Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 09

 

П.М холбогдох эрүүгийн

                                                хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Т.Жаргалсайхан, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Н.Мөнхбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.М давж заалдах гомдлоор, П.М холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ны хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 1973 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторч, бороожуулагч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4 эхнэр, хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 6-1 тоотод оршин суудаг, өмнө нь Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 89 дугаар шийтгэх тогтоолоор 50.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, ДН73111714 регистрийн дугаартай Боржигон овогт П М нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний орой 22 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар сургуулийн урд зам дээр 42-23 ГАА улсын дагууртай Приус-20 маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Н мөргөж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмрт хэрэгт холбогдожээ.

 

       Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт П М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож,

2.

 

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М оногдуулсан 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Говь-Алтай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өдөрт 4 цаг хийлгэхээр тогтоож. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлэгх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.М танилцуулж. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэжмээг хэвээр үргэлжлүүлж. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргах, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч Б.Н 215.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэч П.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, тайлбартаа: Миний бие П.М нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10.3 дахь заалтуудыг зөрчиж бусдын биед хүдэвтэр гэмтэл учруулсан бөгөөд анхан шатны шүүх гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн юм. Би анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй орсон тул зарим талаар эрх зүйн мэдлэг бага байсан. Энэ 250 цагийн албадан ажил хийлгэх ял миний ажилд хүнд тусч байна. Учир нь би хөдөө мал малладаг Хавар мал төллөх гол цагаар албадан ажил хийхэд хүнд байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтанд өөрчлөлт оруулж надад торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү гэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч П.М нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний орой 22 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар сургуулийн урд зам дээр 42-23 ГАА улсын дагууртай Приус-20 маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын замын

3.

хөдөлгөөний дүрмийн 10.1  заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Н мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь тогтоогдсон байна.

Үүнд: Хохирогч Б.Н “ Халуун усанд орчихоод эмийн сан ороод эргэж явахдаа Монсуль колонкын хажуугаар өнгөрч явахад нь жижиг цагаан өнгийн приус маркийн машин уулзвар дээр огцом эргэхдээ зүүн хөлийнх нь өлмий хэсгээр дайрсан, эмчилгээний зардалд 215.000 төгрөг авсан, гомдол саналгүй” тухай мэдүүлэг,

Мөн шинжээч цагдаагийн ахмад Б.Мөнхнасангийн: “П.М нь 2019 оны 01 сарын 24-ний өдөр автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас уг осол болсон байна” гэсэн дүгнэлт,

Шинжээч Т.Алтайбаатарын: “Хохирогч Б.Н биед зүүн тавхайн 4-р шивнүүр ясны далд хугарал, зүүн шагайн гадна хэсэгт цус хуралт гэмтэл учирсан нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт, замын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч П.М нь мөрдөн байцаалтад болон анхан шатны шүүх хуралдаанд “2019 оны 01 дүгээр сарын 24-ний орой 22 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшилийн 42-23 ГАА улсын дагууртай Приус-20 маркийн автомашиныг жолоодон Монсуль колонкоос бензин авах гээд баруун эргэж яваад Б.Н шүргэсэн” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдсэн болохыг давхар нотлож байна.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэснийг зөрчиж хохирогч Б.Н зүүн хөлний өлмий хэсгээр дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийн бүх шинжийг агуулж байгаа талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

4.

Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч П.М эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор буюу тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож шүүгдэгчид ял оногдуулсан байна.

Анхан шатны шүүхээс П.М оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна.

Тиймээс анхан шатны шүүхээс оногдуулсан ял хүндэдсэн талаарх шүүгдэгч П.М давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2018/ШЦТ/32 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.М давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Гомдол, Эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ                                 Ш.БАТТОГТОХ

                                   ШҮҮГЧИД                                 Т.ЖАРГАЛСАЙХАН

                                                                                  Ч.ЭНХТӨР