Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ийшээгийн Ганбат |
Хэргийн индекс | 187/2022/0525/Э |
Дугаар | 2022/ШЦТ/532 |
Огноо | 2022-07-08 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ц.Гэрэлчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/532
2022 7 08 2022/ШЦТ/532
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч Ц.Гэрэлчимэг,
хохирогч М.С, түүний өмгөөлөгч Б.Түвшинжаргал,
шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б овогт Г-ийн А-д холбогдох эрүүгийн 2210000000709 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Г-ийн А, (РД:)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.А нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” баарны тамхи татах зориулалт бүхий өрөөнд 2022 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд М.С-той маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисны улмаас түүний эрүүл мэндэд хамар яс, таславчийн хугарал, хамар, хацар, зүүн доод зовхинд шарх, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч Г.А: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч М.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 05 дугаар сарын 15-ны шөнө 01 цагийн үед найз Султаны хамт Минт баар орсон. Минт бааранд ороод шилтэй пиво ууж байгаад 30-40 минутын дараа тамхи татах зорилгоор Минт баарны тамхины өрөө рүү найз Султаны хамт ороод тамхи татаад зогсож байхад нэг залуу над дээр ирээд ямар нэг зүйл хэлэхэд нь маш их дуу чимээтэй байсан учраас би юу ч сонсоогүй ба үгүй гэж хариу хэлсэн. Тэгтэл намайг “чи юу гээд байгаа юм бэ” гэхээр нь чи зүгээр цаашаа зайл гэж хэлсэн чинь хажуу талаас нь найз нь бололтой нэг залуу чамайг би ална шүү гэж хэлээд над дээр ирсэн. Намайг арай цохихгүй байх гэж бодоход миний нүүрэн тус газарт ямар нэг эд зүйлээр шууд цохиод авсан. Тэр даруй миний хамраас маш их цус гоожсон. ...миний хамар гэмтсэн. Би хамраараа амьсгалж чадахгүй байна. Зүүн нүдний доод талд хацраас хамар хүртэл 2 ширхэг оёдол тавиулсан” гэх мэдүүлэг...” (хавтас хэргийн 6 дахь тал)
Дахин өгсөн “...миний нүүрний хамраас зүүн шанаа хүртэл арилахгүй сорви тогтсон. Миний хамар өвчинтэй байгаа. Одоо миний гоо сайхан бас ажил алдагдаад маш их хохирол учирсан. Одоогийн байдлаар 930.000 төгрөгийн эмчилгээ хийлгээд байна. Цаашдаа дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай ба 3.895.000 төгрөгийн эмчилгээ хийлгэхээр байна. ...намайг ямар ч байсан маш хурц үзүүртэй зүйлээр миний гоо сайхан, эрүүл мэндэд санаатай халдах зорилгоор цохисон” гэх мэдүүлэг...” (хавтас хэргийн 7 дахь тал) гэсэн,
Гэрч Б.Султан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...найз Серикболын хамт тамхи татах зорилгоор тамхины өрөөнд орсон. Уг тамхины өрөөнд ороод тамхи татаад зогсож байтал нэг залуу ирээд манай найз Серикболтой ямар нэг зүйл яриад байх шиг байсан бөгөөд цаанаас нь нэг залуу ирээд ална шүү гэж хэлээд Серикболын нүүрэн тус газарт ямар нэг эд зүйлээр цохисон. ...” (хавтас хэргийн 17 дахь тал) гэсэн,
Гэрч Б.Ананд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...тухайн үед Алтангэрэлийн тэвчээр алдагдаад тэр өндөр шар царайтай залууг шууд гараараа цохиод авсан. Ямар ч байсан гараараа нэг удаа цохисон. ...” (хавтас хэргийн 22 дахь тал) гэсэн,
Яллагдагчаар Г.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Минт нэртэй баарны тамхи татах зориулалт бүхий өрөөнд цохисон. ...би нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. ...” (хавтас хэргийн 39-40 дэх тал) гэсэн,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5-р сарын 18-ны өдрийн шинжээчийн 7140 дугаар “....М.Сын биед хамар яс, таславчийн хугарал, хамар, хацар, зүүн доод зовхинд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлдлээр, олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” (хавтаст хэргийн 25-26 дахь тал) гэсэн дүгнэлт
Хохирогч М.С “Синдрелла” клиник ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 22/52 дугаартай эмчийн дүгнэлт, “Сайн Сайхан Медикал” ХХК-ийн 061 дугаартай тодорхойлолт,эмчилгээ, эм тарианы баримт (хавтаст хэргийн 9-15 дахь тал),
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 46 дахь тал),
Шүүгдэгч Г.Аийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 51-54 тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 48 дахь тал) эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 49-50 дахь тал) зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Г.А нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” баарны тамхи татах зориулалт бүхий өрөөнд 20212 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд М.Стой маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисны улмаас түүний эрүүл мэндэд хамар яс, таславчийн хугарал, хамар, хацар, зүүн доод зовхинд шарх, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.А, хохирогч М.С нарын шүүхийн хэлэлцүүлэгт, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлын талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №7140 дугаартай дүгнэлт, Хохирогч М.С эмчилгээ, эм тарианы баримт (хавтаст хэргийн 9-15 дахь тал), Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 46 дахь тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч М.Сын эрүүл мэндэд нь “...биед хамар яс, таславчийн хугарал, хамар, хацар, зүүн доод зовхинд шарх, зулгаралт...” бүхий гэмтлийг шүүгдэгч Г.А түүний нүүрэн тус газар цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.А, хохирогч М.Сын эрүүл мэндэд нь “...биед хамар яс, таславчийн хугарал, хамар, хацар, зүүн доод зовхинд шарх, зулгаралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Аийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
2. Шүүгдэгч Г.А нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, цаашид төлөхөө илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...улсын яллагчийн санал болгосон ял шийтгэлийг шүүх харгалзан үзнэ үү. Зорчих эрх хязгаарлах болон торгох ялын санкцтай. Энэ хүн ажил хөдөлмөр эрхэлж байгаа, цаашид гарах эмчилгээ үйлчилгээний төлбөрөө төлөхөө илэрхийлж байна. гэж,
Хохирогчийн өмгөөлөгч: улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна. Хохирол төлбөрийн хувьд эрүүл мэндэд учирсан хохирлыг 930.000 төгрөг гэж тооцож, цаашид нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх санал гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогчийн хувьд эмчилгээ үйлчилгээгээ хийлгэхийн тулд мөнгө, төгрөгөө төлж орох боломж үүсэж байгаа. Иймд шүүгдэгчээс сорив арилгах эмчилгээний 3.895.000 төгрөгийг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцон гаргуулж өгнө үү. Энэ сорвины эмчилгээ хийгдсэний дараа хагалгаа нээлттэй, хаалттай орох эсэх нь шийдэгдэнэ. гэж тус тус мэтгэлцэв
Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал (хавтаст хэргийн 62-66 дахь тал), хохирогчийн гомдол санал, прокурорын гаргасан санал дүгнэлтийг шүүх харгалзан үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Г.Ад оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Сын эрүүл мэнд биед хамар яс, таславчийн хугарал, хамар, хацар, зүүн доод зовхинд шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан ба шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаанд 930.000 төгрөгийг төлсөн болохыг хохирогч хүлээн авснаа үгүйсгээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт зааснаар Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй. бөгөөд хохирогч М.С нь “Синдрелла” клиник ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 22/52 дугаартай эмчийн дүгнэлт, “Сайн Сайхан Медикал” ХХК-ийн 061 дугаартай тодорхойлолт (хавтаст хэргийн 9-15 дахь тал) бүхий сорвины эмчилгээ, хамрын нөхөн сэргээх хагалгаанд орох нэхэмжлэл гаргасан байх тул дээрх нэхэмжлэлийг эмчилгээ үйлчилгээнд хамрагдан холбогдох эмнэлгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Эрүүгийн 2210000000709 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г-ийн А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Ад торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.Ад оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Г.А нь 930.000 төгрөгийг хохирогч М.Сд төлсөн, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ