Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 153/ШШ2018/00304

 

 

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 153/ШШ2018/00304

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багт оршин суух, эрэгтэй, И.П-ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 153/2018/00305/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, хүсэлт гаргагч И.П нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч И.П шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би айлын ганц хүү бөгөөд сургуульд сураагүй, мөн цэргийн албанд яваагүй. 1979 оноос эхэлж аав, ээж нарын хамт мал маллаж байсан. Иймд намайг Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад 1979 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Би үхэр маллаж байсан....Би цэрэгт эрүүл мэндийн шалтгааны улмаас яваагүй....гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

И.П нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч И.П нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад 1979 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулалаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч И.Пионер нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад 1979 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 937 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадын 1979-1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 36/002246 дугаартай Исхан Пионер, Савий Азипа нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрч Х.Байкельдын ....И.Пионер цэрэгт яваагүй. Зүрх муутай хүн байсан болохоор тэнцдэггүй байсан.... гэх мэдүүлэг, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 36/002375 дугаартай Эцгийн Эцэг/эх/-ийн нэр Жампенс Исхан, Эхийн Эцэг/эх/-ийн нэр Оралган Күмгиш, Исхан Пионер 1963/02/10-нд Ховд аймгийн Ховд сумын 32-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэх бичвэртэй төрсний бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 13-24, 34, 39, 40 дүгээр тал/

И.П нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний 1613000731 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хэрэгт авагдсан болно. /ХХ-ийн 12 дугаар тал/

Хавтаст хэргийн 5-6 дугаар хуудсанд авагдсан иргэн Х.Байкельд, Э.Кабетай нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 7-11 дүгээр хуудсанд авагдсан 1979 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар нь байгууллагын тамгаар баталгаажаагүй буюу нотлох баримтын шаардлага хангахгүй, хавтаст хэргийн 25-26 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадын хүсэлт гаргагчийн нэр бүхий бичвэртэй 1990-1991 онуудын 70 дугаар дансны хуулбарууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар И.П-ын Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад 1979 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч И.П-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЮУНЖАРГАЛ