Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/160

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

Хохирогч Ц.Эрдэнэбилэг,

Шүүгдэгч Д.Нармандах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гарьд овогт Дүгэржавын Нармандахад холбогдох эрүүгийн 2207 00000 0148 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1964 оны 08 дугаар сарын 18-ны өдөр, Ховд аймагт төрсөн, 58 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Уулын цахилгааны механикч мэргэжилтэй, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Яаралтай түргэн тусламжийн нэгдсэн тасгийн 103-ын дуудлагын жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт Налайх дүүргийн 8 дугаар хороо, 57 дугаар байрны 11 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД: ЦЖ64081836/

Гарьд овогт Дүгэржавын Нармандах.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Нармандах нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 10 цагийн орчим Налайх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн төвийн жолооч нарын амралтын өрөөнд Ц.Эрдэнэбилэгтэй түргэн тусламжийн автомашины эвдэрсэн сэлбэг авах талаар маргалдаж, улмаар түүний хөл рүү нэг удаа өшиглөж, нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж, түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд шарх, баруун дээд, доод зовхи, баруун шилбэнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогч нар гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Нармандах нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй...” гэв.

 

Хохирогч Ц.Эрдэнэбилэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Бид хоёр

зодолдчихоод гарч яваад эргээд би дуудсан гэж байна. Би эргэж дуудаагүй. Хүүхдээ аваад гарахад нь яаж яриад байна Мандахаа гэхэд буцаж орж ирсэн. Салгаад амьсгаагаа дараад сууж байтал ирээд шууд цохисон. Тэр дээр би гомдолтой байна. Маргааш өглөө нь надаас ирээд уучлал гуйх байх гэж бодсон. Эр хүмүүс зодолдож нүдэлдээд орхичихдог гэж бодтол өглөө нь дарга руу ороод гарч байсан. Би чамаас болоод хамар шархирч хонолоо гэж хэлсэн. Тэр орой нь эмнэлэгт чихээс хийлгэсэн. Уучлал гуйх юм бол зүгээр орхичихъё гэж бодтол уучлал гуйгаагүй. Дараа нь түргэний үүдэн дээр таараад яагаад уучлал гуйхгүй байгаа юм бэ гэж хэлтэл шүүх цагдаа нь шийддэг юм байгаа биз гэх хариуг надад хэлсэн. Би уг нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр амралтаа авах байсан. Тэгээд 07-ны өдөр актаа аваад гарсан. Уг нь би 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байсан бол овоо хэдэн төгрөг илүү авах байх гэж бодож байсан. Тэр өдрөөс хойш акт аваад шүүх, цагдаагаар явсан. Дарга нар намайг хүнтэй зодолдсон гэх шалтгаанаар ур чадварын мөнгө олгохгүй гээд хассан. Ийм хохирол учирсанд гомдоод байгаа. Эр хүмүүс шиг маргааш нь уучлаарай гэж хэлж болох байсан. Гүрийгээд байгааг л гайхаж байна. Бид хоёрын дунд ямар нэгэн гаднын нөлөө байхгүй. Би 34 жил түргэний жолооч хийж байгаа. 27 жил нь ахлах жолооч, механик гээд жолооч нараа удирддаг. Намайг амьхандаа хясаад байгаа юм шиг доош нь хийж үгэнд орохгүй, ийм сэлбэг авч өг гэж хэлээд надад хорсоод байдаг. Одоо хүртэл тэр хорслоо тайлахгүй байгааг гайхаад байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах

байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.  Үүнд:

 

Хохирогч Ц.Эрдэнэбилэг нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 10 цагийн үед Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд жижүүрт гарч байгаад Эрүүл мэндийн төвийн жолооч нарын амралтын өрөөнд сууж байтал гаднаас Д.Нармандах архи уучихсан бололтой согтуу орж ирээд надад “чи намайг хааж боолоо, машины сэлбэг авч өгсөнгүй, яасан их мэдлэгтэй пизда вэ” гээд над руу бичиг цаас шидэж уурлаж байгаад гараад явчихсан. Тэгэхээр нь би гайхаад түүний утас руу залгаад “чи буцаад ороод ир дээ, яасан гэж уурлаад байгаа юм бэ” гээд дуудсан. Удаагүй Д.Нармандах буцаж орж ирээд надтай барьцалдаж авахаар нь түүний гарыг өөрөөсөө салгасан чинь миний зүүн хөлийн шилбэ рүү өшиглөөд газар унагаагаад дээр гарчхаад миний толгой руу цохиод байж байтал гаднаас Алтансүх гэх жолооч орж ирээд бид хоёрыг салгасан. Тэгсэн Д.Нармандах бид хоёр дахиад нэг нэгэнтэйгээ хэрэлдэж маргалдаад байж байтал гэнэт л Д.Нармандах миний хамар луу баруун гараараа 1 удаа хүчтэй цохисон. Тэр даруйдаа миний хамраас их хэмжээний цус гарч, хамар маань гэмтсэн юм...” /хх-05/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Алтансүх нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 10 билүү 11 цагийн үед Налайх дүүргийн 8 дугаар хороо, Эрүүл мэнд төв ажил дээрээ жолооч нарын амралтын өрөөнд Ц.Эрдэнэбилэг ах бид хоёр байж байтал гаднаас Д.Нармандах бага насны 2 ойтой жаахан хүүхэд тэвэрчихсэн орж ирээд “машины эд анги эвдэрсэн, эвдрээгүй, засна засахгүй” гэх шалтгаанаар хоорондоо хэрүүл маргаан хийж байгаад гэнэт л хоорондоо барьцалдаж аваад зууралдаад эхэлсэн. Тэр үед Д.Нармандах ахын дагуулж ирсэн хүүхэд нь айгаад уйлаад байхаар нь би тэр хүүхдийг тэврээд өрөөнөөс авч гараад хүүхдийг нь эмнэлгийн гадаа өөр хүнд түр өгчхөөд буцаад амралтын өрөө рүү ортол Ц.Эрдэнэбилэг, Д.Нармандах хоёр дээр доороо орчихсон зууралдсан байдалтай байхаар нь би тэр хоёрыг салгаж холдуулаад “та хоёр зүгээр хоорондоо ярилцаадах” гэж хэлээд байж байтал Д.Нармандах ах шууд Ц.Эрдэнэбилэг ахын хамар луу гараараа 1 удаа цохисон чинь Ц.Эрдэнэбилэг ахын хамраас цус гараад, хамар нь гэмтчихсэн юм....” /хх-10/ гэх мэдүүлэг,

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн анхны тусламжийн хуудас /хх-16/,

Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Дүрс оношилгооны төвийн эмчийн дүгнэлт /хх-17/,

Шагшаа” чих, хамар хоолойн эмнэлгийн үзлэг, оношилгооны баримт, дурангийн гэрэл зураг /хх-18/,

Яаралтай тусламжийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 4079 дугаартай хуудас /хх-19/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 304 дугаартай дүгнэлтэд:

  1. Ц.Эрдэнэбилэгийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд шарх, баруун дээд, доод зовхи, баруун шилбэнд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” /хх-20-21/ гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч Д.Нармандах яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.Эрдэнэбилэгтэй хэрэлдэж бид хоёр хоорондоо маргалдаж, маргаан дундуур тэсэлгүй нэг нэгэнтэйгээ зууралдаж автал хажууд байсан манай зээ хүү айгаад уйлчихсан чинь Ц.Алтансүх манай зээ хүүг тэвэрч аваад өрөөнөөс гарах хооронд Ц.Эрдэнэбилэг миний баруун шанаа руу гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би түүнийг зөрүүлээд баруун гараараа баруун шанаа руу нь 1 удаа цохиод, баруун хөлийнх нь өвдөгнийх нь харалдаа 1 удаа өшиглөөд, хоёр биетэйгээ барьцалдаж аваад хоёулаа газар нь унаад би түүний дээр нь гараад байж байтал араас Ц.Аптансүх орж ирээд бид хоёрыг салгаж холдуулсан... Тэгээд гараад явж байтал араас Ц.Эрдэнэбилэг над руу утасдаад “алив чи буцаад ороод ир дээ, яасан лалрын хулгайч вэ” гэхээр нь миний уур хүрээд буцаад жолооч нарын өрөө рүү ороод шууд Ц.Эрдэнэбилэгийг харсан даруйдаа түүний хамар руу гараараа 1 удаа цохичихсон юм... Би тухайн өдөр архи уугаагүй эрүүл байсан. Тэглээ ч би тэр өдөр зээ хүүгээ дагуулж явж байсан... Ц.Эрдэнэбилэг миний нүүр рүү 1 удаа цохисон. Гэхдээ тэрэнд миний биед ямар нэгэн гэмтэл, шарх ерөөсөө учраагүй, би шинжээч эмчид үзүүлэхгүй. Өөрийнхөө хийсэн үйлдэлд гэмшиж байна...” /хх-32/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Нармандахад холбогдсон гэмт хэргийн гэм буруутай гэж үзэн улсын яллагчаас “шүүгдэгч Д.Нармандах нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах”  дүгнэлтийг гаргажээ.

Шүүх шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд явуулна”  гэсэн заалтын дагуу явуулсан болно.

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Д.Нармандах нь: “Ц.Эрдэнэбилэг миний баруун шанаа руу гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би түүнийг зөрүүлээд баруун гараараа баруун шанаа руу нь 1 удаа цохиод, баруун хөлийнх нь өвдөгнийх нь харалдаа 1 удаа өшиглөөд, хоёр биетэйгээ барьцалдаж аваад хоёулаа газар нь унаад би түүний дээр нь гараад байж байтал араас Ц.Аптансүх орж ирээд бид хоёрыг салгаж холдуулсан... Тэгээд гараад явж байтал араас Ц.Эрдэнэбилэг над руу утасдаад “алив чи буцаад ороод ир дээ, яасан лалрын хулгайч вэ” гэхээр нь миний уур хүрээд буцаад жолооч нарын өрөө рүү ороод шууд Ц.Эрдэнэбилэгийг харсан даруйдаа түүний хамар руу гараараа 1 удаа цохичихсон юм...” гэж мэдүүлсэн мэдүүлэг нь  шүүгдэгчийн холбогдсон үйлдлийн талаар талууд шинжлэн судалсан энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох: хохирогч Ц.Эрдэнэбилэгийн өгсөн: “...Д.Нармандах буцаж орж ирээд надтай барьцалдаж авахаар нь түүний гарыг өөрөөсөө салгасан чинь миний зүүн хөлийн шилбэ рүү өшиглөөд газар унагаагаад дээр гарчхаад миний толгой руу цохиод байж байтал гаднаас Алтансүх гэх жолооч орж ирээд бид хоёрыг салгасан. Тэгсэн Д.Нармандах бид хоёр дахиад нэг нэгэнтэйгээ хэрэлдэж маргалдаад байж байтал гэнэт л Д.Нармандах миний хамар луу баруун гараараа 1 удаа хүчтэй цохисон. Тэр даруйдаа миний хамраас их хэмжээний цус гарч, хамар маань гэмтсэн юм...” гэх мэдүүлэг, Гэрч Д.Алтансүхийн өгсөн: “...Д.Нармандах бага насны 2 ойтой жаахан хүүхэд тэвэрчихсэн орж ирээд “машины эд анги эвдэрсэн, эвдрээгүй, засна засахгүй” гэх шалтгаанаар хоорондоо хэрүүл маргаан хийж байгаад гэнэт л хоорондоо барьцалдаж аваад зууралдаад эхэлсэн....буцаад амралтын өрөө рүү ортол Ц.Эрдэнэбилэг, Д.Нармандах хоёр дээр доороо орчихсон зууралдсан байдалтай байхаар нь би тэр хоёрыг салгаж холдуулаад “та хоёр зүгээр хоорондоо ярилцаадах” гэж хэлээд байж байтал Д.Нармандах ах шууд Ц.Эрдэнэбилэг ахын хамар луу гараараа 1 удаа цохисон чинь Ц.Эрдэнэбилэг ахын хамраас цус гараад, хамар нь гэмтчихсэн юм....” гэх мэдүүлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн анхны тусламжийн хуудас, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Дүрс оношилгооны төвийн эмчийн дүгнэлт, Шагшаа” чих, хамар хоолойн эмнэлгийн үзлэг, оношилгооны баримт, дурангийн гэрэл зураг, Яаралтай тусламжийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 4079 дугаартай хуудас, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 304 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Нармандахын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 10 цагийн орчим Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Эрүүл мэндийн төвийн жолооч нарын амралтын өрөөнд Ц.Эрдэнэбилэгтэй маргалдаж, улмаар түүний хөл рүү нэг удаа өшиглөж, нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж, түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд шарх, баруун дээд, доод зовхи, баруун шилбэнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь  тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Д.Нармандахад холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

           

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Нармандахыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл

оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Д.Нармандахад холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 600 нэгж буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргасныг шүүх хянаад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд тухайн зүйлд заасан ял шийтгэлээс 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эмчилгээ холбоотой 300,000 төгрөгийн зардал гарсныг шүүгдэгчийн зүгээс хохирогч Ц.Эрдэнэбилэгт 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээлгэн өгсөн байна.

 

Хохирогч Ц.Эрдэнэбилэг нь цаашид эмчилгээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Гарьд овогт Дүгэржавын Нармандахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нармандахад 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Д.Нармандах нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Эрдэнэбилэгт 300,000 төгрөгийг төлсөн, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч Ц.Эрдэнэбилэг нь цаашид эрүүл мэндтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйгээр үлдээсүгэй.

 

  1. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нармандахад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ,

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД