Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2020/0692/З |
Дугаар | 128/шш2020/0704 |
Огноо | 2020-10-30 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 128/шш2020/0704
2020 10 30 128/ШШ2020/0704
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Цаст-Агула ХХК /РД: 5531667/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Отгон, Д.Сэлэнгэ нар,
Гомдлын шаардлага: Татварын улсын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 232018086 дугаар шийтгэлийн хуудсын шийдвэрлэх хэсгийн 1.1, 2 дахь хэсгийн 7,363,636.40 төгрөгийн нөхөн татварт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Цаст-Агула ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд, хариуцагч Д.Сэлэнгэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Адъяашүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч Цаст-Агула ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдлын шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Отгон, Д.Сэлэнгэ нарын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 232018086 тоот татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсын 1.1 дэх заалтаар 73,636,363.64 төгрөгийн зөрчилд ногдуулсан 7,363,636,40 төгрөгийн нөхөн татвар, 2,209,090.90 төгрөгийн торгууль, 1,472,727.30 төгрөгийн алданги нийт 11,045,454.60 төгрөгийн төлбөр ногдуулсан ба харин шийтгэлийн хуудсын 1.2 дахь заалтыг хүлээн зөвшөөрсөн болно.
Бид Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Отгон, Д.Сэлэнгэ нарын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 232018086 тоот шийтгэлийн хуудсын шийдвэрлэх нь хэсгийн 1.1 дэх заалтыг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч тус зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 19 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 232018086 дугаар актыг хэвээр баталж, бидний гаргасан гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Бид Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Отгон, Д.Сэлэнгэ нарын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 232018086 тоот шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байгаа болно. Үүнд:
1. Манай компани нь реклам, хаяг чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үйл ажиллагаагаа явуулахдаа шаардлагатай барилгын материалуудыг иргэн, хуулийн этгээдээс байнга худалдан авдаг. 2014 онд манай компани нь Орхон аймгийн Бүсийн оношлогооны газрын хаяг, реклам хийх ажлын гэрээ байгуулж, Зуун айл-ын Барилгачин, Бумбат гэдэг 2 дэлгүүрт байрлах барилгын материал зардаг лангуунаас лед гэрэл, төмөр, цахилгааны утас зэрэг барилгын материалуудыг зээлээр худалдан авсан ба үүний төлбөрийг 2016 онд төлсөн болно. Бид үнийг нь төлсөн бараа материалынхаа НӨАТ-ын падааныг авъя гэхэд Монгол гранд эйнжил инвеет ХХК-ийн НӨАТ-ын цахим баримт олгож, манай компани бүртгэлийн системд шивж Монгол гранд эйнжил инвест ХХК ч бас шивж аль аль компани нь тайлагнаж баталгаажуулсан болно. Эдгээр нь манай компанийн 2014 оноос хойшхи НӨАТ-ын тайлангуудаар хангалттай нотлогдоно. Үүнийг зөрчил гэж үзэх ямар ч үндэслэлгүй бөгөөд манай компани нь хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй болно.
2. Татварын улсын байцаагчийн акт буюу шийтгэлийн хуудаст 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй. гэж заасныг үндэслэжээ. Бид 2014 онд дээрх 100 айлын Барилгачин, Бумбат дэлгүүрүүдээс зээлээр авсан бараа материалуудын баримт, падаанууд буюу нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг авч байсан боловч манай компанийн байрлаж байсан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 69 дүгээр цэцэрлэгийн хажуу талын 37дугаар байрны подвальд 2016 оны намар их хэмжээний борооны улмаас подваль үерт автаж бүгд устсан юм. Бид компанийн баримт бичгүүд үерт устсан талаарх Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс лавлагаа тодорхойлолтыг авч зөрчил шалган шийдвэрлэсэн татварын улсын байцаагч Д.Отгон, Д.Сэлэнгэ нарт өгч байсан. Гэтэл татварын улсын байцаагч нар уг лавлагаа тодорхойлолт буюу бидний хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон нотлох баримтыг үл хайхарсан гэж үзэж байна.
3. Манай компани нь Монгол гранд эйнжил инвест ХХК-иас НӨАТ шингэсэн бараа бүтээгдэхүүн худалдан авсан, Монгол гранд эйнжил инвест ХХК нь үүнийг хүлээн зөвшөөрч бүртгэлийн системээр баталгаажсан НӨАТ-ын падаан цахим хэлбэрээр олгосон нь 2 компанийн тайлан, мөн нэмэгдсэн өртгийн албан татварын цахим падаанаар хангалттай нотлогдож байгаа юм. Иймд албан татварыг хасч тооцож тайландаа тусгасан нь хууль зөрчсөн үйлдэл биш юм. Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар НӨАТ-ын падаан буюу цахим баримт нь өөрөө нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтанд хамаарах юм. Гэтэл татварын улсын байцаагчийн актаар анхан шатны баримтанд тусгагдсан байхад баримтанд тусгагдаагүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.
4. 2015 онд батлагдаж 2016 оноос хэрэгжиж эхэлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль нь техник технологийн дэвшлийг хуулиндаа тусгаж хуулийн заалтуудад цахим баримт-ыг хуульчилсан байна. Энэ нь талуудын хооронд заавал цаасан төлбөрийн баримт, падаан шаардахгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж цахим хэлбэрээр үүнийгээ баталгаажуулж, бүртгэж, баримт олгож болох зохицуулалт юм. Хуулийн энэ заалтын дагуу Монгол гранд эйнжил инвест ХХК нь цахимаар баримт явуулж, үүнийг аль аль тал нь хүлээн зөвшөөрч бүртгэж авч, тайландаа тусгасан юм.
5. Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хариуцагч ттаварын улсын байцаагч Д.Отгон, Д.Сэлэнгэ нар нь гаргасан тайлбартаа борлуулагч Монгол гранд эйнжил инвест ХХК нь 2012, 2015-2016 онд нийт 547,828,524.19 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж тайлагнасан нь үндэслэлгүй байна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 228 дугаар дүгнэлтийг гаргасан талаар дурджээ. Өөрөөр хэлбэл Монгол гранд эйнжил инвест ХХК нь 2012 оноос НӨАТ-ын хий бичилтийг бичиж байсан гэдэг тайлбарыг өгчээ. Нэхэмжлэгч талын зүгээс худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг Монгол гранд эйнжил инвест ХХК нь Монгол Улсын гаалиар оруулж ирсэн эсэх, Монгол гранд эйнжил инвест ХХК нь хий бичилттэй НӨАТ-ын падаан бичдэг эсэхийг мэдэх ямар ч боломжгүй бөгөөд Монгол гранд эйнжил инвест ХХК нь НӨАТ-ын бичилттэй төлбөрийн баримтыг бидэнд өгсөн, тайландаа тусгасан бид ч хууль ёсны дагуух баримт юм байна гэж үзэж тайлагнасан. Хэрвээ татварын байгууллага нь Монгол гранд эйнжил инвест ХХК-ийн ийм байдлаар хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулдаг гэдгийг татвар төлөгч бид нарт мэдэгдсэн, Монгол гранд эйнжил инвест ХХК-ийг НӨАТ суутган төлөгчөөс хассан, үйл ажиллагааг нь зогсоосон байсан бол манай компани ийм их хэмжээний татварын өр төлбөрт орохгүй байх байсан. 2008 оны Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1 дэх заалтанд татварын хууль тогтоомж удаа дараа ноцтой зөрчсөн татвар төлөгчийн аж ахуйн үйл ажиллагааг уг зөрчлөө арилгах хүртэлх хугацаагаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу түр зогсоох; бүрэн эрх татварын байгууллагад хуулиараа олгогдсон байсан. Энэ нь татварын байгууллагын өөрсдийнх хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй бурууг буюу үр дагаврыг нэхэмжлэгч үүрч байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтанд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим алдагдсан гэж үзэж байна.
Иймд Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Отгон, Д.Сэлэнгэ нарын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 232018086 тоот шийтгэлийн хуудсын шийдвэрлэх нь хэсгийн 1.1, 2 дахь хэсгийн 7,363,636.40 төгрөгийн нөхөн татварт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Отгон, Д.Сэлэнгэ бид 5531667 регистрийн дугаартай Цаст-Агула ХХК-ийн 2016-2017 оны албан татвар, ногдуулалт төлөлтийн байдалд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10и-3/827 тоот, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 07/778 тоот албан бичиг, 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 23180300103 тоот томилолтын дагуу татварын хяналт шалгалт хийж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд /ПЭ85090233/ регистрийн дугаартай, Хан-Уул дүүргийн ётоот хаягт оршин суух, Баатархүүг оролцуулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар бүлэгт заасан оролцогчийн эрх, үүргийг уншуулж танилцуулан гарын үсэг зуруулсан.
Татварын хяналт шалгалтаар тус компанид нийт 79,299,363.64 төгрөгийн зөрчил илэрч үүнээс 5,663,000.00 төгрөгийн зөрчлийг зөвшөөрч, 73,636,363.64 төгрөгийн зөрчлийг зөвшөөрөөгүй болно. Тус компани нь 2016 онд Монгол гранд эйнжил инвест ХХК-иас нийт 73,636,363.64 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар тайлагнаж, хий бичилттэй төлбөрийн баримт үйлдсэн зөрчил нь Татварын ерөнхий хуулийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 татвар төлөгч татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй, 18.1.3 анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах үүрэгтэй, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 Анхан шатны баримт бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно, 20 дугаар зүйлийн 20.1.4 Хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх гэж заасныг зөрчсөн болох нь санхүүгийн тайлан, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, татварын тооцооллын программын тооцоолол, ярилцлагын тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.
Цаст-Агула ХХК нь анхан шатны холбогдох баримтгүй гүйлгээг дансанд бичиж, хуурамч гүйлгээг бүртгэл санхүүгийн тайлан тэнцэлд тусган, хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар худалдан авалтын хасалт хийсэн, бодит худалдан авалт биш гэдэг нь дараах зүйлүүдээр нотлогдож байна.
1. 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Цаст-Агула ХХК-ийн захирал Б.Баатархүүтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлд:
Нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаантай худалдан авалт хийсэн байна. Ямар бараа материал авсан бэ? гэж асуухад 2014 онд 100 айлын Барилгачин, Бумбат гээд 2 дэлгүүрийн нэгнээс нь барилгын маериал зардаг лангуунаас лед гэрэл, төмөр, электрод, цахилгааны утас гэх мэтийг зээлээр авсан. 2014 онд Эрдэнэт хотод бүсийн оношилгооны газарт хаяг, рекламны ажил хийж байхдаа л увуулж цувуулаад зээлээр бараа материал авсан. 2016 оны 05 сард Эрдэнэтээс авлагаа аваад дээрх өрөө төлж барагдуулахад эхлээд цэнхэр тамгатай баримт өгсөн, би нягтландаа аваачиж өгтөл энэ болохгүй заавал нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хэрэгтэй гэсэн, тэгээд 2 хоногийн дараа тухайн газраас цахим баримт бичиж өгсөн. гэж хариулснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан өгөөрэй гэхэд нь хий бичилттэй энэ падааныг өгсөн нь тодорхой харагдаж байна. Татварын хяналт шалгалт хийн компанийн санхүүгийн баримтыг шалгах явцад ажил, гүйлгээ хийсэн талаар холбогдох ямар ч нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт материалыг ирүүлээгүй, ирүүлсэн баримт материалд нь байхгүй байснаас үзэхэд тус компани нь дээр дурдсан Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон бусад хуулийн заалтыг зөрчсөн нь тодорхой харагдаж байна.
2. Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 07/778 тоот албан бичиг, мөн үүний хавсралт Монгол гранд эйнжил инвест ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татварын шивэлт хийлгэн авсан ААН-ийн нэрсийн жагсаалтад Цаст-Агула ХХК нь бүртгэгдсэн байгаагаар мөн нотлогдож байна.
3. ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10и-3/827 тоотод дурдсанаар Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 250000817 тоот дүгнэлтэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээ хийлгэхэд татвар тооцогдох зөрчил нь Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээ хүрэхгүй байх тул Татварын ерөнхий хуулийн дагуу арга хэмжээ авч хариуг ирүүлнэ үү гэснээр нотлогдож байна.
4. Татварын улсын байцаагчийн дээрх 250000817 тоот дүгнэлтээр Монгол гранд эйнжил инвест ХХК-ийн 2012-2016 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт явуулж, 368,690,515,795,5 төгрөгийн зөрчилд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичиж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байх бөгөөд эрүүгийн 201725020896 дугаар бүхий хэрэг нээж, хянаж байх хугацаандаа дээрх дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг тогтоолгохоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 228 тоот дүгнэлтээр Татварын улсын байцаагчийн 2017 оны 2500000817 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Монгол гранд эйнжил инвест ХХК 2012, 2015-2016 онд нийт 547.828.524.19 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж тайлагнасан нь үндэслэлгүй байна гэх дүгнэлтийг гаргажээ.
5. 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн прокурорын 58 тоот прокурорын тогтоолд: Монгол гранд эйнжил инвест ХХК, Дашиншил ХХК-иудын захирал Р.Батсуурь нь Монгол гранд эйнжил инвест ХХК-ийн нэрээр 2012 он, 2015-2016 онуудад 640 ААН-д 184,217,012,097.00 төгрөгийн бараа худалдан борлуулсан мэтээр НӨАТ-ын цахим шивэлт хийсэн, 545,127,788.17 төгрөгийн бараа худалдан аваагүй атлаа авсан мэтээр тайлагнасан, мөн 183,928,375,910.00 төгрөгийн бараа импортлоогүй атлаа импортолсон мэтээр тайлагнаж татвар ногдуулах орлогыг бууруулан НӨАТ төлөхөөс зайлсхийсэн ... болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн мэргэшсэн шинжээч Д.Мөнхцэцэгийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан 228 дугаартай дүгнэлт / 9хх-ийн 76-15 5х/ болон хэрэгт цугларсан бусад баримтуудаар тогтоогджээ. Дээрх Монгол гранд эйнжил инвест ХХК-ийн нэрээр 2012 он, 2015-2016 онуудад 640 ААН-д бараа худалдан борлуулсан мэтээр НӨАТ-ын цахим шивэлт хийсэн боловч түүнээс 156 ААН нь Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/05 тушаал, журмын дагуу татварын тайландаа засвар оруулж 5,334,388,792.7 төгрөгийн НӨАТ-ыг улсад төлж барагдуулахаа илэрхийлж, үлдсэн 13,087,312,417.21 төгрөгийн НӨАТ-ыг 484 ААН төлөхөөр дээрх дүгнэлтэнд тусгасан байна. Дээрх шинжээчийн дүгнэлтэд дурдсан Монгол гранд эйнжил инвест ХХК-иас НӨАТ-ын хуурамч шивэлт хийлгэсэн тайландаа залруулга хийлгээгүй 484 ААН-с ... 438 ААН-ийн үйлдэл, эс үйлдэл зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 заалтад заасан их хэмжээний хохирол-д хүрэхгүй буюу зөрчлийн шинжтэй болох нь тогтоогдсон тул Татварын байгууллагад Татварын ерөнхий хуулийн дагуу зохих арга хэмжээг авахуулахаар эдгээр ААН-ийн нэрсийг албан бичгээр хүргүүлсэн / 9хх-ийн 178-190х/ нь үндэслэлтэй байна. гэснээр нотлогдож байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Отгон, Д.Сэлэнгэ нар Цаст-Агула ХХК-ийн 2016-2017 оны албан татвар, ногдуулалт төлөлтийн байдалд 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 23180300103 тоот томилолтын дагуу хэсэгчилсэн татварын хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 232018086 дугаар шийтгэлийн хуудсаар нийт 79,299,363.64 төгрөгийн зөрчилд нөхөн татвар, торгууль, алданги ногдуулснаас 2016 онд 73,636,363.64 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр тайлагнаж төлбөл зохих татвараа бууруулсан зөрчил-д нөхөн татвар ногдуулсан шийтгэлийн хуудсын шийдвэрлэх хэсгийн 1.1, 2 дахь хэсгийн 7,363,636.40 төгрөгийн нөхөн татварт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар Цаст-Агула ХХК гомдол гаргаж, маргажээ.
Цаст-Агула ХХК нь 2014 онд Зуун айл барилгын материалын худалдааны гудамжны Барилгачин, Бумбат гэх дэлгүүрийн лангуунаас лед гэрэл, төмөр, цахилгааны утас зэрэг барилгын материал худалдан авч ажил үйлчилгээнд хэрэглэсэн гэх ба, Монгол гранд эйнжил инвест ХХК-иас 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 73,636,363.64 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын (ДДТД 000005437024000160704000001039527) цахим баримт авч, 2016 оны 6 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн, тухайн сард хасагдах нэмэгдсэн өртгийн албан татвар хэмээн тайлагнаж, улмаар төсөвт төлөх албан татварыг тэр дүнгээр буюу 7,363,636 төгрөгөөр бууруулсан байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 Анхан шатны баримт бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно, 20 дугаар зүйлийн 20.1.4 Хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх гэж заасныг зөрчсөн гэж татварын улсын байцаагч нар үзсэн байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцох-оор, 14 дүгээр зүйлийн 14.5-д албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэж тус тус заажээ. Уг хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд өөрийн эрхэлдэг үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах зориулалтаар бусдаас худалдан авсан барааны хувьд түүнийг худалдан авахдаа төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн этгээдийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохоор, харин худалдан авагч нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь падаан, холбогдох санхүүгийн баримтуудаар тогтоогдсон байх хуулийн зохицуулалттай байна.
Татвар төлөгч нь татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төсөвт төлөх үүрэгтэйн дээр төсөвт төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан авах, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх эрхтэй, харин ийнхүү худалдан авалтдаа нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн болохоо буюу худалдан авалтаа бодитойгоор хийгдсэн болохоо санхүүгийн анхан шатны баримтуудаар нотлох үүрэгтэй.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.3-т анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог, 3.1.4-т журнал гэж ажил, гүйлгээг ерөнхий дэвтрийн дансанд шилжүүлэхийн өмнө цаг хугацааны дарааллаар нь бүртгэх бичилтийг, 3.1.5-д ерөнхий дэвтэр гэж аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг бүрдүүлж байгаа бүх дансыг ойлгохоор тодорхойлсон.
Цаст-Агула ХХК-ийн худалдан авсан гэх барааг борлуулсан хэмээн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан \цахим баримт\ бичсэн Монгол гранд эйнжил инвест ХХК-ийг борлуулалт хийгээгүй атал нэмэгдсэн өртгийн падаан хий бичиж аж ахуйн нэгжүүдэд татвараас зайлсхийх боломж олгосон хэмээн тус компанийн захирал Р.Батсуурьт холбогдуулан эрүүгийн 201725020896 дугаартай хэрэг үүсгэн шалгасан ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хаасан бөгөөд Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоолд Р.Батсуурь нь Монгол гранд эйнжил инвест ХХК-ийн нэрээр 2012 он, 2015-2016 онуудад 640 аж ахуйн нэгжид 184,217,012,097 төгрөгийн бараа худалдан борлуулсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын цахим шивэлт хийсэн, 545,127,788.17 төгрөгийн бараа худалдан аваагүй атлаа авсан мэтээр тайлагнасан, мөн 183,928,375,910.00 төгрөгийн бараа импортлоогүй атлаа импортлосон мэтээр тайлагнаж татвар ногдуулах орлогыг бууруулан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 228 дугаартай дүгнэлт болон хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон. гэж дүгнэсэн байдаг.
Цаст-Агула ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр бичүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын цахим баримтад бичигдсэнээр 81,000,000.00 төгрөгийн худалдан авалт хийсэн болохыг, 73,636,363.64 төгрөгийн барааг 7,363,636.36 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн дүнгээр худалдан авсан болохыг нотлох санхүүгийн анхан шатны баримтууд цахим баримтаас өөрөөр байхгүй бөгөөд уг төлбөрийн цахим баримтад 1 ширхэг бараа авсан гэж бичсэнээс өөрөөр гомдолд дурдсанчлан лед гэрэл, төмөр, цахилгааны утас зэрэг барилгын материалын төрөл, нэгж үнэ, тоо ширхэг бичигдээгүй байна. Гомдол гаргагч нь төлбөрийг бэлнээр хийсэн гэх бөгөөд мөн орлого, зарлагын баримт бичигдсэн нь үерийн улмаас устсан хэмээн тайлбарласан ч энэ байдал нотлох баримтаар тогтоогдоогүй болно.
Өөрөөр хэлбэл Монгол гранд эйнжил инвест ХХК борлуулалт хийсэн болох нь, Цаст-Агула ХХК нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр худалдан авалт хийсэн болох нь санхүүгийн анхан шатны баримтаар болон нягтлан бодох бүртгэлээр ийнхүү тогтоогдоогүй тул татварын улсын байцаагч 2016 онд 73,636,363.64 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр тайлагнаж төлбөл зохих татвараа бууруулсан зөрчил гэж үзэж 7,363,636 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хууль (2008 оны) -ийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Татварын улсын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 232018086 дугаар шийтгэлийн хуудсын шийдвэрлэх хэсгийн 1.1, 2 дахь хэсгийн 7,363,636.40 төгрөгийн нөхөн татварт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах Цаст-Агула ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА