Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 153/ШШ2018/00308

 

  
  

2018 оны 05 сарын 24 өдөр

    Дугаар 153/ШШ2018/00308

            Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багт оршин суух, Г.Э-ын  хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 153/2018/00322/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, хүсэлт гаргагч Г. нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1698 онд Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн сургуульд нэгдүгээр ангид орж, 1972 онд 4 дүгээр ангиас гарч малчин болсон. 1978 онд гэр бүлтэй болж, 1979 онд цэргийн албанд татагдаж, 1982 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. 1982 оноос хойш өдий хүртэл мал маллаж байна. Миний Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадад 1978 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал, 1982 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл тус тус малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХКомпанид 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Би 1978 онд гэр бүлтэй болсон. Миний эхнэрийг Оюунцэцэг гэдэг....Миний аавыг нутгийн хүмүүс Гомоо гэж дууддаг....гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Г.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Г.Э нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадад 1978 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг дуустал, 1982 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд тус тус малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулалаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Г.Э нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадад 1978 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг дуустал, 1982 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд тус тус малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 899 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадын 1978-1979, 1982-1992 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн Хөдөлмөр нэгдлийн зөвлөлөөс олгосон Диплом, Гэрчилгээ, Үнэмлэх, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 36/002412 дугаартай Гомбоидэш Эрдэнэбат, Дүгэр Оюунцэцэг нарын 1978/06/22-нд гэр бүл болсныг Ховд аймгийн Зэрэг сумын 5-рт 1978/06/22 өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэх бичвэртэй гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 36/002419 дугаартай Эцгийн Эцэг/эх/-ийн нэр Рэнцэн Гомбоидэш, Эхийн Эцэг/эх/-ийн нэр Надмид Уртнасан, Уртнасан Эрдэнэбат 1960/09/21-нд Ховд аймгийн Зэрэг сумын 110-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэх бичвэртэй төрсний бүртгэлийн лавлагаа, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 36/002418 дугаартай Уртнасангийн Эрдэнэбатыг Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын 111 тоот захирамжаар 2010/10/26-ны өдөр Бошготынхон овогт Гомбо-Идэшийн Эрдэнэбат болгон өөрчилсөн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэх бичвэртэй ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 118 дугаартай Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл нь 1991 оны 12 сарын 26-нд Хөдөлмөр хувьцаат компани болж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэх бичилттэй лавлагаа, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 14, 17-29, 30-32, 40-43 дугаар тал/

Г.Э нь 1979 оны 6 дугаар сарын 25-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цэргээс халагдсан тухай бичилттэй хүсэлт гаргагчийн Цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1992 оны 3 сараас 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримт хэрэгт авагдсан болно. /ХХ-ийн 9-11 дүгээр тал/

Хавтаст хэргийн 5-8 дугаар хуудсанд авагдсан иргэн Д.Баатаржав, Д.Гарий нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, тэдгээрийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 15-16 дугаар хуудсанд авагдсан 1976-1977 онуудын 70 дугаар дансны хуулбарууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г-Э-ын Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадад 1978 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг дуустал, 1982 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд тус тус малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       С.ОЮУНЖАРГАЛ