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад малчнаар ажилласан....Эцгийг нь Галиндэв, ээжийг нь Риймаа гэж хүмүүс байсан....Ховд аймгийн Зэрэг сумын сургууль нь 8 жилтэй байсан. Би Г.Г-ын ах Галсандоржтой нэг үеийн буюу 1976 онд 8 дугаар анги төгссөн юм. Харин Г.Галсанбат нь бид нараас 2 доор буюу 1978 онд 8 дугаар анги төгсөж байсан юм.... гэх мэдүүлэг, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 36/002353 дугаартай Эцгийн Эцэг/эх/-ийн нэр Ест Галиндэв, Эхийн Эцэг/эх/-ийн нэр Содном Риймаа, Галиндэвийн Галбат 1962/07/24-нд Ховд аймгийн Зэрэг сумын 67-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэх бичвэртэй төрсний бүртгэлийн лавлагаа, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 36/002354 дугаартай Галиндэв Галсанбат, Ишнээ Уранцэцэг нарын 1986/10/19-нд гэр бүл болсныг Ховд аймгийн Зэрэг сумын 23-рт 1986/11/06 өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэх бичвэртэй гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 5-17, 23, 24, 29, 39, 44-45, 46-47 дугаар тал/

Харин хүсэлт гаргагч Г.Г-ын Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад 1977 оны 6 дугаар сараас 1978 оны 6 дугаар сарыг хүртэлх хугацаанд малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хүсэлт гаргагч нь энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээлээ.

Г.Г нь НАХЯ-ны сайдын 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 451 дүгээр тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, НАХЯ-ны Х ба ДЦУЕГ-ын штабын даргын 1983 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 34 дүгээр мэдэгдлээр өвчний учир цэргээс халагдсан тухай Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 05/2510 дугаар албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 401872 дугаартай Цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1993-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримт хэрэгт авагдсан болно. /ХХ-ийн 18, 25-26, 40 дугаар тал/

Хавтаст хэргийн 19-22, 48-73 дугаар хуудсанд авагдсан нээсэн огноо тодорхойгүй Хөдөлмөрийн дэвтэр болон уг дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар нь байгууллагын даргын гарын үсгээр баталгаажаагүй буюу нотлох баримтын шаардлага хангахгүй, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн Хөдөлмөр дэвтэр болон уг дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар нь 1992 оны цалин хөлсийг бичвэрт тэмдэг дарагдаагүй буюу нотлох баримтын шаардлага хангахгүй, хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудсанд авагдсан иргэн Ч.Дамдинсүрэн, Н.Чимэд-Очир нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 42-43 дугаар хуудсанд авагдсан гэрч И.Шараагийн мэдүүлэг нь хүсэлт гаргагчийн тайлбараас зөрсөн буюу нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г.Г-ын Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад 1978 оны 6 дугаар сараас 1980 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг дуустал, 1983 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд тус тус малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Хүсэлт гаргагч Г.Г нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад 1977 оны 6 дугаар сараас 1978 оны 6 дугаар сарыг хүртэлх хугацаанд малчнаар,Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 С.ОЮУНЖАРГАЛ