Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 128/шш2020/0689

 

 

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 27 өдөр Дугаар 128/ШШ2020/0689 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.Э /РД:ШЗ7201****/,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/846 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Э нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/546 тоот шийдвэрийг үндэслэн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хорооллын **дүгээр байрны баруун урд байрлах 576 м2 газрыг үйлчилгээний орон сууц зориулалтаар эзэмшиж байсан болно. А.Э дээрх газрыг 1998 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 65 дугаар захирамжаар үйлчилгээний цэг барьж ашиглах зориулалтаар эзэмшиж эхэлсэн бөгөөд түүнээс хойш хэд хэдэн удаа сунгаж хамгийн сүүлд 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/546 тоот захирамжаар үйлчилгээтэй орон сууц зориулалтаар ашиглахаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан болно. Тус газар дээр А.Эийн өмчлөлийн 220600****улсын бүртгэлийн дугаартай 102 м.кв дэлгүүр болон бусад байгууламж байрлаж байсан бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авсан учир эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг нураасан болно.

2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс хойш маргаан бүхий актад дурдсан 576 м2 газрыг дараах байдлаар ашиглаж ирсэн болно. Үүнд:

2018.07.09 - Үйлчилгээтэй, орон сууц зориулалттай газарт үндэслэн МЗХ2018/**** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан.

2018.08.07 - Иргэн А.Эийн үйлчилгээтэй, орон сууцны барилгын эскиз зураг батлуулсан.

2018.08.14 - Мэдээлэл Холбооны Сүлжээ ХХК-ийн ТН-С456/2018 дугаартай худаг сувагчлал, кабель шугамын байгууламжийг шилжүүлэх, хамгаалах талаарх холболтын техникийн нөхцөлийг батлуулсан.

2018.08 - Ус Сувгийн Удирдах газрын №635/18 Усны техникийн нөхцөл батлуулсан.

2018.08 - УБДС ХК-ийн №56/2019 дугаартай Дулааны техникийн нөхцөл батлуулсан.

2019.05.07 - Улаанбаагар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 15/01183/19 дугаартай Цахилгааны техникийн нөхцөл батлуулсан.

2018.08.13 - ХУД-ийн 1-р хороо, Мандах СӨХ-д орон сууцны барилга барихад дэмжлэг үзүүлэх тухай хүсэлт гаргасан.

2018.09.19 - ХУД-ийн 1-р хороо, Мандах СӨХ-өөс хүсэлтийн хариу болгож СӨХ-ны зүгээс орон сууцны барилга барихад татгалзах зүйлгүй талаарх хариу албан бичиг ирүүлсэн.

2019.01.24 - Барилга хөгжлийн төвд Иргэн А.Эийн үйлчилгээтэй, орон сууцны барилгын ажлын иж бүрэн зураг төсөлд магадлал хийлгэсэн.

2019.05.23 - Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авсан.

2019.05.30 - Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийн дагуу газар дээр өмнө нь байшин 102 м.кв үл хөдлөх хөрөнгө болох дэлгүүр бусад байгууламжаа нурааж, хашаа татах гэсэн боловч хэсэг, бүлэг иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан.

2019.06.06 - Нийслэлийн Засаг даргад дээрх эсэргүүцэж буй иргэдийн үйлдлийг таслан зогсоож барилга барих нөхцлөөр хангаж өгөхийг хүссэн албан бичиг явуулсан.

2019.06.17 - Иргэн А.Эийн хүсэлтийг шийдвэрлэж Архитекгур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх хэсэгт хөрш газар эзэмшигч иргэдтэй зөвшилцөх төлөвлөлттэй уялдуулах гэсний дагуу иргэдтэй зөвшилцөх шаардлагатай болно гэж шийдвэрлэсэн.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга нь дээрх нөхцөл байдал, ноглох баримтуудыг шалган тогтоохгүйгээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр А.Эийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон учир шүүхэд гомдол гаргаж байна.

Ниислэлийн Засаг даргын захирамжийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын алба нь иргэн А.Эт 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гарын үсэг зуруулан хүлээлгэн өгсөн учир Захиргааны Ерөнхий хуулийн 94.1-т Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж заасны дагуу хуульд заасан хугацаанд шүүхэд гомдол гаргаж байна.

Маргаан бүхий актад дурдсан газрын зориулалт нь үйлчилгээтэй орон сууц гэх зориулалттай бөгөөд иргэн А.Э нь орон сууц барих зорилгоор тухайн газрыг ашиглан хуульд заасан үндэслэл журмын дагуу холбогдох эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл, санал, дүгнэлтийг авч, хөрөнгө оруулагч нартай гэрээ, хэлцэл байгуулан, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авахтай холбоотой бүхий л зардлыг гаргаж 1 жил орчмын хугацаанд хөөцөлдөж 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг авсан байдаг. Гэтэл баригдах орон сууцтай хөрш болох Мандах СӨХ барилга барихад татгалзах зүйлгүй гэсэн боловч зэргэлдээ орших Тулга-2 СӨХ нь нарны гэрэл хаасан, орц, гарц хаасан гэх мэт үндэслэлгүй, эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэргүй эсэргүүцэлтэй тулгарч тус асуудлыг шийдвэрлэх гэсээр өнөөдрийг хүрсэн болно. Газрын тухай хуулийн **дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд Нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно. Ийнхүү хүчингүй болгохдоо тус хуулийн 40.2-т Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ гэж заасны дагуу газар эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй болохыг тогтоосон байх шаардлагатай байна.

Үйлчилгээтэй орон сууцны зориулалттай газрын ашиглалт нь тухай газрыг ашиглан архитектур төлөвлөлтийн даалгавар авахаас эхлэх бөгөөд газар дээр ямар ч техникийн нөхцөл, аливаа зөвшөөрөлгүйгээр шууд барилга барихгүй нь хэн хүнд ойлгомжтой байдаг билээ. Мөн түүнчлэн барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл авсан даруйд барилгын ажлыг эхлүүлэх гэтэл Тулга-2 СӨХ-ны эсэргүүцэлтэй тулгарч энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж Нийслэлийн Засаг даргад хандахад иргэдтэйгээ өөрсдөө зөвшилцөхийг зөвлөж шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл иргэн А.Э нь газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан цагаас эхлэн тухайн газраа ашиглан орон сууцны барилга барихад шаардагдах бүх төрлийн техникийн зөвшөөрлийг шат дарааллан авч барилга барих зөвшөөрлийг авсан байдаг бөгөөд барилгын ажлыг эхлүүлэхэд саад учруулж буй Тулга-2 СӨХ-ны эсэргүүцлийг шийдвэрлэх хүндэтгэн үзэх шалтгаантай байгааг нотлох бүхий л үйл баримтууд байсаар байхад үүнийг шалган тогтоохгүйгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/846 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд А.Эийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/846 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч А.Эт Хан-Уул дүүргийн Засаг даргын 2004 оны 1**дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 19 дүгээр хорооллын **дүгээр байрны баруун урд байрлалтай 576 м.кв хэмжээтэй үйлчилгээ-ний зориулалттай газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгожээ.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/502 дугаар захирамжаар иргэн А.Эт дээрх газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаагаар олгож, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2004 оны 1**дүгээр захирамжийн А.Эт хамаарах хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/546 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн зориулалтыг үйлчилгээтэй орон сууц болгон өөрчлөн 15 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.

Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг даргаас нийслэлийн Засаг даргад 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 01/338 дугаар албан бичгээр тухайн нутаг дэвсгэрт Газрын тухай хууль зөрчин олгосон, газар эзэмшүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгох талаар арга хэмжээ авахыг хүссэн.

Энэхүү мэдээллийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгуулагын газар эзэмших гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж шалгахад А.Э нь Газрын тухай хуулийн 35.3.1, 35,3.2-т заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байсан нь Газрын тухай хуулийн **дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл байдал бүрдсэн байна.

Энэ талаар А.Эт шийдвэр гаргах ажиллагаатай холбоотой тус албанаас 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 03-06/2854 дүгээр албан бичгээр мэдэгдэл хүргүүлэн Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу тайлбар, санал гаргах боломжоор хангасан бөгөөд улмаар нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/846 дугаар захирамжаар тухайн иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэгч А.Эийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Э нь түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/846 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 1998 оны 65 дугаар захирамжаар иргэн А.Эт тус дүүргийн 1 дүгээр хорооны орон сууцны **дүгээр байрны баруун урд талд байрлах 576 м.кв талбай бүхий газрыг үйлчилгээний цэг барьж ашиглах зориулалтаар эзэмшүүлж, 2004 оны 1**дүгээр захирамжаар хугацааг сунгаж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/502 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг шинэчлэн баталгаажуулж, улмаар 2018 оны А/546 дугаар захирамжаар зориулалтыг өөрчилж, үйлчилгээтэй орон сууц зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж гэрчилгээ олгож, гэрээ байгуулж, эзэмшил газрыг мэдээллийн санд нэгж талбарын 178050****, 1864230953**** дугаарт бүртгэжээ.

А.Эийн 1998 оноос эзэмшсэн газрын хэмжээ, байршил өөрчлөгдөөгүйн дээр уг газар дээрээ үйлчилгээний зориулалттай барилга барьж, 2003 онд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-220600****дугаарт өөрийн өмчлөлдөө бүртгүүлж, 102 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 6 дугаар сар хүртэл зориулалтын дагуу ашигласан болох нь дүүргийн Газрын албанаас ирүүлсэн нэгж талбарын 1864230953**** дугаартай талбарын байршлыг сансрын зурагтай давхцуулсан зургаас тогтоогдож байна.

Нийслэлийн Засаг дарга 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/846 дугаар захирамжаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх Газрын тухай хуулийн **дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон бөгөөд нэхэмжлэгч нь газар дээрх барилгаа 2019 оны 6 дугаар сард буулгасан, зориулалтыг өөрчлүүлсэн цагаас эхлэн тухайн газраа орон сууцны барилга барихад шаардагдах бүх төрлийн техникийн болон барилга барих зөвшөөрлийг авч барилгын ажлыг эхлүүлэх гэтэл Тулга-2 СӨХ-ны эсэргүүцэлтэй тулгарсан хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж маргаж байгаа бол хариуцагч нь Хан-Уул дүүргийн Засаг даргаас 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 01/338 тоот албан бичгийн дагуу А.Этой байгуулсан газар эзэмших гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж шалгахад Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2-т заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, 40.1.6-д заасан нөхцөл бүрдсэн байсан хэмээн тайлбарлажээ.

Газрын тухай хуулийн **дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болох зохицуулалт, өөрөөр хэлбэл эзэмших эрх олгогдсон газраа ямарваа хэлбэрээр зориулалтын дагуу ашиглаагүй хугацаа нь хуанлийн 2 жил, түүнээс дээш хугацаанд байх ёстой.

Гэтэл нэхэмжлэгч нь 1998 оноос хойш үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байсан тухайн газар дээрээ дэлгүүрийн барилга барьж, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэн үйлчилгээний зориулалтаар 2019 оны 6 дугаар сар хүртэл бодитоор ашигласан байх бөгөөд 2018 онд эзэмшил газрын зориулалтыг өөрчлүүлэх хүсэлт гаргаж Нийслэлийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/546 дугаар захирамжаар газрын хэмжээ, байршил нь хэвээр, зориулалтыг нь өөрчлөн үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшүүлснээр газар дээрээ дахин барилга барихаар холбогдох байгууллагуудаас зөвшөөрлийн баримт бичгийг батлуулсан, тухайлбал 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр МЗХ2018/**** дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг, 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр барилгын загвар зургийг, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-иар ТН-С456/2018 дугаартай худаг сувагчлал, кабель шугамын байгууламжийг шилжүүлэх, хамгаалах талаарх техникийн нөхцлийг, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Ус сувгийн удирдах газраас 635/18 дугаартай техникийн нөхцлийг, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр УБДС ТӨХК-иас 56/2019 дугаартай техникийн нөхцлийг, 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр УБЦТС ТӨХК-иас 15/01183/19 дугаартай техникийн нөхцлийг тус тус батлуулж, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Барилгын хөгжлийн төвөөс 0064/2019 дүгээр зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт хийгдэж, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 139/2019 тоот барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ иргэн А.Эт олгогдсон байна.

Тиймээс нэхэмжлэгч нь 2019 оны 6 дугаар сар хүртэл өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн дэлгүүрийн барилгад үйл ажиллагаа явуулж, газраа зориулалтын дагуу бодитоор ашигласан, барилгыг буулгасан энэ хугацаанаас тооцоход зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх хуанлийн 2 жилийн хугацаа болоогүй байхад, нөгөө талаас газрын зориулалт өөрчлөгдсөнөөр барилга барихтай холбоотой зөвшөөрлийн баримт бичгүүдийг 2018-2019 онд эрх бүхий байгууллагуудаар батлуулсан байхад газрын зориулалтыг өөрчилсөн захирамж гарсан хугацаанаас тооцон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй, үүнийг газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болгосон нь газар эзэмших эрхийг зөрчсөн хууль бус болжээ.

Түүнчлэн ийнхүү газрын эзэмших зориулалтыг өөрчилсний дагуу барилгын зөвшөөрлийн баримт бичгийг батлуулсны дараа газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчжээ.

Дээрхээс дүгнээд газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх хугацаа болоогүй, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох энэ үндэслэл үүсээгүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/846 дугаар захирамж хууль бус байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 д зааснаар хууль бус шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Мөн хариуцагч шийдвэрийн үндэслэлээ нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2-т заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж тодорхойлон маргадаг боловч газар эзэмших гэрээнд заасан ямар нөхцөл, болзлыг биелүүлээгүй болон газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан ямар нийтлэг шаардлагыг биелүүлээгүй болохыг тайлбарлаагүй, энэ талаарх нотлох баримтыг ирүүлээгүй, энэ үндэслэл тогтоогдохгүйн дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр нь энэ үндэслэлээр Газрын тухай хуулийн **дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримтлаагүй юм.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 02-06/2854 тоотоор газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн талаар мэдэгдэж, тайлбар ирүүлэх хугацаа тогтоосноор нэхэмжлэгч А.Э 6 дугаар сарын 15-ны өдөр тайлбар хүргүүлсэн байдаг тул хариуцагч шийдвэр гаргахаасаа өмнө сонсох ажиллагаа хийсэн, энэ нь хуульд нийцсэн гэж үзлээ.

Харин чухам яагаад хариуцагч нь маргаан бүхий актад буюу газар эзэмших эрхийн гэрчилгээг газраа зориулалтын дагуу хүндэтгэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр хүчингүй болгосон шийдвэртээ Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх зохицуулалтыг баримталсан нь ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй.

Хэрэгт авагдсан баримтууд, маргаан бүхий газарт шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд тухайн газарт барилга барихыг эсэргүүцсэн гэх Тулга-2 СӨХ-нд хамаарах орон сууцны 37 дугаар байр нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газраас баруун талд зайтай байрлах бөгөөд тухайн газар дээр баригдах барилгатай ойр орших, эрх ашиг сонирхол нь хөндөгдөх этгээд болох тухайн газрын зүүн хойд талд орших орон сууцны **дүгээр байрны оршин суугчид, **дүгээр байрны Мандах СӨХ-ноос санал авсан байхад энэ байдлыг тодруулалгүй, өөрөөр хэлбэл бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй буруутай байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/846 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА