Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/547

 

 

 

 

 

 

 

       

   2022          7            22                                    2022/ШЦТ/547

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам,

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий /томилолтоор/,

шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч Э.Батбаяр,

шүүгдэгч, хохирогч Б.А,

шүүгдэгч Б.Б, тэдний өмгөөлөгч Ч.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн С овогт Д-гийн С, Б овогт Б-ийн А, Б овогт Б-ийн Б нарт холбогдох эрүүгийн 2210002510575 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Соёл Урлагийн Их сургуульд суралцдаг, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, эмээ, 2 дүүгийн хамтаар тоотод оршин суудаг бүртгэлтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, С овогт Д-гийн С (РД)

 

2. Монгол Улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Гиологч мэргэжилтэй, Бороо Гоулд ХХК-д гиологч ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Б-ийн А, (РД)

 

3. Монгол Улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамтаар тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Б-ийн Б, (РД)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.С нь 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн Хүрээ” нэртэй амралтын газарт хохирогч Б.А-тай үл ялих зүйлээс үүдэлтэй маргалдаж улмаар нүүрэн тус газарт гараараа олон удаа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны ил хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх, зүүн шуунд цус хуралт, баруун чамархай, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

шүүгдэгч Б.А нь 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн Хүрээ” нэртэй амралтын газарт хохирогч С.Х-ийг үл ялих зүйлээс үүдэлтэй маргалдаж улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь “баруун дээд үүдэн 1-р шүдний сулрал, доод 3-4- р шүдний буйлны цус хуралт, доод уруулын салстад шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

шүүгдэгч Б.Б нь 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн Хүрээ” нэртэй амралтын газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Т.Т-гийн үснээс нь зулгааж газарт унагаж эрүүл мэндэд нь “толгойн оройн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

Шүүгдэгч Д.С “...2022 оны 01 дүгээр сарын 01-нээс 2-ны шилжих шөнө циркийн тоглолтын хаалт, шинэ жил гээд “Чингэсийн Хүрээ” нэртэй амралтын газар тэмдэглэхээр болсон. Тухайн өдрийн орой 00 цаг үед Анударь гэх охинтой бие засах газар ороод, буцаад явж байсан чинь бие засах газар нэг юм хэлээд /хэлсэн үгийн сайн санахгүй байна/ намайг цохиход би зөрүүлээд 2-3 удаа цохисон. Хохирогчийн хамарт гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

          Шүүгдэгч Б.Б: “...Тухайн үед “Чингэсийн Хүрээ” амралтын газар гэр бүлээрээ амарч байсан. Орой 00 цаг өнгөрөөд амрах гээд байж байхад /тухайн үед 03 сар гаруйтай жирэмсэн байсан/ Алтайбаатарыг хүн алах гээд байна гараарай гэж Алтайбаатарын эхнэр /бэр/ хэлсэн. Би гүйгээд гарсан чинь манай нөхөр, Алтайбаатар хоёр газар хэвтүүлж, хүмүүс өшиглөж байсан. Би очоод салгасан. Өвөл байсан учраас бүгд урт куртиктэй байсан. би куртикнээс нь татаад холдуулах гэж хичээсэн. Олон хүн байсан учраас миний хэлж байгааг сонсохгүй байсан. нэг хүн дээр олуулаа шавчихсан, дайрч байгаа дүр зургийг хараад би маш их цочирдсон. Яагаад гэвэл Алтайбаатар улаан эрээн болчихсон газар хэвтэж байсан. Алтайбаатараас маш их хэмжээний цус гарч байсан учраас нөхрийгөө анзаараагүй. Болиулах гээд тэнд байсан хүмүүсийн куртикнээс татаад байж байх үед хохирогчтой таарсан. Би уурлаад хохирогчийн биед халдсан зүйл байхгүй. Би согтуу байгаагүй яагаад гэвэл 03 сар гаруйтай жирэмсэн байсан. Би маш их цочирдсоны улмаас хохирогчтой үснээс зулгаалцаж, барьцалдаж авсан. Би зөв зүгээр байгаа хүнийг цохиж гэмтэл учруулах шаардлага, шалтгаан надад байхгүй. Өөр нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгч Б.А “...Миний бие өнөөдөр энэ хэрэгт холбогдсон байгаадаа маш их харамсаж байна. Яг болсон процессын хувьд би зургаа болон арван настай хоёр дүүтэйгээ оройн 00 цагийн үед бие засах газар орох гээд шатаар өгсөж байхад хоёр эмэгтэйтэй С явж байсан. Нэгнийгээ түлхээд манай дүү Цэлмэг рүү унасан. Би анзаараад харахад бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би түрүүлж цохиогүй. Би алгадсан яагаад жоохон хүүхэд рүү унаж байгаа юм бэ гээд алгадсан. Тэр процессын дараа хэд хэд цохилдсон. Намайг зуураад байсан болохоор би нээх цохилцож чадаагүй. Мөн тэд олуулаа байсан. Цохисноос болж миний хамар хугараад цус гараад эхлэнгүүт би Сын араас очиход өөдөөс хэд хэдэн залуучууд /7-8/ гүйж гарч ирээд намайг хэвтүүлж байгаад учир зүггүй өшиглөсөн. Миний биед гарсан хохирлыг ганцхан С учруулаагүй. Тэнд маш олон хүмүүс байсан. Мөрдөн байцаалтад ажиллагаанд сэтгэл дундуур байгаа, манай эхнэр Гэрэлчимэгээс гэрчээр мэдүүлэг аваагүй. Тэр хүн миний хажууд нэг настай хүүхдээ тэврээд болсон бүх процессыг харсан. Хэн хэнийг цохиж байгааг надаас илүү хэлж чадах хүн байсан...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр амралтын өдөр байсан тул би ээж Сарангэрэл. аав Бүтэмж, эхнэр Гэрэлчимэг, хүү Цэг мөн миний төрсөн эгч Баярзул, түүний нөхөр Няман-Иш нарын хамт Чингисийн хүрээ амралтын газарт ирж хоногоор 207 дугаартай ариун цэврийн өрөөний хажуу талын гэрийг түрээслэн авч амарсан гэтэл 00 цаг өнгөрч байхад би дүү Содоншүр, дүү Цэлмэнгийн хамт ариун цэврийн өрөөнд орох гээд явж байхад танихгүй 2 залуу ариун цэврийн өрөөнөөс гарч явах замдаа, зөрөхдөө хоорондоо биенээ түлхэхэд манай дүү Цэлмэг газар унагаасан. Тухайн үед би охин дүү Цэлмэгийг өмөөрөөд танихгүй 2 залуул хандан яаж байгаа юм бэ гэж хэлэхэд миний баруун шанаанд гараа атгаж байгаад цохиод зугтахаар нь би араас нь барьж авахаар араас нь хөөхөд миний өөдөөс 4-5 эрэгтэй хүн гарч ирээд үгийн зөрүүгүй шууд зүүн шанаанд цохиход нь би газар унасан гэтэл амт байсан хүмүүс нь миний нүүр рүү өшиглөж миний хамрыг гэмтээсэн...” (хавтас хэргийн 11 дэх тал) гэсэн,

 

Хохирогч С.Х- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...би 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Хан- Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингисийн хүрээ амралтын газарт циркийн жүжигчин найзуудтайгаа амарч байсан. Орой 00 цаг өнгөрч байхад гадаа С хүнтэй муудалцаад байна гэж хэн мэдэхгүй хэлсэн тул би хамгийн түрүүнд гэрээс гарахад миний араас Ханддорж, Мөнгөн-Од, Цолмон, Билгүүнтөгс нар гарч ирсэн бөгөөд бид нар найз С дээр очиход цээж нүцгэн, танихгүй залуугийн цээж рүү баруун хөлөөрөө өшиглөж байсан тул бид нар тэр хоёрыг салгах үед цээж нүцгэн залуутай хамт байсан туранхай залуу туслахгүй хөндлөнгөөс хараад зогсоод байсан тул би тус залууд хандан чи наад цээж нүцгэн залуугаа аваад яв гэхэд тоохгүй хараад зогсоод байсан. Мөн хажуу талд эмэгтэй хүн орилоод байхаар нь манай найз Түмэнхүслэн танихгүй эмэгтэйд үсдүүлсэн газар хэвтэж байсан тул би хоёр тийш салгах гэж дундуур нь ороход танихгүй эмэгтэйн гар нь Түмэнхүслэнгийн үстэй нь орооцолдсон салахгүй байсан. Тухайн үед С нь цээж нүцгэн залуутай харин Түмэнхүслэн нь танихгүй эмэгтэйд үсдүүлсэн хоёр талд байсан бөгөөд би алийг нь түрүүлж салгахаа мэдэхгүй байхад цээж нүцгэн залуутай хамт байсан залуу дээрх зодооныг салгахгүй хараад зогсож байсан тул би дахин очиж чи найзуудаа аваад явахгүй яагаад хараад зогсож байгаа юм бэ гэж хэлэхэд миний араас цээж нүцгэн залуу гараа атгаж байгаад уруул орчимд нэг удаа цохиж үүдэн дээд баруун шүдийг гэмтээхэд хажууд Энх-Учрал намайг тэврээд гэр рүү явсан. Удалгүй цагдаа нар манай гэрч орж ирсэн...” (хавтас хэргийн 14-15 дахь тал) гэсэн,

 

Хохирогч Т.Т- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 2022 оны шинэ жилийн арга хэмжээнд мадкаскар циркийн хүмүүстэй хамтарч тайзны жүжигчилсэн тоглолт хийсэн бөгөөд ингээд тухайн тоглолт нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан юм тэгээд 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Чингисийн хүрээ гэх газар руу Мадгаскар цирк болон СУИС-ийн найзуудын хамт амарч шинэ жил тэмдэглэхээр 19 орчим хүнтэй хамт очиж амрахаар болсон тэгээд бид Чингисийн 3 гэр авч амарсан юм. Тухайн гэрийг Амараа гэх хамт явж байсан ах төлбөрийг нь хийж авсан. Тэгээд бид эхлээд нэг гэрт олуулаа ойр зуурын юм ярьж хөзөр тоглож мөн хажуугаар нь цагаан архи ууж зарим нь пиво ууж байсан. Тэгээд бид нар хэсэг хугацааны дараа 3 гэрт хуваагдаж амрахаар болсон юм. Тэгээд би нэг ертөнцийн зүгээр баруун гар талд байрлах гэрт амрахаар  болоод тухайн гэрт орж байж байгаад ганцаараа ариун цэврийн өрөө орохоор явж байтал 2 бага насны эмэгтэй хүүхэд явган хүний зам дагуу зогсож байсан. ятухайн үед 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн шөнийн 00 цаг өнгөрч байсан юм. Би тухайн хоёр хүүхдээс зүгээр юм болсон талаар асуутал бид хоёртой хамт явж байгаа томчуул хоорондоо зодолдоод байна гэж хэлсэн. Тэгээд хоёр охины эгч нь хүмүүс зодолдож байсан тухайн хэсэг рүү гүйж очсон. Би хойноос нь дүү охиныг дагуулаад хойноос нь салгах гээд нэг хүнийг тэвэрчихсэн зогсож байсан би тухайн охиныг чи цохиулчихна гэж хэлээд татаж аваад холдуулаад хоёуланг нь бариад зогсож байсан. Тэгээд би нэг харахад надтай хамт амарч байгаа найзууд болох Хангай, Амраа, Ханддорж нар дээгүүрээ нүцгэн нүүр ам нь цус болчихсон эрэгтэй хүнтэй барилцаад зогсож байсан. Тэгээд байж байтал 20-аас 30 орчим насны 1,50 орчим өндөртэй гадуураа хар куртиктэй дотуураа цагаан ноосон үсэрхэг цамцтай, махлагдуу эмэгтэй хэл амаар доромжилж байгаад миний толгойн зулай хэсгийн үснээс хоёр гараараа зуурч гарандаа атгаад газарт унагаад чирсэн тухайн эмэгтэй ямар шалтгаанаар намайг унагаж үснээс зулгааж чирснийг би мэдэхгүй байна...” (хавтас хэргийн 18 дахь тал) гэсэн,

 

Гэрч С.Анударь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...Анх манай найз Стай маргалдах үед Б.А гэх залуугийн хамар нь зүгээр байсан бөгөөд шууд Сыг гараа атгаж байгаад цохисон тухайн үед нь С зөрүүлээд гараа атгаж байгаад Б.А гэх залууг гараа атгаж байгаад цохих үед Б.Аын хамраас нь цус гарсан. Б.А гэх танихгүй залуу нь хамраас нь цус гарах үед улам их орилж өмсөж байсан хувцсаа тайлж шидээд байсан...” (хавтаст хэргийн 24 дэх тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн 1226 дугаар “...Б.Аын биед хамар ясны ил хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх, зүүн шуунд цус хуралт, баруун чамархай, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 43-44 дэх тал) гэсэн дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн 1357 дугаар “...С.Х-ийн биед баруун дээд үүдэн 1-р шүдний сулрал, доод 3-4-р шүдний буйлны цус хуралт, доод уруулын салстад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” (хавтаст хэргийн 48-49 дэх тал) гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн 1355 дугаар “...Т.Т-гийн биед толгойн оройн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх толгойн оройн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь үснээс зулгаагдах үед зүүн шууны цус хуралт нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” (хавтаст хэргийн 51-52 дахь тал) гэсэн дүгнэлт,

 

Яллагдагчаар Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 163-164 дахь тал) гэсэн,

Яллагдагчаар Д.Сын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 172-173 дахь тал) гэсэн,

Яллагдагчаар Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 181-182 дахь тал) гэсэн,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5-8 дахь тал) гэсэн,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 65, 148 дахь тал)

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 77-84 дахь тал) гэсэн,

Хохирогч Б.Ааас гаргаж өгсөн хохирлын баримтууд (хавтаст хэргийн 133-135 дахь тал),

шүүгдэгч Б.Б хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 73-74 дэх тал),

Хохирогч, шүүгдэгч Б.Аын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 71-72 дахь тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 67,69, 70 дахь тал), хохирогч Б.Ат хохиролд төлсөн баримт 1 хуудас, ажлын тодорхойлолтууд, даатгал төлсөн баримт 5 хуудас зэрэг болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1. Шүүгдэгч Д.С нь 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн Хүрээ” нэртэй амралтын газарт хохирогч Б.Атай үл ялих зүйлээс үүдэлтэй маргалдаж улмаар нүүрэн тус газарт гараараа олон удаа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны ил хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх, зүүн шуунд цус хуралт, баруун чамархай, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Д.С, Б.А шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны №1226 дугаартай дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар,

 

шүүгдэгч Б.А нь 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн Хүрээ” нэртэй амралтын газарт хохирогч С.Х-ийг үл ялих зүйлээс үүдэлтэй маргалдаж улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь “баруун дээд үүдэн 1-р шүдний сулрал, доод 3-4- р шүдний буйлны цус хуралт, доод уруулын салстад шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Б.А болон хохирогч С.Х- нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 1357 дугаартай дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар,

 

шүүгдэгч Б.Б нь 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн Хүрээ” нэртэй амралтын газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Т.Т-гийн үснээс нь зулгааж газарт унагаж эрүүл мэндэд нь “толгойн оройн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Баянзул, хохирогч Т.Т-, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 1355, дугаартай дүгнэлтүүд болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Сугарбаатар нь хохирогч Б.Аыг зодож эрүүл мэндэд нь “...биед хамар ясны ил хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх, зүүн шуунд цус хуралт, баруун чамархай, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий гэмтэл нь шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газар олон удаагийн давтамжтай цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.А нь хохирогч С.Х-ийг зодож эрүүл мэндэд нь “...биед баруун дээд үүдэн 1-р шүдний сулрал, доод 3-4-р шүдний буйлны цус хуралт, доод уруулын салстад шарх...” бүхий гэмтэл нь шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газар цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Т.Т-г зодож эрүүл мэндэд нь “...биед толгойн оройн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт...” бүхий гэмтэл нь шүүгдэгч нь хохирогчийн үснээс зулгааж, газар унах үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Шүүгдэгч Д.Сугарбаатар нь хохирогч Б.Аын биед хамар ясны ил хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх, зүүн шуунд цус хуралт, баруун чамархай, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол,

- шүүгдэгч Б.А нь хохирогч С.Х-ийг биед баруун дээд үүдэн 1-р шүдний сулрал, доод 3-4-р шүдний буйлны цус хуралт, доод уруулын салстад шарх бүхий хөнгөн хохирол,

- шүүгдэгч Б.Б нь хохирогч Т.Т-г биед толгойн оройн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.С, Б.А, Б.Б нарын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлт гаргасны дээр дурдсан гэмт хэргийн шинж бүрээр, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хүлээн авах боломжгүй гэж шүүх үзэв.

 

2. Шүүгдэгч Д.С, Б.А, Б.Б нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлсөн, төлөхөө илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...шүүгдэгч Д.С, Б.А, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн хуульд зааснаар 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй...” саналыг шүүхэд гаргасан.

 

          Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал хохирогчийн гомдол санал, прокурорын гаргасан санал дүгнэлтийг шүүх харгалзан үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч нарын тус бүр 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.С, Б.А, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Д.С, Б.А, Б.Б нарт оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Аын биед хамар ясны ил хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх, зүүн шуунд цус хуралт, баруун чамархай, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Д.С нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид 1.500.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн баримт шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан ба шүүх хавтаст хэрэг авагдсан баримтаар шүүгдэгч Д.Саас 337.124 төгрөгийг гаргуулж хохрогчид олгох нь зүйтэй.

 

Хохирогч С.Х-ийг биед баруун дээд үүдэн 1-р шүдний сулрал, доод 3-4-р шүдний буйлны цус хуралт, доод уруулын салстад шарх бүхий хөнгөн хохирол,

- хохирогч Т.Т-г биед толгойн оройн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан тус тус учирсан бөгөөд хохирогч нар гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал төлбөр нэхэмжлээгүй, хавтаст хэрэгт баримт ирүүлээгүй тул шүүгдэгч Б.А, Б.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт зааснаар Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй. бөгөөд хохирогч нар нь эмчилгээ үйлчилгээнд хамрагдан холбогдох эмнэлгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Эрүүгийн 2110021440307 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.С, Б.А, Б.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Д-гийн С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

- шүүгдэгч Б овогт Б-ийн Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

- шүүгдэгч Б овогт Б-ийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар,

- шүүгдэгч Б.Аыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар,

- шүүгдэгч Б.Быг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга)төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.С, Б.А, Б.Б нарыг торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.С, Б.А, Б.Б нарт 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Саас 337.124 (гурван зуун гучин долоо мянга нэг зуун хорин дөрөв) төгрөгийг гаргуулж хохрогч Б.Ат олгосугай.

 

6. Хохирогч нар нь эмчилгээ үйлчилгээнд хамрагдан холбогдох эмнэлгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг тайлбарласугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.С, Б.А, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай. 

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ