Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/531

 

 

 

 

 

 

 

   

  2022          7            08                                    2022/ШЦТ/531

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Б.Хурц /томилолтоор/,

шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн С овогт Э-ын Г-т холбогдох эрүүгийн 2210009600723 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетинг менежмент мэргэжилтэй, Сутайн Буянт ХХК-д ажилладаг, ам бүл 3 эхнэр, 1 хүүдийн хамтаар тоотод оршин суудаг, урьд 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 560 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, С овогт Э-ын Г (РД:)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Г нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өгөөмөр” хүнсний дэлгүүрийн орчим хохирогч О.Ж-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас үүдэн маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж газарт унагаж эрүүл мэндэд нь хамар ясны зөрүүтэй хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулд шарх, дух, баруун нүдний доод зовхи, баруун хацар, завж, хамрын нуруу, зүүн өвдөгт зулгаралт, баруун нүдний зовхи, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

          Шүүгдэгч Э.Г: “...хоёр найзтайгаа Нисэхэд караокед орсон. Тэнд шатна дээр Жаргалсайхантай жаахан маргалдсан ба гадаа гараад нүүр лүү нь нэг цохисон, газар унаад нүүр нь шалбарсан. Хохирогчтой 10 жилийн нэг сургуулийн дээд, доод ангийн хүүхдүүд бие биеэ танина. Бүх зүйлд миний буруу...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч О.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...би өчигдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өгөөмөр дэлгүүрийн 2 давхарт байрлах пабад ганцаараа Сэнгүүр нэртэй 0.5 литрийн шилтэй пиво уугаад сууж байхад гаднаас зүс таних Цахиур гэх нэртэй залуу үл таних 2 хүнтэй орж ирээд миний сууж байсан ширээн дээр ирээд надтай мэндлээд надтай хамт суусан бөгөөд тухайн үед би Цахиурт хандан чи урд нь манай найзыг зодсон байна лээ яагаад согтуу байхад нь найз Тэмүүжинг зодсон юм гэж асуухад Цахиур уурлаад чи юу гээд байгаа юм бэ гэж хэлээд миний өмсөж байсан хувцаснаас зуураад тус пабнаас чирээд гаргасан. Тухайн үед Цахиуртай хамт явж байсан 2 залуу хориглоогүй бөгөөд Цахиур бид хоёрыг дагаад гарсан. Цахиур нь пабны гадаа буюу Өгөөмөр дэлгүүрийн ертөнцийн зүгээр баруун талд миний баруун шанаанд зүүн гараа атгаж байгаад 2-3 удаа цохиод үргэлжлүүлэн хувцаснаас заамдаж барьж байгаад дугтарч газар унагаагаад миний нүүр рүү баруун хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн бөгөөд намайг газраас босож амжаагүй байхад өмдний арын халаасанд байсан хар өнгийн жижиг арьсан түрүүвч 50.000 төгрөгтэй байсан, ай фоун 6 эс загварын гар утас, бугуйн цаг зэргийг авчаад баруун гараараа миний үснээс зулгааж дух, нүүрийг газар шүргүүлж чирээд миний дух, баруун шанаа, баруун талын эрүү, баруун дээд завжийг тус тус халцалж гэмтээсэн бөгөөд би өөрөө газраас босоход Цахиур нь хамт явж байсан үл таних залууд хандан ус аваад ир гэж хэлээд цэвэр ус авчруулаад чи наад усаараа нүүрээ угаа, цусаа цэвэрлэ гэж хэлэхээр нь би Цахиурын өгсөн цэвэр усаар нүүрээ угаах гэж байгаа дүр, зураг үзүүлээд шууд зугтааж гэр рүүгээ явсан...би өмнө нь өгсөн мэдүүлэгт халааснаасаа хар өнгийн арьсан түрүүвч мөн гар утас, бугуйн цаг зэргийг алдсан гэж мэдүүлсэн гэтэл өнөөдөр би өөрийн гар утсаа пабад цэнэглүүлээд үлдээснээ санаад буцаж очоод гар утсаа олж авсан. Харин хар өнгийн арьсан түрүүвчийг 19 цаг өнгөрч байхад Ганцахиур фэйсбүүкээр холбогдоод Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны ойролцоо ирээд хар өнгийн түрүүвчээ ав гэж хэлсний дагуу тус газарт очиход 10 орчим насны эрэгтэй хүүхдээр миний хар өнгийн арьсан түрүүвч өгч явуулсныг би хүлээн авсан...” (хавтас хэргийн 15-18 дахь тал) гэсэн,

 

Гэрч Н.Батдуулга мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...бид нар хажуугаар нь зөрөх гэтэл Жаргалсайхан нь Цахиуртай хэрүүл өдөөд хоорондоо маргалдаж эхэлсэн тул найз Цахиурыг дагуулан яваад нэлээн зайтай очиход Ганцахиур нь Буд бид хоёрын хажууд дагаж явж байгаад бид хоёрыг орхиод урд зүг рүү гүйгээд явсан тул би Ганцахиурын эхнэр мөн Буд нарын хамтаар араас нь очиход Жаргалсайхан газар хэвтсэн байдалтай харин хажууд нь Ганцахиур болон Сайнбилэг мөн зүс таних залуутай хамт зогсож байхаар нь би тэд нарт хандан би ийм муухай зүйлд оролцохыг хүсэхгүй байна гэж хэлээд тэд нарыг орхиод нэлээн зайтай очоод зогсоход МЖ нэртэй зочид буудлын ажилтан эмэгтэй Ганцахиурын эхнэрт хандан сая танай найз чинь энэ залууг зодоод хаячихлаа гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 15-18 дахь тал) гэсэн,

 

Гэрч А.Сайнбилэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...тэр үед Жаргалсайхан архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглээд биеэ авч явж чадахгүй болтлоо уусан байсан...тэгээд танил гэх дэлгүүрийн гадаа Жаргалсайханыг баруун гараараа нэг удаа нүүр хэсэг нь цохитол Жаргалсайхан газарт унахдаа нүүр хэсгээрээ унасан. Тэгээд Жаргалсайханыг босготол цус гарсан байсан бөгөөд нүүрийг нь угаах гээд дэлгүүрээс ус, нойтон салфетка аваад нүүрийг нь угаах гэтэл угаахгүй байсан. Тэгээд худалдаж авсан усаа Жаргалсайханы толгой дээр нь асгаад цусыг нь арилгах гэтэл үгүй гээд байсан. Тэгээд Жаргалсайхан Нисэхийн байрны буудал руу алхаад явахаар нь Ганцахиур араас нь дагаад алхсан. Тухайн үед Ганцахиур Жаргалсайханыг цохиод унагахад нь Жаргалсайханы түрүүвч халааснаас нь унасан. Газар унасан түрүүвчийг нь би аваад Жаргалсайханд өгөх гэтэл аваагүй өөрөө зугтаад явсан. Тэгээд надад түрүүвч нь байсан бөгөөд түрүүвчинд ямар нэгэн мөнгө байгаагүй. Хаан банкны виза карт, иргэний үнэмлэх хоёр байсан. ...тэгээд Ганцахиуртай архи ууж байхад би Жаргалсайханы түрүүвчийг нь Ганцахиурт өгчихсөн юм. Ганцахиур надад хэлэхдээ би Жаргалсайхантай уулзах байхаа тааралдахдаа түрүүвчийг нь өгнө гэж хэлэхээр нь би өгчихсөн...тэгээд байрны буудал руу зугтаагаад явахаар нь би түрүүвчийг нь хаяхгүйн тулд авсан” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 28-29 дэх тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4-р сарын 05-ны өдрийн шинжээчийн 5252 дугаар “....О.Ж-ы биед хамар ясны зөрүүтэй хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулд шарх, дух, баруун нүдний зовхи, баруун хацар, завж, хамрын нуруу, зүүн өвдөгт зулгаралт, баруун нүдний зовхи, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулд шарх гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” (хавтаст хэргийн 32-33 дахь тал) гэсэн дүгнэлт,

 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 6-8 дахь тал)

          Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 9-12 дахь тал)

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 57 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 66-67 дахь тал)

          Шүүгдэгч Э.Гын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 58-62 дахь тал)

          Хохирогч эмнэлгийн байгууллагад үзүүлсэн үзлэг, шинжилгээ, баримт (хавтаст хэргийн 84-95 дахь тал)  зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1. Шүүгдэгч Э.Г нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өгөөмөр” хүнсний дэлгүүрийн орчим хохирогч О.Ж-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас үүдэн маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж газарт унагаж эрүүл мэндэд нь хамар ясны зөрүүтэй хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулд шарх, дух, баруун нүдний доод зовхи, баруун хацар, завж, хамрын нуруу, зүүн өвдөгт зулгаралт, баруун нүдний зовхи, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Гын шүүхийн хэлэлцүүлэгт болон хохирогч О.Ж-, гэрчүүдийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлын талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №5252 дугаартай дүгнэлт, Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 6-8 дахь тал), Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 9-12 дахь тал), Хохирогч эмнэлгийн байгууллагад үзүүлсэн үзлэг, шинжилгээ, баримт (хавтаст хэргийн 84-95 дахь тал)  зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч О.Ж-ы эрүүл мэндэд нь “...биед хамар ясны зөрүүтэй хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулд шарх, дух, баруун нүдний зовхи, баруун хацар, завж, хамрын нуруу, зүүн өвдөгт зулгаралт, баруун нүдний зовхи, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал...” бүхий гэмтлийг шүүгдэгч Э.Г түүнийг нүүрэн тус газар гараараа цохих, газар унах үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Г, хохирогч О.Ж-ы эрүүл мэндэд нь “...биед хамар ясны зөрүүтэй хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулд шарх, дух, баруун нүдний зовхи, баруун хацар, завж, хамрын нуруу, зүүн өвдөгт зулгаралт, баруун нүдний зовхи, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Гын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Э.Г нь хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...шүүгдэгч Э.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөрт 307.060 төгрөгийг гаргуулж хохирогч О.Ж-д олгох...” саналыг гаргасан.

 

          Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал (хавтаст хэргийн 58-62 дахь тал), прокурорын гаргасан санал дүгнэлтийг шүүх харгалзан үзээд 500 (таван зуун мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Э.Гт оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Ж-ы эрүүл мэнд биед хамар ясны зөрүүтэй хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулд шарх, дух, баруун нүдний зовхи, баруун хацар, завж, хамрын нуруу, зүүн өвдөгт зулгаралт, баруун нүдний зовхи, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардалд баримтаар эмнэлгийн үйлчилгээ, шинжилгээ, эмийн сангийн үйлчилгээ зэрэг баримтаар нийтдээ 476.060 төгрөгийг нэхэмжилсэн ба эдгээр баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтын шаардлага хангасан баримтаар шүүгдэгч Э.Гаас  307.060 (гурван зуун долоон мянга жар) төгрөгийг гаргуулж, хохирогч О.Ж-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт зааснаар Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй. бөгөөд хохирогч О.Ж-д нь мөрдөн шалгах ажиллагаанд хамрын хагалгаанд орох нэхэмжлэл гаргасан байх тул цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн 2210009600723 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Э-ын Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гт 500 (таван зуун мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Гт торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Гт оногдуулсан 500 (таван зуун мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гаас  307.060 (гурван зуун долоон мянга жар) төгрөгийг гаргуулж, хохирогч О.Ж-д олгож, цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ