Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/542

 

 

 

 

 

 

 

   

  2022          7            19                                    2022/ШЦТ/542

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам,

улсын яллагч Б.Одонтуяа,

шүүгдэгч Д.Э оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн А овогтой Д-н Э-од холбогдох эрүүгийн 2210010580694 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Увс аймагт төрсөн 34 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа тендэрийн барилга авч барьдаг, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт тоотод оршин суудаг. Урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй. Улсаас авсан гавьяа шагналгүй, А овогтой Д-н Э (РД:)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Э нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн аманд байрлах барилгын талбай дээр хохирогч Г.М-тай ажилчдын цалин мөнгөний асуудлаас үүдэн маргалдаж, улмаар гараараа олон удаа цохиж эрүүл мэндэд нь “дагзны хуйх, зүүн тохойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор салстын язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн хохирогч Г.М-ын эзэмшлийн 27-35 УБР улсын дугаартай Мазда СИ ЭКС-3 загварын авто машины жолооч талын хаалгыг хөлөөрөө өшиглөж хууль бусаар гэмтээж 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

             Шүүгдэгч А.Алтаншагай: “...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Г.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 06 цаг 30 минутын орчимд гэрээсээ гарсан. Тэгээд хувийн ажлуудаа амжуулж явж байгаад 12 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтэд байрлах шинээр баригдаж байгаа барилгын талбайд ирсэн юм. Тус баригдаж байгаа барилга дээр би хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд барилгын үйл явц болон ажилчидтай цалин хөлсний асуудлаар уулзах гэж ирсэн юм. Тэгээд найзыгаа хүлээж байсан болохоор ирэхгүй болохоор нь Нисэхэд байрлах барилгын талбай дээр очих гээд машиндаа суугаад хөдлөх гэхэд барилгын ажилтан Энхболд гэх залуу мөн Арматурын бригадын дарга Ганзул нар ирээд миний машинд суусан. Тэд нар ирж суучхаад цалин мөнгөний асуудал дээр маргаантай байгаа болон үлдэгдэл цалин хөлсөө хэзээ авах талаар ярьсан. Би тэдэнд өгөх ёстой цалин хөлс болоод өөрийнхөө өгсөн мөнгөний талаар хэлж ойлгуулсан ч миний хажууд байсан Энхболд “хүний хөдөлмөр шулаад сурчихсан пизда нар байна” гэж хэлээд миний нүүр лүү болон толгой руу гараараа арваас их удаа цохисон сүүлдээ толгой маань манараад хэдэн удаа цохиулснаас ч мэдээгүй. Тэгээд Энхболд машинаас буугаад тойрч ирээд жолоочийн хаалганы бариулын  доод талд хөлөөрөө өшиглөсөн...” (хавтас хэргийн 12-13 дахь тал) гэсэн,

 

Гэрч Г.Ганзул мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 12 цагийн орчимд Мөнхбаяр барилгын талбайн хашааны гадна машинтайгаа зогсож байтал Энхболд Мөнхбаярын машины урд талд суугаад би машины хойно суусан. Энхболд болон Мөнхбаяр нарын хооронд цалин хөлсний тал дээр маргаан үүссэн. Уг нь Мөнхбаяр цалин хөлсний асуудал дээр ямар ч хамааралгүй хүн боловч Энхболд түүнээс цалингаа нэхээд байсан. Ингээд маргалдаж байгаад Энхболд Мөнхбаярын толгой нүүр лүү нь маш олон удаа гараа зангидаж байгаад цохисон. Тэгээд Мөнхбаяр өндийх сэхээгүй байж байхад Энхболдын талын цонхыг налаад зогсож байсан Пүрэвсүрэн машины нөгөө талруу гэнэтхэн гүйсэн. Тухайн үедээ би түүнийг Энхболдыг Мөнхбаяраас салгах гэж байна гэж бодсон чинь Мөнхбаярын хаалгыг онгойлгоод нуруу руу нь хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Тэгээд шууд машинаас татаж гаргасан. Тэр үед машинд сууж байсан хүмүүс болон би машинаас буусан. Энхболд машинаас буугаад Мөнхбаярын машиныг өшиглөөд байсан бөгөөд намайг харахад Мөнхбаярын машины жолоочийн хаалга хонхойсон байсан. Энхболд Мөнхбаяр луу газраас чулуу авч шидээд мөн өөрийн өмсөж байсан хамгаалалтын малгайгаа авч шидсэн...” (хавтас хэргийн 15-16 дахь тал) гэсэн,

 

Гэрч О.Пүрэвсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд нэг харсан Энхболд, Мөнхбаяр нар нь хоорондоо ноцолдож харагдсан, тэр дариуд нь жолоочийн хаалгыг онгойлгож тэр хоёрын маргааныг таслах гэж Мөнхбаярыг татаж буулгасан тэгээд Энхболд араас нь бууж машиных нь жолооч талын урд хаалгыг нь нэг удаа өшиглөсөн , машины хаалга нь хонхойсон...” (хавтас хэргийн 19 дэх тал) гэсэн,

 

Яллагдагч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Аялал зуучлалын цогцолбор барилгын 101-р блокийн гадна талбайд Мөнхбаяр гэх хүний машинд жолоочийн эсрэг талд суусан. Тухайн үед машинд Мөнхбаяр жолооч талын суудал дээр сууж арын суудал дээр шатны мужаан Нэмэхотгон гэх хүн сууж байсан. Би Мөнхбаяр гэх хүнтэй ам мурийсан, Мөнхбаяр миний хоолойг цамцны захаар боосон би хариуд нь баруун атгаж байгаад зүүн талын хүзүү хэсэг рүү хоёр удаа цохисон юм. Тэр даруйд гадаа байсан манай найз Пүрэвсүрэн жолооч талын хаалгыг онгойлгож Мөнхбаярыг машинаас татаж буулгасан. Би мөн машинаас бууж Мөнхбаярын байгаа талд очиж машиных нь жолооч талын урд хаалгыг нь нэг удаа өшиглөсөн, машины хаалга нь хонхойсон... Би хоёр удаа баруун гараа атгаж байгаад Мөнхбаяр гэх хүний зүүн талын хүзүү хэсэг рүү нь цохисон, мөн жолооч талын урд хаалга руу нь нэг удаа өшиглөсөн. Манай найз Пүрэвсүрэн нь Мөнхбаяр гэх хүнийг машинаас татаж буулгасан зодож цохисон асуудал байхгүй, Мөнхбаяр гэх хүн намайг зодож цохисон асуудал байхгүй...” (хавтас хэргийн 44-45 дахь тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 5620 дугаартай “...Г Мөнхбаярын биед дагзны хуйх, зүүн тохойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор салстын язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн гэмтэлд хамаарна...” шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /Мазда СИ ЭКС-3 загварын авто машины жолооч талын хаалга 1.400.000 төгрөгөөр үнэлсэн гэсэн ХУ2-22-436 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 28-29 дэх тал) гэсэн,

 

          Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 5-6 дахь тал),

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 7-9 дэх тал),

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 46 дахь тал),

Шүүгдэгч Д.Эын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 48-72 дахь тал) зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.Эод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.Энхболд нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн аманд байрлах барилгын талбай дээр хохирогч Г.М-тай ажилчдын цалин мөнгөний асуудлаас үүдэн маргалдаж, улмаар гараараа олон удаа цохиж эрүүл мэндэд нь “дагзны хуйх, зүүн тохойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор салстын язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

          Мөн хохирогч Г.М-ын эзэмшлийн 27-35 УБР улсын дугаартай Мазда СИ ЭКС-3 загварын авто машины жолооч талын хаалгыг хөлөөрөө өшиглөж хууль бусаар гэмтээж 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хохирогч Г.М- болон шүүгдэгч Д.Э нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №5620 дугаартай дүгнэлт, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 5-6 дахь тал), Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 7-9 дэх тал) болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй үйлдэл,

Мөн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулсан байх бөгөөд хууль бусаар устгасан, гэмтээсэн үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.

 

Хохирогч Г.М-ын эрүүл мэндэд нь “...биед дагзны хуйх, зүүн тохойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор салстын язарсан шарх...” бүхий гэмтэл нь шүүгдэгч Д.Э түүний нүүрэн тус газар цохих үйлдлийг олог удаагийн давтамжаар үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Э, хохирогч Г.М-ын эрүүл мэндэд нь “...биед дагзны хуйх, зүүн тохойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор салстын язарсан шарх...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Э, хохирогч Г.М-ын өмчлөлд 1.400.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг ...бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Эын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Д.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

          Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...шүүгдэгч Д.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1500 нэгж буюу 1.500.000 төгрөгөөр тогтоох, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” саналыг шүүхэд гаргасан.

 

          Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал (хавтаст хэргийн 48-72 дахь тал) прокурорын гаргасан санал дүгнэлтийг харгалзан үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Д.Эыг бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял

          - мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Эод оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 900 (есөн зуун мянга) төгрөгийн торгох ялаар тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Эод оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.М-ын өмчлөлд 1.400.000 төгрөгийн хохирол учирсан,

- хохирогч Г.М-ын эрүүл мэндэд биед дагзны хуйх, зүүн тохойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрийн асуудлыг хохирогчтой хоорондоо тохиролцсон, өглөг, авлагын асуудал хохирогчтой байгаа талаар мэдүүлж, улсын яллагч хохирол төлбөргүй санал дүгнэлт гаргасныг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогтой Д-н Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд

- бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Эод оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 900 (есөн зуун мянга) төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг авч хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ