Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ийшээгийн Ганбат |
Хэргийн индекс | 187/2022/0523/Э |
Дугаар | 2022/ШЦТ/518 |
Огноо | 2022-07-05 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Л.Төгсжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/518
2022 7 05 2022/ШЦТ/518
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч Л.Төгсжаргал /томилолтоор/,
хохирогч Ө.Д, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир,
шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б овогт Э-ын С-т холбогдох эрүүгийн 2210005700588 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.С нь 2022 оны 02 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Хан-уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нью Гарден хотхоны 1416 дугаар байрны 11 тоотод иргэн өөрийн найз бүсгүй болох Ө.Д-тай маргалдаж түлхэж унагаах, толгой руу хэсэг рүү гараараа цохих, бие хэсэг рүү өшиглөх зэрэг байдлаар халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч Э.С: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хохирогч Ө.Д “...урьд мэдүүлэгтээ үнэн зөв хэлсэн, өнөөдөр нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Ө.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 19 цагийн үед найз залуу болох Э.Стай Шангрилла Моллд хоол идсэн. Тэгээд Э.С намайг хамтдаа тайчдаг баар оръё гэхэд дургүйцсэн боловч орохоор болсон. Бааранд ороод бид хоёр нэг шил виски авсан. Тэр вискинээс би 3 удаа уусан үлдсэн вискиг Э.С уусан. Тэр нэлээн согтолттой байсан. Тэгээд надад таалагдахгүй байхаар нь би гадаа гарчхаад ирсэн. Араас гараад ирэх болов уу гэж бодоод гадаа зогсоод байсан чинь гарч ирэхгүй болохоор нь би буцаад орсон. Тэгээд намайг гадаа удаан байсан гэж хардаад хэрүүл болсон. Тэгээд хэрүүл болоод байхаар нь би таксинд суугаад түрүүлээд Яармаг руу явсан. Тэгтэл араас осолд орчлоо гээд зураг явуулахаар нь найзтай нь холбогдоод хамт Хан-Уул замын цагдаагийн хэлтсийн гадаа хүлээж байгаад гэр рүү нь аваад явсан. Тэгээд Э.Сыг гэрийнх нь гадаа буулгасан. Би 30-40 минутын дараа Э.Сын араас гэрт нь орсон. Тэгсэн Э.С өөр эмэгтэйтэй хамт орондоо хэвтэж байсан. Тэгэхээр нь би Э.Ст хандан чи болиоч ээ ямар ичдэггүй юм бэ гэж хэлсэн. Би бичлэг хийх гэж оролдоход миний гар утсыг булааж авсан. Тэгээд Э.С нэлээн согтолттой байсан болохоор би аргадах гэж оролдоход намайг түлхэж унагааж толгой руу олон удаа цохисон. Яг хэдэн удаа цохисон гэдгийг би санахгүй байна. Намайг цохиж унагачхаад араас нуруу руу өшиглөж байсан. Миний нүд рүү гараад зангидаж байгаад цохисон. Тэгээд би Э.Сыг тайвширчих байх гэж бодоод байрных нь орцонд нь хэсэг хүлээж байгаад гэрт нь ортол намайг гэрээсээ чирээд гаргасан...хоёр нүд хөхөрсөн, уруулын дотор тал язарсан, толгой болон зүүн шанаа хавдартай. Гар хөл, шуу, зэрэг хөхөрч хавдсан...” (хавтас хэргийн 11-12 дахь тал) гэсэн,
Яллагдагчаар Э.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ө.Д бид хоёр 2021 оны 02 сарын 08-ны өдөр танилцаж байсан. Түүнээс хойш уулздаг болоод бид хоёр үерхэж эхэлсэн юм. 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Ө.Дыг гэрээс нь буюу 13- р хорооллын тэнд Түмэн-Өлзий хотхонд байх гэрээс нь очиж аваад өөрийн гэр болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нью гарден хотхонд ирсэн. Ө.Д бид хоёр 17 цагийн үед манай гэрт ирээд орой 19 цагийн үед гараад Шангрила худалдааны төвийн 4 давхарт байх ресторанд ороод хоол идэн би 0.33 литрийн 2 ширхэг пиво уусан. Харин Дөлгөөнжаргал нэг хундага вино уусан. Өмнө нь Ө.Д бид хоёр хамт тайчих клуб орж байсан учраас би Ө.Дд эндээс гараад хоёулаа тайчих клуб орох уу гэхэд Ө.Д тэгье гэсэн. Тэгээд бид хоёр тэр ресторанаас 22 цагийн орчим гараад Энхтайваны гүүрний доор байрлах С СLUВ-ийн үүдэнд ирээд би машинаасаа буугаад ажиллаж байгаад эсэхийг шалгахад ажиллаж байсан. Тэгэхээр нь би буцаад машин дээрээ очоод Ө.Дд энэ газар ажиллаж байна, хамт орох уу гэхэд оръё гэсэн. Тэгээд хамт орсон. Бид хоёр ороод нэг шил 0.7, билүү 1 литрийн бил үү Жэмесон нэртэй виски авсан. Тэгсэн над дээр нэг хүүхэн ирж миний дээр бүжиглэсэн чинь Ө.Д юм хэлэхгүй уурлаад гараад явчихсан. Тэр үед нь би Ө.Дын араас гарах болон, утсаар залгах үйлдэл хийгээгүй. Тэгсэн удалгүй 5 орчим минутын дараа Ө.Д орж ирээд миний дээр бүжиглэж байсан хүүхнийг яв гээд явуулсан. Тэгснээ миний нүүр лүү хундагатай виски цацсан. Би нүүрээ арчаад л чимээгүй сууж байсан. Тэгсэн Ө.Д баруун талын ширээнд сууж байсан танихгүй 6 залуутай хамт суусан. Хэсэг хугацааны дараа буюу 30-40 орчим минутын дараа тэр 6 залуугийн гурав нь намайг авч гараад 3 давхарт байх тамхины өрөө рүү дагуулж оруулаад яагаад эмэгтэй гомдоогоод байгаа юм гэх мэтээр дээрэлхэх маягаар хэлсэн. Тэр үед нь би тэр гурван залууд эр эмийн асуудал зөндөө юм байгаа шдээ гэж хэлээд аргалаад буусан. Тэгээд би найз Батхуяг руу залгаж дуудахад 15 орчим минутын дараа гараад ир ирчихлээ гэж залгасан. Гараад очиход Батхуяг ирчихсэн юм яриад зогсож байсан чинь Ө.Д араас нөгөө шилтэй вискиг барьчихсан гарч ирсэн. Би тэр шилтэй вискиг нь авч шидсэн гэсэн. Тэр хэсгийг санахгүй байгаа юм. Уг нь тэр үед их уугаагүй мөртөө нэлээн согтолттой байсан. Тэгээд би Ө.Дыг би чамтай хамт баймааргүй байна, чи гэр лүүгээ харь гээд таксинд суулгаж өгөөд явуулсан. Удалгүй Ө.Д залгаад таксины жолооч намайг айлгаад байна би зам дээр буучихлаа намайг ирж ав гэхээр нь би чадахгүй очиж авахгүй гэж хэлээд утсаа тасалчихсан. Тэгээд би өөрийнхөө машиныг унаад гэр лүүгээ явж байгаад Мишээл Экспогийн уулзвар буюу гэрлэн дохио дээр миний урд явж байсан машин зүүн эргэх гээд зогсоход нь би араас очоод мөргөчихсөн юм. Тэгэнгүүт нь би найз Батхуяг руу залгаад хэлсэн. Батхуяг удалгүй хүрээд ирсэн. Тэгээд бас Ө.Д руу би машин мөргөчихлөө гэсэн утгатай мессеж бичсэн. Тэндээс миний машиныг ачаад журмын хашаа руу аваад явчихсан намайг замын цагдаагийн хэлтэс рүү авч яваад мэдүүлэг авсан. Би мэдүүлгээ өгчхөөд гарч ирээд Батхуягийн машинд суухад Ө.Д арын суудал дээр суучихсан байсан. Тэгснээ миний нүүр лүү хоёр удаа маажсан. Батхуяг намайг гэр лүү хүргэж өгөөд би гэрийнхээ ганцаараа буусан. Ө.Дыг Батхуяг 13-р хороололд Түмэн-Өлзий хотхонд гэрийнх нь гадаа буулгаж өгсөн гэсэн. Би гэртээ ороод сэтгэл санааны байдал хэцүү байсан учраас багын найз Сийлэн рүү залгаж хүрээд ирээч гэж дуудахад Сийлэн 03 цаг өнгөрч байхад манайд ирсэн. Бид хоёр орж ирээд удаагүй байтал төд удалгүй Ө.Д хаалга түлхүүрдээд ороод ирсэн. Уг нь би гэрийн түлхүүрээ өгөөгүй байсан юм. Манай гэрийн илүү түлхүүрийг нууцаар авсан юм шиг байна лээ. Ө.Д орж ирээд орилж хашхичаад миний толгой тархи уу нүдээд байсан. Тэгэхэд нь би өөрийгөө хамгаалаад гарыг нь бариад байж байсан. Тэгснээ өөрөө орилж хашхичаад байснаа намайг гэнэт чи энэ охиноо л гаргачих хоёулаа ярилцъя гэж хэлсэн. Унтлагын өрөөний ширээн дээр байх телевизорыг татаж унагаахад нь би телевизорыг барьж авах явцдаа санаандгүй нүүр лүү нь нэг удаа цохичихсон юм билээ. Мөн унтлагын өрөөнд байх цагаан өнгийн дугуй автомат шал угаагчийг авч газар шидсэн Тэр үед ер нь их контакттай, ноцолдох үйл явц болсон учир Ө.Дын бие хаанд нь хөхрөх гэмтэл учирсан байх. Сүүлдээ би арга ядаад өөрийн аав ээж рүү залгаж Ө.Д манайд орж ирээд иймэрхүү үйлд явдал гаргаад байна яах вэ гэж хэлсэн. Мөн Ө.Д над руу хутга бариад дайрахад би өрөө рүүгээ зугтаж орж хаалгаа хаасан. Сүүлдээ би Ө.Дыг хойноос нь тэврэн гэрийнхээ хаалгаар гаргасан. Ингээд өөр зүйл болоогүй. Харин өглөө нь буюу 2022 оны 2-р сарын 05-ны өглөө 6 цагийн үед манай аав Эрдэнэбаатар орж ирсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал) гэсэн
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 5-7 дахь тал)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 50 дахь тал)
Шүүгдэгч Э.Сын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 52-56 дахь тал) зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Э.С нь 2022 оны 02 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Хан-уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нью Гарден хотхоны 1416 дугаар байрны 11 тоотод иргэн өөрийн найз бүсгүй болох Ө.Дтай маргалдаж түлхэж унагаах, толгой руу хэсэг рүү гараараа цохих, бие хэсэг рүү өшиглөх зэрэг байдлаар халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.С, хохирогч Ө.Д нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлын талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №2585 дугаартай дүгнэлт, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 5-7 дахь тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Ө.Дын эрүүл мэндэд нь “...биед баруун дээд, доод зовхи, зүүн дээд зовхи, зүүн хацар, зүүн чихний дэлбэнгийн ар, дээд уруулын салст, баруун мөр, шуу, сарвуу, зүүн сарвуу, зүүн ядам хуруу, баруун, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, дээд уруулын салстад няцарсан шарх, баруун бугалга, баруун мөрөнд цус хуралт, зүүн зулай, чамархай, зүүн хацар, баруун сарвуунд зөөлөн эдийн...” бүхий гэмтлийг шүүгдэгч Э.С түүнийг түлхэж унагаах, толгой руу хэсэг рүү гараараа цохих, бие хэсэг рүү өшиглөх цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.С, хохирогч Ө.Дын эрүүл мэндэд нь “...биед баруун дээд, доод зовхи, зүүн дээд зовхи, зүүн хацар, зүүн чихний дэлбэнгийн ар, дээд уруулын салст, баруун мөр, шуу, сарвуу, зүүн сарвуу, зүүн ядам хуруу, баруун, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, дээд уруулын салстад няцарсан шарх, баруун бугалга, баруун мөрөнд цус хуралт, зүүн зулай, чамархай, зүүн хацар, баруун сарвуунд зөөлөн эдийн гэмтэл...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Сын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
2. Шүүгдэгч Э.С нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...шүүгдэгч Э.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй...” гэх саналыг гаргасан.
Гэм буруугийн хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэм буруугийн талаар маргаагүй. Найз охиндоо гар хүрснээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Хохирогч ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй. Гэм буруугаа хүлээж байгаа хүнд өндөр торгох ялын санал гаргаж байна. Хамгийн бага хэмжээний торгох ялыг оногдуулж өгнө үү” гэж,
Хохирогчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгчийн хийж байгаа үйлдэл нь улсын яллагчаас гаргаж байгаа саналтай нийцэхүйц байна. Тухайн үед зам тээврийн осол гаргаж, дараа нь найз охиныхоо эсрэг мэдүүлэг гаргуулсан. Анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа нь үнэн боловч ухамсрынх нь хувьд анхааруулахаар анхааруулга өгөх нь зүйтэй” гэ тус тус мэтгэлцэв.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал (хавтаст хэргийн 52-56 дахь тал), прокурорын гаргасан санал дүгнэлтийг шүүх харгалзан үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 500 (таван зуун мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Э.Ст оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Дын эрүүл мэнд биед баруун дээд, доод зовхи, зүүн дээд зовхи, зүүн хацар, зүүн чихний дэлбэнгийн ар, дээд уруулын салст, баруун мөр, шуу, сарвуу, зүүн сарвуу, зүүн ядам хуруу, баруун, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, дээд уруулын салстад няцарсан шарх, баруун бугалга, баруун мөрөнд цус хуралт, зүүн зулай, чамархай, зүүн хацар, баруун сарвуунд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөрийн баримтгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн 2210005700588 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э-ын С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ст 500 (таван зуун мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Ст торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Э.Ст оногдуулсан 500 (таван зуун мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ