| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00331/и |
| Дугаар | 153/ШШ2018/00306 |
| Огноо | 2018-05-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 153/ШШ2018/00306
| 2018 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 153/ШШ2018/00306 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багт оршин суух, эмэгтэй, Б.Ц-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 153/2018/00331/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, хүсэлт гаргагч Б.Ц нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1984 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд 8 дугаар анги төгсөөд Завхан аймаг дахь Худалдааны техникумд нийтийн хоолны техникч технологич мэргэжлээр суралцаж, 1987 онд төгсөж ирсэн. Тухайн үеийн нэршилээр Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестийн 4 дүгээр гуанзанд туслах тогоочоор орж ажилласан. 1990 оны 05 дугаар сард ажлаасаа чөлөөлөгдсөн. Би 1990 оноос хойш улсаас ажилласан жил нөхөн авсан. Иймээс намайг Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестийн 4 дүгээр гуанзанд 1987 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд туслах тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Б.Ц нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестийн 4 дүгээр гуанзанд 1987 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд туслах тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулалаа.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Б.Ц нь Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестийн 4 дүгээр гуанзанд 1987 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд туслах тогоочоор ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1010 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1987 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 58 дугаартай Сургууль төгсөгчдийг ажилд томилох хаваарилах тухай тушаалын хуулбар, Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 64 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Б.Цийн Завхан аймаг дахь Худалдааны техникумаас 1987 оны 6 дугаар сарын 28-ны өдөр олгосон 1345 дугаартай Диплом, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 11-13, 28-29 дүгээр тал/
Б.Ц нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хэрэгт авагдсан болно. /ХХ-ийн 10 дугаар тал/
Хавтаст хэргийн 6-9 дүгээр хуудсанд авагдсан иргэн Ж.Даваацэцэг, Н.Уранчимэг нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, тэдгээрийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.Ц-ийн Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестийн 4 дүгээр гуанзанд 1987 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд туслах тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ