Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 112

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхмөрөн,

Улсын яллагч Э.Болор,

Шүүгдэгч Ц.Оргилбаяр, Д.Дашжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдсэнийг баталж ирүүлсэн Боржигин матга овогт Цэдэндоржийн Оргилбаяр, Бодонгууд овогт Дашравдангийн Дашжаргалд холбогдох эрүүгийн 201610010197 тоот хэргийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 35 настай, яс үндэс халх, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэл зүйч  мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Дорноговь аймаг Замын-Үүд сум 2-р баг Эрчимийн гудамж 1-1 тоотод оршин суух, Яндуб ХХК-д борлуулагч ажилтай, Сум дундын шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар, Сум дундын 9 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны 55 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар тус тус шийтгүүлсэн, гавьяа шагналгүй, Бодонгууд  овогт Дашравдангийн Дашжаргал /РД: ЕЙ81102910/

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Гурван булга суманд төрсөн, 34 настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн баг 14-18 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, 1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125-р зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын тэнсэн харгалзах ялаар, Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 90 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлсэн, гавьяа шагналгүй, Боржигин матга овогт Цэдэндоржийн Оргилбаяр /РД: ВЛ82051014/,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллагдагчаар татах тогтоолд авагдснаар/

Шүүгдэгч Бодонгууд овогт Дашравдангийн Дашжаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 22 цагийн орчимд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр 18-ын худаг гэх газарт иргэн Ц.Оргилбаяртай маргалдан зодолдож, улмаар Ц.Оргилбаярын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Боржигин матга овогт Цэдэндоржийн Оргилбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 22 цагийн орчимд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр 18-ын худаг гэх газарт иргэн Д.Дашжаргалын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Ц.Оргилбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цагийн үед найз Цогтбаатар, эхнэр Саруултуяа, манай эхнэр Алтанцэцэг, Цогтбаатарын найз Дашжаргал, өөрийн найз Батсүрэн, хүүхдүүдийн хамтаар Эрдэнэ сумруу 18-н худаг дээр Цогтбаатарын ногооны талбай дээр очиж Саруултуяагийн төрсөн өдрийг тэмдэглэхээр явсан. Бид нар 18-ын худаг дээр оройн 20 цаг өнгөрч байхад очсон. Тэгээд хорхогны мах идээд архи ууцгааж баяраа тэмдэглэж байгаад шөнө 22 цагийн орчимд гэрт байж байгаад Дашжаргалтай маргалдан ноцолдсон. Тэгээд Дашжаргал миний толгой руу гараараа хоёроос гурван удаа цохьсон. Хажууд байсан ногоо хурааж байсан хоёр цэрэг бид хоёрыг салгаад би өөрийн машиндаа очиж суусан. Тэгээд намайг машинд сууж байхад Дашжаргал надтай хэрүүл маргаан хийхээр хайж яваад машин дээр ирээд надтай дахиад хэрүүл хийгээд дайраад байхаар нь өөрийгөө хамгаалахын тулд дорцоов төмрөөр толгой руу нэг удаа цохьсон. Өөр зүйл болоогүй. Тэгээд бид нар машинаараар Замын-Үүдэд ирсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч Дашжаргалтай сайн дураараа эвлэрсэн гэв.

-Шүүгдэгч Д.Дашжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр найз Цогтбаатарын эхнэр Саруултуяагийн төрсөн өдрийг тэмдэглэхээр Оргилбаярын машинтай Оргилбаярын эхнэр хүүхдүүдийн хамт 18-ын худаг руу явсан. Тэгээд оройн 21 цагаас 22 цагийн үед 18-ын худаг дээр очоод махаар хорхог хийж идээд архи ууцгаасан. Тэгээд архи ууцгааж байгаад Оргилбаяр согтоод тэнд байсан ногоо хураалцаж байсан цэргүүдийг янз бүрээр хэлээд байхаар нь миний уур хүрээд Оргилбаяртай маргалдсан. Тэгээд бид хоёр маргалдаж байгаад зодолдсон. Бид хоёрыг тэнд байсан цэргүүд салгаад майханд орж байж байгаад Оргилбаяртай эвлэрхээр гарч ирээд Оргилбаярын машиндаа сууж байхад нь очиход өөдөөс төмрөөр толгой руу цохьсон. Бид хоёрын хооронд ямар нэг өш хонзонгийн асуудал байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчтой сайн дураараа эвлэрсэн гэв.

-Хохирогч Ц.Оргилбаярын шүүхийн хэлэлцүүлэгт болон шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлэгт: 2016 оны 09 сарын 11-ний өдөр Цогтбаатарын эхнэрийн төрсөн өдрийг тэмдэглэхээр Эрдэнэ сумын 18-ын худагруу Цогтбаатар, Дашжаргал, Цогтбаатарын эхнэр Саруултуяа, өөрийн эхнэр Алтанцэцэг, хүүхдүүдийн хамтаар өөрийн эзэмшлийн 58-82 ДГО дугаартай УАЗ 469 машинаараа найз Батсүрэнгээр бариулаад Замын-Үүдээс орой 18 цаг өнгөрч гарч яваад 20 цагийн орчимд 18-ын худаг дээр очсон. Биднийг очиход ногоо хурааж байсан хүмүүс хорхог хийгээд байцгааж байсан. Очоод бид нар гэрт орж хорхогоо идээд архи ууцгаасан. Тэр үед Дашжаргал согтоод агсарч зодолдоё гээд намайг чирээд хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгээд бид хоёрыг маргалдаж байхад гэрэл гэнэт унтраад хүмүүс болон хүүхдүүд үймүүлдээд явчихсан. Тэгээд Дашжаргал бид хоёр харанхуйд ноцолдож байгаад Дашжаргал миний толгой руу хоёр гурван удаа гараараа цохьсон. Тэгээд тэнд ногоо хурааж байсан цэргүүд бид хоёрыг салгасан. Намайг машиндаа сууж байхад Дашжаргал намайг хайж машин дээр ирээд дахиад хэрүүл өдөөд салахгүй болохоор нь би машинд байсан дугуйн дорцоовоор толгой руу нь нэг удаа цохьсон. Тэгээд тэнд хамт очсон хүмүүсээ суулгаад Батсүрэнгээр машинаа жолоодуулаад наашаа ирсэн. Тухайн үед биднийг архи ууцгаагаад мах идэж байх хооронд Дашжаргал архинаас өөртөө ойр ойрхон хийж уугаад байсан гэсэн. Тэгээд амархан согтсон байсан. Согтоод бидэн рүү агсам тавиад байснаас болж согтуу хүмүүс бие биенийхээ үгийг ойлгохгүйгээс болж хэрүүл маргаан зодоод үүссэн. Бид нарын хооронд өр авлага урьдын өс хонзонгийн асуудал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй, санал гомдолгүй, эвлэрсэн гэв.  

- Хохирогч Д.Дашжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарт: Би 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр найз Цогтбаатарын эхнэр Саруултуяагийн төрсөн өдрийг тэмдэглэхээр Оргилбаярын машинтай Оргилбаярын эхнэр хүүхдүүдийн хамт 18-ын худаг руу явсан. Тэгээд оройн 21 цагаас 22 цагийн үед 18-ын худаг дээр очоод махаар хорхог хийж идээд архи ууцгаасан. Тэгээд архи ууцгааж байгаад Оргилбаяр согтоод тэнд байсан ногоо хураалцаж байсан цэргүүдийг янз бүрээр хэлээд байхаар нь миний уур хүрээд Оргилбаяртай маргалдсан. Тэгээд бид хоёр маргалдаж байгаад зодолдсон. Бид хоёрыг тэнд байсан цэргүүд салгаад майханд орж байж байгаад Оргилбаяртай эвлэрхээр гарч ирээд Оргилбаярын машиндаа сууж байхад нь очиход өөдөөс төмрөөр толгой руу цохьсон. Бид хоёрын хооронд ямар нэг өс хонзонгийн асуудал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй, санал гомдолгүй, эвлэрсэн гэв. 

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1/

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/

-Хялбаршуулсан журмаар байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 14/

-Шинжээчийн 371 тоот дүгнэлтэнд: 1.Д.Дашжаргалын биед зүүн чихний урд талд болон баруун тохойн ард язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Учирсан гэмтлүүд нь дангаараа болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 23/

-Шинжээчийн 374 тоот дүгнэлтэнд: 1.Ц.Оргилбаярын хуйханд дагзны зүүн талд  язарсан шарх, баруун бугалганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Учирсан гэмтлүүдийн хуйханд дагзны зүүн талд язарсан шарх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг, баруун бугалганд цус хуралт гэмтэл “Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно. 4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 26/

-Шүүгдэгч Д.Дашжаргалын  цахим иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 39/

-Замын-Үүд сумын 2 дугаар багийн Засаг даргын шүүгдэгч Д.Дашжаргалын оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 40/

- Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41,51/

-Сум дундын 9 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 43-46/

-Шүүгдэгч Ц.Оргилбаярын цахим иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 47/

-Замын-Үүд сумын Борхойн багийн Засаг даргын шүүгдэгч Ц.Оргилбаярын оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 48/

- Шалгасан материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 53/

 - Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай Прокурорын санал /хх-ийн 56/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

Шүүгдэгч Бодонгууд овогт Дашравдангийн Дашжаргал нь 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 22 цагийн орчимд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр 18-ын худаг гэх газарт иргэн Ц.Оргилбаяртай маргалдан зодолдож, улмаар Ц.Оргилбаярын хуйханд дагзны зүүн талд язарсан шарх, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

шүүгдэгч Боржигин матга овогт Цэдэндоржийн Оргилбаяр нь 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 22 цагийн орчимд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр 18-ын худаг гэх газарт иргэн Д.Дашжаргалын биед зүүн чихний урд талд болон баруун тохойн ард язарсан шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч нарын хэрэг бүртгэлийн  болон шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 371 тоот, 374 тоот дүгнэлтүүд /хх-ийн 23, 26/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Дашжаргал, Ц.Оргилбаяр нар нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байх тул шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Дашжаргал нь 2015 оны 06 дугаар сарын 25-ны 55 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзах ялаар шийтгүүлсэн боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосон тул түүнийг анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч нь шүүгдэгч нарыг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар ялаас чөлөөлөхгүй гэж мэтгэлзэж байгаа боловч шүүгдэгч нарыг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох баримтаар нотлоогүй тул тэднийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх боломжгүй байна.

Хохирогч Д.Дашжаргал, Ц.Оргилбаяр нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эврэлсэн гэх мэдүүлгийг өгсөн, нийгмийн хор аюул, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзээд шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бодонгууд овогт Дашравдангийн Дашжаргал, Боржигин матга овогт Цэдэндоржийн Оргилбаяр нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Дашравдангийн Дашжаргал, Цэдэндоржийн Оргилбаяр нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Д.Дашжаргал, Ц.Оргилбаяр нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт ирээгүйг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Дашжаргал, Ц.Оргилбаяр нарт урьд авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.           

5. Энэ шийтгэх тогтоолыг Д.Дашжаргал, Ц.Оргилбаяр, хохирогч нар нь эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   Э.БОЛОРМАА