Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2023/0320/З |
Дугаар | 221/МА2024/0094 |
Огноо | 2024-02-06 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2024/0094
“О*******” НҮТББ-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц*******
Нэхэмжлэгч: “О*******” НҮТББ
Хариуцагч: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
Гуравдагч этгээд: “Т*******” ГХОХХК
Гомпдлын шаардлага: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 710 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 710 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, А.П*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин
Хэргийн индекс: 128/2023/0320/З
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “О*******” НҮТББ-аас, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А-168 дугаар тушаал, уг тушаалыг үндэслэн П******* ХХК-д олгосон 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 679 тоот Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах”-аар маргажээ. .
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 710 дугаар шийдвэрээр Газрын тосны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, 18.2.2, 18.2.3, 18.2.4, 18.3, 18.3.1, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2., 7.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О*******” НҮТББ-аас, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад холбогдуулан гаргасан “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А-168 дугаар тушаал, уг тушаалыг үндэслэн “П*******” ХХК-д олгосон 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 679 тоот Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийг “...Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь “...хуульд үндэслэсэн байна..." гэсэн зохицуулалтыг зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байгаа учраас бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь: Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хандахдаа хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Газрын тосны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасныг зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан юм.
3.2. Анхан шатны шүүх шийдвэрээ “...Монгол Улсын Засгийн газраас эрх олгогдсоны дагуу байгуулагдсан бүтээгдэхүүн хуваах гэрээ, Байгаль, орчин, аялал жуулчлалын яамнаас гаргасан байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ, тухайн жилд ажиллах төсөв болон төлөвлөгөө, мөнгөн хөрөнгө байршуулсан баримт зэргийг үндэслэн Газрын тосны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, 18.3.1-д заасны дагуу гаргасан хариуцагчийн шийдвэрүүд үндэслэлтэй байна..." гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
3.3. Нэхэмжлэгчийн зүгээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А-168 дугаар тушаал болон уг тушаалыг үндэслэсэн олгосон 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 679 тоот Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тоот тусгай зөвшөөрлийг олгосон ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална 4.2.1-д “...хуульд үндэслэх...", 24 дүгээр зүйлийн 24.2-т “...Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ..." 26 дугаар зүйлийн 26.1-д “... Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно..." гэсэн заалтуудыг зөрчсөн хууль бус захиргааны акт гэж үзэж хүчингүй болгуулах шаардлага гаргасан.
3.4. Энэхүү үндэслэлүүд 679 тоот тусгай зөвшөөрөлтэй холбоотой бичиг баримтуудад үзлэг хийхэд тодорхой харагдсан.
3.5. Мөн нэхэмжлэгчийн зүгээс Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланг хуурамчаар баримт бүрдүүлэн батлуулсан болохыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх мэргэжлийн зөвлөл хүлээн зөвшөөрсөн талаар шүүхэд хүргүүлсэн баримтыг огт үнэлэхгүйгээр шийдвэр гаргасан.
3.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасан...нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх... заалтын хүрээнд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны 0710 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хууль тогтоомжийг зөв хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив.
2.1. Нэхэмжлэгч “О*******” НҮТББ-аас, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А-168 дугаар тушаал, уг тушаалыг үндэслэн П******* ХХК-д олгосон 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 679 тоот Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2.2. Газрын тосны тухай хуулийн 18 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, сунгах”, 18.1-д “Энэ хуулийн 17.6-д заасан гэрээлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлтээ төрийн захиргааны төв байгууллагад гаргана”, 18.2-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана”, 18.2.1-т бүтээгдэхүүн хуваах гэрээний хуулбар”,18.2.2-т “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ”, 18.2.3-т “тухайн жилд гүйцэтгэх ажлын төлөвлөгөө”, 18.2.4-т “энэ хуулийн 11.2.9-д заасан мөнгөн хөрөнгийг байршуулсан баримт”, 18.3-т “Төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 18.1, 18.2-т заасан баримт бичгийг хянан үзэж, хайгуулын тусгай зөвшөөрлийг хайгуулын хугацаагаар дараах этгээдэд олгож, сунгана”, 18.3.1-т “эрлийн ажлын үр дүнд бүтээгдэхүүн хуваах гэрээ шууд байгуулсан” гэж тус тус заажээ.
2.3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гуравдагч этгээд “Т*******” ХХК буюу “П*******” ХХК нь Газрын тосны газартай 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус тус “Нүүрсний давхаргын метан хий”-н эрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд 3 жилийн хугацаанд /Т-1, Богд-4, Онги-5/ эрлийн ажлыг гүйцэтгэсэн байна.
2.4. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох тухай” 57 дугаар тогтоолоор Газрын тосны хайгуулын Богд-IY, Онги-Y, Т-1 талбайд уламжлалт бус газрын тосны (нүүрсний давхаргын метан хий) үйл ажиллагаа явуулах Бүтээгдэхүүн хуваах гэрээг “П*******” ХХК-тай байгуулах эрхийг Ашигт малтмал, газрын тосны газарт олгосноор 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г байгуулжээ.
2.5. “П*******” ХХК нь 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх тухай” 34/21 дүгээр албан бичгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлсэн бөгөөд хүсэлтэд Онги-V, Т-1, Богд-IV талбайнуудын нүүрсний давхаргын метан хийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар ашигт малтмал, газрын тосны газар болон “П*******” ХХК-ийн хооронд байгуулах Бүтээгдэхүүн хуваах гэрээнүүд, Онги-V, Т-1, Богд-IV талбайнуудын 2020 оны хайгуулын ажлын төсөв, төлөвлөгөө, Байгаль, орчин аялал жуулчлалын яамны 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 13/6086, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 13/6090, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 13/6810 дугаар албан бичгүүдээр ирүүлсэн Онги-V, Т-1, Богд-IV талбайнуудын байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх аргачлалын дагуу хийгдсэн ерөнхий үнэлгээний дүгнэлтүүд, эскроу дансанд 51,373,363.24 төгрөг төвлөрүүлсэн талаарх төлбөрийн мэдэгдэл зэргийг хавсаргасан нь Газрын тосны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д заасныг хангасан байна.
2.6. Дээрх хүсэлтийг хүлээн авч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Уламжлалт бус газрын тос хайх тусгай зөвшөөрлийг олгох тухай А/168 дугаар тушаалаар “Т*******” ХХК буюу “П*******” ХХК-д уламжлалт бус газрын тосны хайгуулын Богд IV, Онги V, Т1 талбайнуудад уламжлалт бус газрын тос /нүүрсний давхаргын метан хий/ хайх тусгай зөвшөөрлийг олгожээ.
2.7. Уг тушаалыг үндэслэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр маргаан бүхий 679 дүгээр Уламжлалт бус газрын тос /нүүрсний давхаргын метан хий/ хайх Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг “П*******” ХХК-д буюу одоогийн гуравдагч этгээд “Т*******” ХХК-д олгосон байна.
2.8. Дээрхээс үзвэл гуравдагч этгээд “П*******” ХХК /хуучин нэрээр/ нь Газрын тосны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т заасны дагуу гаргасан хүсэлт нь мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасан шаардлагыг хангасан бөгөөд уг хүсэлтийг хүлээн авч мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.3,18.3.1-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр, уг шийдвэрийг үндэслэн Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон хариуцагчийн шийдвэрүүд үндэслэлтэй байна.
2.9. Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 710дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН