Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1610

 

МАГАДЛАЛ

 

2017.7.19                                                     Дугаар 1610                                  Улаанбаатар хот

 

 

 

 

 

З.Цолмонбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/01573 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч З.Цолмонбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагад холбогдох,

33 099 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: З.Цолмонбаяр,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Энхтүвшин,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Цэцэнбаатар,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Одонжав,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Даваажав нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: "Дэлхийн Зөн Монгол" олон улсын байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар бүлгийн 3 дахь хэсэг "Сайн дурын тэтгэмжийн схем" гэсэн хэсэгт заасны дагуу олон жил ажилласаны тэтгэмж 33 099 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. 2001 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 15 жилийн турш ажиллаад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тул өөрийн хүсэлтээр тус байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцалж ажлаас гарах хүсэлтээ өгсөн. Энэхүү хүсэлтийг ажил олгогч шийдвэрлэж 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн R-16/09/129 дугаартай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай "Дэлхийн Зөн Монгол" олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн тушаалыг гаргасан. Дундговь, Архангай болон Говь-Сүмбэр аймгуудад байгуулллагын томилгооны дагуу ажиллаж байсан. Ингэж явж ажиллана гэдэг бол би энэ байгууллагад ямар их идэвхи санаачлага, хүч гаргаж ажиллаж байсныг илтгэж байгаа гэж би ойлгодог. 2016 оны 8 дугаар сард 1 сарын хугацаатай цалингүй чөлөө авсан. Энэ чөлөө авсан шалтгаан нь миний амьдралд маш хүнд цаг үе тохиосон байсан. Том хүү Содбилгүүн нүдний хүнд хагалгаанд орж нүдээ авахуулж хиймэл нүд хийлгэсэн. Охин маань амны хөндийн бүтэн хагалгаанд орохоор болсон. Би 20 000 000 төгрөгийн зээл авч хүүгээ хагалгаанд оруулсан. Охиноо байгууллагын тэтгэмж авч оруулна гэсэн төлөвлөгөө байсан. Өнөөдрийг хүртэл охин маань хагалгаанд орж чадаагүй. Би учраа ахин хэлж үйл ажиллагааны дарга руу утсаар мэдээлэл бичиж тусламж гуйж байсан. Гэтэл хүсэлтийг маань хүлээн авахаас татгалзаж тэтгэмжийг минь өгөхөөс үндэслэлгүй татгалзсан бөгөөд энэ хугацаанд миний бие хүүхдүүдийнхээ эмчилгээ, асаргааг биечлэн хийхэд тодорхой хугацаа шаардлагатай болсон тул удаа дараа цалингүй чөлөө авах нь хүндээр тусаж нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал зэрэг шимтгэл төлөгдөх боломжгүй болж байсан тул өөрийн хүсэлтээр ажлаасаа гарах хүсэлтээ тэтгэмж авах хүсэлтийн хамт гаргасан.

"Дэлхийн Зөн Монгол" төрийн бус байгууллагын Бодлого, дотоод журмын 15 дугаар бүлгийн 3 дахь хэсэг Сайн дурын схем гэсэн хэсэгт тус байгууллагад 3 жилээс дээш хугацаанд тогтвор сурьшилтай ажилласан ажилтан ажлаас гарсан тохиолдолд нэг сарын цалинг ажилласан жилээр үржүүлэн тооцож тэтгэмж олгохоор журамласан. Уг журмын дагуу нийт 15 жилийн хугацаанд ажилласан тул 15 сарын цалинтай дүйцэх /1 сарын цалин 2 206 600 төгрөг/ нэг удаагийн тэтгэмж авах эрхийн дагуу ажил олгогчоос тэтгэмжээ гаргуулахыг хүссэн. 15 сарын цалинтай дүйцэхүйц 1 удаагийн тэтгэмж болох 33 099 000 төгрөг юм. Учир нь "Дэлхийн Зөн Монгол" төрийн бус байгууллагын Хүний хөгжлийн Үндэсний бодлогын гарын авлагын 12 дахь дэд хэсгийн 1-т тасралтгүй 3 жил ажилласан тэтгэмжийг олгохдоо ажилтны ажлаас чөлөөлөгдөх үеийн авч байсан цалинг "Дэлхийн Зөн Монгол" төрийн бус байгууллагад ажилласан бүтэн жил тутмаар бодож олгоно гэж заасан.

Иймд хариуцагч "Дэлхийн Зөн Монгол" төрийн бус байгууллагаас 33 099 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: "Дэлхийн Зөн" олон улсын байгууллага нь Монголын хүүхэд, нэн ядуу иргэдэд хандсан халамж, тусламж, хөгжлийн хөтөлбөрийг Монгол Улсад явуулдаг ашгийн бус хүмүүнлэгийн байгууллага юм. Бид хандивлагчдын өмнө хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр бүр зөрчилгүй явагдах үүргийг хүлээдэг. З.Цолмонбаяр нь "Дэлхийн Зөн" олон улсын байгууллагын Монгол дахь төлөөний газрын Бор-Өндөр 1 орон нутгийн хөгжлийн хөтөлбөрт хөтөлбөрийн менежер албан тушаалд ажиллаж байгаад өөрийн хүсэлтийн дагуу 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. "Дэлхийн Зөн" олон улсын байгууллагын дотоод журам, бодлогын дагуу ажилтан олон жил ажилласаны тэтгэмж хүсэх эрхтэй боловч З.Цолмонбаяр нь байгууллагын дотоод аудитын хяналтаар байгууллагын бодлогыг зөрчсөн нь тогтоогдсон.

Тухайлбал, төрөл садангийн хүүхдүүддээ сургалтын тэтгэлэг олгосон, гэр бүлийн хамааралтай хүний удирдлагаар ажилладаг байгууллагаас сургалтын үйлчилгээ авч байсан. Үүнийгээ жил бүр бөглөдөг ашиг сонирхлын ил тод журмын дагуу мэдэгдээгүй нь хувийн ашиг сонирхлоор байгууллагын хөрөнгийг зүй бус захиран зарцуулсан гэж дүгнэгдсэн. Мөн ажилчдын болон өөрийнхөө хүүхдүүдэд баримтгүйгээр бэлэг тараасан бөгөөд менежер өөрөө уг гүйлгээг баталсан нь байгууллагын журам зөрчсөн, өөрийн хувийн зардлыг хаахын тулд ажилтанг хуурамч хөтөлбөр болон оролцогчдын нэрсийн жагсаалтанд гарын үсэг зурахыг хүссэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлсэн гүйцэт бус үйлчилгээнд төлбөр хийгдсэн, хөтөлбөрийг муу удирдлагаар хангасан зэрэг зөрчлүүдийг гаргасан. "Дэлхийн Зөн" олон улсын байгууллагын хүний нөөцийн бодлогын 12 дугаар зүйлийн 1 дүгээр хэсэг "Хэрэв ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас     чөлөөлөгдсөн ч байгууллагын хөрөнгийг зүй бус ашигласан зэрэг нь байгууллагын итгэл алдсан, ёс зүйн бодлого журам, ашиг сонирхлын зөрчлийн бодлого журмуудыг тус тус зөрчсөн бол олгогдохгүй" гэж заасан тул байгууллагын зүгээс З.Цолмонбаярт олон жил ажилласан тэтгэмжийг бодлогын дагуу олгохгүй гэж шийдвэрлэсэн. З.Цолмонбаяр нь 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр энэхүү бодлого журамтай танилцаж гарын үсэг зурсан байдаг. Ажилтан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу ажил олгогчоос баталсан байгууллагын дотоодод хэрэглэгдэх бодлого, журмыг мөрдөн үнэнчээр ажиллах үүргээ зөрчсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжэээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т зааснаар хариуцагч "Дэлхийн Зөн Монгол" олон улсын байгууллагаас 33 099 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Цолмонбаярт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч З.Цолмонбаярын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 323 495 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Дэлхийн Зөн Монгол" олон улсын байгууллагаас 323 445 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Цолмонбаярт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхнээсээ нэг талыг баримтлан явагдсан бөгөөд нотлох баримт бүрдүүлэх захирамж гаргахдаа хариуцагчид тайлбар гаргах бололцоо олгоогүй, зохигчдын аль алинд байгаа, зохигчид зөвхөн өөрөө олж чадахгүй байгаа баримтыг шүүхийн журмаар гаргуулдаг боловч, хөдөлмөрийн гэрээ түүний нэмэлт өөрчлөлт зэрэг баримтыг шууд хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд тайлбар гарган, мэтгэлцэн оролцох бололцоо олгохгүй хариуцагчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хурал хойшлуулах хүсэлтийг өмгөөлөгчөөрөө дамжуулан эмнэлгийн магадлалын хамт гаргасныг хүлээн аваагүй байх зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчин шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Дэлхийн Зөн ОУБ, Дэлхийн Зөн Монгол ТББ гэж ялгаатай дурдсан байдаг. Манай байгууллага нь Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар бөгөөд олон улсад үйл ажиллагаа явуулдаг Дэлхий Зөн Олон Улсын байгууллагыг бүхлээр нь төлөөлөхгүй. Нэхэмжлэгч хариуцагчаа хэрхэн тодорхойлж байгааг нарийн тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь Дэлхийн Зөн ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Түүний ажиллаж байсан Бор-Өндөр орон нутгийн хөгжлийн хөтөлбөрт дотоод аудитын шалгалт орж байх хугацаанд өргөдөл өгөн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Байгууллагын удирдлагын зүгээс аудитын дүгнэлтийг танилцуулахад тодорхой тайлбар хэлээгүй бөгөөд шүүх хуралдааны явцад энэ талаар маргаагүй, ашиг сонирхолын зөрчилтэй байснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн байна. Ажил үүрэг гүйцэтгэх хугацаандаа хамаатан садан болон өөрийнхөө хувийн ашиг сонирхолтой холбоотой шийдвэр гаргах болон шийдвэрт нөлөөлөх зэргийг нэрлэн тогтоосон байдаг.

Байгууллага З.Цолмонбаярын зөрчлийг 2015 оны 4 дүгээр сарын 17 өдөр мэдээгүй байсан. 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хийгдсэн дотоод аудитын шалгалтаар эдгээр зөрчлүүдийг мэдэн бодлогын дагуу холбогдох арга хэмжээг авсан.

Байгууллага дотоод аудитын дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргасныг баримтаар нотлогдоогүй гэж анхан шатны шүүх шууд дүгнэж байгаа нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгчийг ажиллаж байхад аудитын шалгалт эхэлсэн бөгөөд шалгалтын үргэлжлэх хугацаанд нэхэмжлэгч өргөдөл өгөн ажлаас чөлөөлөгдсөн болно. Ажилтан сайн дураар ажлаас чөлөөлөгдсөн нь дотоод хяналт шалгалтыг зогсоох үндэслэл болохгүй билээ. 2016 оны 6 сард ажилчдын хүүхдийн бэлгэнд зориулсан зардлыг хэтрүүлээд зогсохгүй өөрөө батлахгүйгээр дээд түвшиний даргаар батлуулах санхүүгийн журмыг мөн зөрчсөн юм. Тус байгууллагад 178.60 cap ажилласнаас хүүхэд асарсан, өвчтэй байсан чөлөөтэй хугацаа 4.90 сарыг хасахад 14.48 жил тасралтгүй ажилласанд тооцогдоно. Сүүлийн цалин 2 206 000 төгрөгөөр үржүүлэхэд 31 940 535 төгрөг, үүнээс ХХОАТ хасагдан 28 746 482 төгрөг болох байсан. Хариуцагч байгууллага нь хандивлагч улсуудын өмнө хөтөлбөр, төсөл бүр зөрчилгүй явагдах үүрэг хүлээдэг. Нэхэмжлэгчийн гаргасан ашиг сонирхолын зөрчлүүдийг хандивлагчдын зүгээс ялимгүй зүйл гэж үздэггүй. Байгууллага 600 ажилтандаа үнэнч шударгаар ажиллах ижил шаардлага тавин Монгол улсад хүмүүнлэгийн тусламж зорилтод хүүхдэд, орон нутгийн иргэдэд хүрч байхад анхаардаг. Байгууллага нэхэмжлэгчид 15 жилийн туршид cap бүр өрсөлдөхүйц цалин хөлс болон жил бүр эрүүл мэнд болон бусад тэтгэмж 800.000 орчим төгрөг олгож байсан, хүүхдийнх нь эмчилгээнд туслаж байсныг дурдмаар байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтад шүүхийн шийдвэр нийцсэн байна.

Нэхэмжлэгч З.Цолмонбаяр нь хариуцагч “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагад холбогдуулан 33 099 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2001 оны 11 дүгээр сараас 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд тус байгууллагад олон жил ажилласны тэтгэмж 33 099 000 төгрөг гаргуулах...” гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...ашиг сонирхлын зөрчилтэй асуудалд орж, өөрөө ажлаасаа чөлөөлөгдсөн...” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Хүний хөгжлийн Үндэсний бодлогын гарын авлагын 15 дахь хэсэгт тэтгэлгүүд, сайн дурын мөнгөн тэтгэмжийн тогтолцооны дагуу тэтгэмж гаргуулах хүсэлт гаргасан нь журам зөрчөөгүй байна.

Учир нь нэхэмжлэгчид уг тогтолцоонд заасан олон жил ажилласан байх шаардлага хангагдаж байна. Мөн нэхэмжлэгчийн байгууллагад гаргасан хүсэлтийг хариуцагч байгууллагаас “хөрөнгийг зүй бус ашигласан итгэл алдсан, ёс зүйн бодлого журам, ашиг сонирхлын зөрчлийн бодлого журмуудыг зөрчсөн тул тэтгэмж олгохгүй” гэж үзсэн нь үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Тодруулбал, байгууллагын нэрээр үйл ажиллагаа явуулахдаа ашиг сонирхлын зөрчилтэй ажилласан, садан төрлийнхөө 2 хүүхдэд тэтгэмж олгосон зөрчлийг гаргаж журам зөрчсөн гэх боловч эдгээр зөрчлүүд нь 2014 онд болсон үйл баримт байна. Хөдөлмөрийн тухай хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, хариуцагчийн татгалзал, түүнд холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцүүлэн дүгнэж, нэхэмжлэлийг хангасан нь зөв байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/01573 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 323 445 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

                                   

                                         ШҮҮГЧИД                               Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                        М.НАРАНЦЭЦЭГ