Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/525

 

 

 

 

 

 

 

   

  2022         07            07                                    2022/ШЦТ/525

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Л.Төгсжаргал /томилолтоор/,

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Ш овогт Э-ын Б-д холбогдох эрүүгийн 2210002230710 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 10 сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3,эхнэр, хүүхдийн хамтаар тоотод оршин суух хаягтай, урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 01-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэгдэж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын шүүхийн шүүгчийн 375 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 22 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, Б овогт Э-ын Б, (РД:)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Б.Лхамсүрэнтэй 77-58 УБН улсын дугаартай санато 6 маркийн тээврийн хэрэгслийг 7.500.000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулан өөртөө шилжүүлэн, бусдад худалдан болуулсан атлаа төлбөрийг төлөөгүй Б.Лхуурч, бодид байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

             Шүүгдэгч Э.Б: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

         

          Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Б.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...би өөрийн эзэмшлийн 7758 УБН улсын дугаартай хар өнгийн Соната 6 маркийн тээврийн хэрэгслийг 2020 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр Э.Б гэх хүнд Тээврийн хэрэгсэл худалдах,худалдан авах гэрээг байгуулан 7.500.000 төгрөгт тооцон хүлээлгэн өгсөн. Тэгээд мөнгөө авах гэтэл машиныг маань ББСБ-д барьцаанд тавиад мөнгийг нь өгнө гэж байсан боловч тээврийн хэрэгслийг задлаад зарсан юм шиг байсан...” (хавтас хэргийн 7-10 дахь тал) гэсэн,

 

Гэрч С.Янживцэвэл шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...тухайн тээврийн хэрэгслийг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр тухайн тээврийн хэрэгслийг манай ломбардад авчирч 1.500.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Зээл авснаас хойш нэг ч төгрөг төлөөгүй ба шүүхээр эрэн сурвалжилж байгаад олсон...2022 оны 3 дугаар сард зээлээ хаасан...” (хавтас хэргийн 11-14 дэх тал) гэсэн,

Яллагдагчаар Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...би тухайн тээврийн хэрэгслийг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 7.500.000 төгрөгөөр худалдан авсан Ломбардад 1.500.000 төгрөгийн барьцаанд тавиад түүнээс 920.000 төгрөгийг Лхамсүрэнд өгсөн. Тэгээд өөр өгөх мөнгө байхгүй байсан учир өнөөдрийг хүртэл өгч чадаагүй...тухайн машиныг Мөнх-Эрдэнэ гэдэг хүнд зарсан, урьдчилгаа 2.000.000 төгрөг өгөөд үлдэгдлийг нь сар болгон 400.000 төгрөгөөр өгнө гэж байсан боловч өгөөгүй...” (хавтаст хэргийн 29-39 дэх тал) гэсэн,

 

Дамно ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ХУ1-22-455 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 23-25 дахь тал),

 

Шүүгдэгч Э.Бгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 45, 76-78 дахь тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 55 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 58-65 дахь тал),

Тээврийн хэрэгсэл худалдах,худалдан авах гэрээ (хавтаст хэргийн 82-83 дэх тал),

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 153 дахь тал),

Хохирогч Д.Баттулга нь гомдол саналгүй талаарх хүсэлт (хавтаст хэргийн 158 дахь тал) зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Э.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1. Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Б.Лхамсүрэнтэй 77-58 УБН улсын дугаартай санато 6 маркийн тээврийн хэрэгслийг 7.500.000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулан өөртөө шилжүүлэн, бусдад худалдан болуулсан атлаа төлбөрийг төлөөгүй Б.Лхуурч, бодид байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Лхамсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд, Дамно ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ХУ1-22-455 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 23-25 дахь тал), Тээврийн хэрэгсэл худалдах,худалдан авах гэрээ (хавтаст хэргийн 82-83 дэх тал), Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 153 дахь тал), Хохирогч Д.Баттулга нь гомдол саналгүй талаарх хүсэлт (хавтаст хэргийн 158 дахь тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.

 

Шүүгдэгч Э.Бгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “...хуурч, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг ...шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй, Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Б, хохирогч Б.Лхамсүрэнтэй 77-58 УБН улсын дугаартай санато 6 маркийн тээврийн хэрэгслийг 7.500.000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулан өөртөө шилжүүлэн, бусдад худалдан болуулсан атлаа төлбөрийг төлөөгүй Б.Лхуурч, бодид байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг ...бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлөхөө, хохирогч гомдол саналгүйгээ илэрхийлж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлэн шүүгдэгч Э.Бг бодит байдлыг нуух замаар бусдыг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг (хавтаст хэргийн 45, 76-78 дахь тал) харгалзан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Э.Бд оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

         

Гэмт хэргийн улмаас хохирогч хохирогч Б.Лхамсүрэнд 7.500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Хохирогч нь гомдол саналгүй талаарх хүсэлт (хавтаст хэргийн 158 дахь тал) гэсэн байх тул шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн 2210002230710 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Э-ын Б-г бодит байдлыг нуух замаар бусдыг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Бд торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Бд оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ