| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00317/и |
| Дугаар | 153/ШШ2018/00305 |
| Огноо | 2018-05-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 153/ШШ2018/00305
| 2018 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 153/ШШ2018/00305 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багт оршин суух, эрэгтэй, Х.Х-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 153/2018/00317/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.Х шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хурманхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Хүсэлт гаргагч Х.Хөпберген нь 1961 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн. Хүсэлт гаргагч 1976 онд сургуулиас гарч өдий хүртэл мал маллаж байна. 1979 онд цэргийн албанд татагдаж, 1982 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. Мал маллахаас өөр ажил хийж байгаагүй. Х.Хөпбергенийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргаж байна....Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэх дээр нэрний эхний үсэг Х үсгээр буюу Хөпберген гэж бичигдсэн байдаг. Хөдөлмөрийн дэвтэр болон 70 дугаар дансны баримтуудад нэрний эхний үсгийг К үсгээр буюу Көпберген гэж бичигдсэн байсан. Эцэг, эхээс нь өгсөн нэр бол Көпберген юм. Албаны бичиг баримтуудад К үсгийн Х үсэг болгож бичснээс болж одоо Хөпберген гэсэн нэрээр улсын бүртгэлд бүртгэгдэж явдаг юм. Уг нь манай казакуудад бол Х үсгээр эхэлж бичигддэг нэртэй хүн байхгүй. Албаны баримтуудад Х үсгээр эхэлж бичигдсэн нэртэй хүмүүс дандаа К үсгээр бичигдэх ёстой юм. Гэтэл Казак хүмүүсийн нэрийг бусад хүмүүс бичихдээ К үсгийг Х үсгээр сольж хэллэгээрээ бичснээс болж Хөпбергенийн 70 дугаар дансанд бичигдсэн нэрний эхний үсэг зөрсөн. Ер нь бол казак хүмүүс Хөпберген гэж дуудахгүй, мөн бичихгүй. Көпберген гэж дуудна. Миний нэр ч гэсэн Хурманхан гэж буруу бичигдсэн явдаг юм....гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Х.Х нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хурманхан нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг Х.Х-ийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулалаа.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Х.Х нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 570 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Шураг бригадын 1979, 1983-1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 36/002404 дугаартай Хармаан Хөпберген, Салимжан Батира нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 36/002403 дугаартай Эцгийн Эцэг/эх/-ийн нэр Сөг Хармаан, Эхийн Эцэг/эх/-ийн нэр Рамак Кавыра, Хармаан Хөпберген 1961/03/14-нд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 25-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэх бичвэртэй төрсний бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 13-22, 26-27 дүгээр тал/
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ....Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэх дээр нэрний эхний үсэг Х үсгээр буюу Хөпберген гэж бичигдсэн байдаг. Хөдөлмөрийн дэвтэр болон 70 дугаар дансны баримтуудад нэрний эхний үсгийг К үсгээр буюу Көпберген гэж бичигдсэн байсан. Эцэг, эхээс нь өгсөн нэр бол Көпберген юм. Албаны бичиг баримтуудад К үсгийн Х үсэг болгож бичснээс болж одоо Хөпберген гэсэн нэрээр улсын бүртгэлд бүртгэгдэж явдаг юм. Уг нь манай казакуудад бол Х үсгээр эхэлж бичигддэг нэртэй хүн байхгүй. Албаны баримтуудад Х үсгээр эхэлж бичигдсэн нэртэй хүмүүс дандаа К үсгээр бичигдэх ёстой юм. Гэтэл Казак хүмүүсийн нэрийг бусад хүмүүс бичихдээ К үсгийг Х үсгээр сольж хэллэгээрээ бичснээс болж Хөпбергенийн 70 дугаар дансанд бичигдсэн нэрний эхний үсэг зөрсөн. Ер нь бол казак хүмүүс Хөпберген гэж дуудахгүй, мөн бичихгүй. Көпберген гэж дуудна..... гэх тайлбараар тогтоогдож байх тул Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 570 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Шураг бригадын 1979, 1983-1989 онуудын 70 дугаар дансанд Хармааны Көпберген гэж бичигдсэн баримтуудыг хүсэлт гаргагчийн ажилласан жилд хамааралтай нотлох баримт гэж үзэн үнэлсэн болохыг дурдав.
Х.Х нь НАХЯ-ны сайдын 1979 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 389 дүгээр тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 491 дүгээр тушаалаар 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цэргээс халагдсан тухай Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 02/1924 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримт хэрэгт авагдсан болно. /ХХ-ийн 5, 12 дугаар тал/
Хавтаст хэргийн 6-7 дугаар хуудсанд авагдсан 1982 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар нь байгууллагын тамгаар баталгаажаагүй буюу нотлох баримтын шаардлага хангахгүй, хавтаст хэргийн 8-11 дүгээр хуудсанд авагдсан иргэн Д.Норовням, С.Эрдэнэцогт нарын иргэний үнэмлэхний хуулбар нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, тэдгээрийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 570 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагчийн нэр бүхий бичвэртэй Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Шураг бригадын 1990 оны 70 дугаар дансны хуулбар нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х.Х-ийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Х.Х-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ