Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ламжавын Соёлмаа |
Хэргийн индекс | 148/2018/00036/И |
Дугаар | 201 |
Огноо | 2018-04-24 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 201
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 4 дүгээр хэсэг, 285 тоотод оршин суух, эмэгтэй, 30 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй Боржигон овогт *******гийн *******гийн /*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Төмөр зам баруун өлөнтийн гудамж 108 тоотод оршин суух, эрэгтэй, 35 настай, одоо Улаанбаатар төмөр замын барилга, үйлдвэр үйлчилгээний ангид бетон арматурчин ажилтай Боржигон овогт *******ийн *******д /*******/ холбогдох
“Эцэг тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай“ иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч: Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Өмнөх шүүх хуралдаанд шүүхээс бид хоёрыг 2 сар эвлэрүүлэхээр хугацаа олгосон. Энэ хугацаанд Ц.******* бид хоёр уулзаж утсаар холбогдоогүй. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хугацаа нь болчихоод байхад хэд хэдэн удаа дуудсан боловч ирээгүй. Миний хувьд 1 удаа холбогдоход утас нь холбогдох боломжгүй байсан, дараа нь залгахад орох ярианы эрх нь хаагдсан байсан. Ц.*******ийн хувьд нэг ч удаа надтай утсаар яриагүй. Ер нь надтай амьдрах хүсэлгүй юм шиг байгаа юм. Би ч өөрөө Ц.*******тэй амьдрах боломжгүй гэж үзэж байна. Ер нь амьдарч байх хугацаанд үр хүүхдүүдийнхээ төлөө явдаггүй, зөвхөн өөрийнхөө төлөө л амьдардаг. Шүүх хурал болохоос өмнөх бүтэн сайнаас эхлээд л өдөр болгон ярьсан. Ярихдаа зөв зүгээр юу ч болоогүй юм шиг ярьсан болохоос хурал болох гэж байгаа талаар болон цаашдын үр хүүхдийнхээ тэтгэлэгийн талаар ч яриагүй... учир нь ойлгогдохгүй юм яриад л байсан.
Иймд цаашид Ц.*******тэй хамтран амьдрах боломжгүй тул 2 хүүхдийн минь эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэх.
Нэхэмжлэгч Б.******* 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид хоёр анх 2012 онд танилцсан. Хамт амьдарч байх хугацаанд бидний дундаас 2016 оны 01 дүгээр сарын 18-нд хүү *******, 2017 оны 11 дүгээр сарын 14-нд хүү ******* нар төрсөн. Хамт амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулж амжаагүй. Ц.******* архи уугаад 2-3 хоног утсаа унтраагаад алга болчихдог байсан. Хүүхдүүдээ огт хайхардаггүй. Цалингаа буухаар мөнгө төгрөг өгдөггүй. Шөнө хүүхэд уйлахад “муу ёртой юм дуугүй байлгаач” гэж намайг загнадаг байсан. Хүүхдүүд өвчин туссан үед тоохгүй унтаад л өгдөг. Би л шөнөжингөө хүүхдээ тэвэрч хонодог байсан. Архи уух нь ихэсч сүүлдээ надад гар хүрдэг болсон. Эрүүл байхдаа ч гар хүрдэг. Ноднин миний бие зулбахад “чамайг ууланд аваачиж байгаад амьтан болгоно оо” гэж заналхийлж байсан. Намайг багалзуурдаж газарт унагаагаад, нүүрийг маань цасаар булж алах шахаж байсан. Өдийг хүртэл манай ээж хувцас хунар идэж уух юмаар хангаж ирсэн. Гэтэл баярлалаа гээд хэлэхийн оронд байнга хараадаг. Намайг ч гэсэн “янхан” гэх мэтээр хараадаг болсон. Би энэ хүнтэй цаашид ийм байдлаар хамт амьдарч чадахгүй. Тиймээс Ц.*******ийг *******, ******* нарын эцэг мөн болохыг тогтоож хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү... 10 минут хүүхдээ тэвэрч үзээгүй байж “хүүхэд авна” гээд байгааг ойлгохгүй байна. Би хоёр хүүхдээ хоёуланг нь өөрийнхөө асрамжинд авч үлдэх хүсэлтэй байна. Хүүхдээ өгч чадахгүй... Ц.*******ийг нэг удаа Зүүнхараад байхад баривчлуулах гээд цагдаад өгсөн боловч “ажилгүй болох гээд байна” гэхээр нь би гомдлоо татаж авч байсан. Бусад тохиолдолд ахдаа хэлдэг байсан... Манай ах утсаар л ярьдаг байх. Түүнээс биш намайг зодсон гээд Ц.*******ийг зодож байгаагүй... Гэртээ ирэхгүй алга болсон мөн гар хүрсэн зэргийг хэлэхээр ах маань Ц.*******д “яагаад ингээд байгаа юм бэ” гэдэг байдлаар хэлснийг л амьдралд их оролцдог гэж яриад байдаг...гэжээ.
Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч Ц.*******ийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Үнэхээр цаашид хамт амьдарч чадахгүй гэж байгаа юм бол би бага хүүхдээ аваад сална. Би байнга архи уугаад зодож нүдээд байсан зүйл байхгүй. Б.******* нь байнга ах, эгч нарынхаа үгэнд ордог. Түүнээс болоод бидний хооронд маргаан байнга гардаг. Тийм ч учраас би Сэлэнгэ аймаг орохдоо Б.*******гийн байгаа газарт очилгүй буудалд хоног төөрүүлж байсан удаатай. Б.******* өөрөө маш их уур уцаартай. Б.*******гийн ах нь бидний дундуур орж байнга хэрүүл үүсгэдэг. Б.******* нэг ч удаа миний талд орж үзээгүй...Байнга ахынхаа үгэнд ордогоос л болоод маргаан гардаг...Миний амьдралынхаа төлөө зүтгэдэг л гэж боддог. Намайг ажлаасаа тараад түгжрэлд удаж байгаад ирэхэд “чи хаашаа лага болдог юм” гэх мэтээр загнаж байдаг. Миний хувьд эвлэрэх боломжтой, хугацаа өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.*******ээс шүүхэд утсаар гаргасан хүсэлтдээ:
Миний бие нь Зүүнхараагийн төвөөс зайдуу ажиллаж байгаа учраас очих боломжгүй байна. Иймд хэргийг байлцуулахгүйгээр эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Б.******* нь Ц.*******д холбогдуулан гаргасан “Эцэг тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай“ нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчид нь 2012 оноос дотно харьцаатай болж, хамтран амьдарч байсан болох нь 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн *******ыг 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр бүртгэсэн №4301000025, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүү Т.Түмэнбаяр төрснийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр №1107005138 бүртгэлийн дугаарт тус тус бүртгэсэн “Төрсний гэрчилгээ”-ний хуулбарууд, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байгаа болно.
Зохигчид нь 2012-2018 он хүртэл хамтран амьдарч байсан ба Ц.******* нь 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Т.Түвшинбаяр, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Т.Түмэнбаяр нарын эцэг болох нь нэхэмжлэгчийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.Бид хоёр анх 2012 онд танилцсан. Хамт амьдарч байх хугацаанд бидний дундаас 2016 оны 01 дүгээр сарын 18-нд хүү *******, 2017 оны 11 дүгээр сарын 14-нд хүү Т.Түмэнбаяр нар төрсөн. Хамт амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулж амжаагүй. Ц.******* архи уугаад 2-3 хоног утсаа унтраагаад алга болчихдог байсан. Хүүхдүүдээ огт хайхардаггүй. Цалингаа буухаар мөнгө төгрөг өгдөггүй. Шөнө хүүхэд уйлахад “муу ёртой юм дуугүй байлгаач” гэж намайг загнадаг байсан. Хүүхдүүд өвчин туссан үед тоохгүй унтаад л өгдөг. Би л шөнөжингөө хүүхдээ тэвэрч хонодог байсан. Архи уух нь ихэсч сүүлдээ надад гар хүрдэг болсон... Би энэ хүнтэй цаашид ийм байдлаар хамт амьдарч чадахгүй...Эцэг тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэх,
хариуцагч Ц.******* 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Үнэхээр цаашид хамт амьдарч чадахгүй гэж байгаа юм бол би бага хүүхдээ аваад сална. Би байнга архи уугаад зодож нүдээд байсан зүйл байхгүй...” гэх зохигчдын тайлбар мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтаар нотлогдож байна.
Зохигчдыг эвлэрүүлэхээр шүүхээс 2 сарын хугцааа өгсөн бөгөөд зохигчид нь Сэлэнгэ аймаг дахь Иргэний хэргийн эвлэрүүлэн зуучлах хэсгээр орж 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон байх тул 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Т.Түвшинбаяр, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Т.Түмэнбаяр нарын эцэг нь Ц.******* болохыг тогтоож, хүү Т.Түвшинбаяр, Т.Түмэнбаяр нарыг эх Б.*******гийн асрамжинд хэвээр үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Т.Түвшинбаяр, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Т.Түмэнбаяр нарыг 11 нас хүртэл тухайн орон нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Ц.*******ээр тус тус тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ нэхэмжлэлийн үнийн дүн нь Ц.*******ээс хүү Т.Түвшинбаяр, Т.Түмэнбаяр нарт төлөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (175.600:2)х2х12=2.107.200 төгрөг улсын тэмдэгтийн хураамжинд 48,665 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж, нэхэмжлэгчийг шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 143 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгнөөс чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан Төрийн банк Сэлэнгэ салбарын Төрийн сангийн 100130000957 тоот дансанд олгуулах нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд тэдгээрийн үүрэг хариуцлага хэвээр үлдэж болохыг зохигчдод анхааруулж, мөн хүүхдийн асрамжийг хариуцаж буй тал нь нөгөө талдаа хүүхэдтэй уулзах, өсөн бойжиход хувь нэмэр оруулах боломжийг олгох ёстой болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Т.Түвшинбаяр, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Т.Түмэнбаяр нарын эцэг нь *******ийн ******* болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Т.Түвшинбаяр, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Т.Түмэнбаяр нарыг эх Б.*******гийн асрамжинд хэвээр үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Т.Түвшинбаяр, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Т.Түмэнбаяр нарыг 11 нас хүртэл нь тухайн орон нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас /-тай болтол нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Ц.*******ээр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгчийг шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 143 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгнөөс чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан Төрийн банк Сэлэнгэ салбарын Төрийн сангийн 100130000957 тоот дансанд оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Ц.*******ээс 48,665 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА