Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1609

 

МАГАДЛАЛ

 

2017.7.19                                                 Дугаар 1609                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

Д.Батчулууны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/01805 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Батчулууны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамы сайдад холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Батчулуун,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Нямцоож,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Цолмонжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Даваажав нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 16 жилийн хугацаанд төрийн албанд тасралтгүй ажилласан бөгөөд үүнээс Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид 2003 оноос хойш эхлэн ажиллаж байна. Тус байгууллагад ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил, алдаа дутагдал гаргаж байгаагүй ба салбарын тэргүүний ажилтнаар шалгарч, салбарын сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтээр маш сайн, сайн гэсэн үнэлгээтэй ажиллаж байсан. Намайг, Хүнс, хөдөө аж ахуйн яамны сайдын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б-23 тоот тушаалаар энэхүү төв лабораторийн захирлаар томилж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэвийн биелүүлж байхад тус яамны сайд П.Сэргэлэн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Б/02 тоот тушаал гаргаж, миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Улсын Их Хурлын сонгууль явагдаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсны дараагаар шинээр томилогдсон сайдаас удаа дараа намайг ажил, албан тушаалаа өгөхийг шаардаж, улмаар манай байгууллагад аудитын шалгалт оруулж, тус шалгалтаар илэрсэн зөрчлийг надад тохож, ажлаас чөлөөлсөн. 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр захирлаар томилогдсон байтал уг хугацаанаас өмнөх алдаа, дутагдлыг зөвхөн надад хамааруулж, зөрчил гаргасан гэсэн үндэслэлийг тушаалд дурьдсан. Гэвч тус 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Б/02 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн ямар зүйл, заалтыг үндэслэн ийнхүү ажлаас чөлөөлсөн талаар тусгайлан заагаагүй, тушаалын агуулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл ноцтой зөрчил гаргасан гэжээ. Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар манай байгууллагад санхүүгийн хянан шалгалтаар илэрсэн алдаа, дутагдлыг засах даалгавар өгөгдсөн бөгөөд өмнөх Засгийн газрын үед яамнаас өгсөн шинжилгээний төхөөрөмж, гоц халдварт өвчин тээгч мал шатаах зориулалттай техник зэргийг ашиглаагүй гэсэн тайлбар байдаг. Гэтэл бидэнд тухайн тоног төхөөрөмжийг ашиглаад хөдөө орон нутгаар авч явах хүнд даацын автомашин байхгүй, түүнчлэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хууль болон батлагдсан дүрэм, журмыг дагаж мөрдөөгүй, үүнд хяналт тавих үүргээ биелүүлээгүй хэмээн буруутгасан боловч уг байгууллагад ажилладаг ажилтнуудын ажил, албан тушаалаар хүлээсэн үүргийг мөн адил надад хамааруулсан. Иймд, намайг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу манай яамны сайдын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдийн А-57 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн үйл ажиллагаанд дотоод аудит хийж, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 01 тоот тогтоол гаргасан. Уг аудитын дүгнэлтээр тус байгууллага нь Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг тус тус зөрчиж, төсвийн хөрөнгийг үргүй зарцуулсан, өр, авлага үүсгэсэн зэрэг зөрчлүүд тогтоогдсон. Гэтэл нэхэмжлэгчийн ажил, албан тушаалын үүрэг нь тухайн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, ажлыг үр ашигтай зохион байгуулах замаар тавьсан зорилтыг биелүүлэх байтал харъяа ажилтан, албан тушаалтанд зохих хяналт тавиагүйгээс улбаалан ийм зөрчил гарахад хүрсэн байсан. Тус байгууллагын захирлын ажлын зорилт нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн байгууллагын үйл ажиллагааг явуулах, санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх, төсвөөс олгогдсон санхүүжилтийг батлагдсан хуваарь, зориулалтын дагуу зарцуулах, ажил үйлчилгээний орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх зэрэг бөгөөд нэхэмжлэгч тал зөвшөөрөлгүйгээр үнэ тариф нэмж 12 336 376.00 төгрөгийн орлого олсон, тариф бууруулсны улмаас 10 151 780.00 төгрөгийн орлого олох боломжийг алдсан, батлагдсан орон тоог 6 хүнээр нэмэгдүүлсний улмаас 11 200 000.00 төгрөгийн төсвийн алдагдал гаргасныг засаагүй гэх мэт зөрчлүүдийг тус тус үндэслэн ийнхүү Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлд ноцтой зөрчлийн талаар тусгайлан зохицуулсан ба 6.2.2-т ажил үүргийг хангалтгүй биелүүлсэн тохиолдолд ноцтой зөрчилд тооцохоор заасан байх тул ажлаас чөлөөлсөн үйлдэл үндэслэлтэй юм. Хэрэгт авагдсан баримтаар Д.Сэржмядаг, М.Нансалмаа гэх ажилтнуудаас нэхэмжлэгч Д.Батчулууны ажил, удирдах арга барилын талаар удаа дараа гомдол гаргаж байсан удаатай. Хэдийгээр сайдын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Б/02 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримтлаагүй боловч тус хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар ажлаас халсан нь ноцтой зөрчил байсан гэдгийг шууд илэрхийлж байна. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 болон 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Батчулууныг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 415 9033.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, энэхүү олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулийн дагуу чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагчаас 37 604.00 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу 2016 оны 8 дугаар сараас эхлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар сайдын эрхлэх асуудлын хүрээний улсын төсвийн бүх байгууллагуудын үйл ажиллагаанд дотоод аудит хийсэн. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А-57 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн үйл ажиллагаанд дотоод аудит хийж, үүний дагуу Дотоод аудитын хорооны 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр тогтоол гарсан. Уг байгууллагын санхүү, бүртгэлийн үйл ажиллагаанд хийсэн энэхүү хяналт, шалгалтаар Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори нь Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, санхүү, төсвийн холбогдолтой гаргасан дүрэм, журмыг хэрэгжүүлээгүй, дагаж мөрдөөгүй зөрчил гаргаж, төсвийн хөрөнгийг үргүй зарцуулсан, өр авлага үүсгэсэн зэрэг нь тогтоогдсон. Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн Б-02 дугаар тушаалаар ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулсан болно. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын Б-02 дугаар тушаалын үндэслэлийн тухайд, лабораторийн захирал нь өөрийн байгууллагын үйл ажиллагааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын өмнө хариуцах ба түүний ажлын байрны тодорхойлолтод "Захирал нь УМЭАЦТЛ-ийг өдөр тутмын арга зүйн удирдлагаар хангаж, ажлыг үр ашигтай зохион байгуулах замаар байгууллагын зорилтыг хангах" зорилготой гэж заасан, Түүнчлэн Захирлын ажлын байрны тодорхойлолтын "Ажлын байрны зорилт" хэсгийн 1 дүгээрт, "Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн байгууллагын үйл ажиллагааг явуулах", 2 дугаарт, "Санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх, улсын төсвөөс олгосон санхүүжилтийг батлагдсан хуваарь, зориулалтын дагуу зарцуулах, ажи. үйлчилгээний орлогыг улсын төсөвт бүрэн төвлөрүүлэх" гэж тус тус заасан. Мөн нэхэмжпэгчийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэж үзэж, ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах зөрчлүүдийг тодорхойлж тохиролцсон.

Ингэхдээ хөдөлмөрийн гэрээний 6.2.2-т ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хангалтгүй биелүүлсэн, зохих ёсоор биелүүлээгүй бол ноцтой зөрчил гэж үзэж, ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан. Д.Батчулуун нь Дотоод аудитын хорооны тогтоолд дурьдсанчлан захирлаар ажиллах хугацаандаа буюу 2015 оны 10 дугаар сараас 2016 оныг дуустал хугацаанд дараахь зөрчлүүдийг гаргасан ба үүнийг өөрөө хүлээн зөвшөөрч дотоод аудитын тайланд гарын үсэг зурсан байдаг. Үүнд, Төсвийн тухай хуулийн 41.7-д "Төсвийн байгууллагын батлагдсан төсөв, өөрийн орлого, ...гүйцэтгэлийн ил тод байдлыг хангах..." гэсэн заалтыг хэрэгжүүлэлгүй нэг ижил төрлийн үйлчилгээнд өөр өөр тариф мөрдөж ажилласан. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирлын 2006 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 65 дугаар тушаалаар лабораторийн шинжилгээ, мал эмнэлгийн ажил, үйлчилгээний хөлсийг тогтоосон байтал түүнийг мөрдөж ажиллаагүй. 2016 оны 7 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд тариф нэмэгдүүлсний улмаас 12,336,376.00 төгрөгийн орлого нэмж олсон, тариф бууруулсны улмаас 10,151,780.00 төгрөгийн орлого олох боломжийг алдсан, шинжилгээний нийт орлогыг 22,488,156.00 төгрөгийн зөрүүтэй тооцож төвлөрүүлсэн зөрчил гаргасан. Төсвийн тухай хуулийн 6.4.1-т "төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах" гэж заасныг хэрэгжүүлээгүйгээс 2014-2016 оны үйл ажиллагааны орлогыг нийт 38 600 000 төгрөгөөр дутуу төлөвлөсөн ба 2016 онд 8 600 000 төгрөгөөр илүү төлөвлөсөн. Мөн Төсвийн тухай хуулийн 6.4.8-д "Төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үусгэхгүй байх" гэсэн заалтыг зөрчиж, 2016 онд 1 630.2 мянган төгрөгийн өр авлагатай ажилласан. Их эмч А.Улаанхүүд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 3 211 716 төгрөг олгосон боловч одоог хүртэл ажиллуулж цалин олгож байгаа ба түүнд олгосон олговрыг төсөвт буцаан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулаагүй. Байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналтыг хэрэгжүүлээгүйгээс 2016 онд 5 нэр төрлийн 6 200 000 төгрөгийн эм урвалжийн материалыг хугацаанд нь ашиглаагүйгээс ашиглалтын хугацаа дуусаж ашиглах боломжгүй болж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5.1.3-т заасан "жинхэнэ хэрэгжилтийн, 5.1.4-т заасан "үнэн зөв байх" гэсэн зарчмуудыг зөрчиж 2014 онд нийлүүлэгдээгүй нүүдлийн лабораторид автомашин болон холбогдох хэрэглэлийн хамт иж бүрнээр нь 112 400 000 төгрөгөөр бүртгэж авсан. Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг зохих журмын дагуу бүрэн хөтөлж тоолого тооцоог тогтсон хугацаанд бүрэн хийж үр дүнг тооцох, төсвийн болон төсөл хөтөлбөрийн хөрөнгийн зарцуулалтад бүртгэлээр тавих дотоод хяналт хангалттай хэрэгжээгүй. Тухайлбал, Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 276 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Төсвийн байгууллагын мөнгөн кассын журам"-ыг мөрдөж ажиллах туслах үйл ажиллагааны орлогоос олсон мөнгөн хөрөнгийн хүлээн авснаас хойш Төсвийн харилцах дансанд дараагийн ажлын өдөрт шууд тушаах гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй. Эдгээр зөрчлүүдийн 4, 5-д заасан зөрчлийн улмаас бодитой хохирол улсын төсөвт учирсан ба энэ талаар дотоод аудитын тайланд тусгагдсан. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн дүрэмд заасны дагуу захирал нь лабораторийг гадаад, дотоодод төлөөлж, захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтыг хэрэгжүүлэн төсвийн шууд захирагчийн хувьд байгууллагын үйл ажиллагааг төсвийн ерөнхийлөн захирагч болох Сайдын өмнө хариуцах юм. Нөгөө талаас лабораторийн бусад албан тушаалтан, ажилтнууд нь лабораторийн захирлын удирдлагад ажилладаг ба тэднийг удирдан зохион байгуулж, байгууллагын үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд хэвийн явуулж, байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлэх нь лабораторийн захирлын үүРэг юм-Энэ үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж лабораторийн захиралд хариуцлага тооцсоноо үндэслэлтэй гэж үзэж байгаа ба лабораторийн бусад ажилтан, албан хаагчдад хариуцлага тооцох эрх Сайдад байхгүй болно. Мөн дотоод аудит нь тухайн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгээд Дотоод аудитын хорооны тогтоол гарсан ба уг тогтоолд гарсан зөрчлийн талаар тодорхой бичсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас тухайн байгууллагад хохирол, хор уршиг учирсан, ноцтой гэх зөрчил юу байсныг баримтаар нотлохгүй байна гэснийг мөн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтад шүүхийн шийдвэр нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д.Батчулуун нь хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамы сайдад холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Д.Батчулууныг хариуцагч байгууллагын сайдын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 тоот тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 6.2.2-ыг тус тус заасныг...” үндэслэн мөн өдрөөс эхлэн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн захирал ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм.

Учир нь хянан шалгалтаар илэрсэн зөрчлүүд тус байгууллагын хэмжээнд гарсан ажилтан, албан хаагч нарын үйл ажиллагаатай холбоотой зөрчил, дутагдлууд байгаа тул нэхэмжлэгч нь ямар эрсдэл бий болгосон мөн хууль бус гэм буруутай үйлдэл гаргасан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, хариуцагчийн татгалзал, түүнд холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцүүлэн дүгнэж, нэхэмжлэлийг хангасан нь зөв байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/01805 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

      

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

                                   

                                         ШҮҮГЧИД                               Д.ЦОГТСАЙХАН                                               

 

                                                                                        М.НАРАНЦЭЦЭГ