Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2021/00626

 
 

А.Нинжиндуламын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/02178 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2293 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: А.Нинжиндулам

Хариуцагч: Өвөрзалаат ХХК

 

нэхэмжлэл: урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, холбогдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилтийг хийлгүүлэх, цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсны алданги гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяагийн хяналтын журмаар 2020.12.31-ний гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Нинжиндулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баттөр, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, нарийн бичгийн даргад Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Би 2020.03.17-ны өдөр Өвөрзалаат ХХК-тай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж, Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрт байрлах Таван толгой-Зүүн баян чиглэлийн 414.6 км төмөр замын төслийн туслан гүйцэтгэгч Өвөрзалаат ХХК-ийн зам ангийн кемпийн эмчээр ажилласан. Мөн 2020.04.01-ний өдөр дахин сэлбэг аж ахуйн нярвын албан тушаалд томилогдож давхар үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Нийт 2,000,000 төгрөгийн цалин авдаг байсан. Гэвч 2020.06.01-ний өдөр тус компанийн дэд захирал Ш.Мөнхбаатар ажлаас халсан тухай мэдэгдэж өөрийн хүсэлтээр ажлаас халагдах тухай өргөдөл бичиж өгөхийг шаардсан. Ийнхүү шаардсаны дагуу өргөдөл бичээгүй байхад 2020.06.01-ний өдөр ажил хүлээлцсэн акт үйлдэж, ажлыг бүрэн хүлээж авсан. Үүнээс хойш огт ажиллуулаагүй ба ажлаас чөлөөлөх тухай тушаалыг удаа дараа шаардсаны эцэст 2020.06.11-ний өдөр гардуулсан. Ш.Мөнхбаатар захирал ажлаас чөлөөлөх тухай тушаалыг тайлбарлахдаа компанийн эрх ашиг, нууцад хамаарагдах асуудлыг Таван толгой төмөр зам ХХК-ийн хяналтын, хөдөлмөр хамгааллын инженерт хэлсэн, мөн ажилчидтай ёс зүйгүй харьцдаг учраас ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан. Миний хувьд ажил үүргээ хуульд нийцүүлэн гүйцэтгэж байсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргаж байгаагүй, ноцтой зөрчил гаргасныг нотолсон эрх бүхий байгууллагын дүгнэлт огт гараагүй. 2020.06.02-ны өдрийн 20/12 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэх хэсэгт, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж байгаа боловч ямар үндэслэлээр цуцалж байгаа нь тодорхойгүй илт хууль бус тушаалаар намайг ажлаас чөлөөлж миний хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Иймд кемпийн эмч, няравын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, олговор олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилтийг хийлгүүлэх, цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсны алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна гэжээ.

Хариуцагч тайлбартаа: Өвөрзалаат ХХК нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км Төмөр замын төслийн 1290+00 пикетээс 1360+00 пикет хүртэлх 7 км төмөр замын суурь бүтэц угсрах, доод бүтэц барих ажлын туслан гүйцэтгэгчээр сонгогдон ажиллаж байгаа болно. Бид уг төслийн ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллах явцдаа А.Нинжиндуламыг 2020.03.02-ны өдрийн 20/04 дугаар тушаалаар кемпийн эмчээр ажиллуулах тушаал гарган ажиллуулсан. А.Нинжиндулам нь ажиллах явцдаа зан харилцааны доголдолтой байсан бөгөөд ажилчдаас удаа дараа гомдол гарган эмчийн ёс зүйгүй байдлын талаар дэд захирал Ш.Мөнхбаатар болон Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер А.Оргилсайхан нарт мэдэгддэг байсан. Тухайн үед А.Нинжиндуламд гомдлын талаар мэдэгдэж зан харьцаандаа анхаарч ажиллах талаар сануулга өгсөн. Удаа дараа сануулга өгсөн нь хамт ажлаа эхлүүлсэн хүнтэйгээ төслөө дуусгах зорилготой байсан. Цаашид А.Нинжиндуламтай хамтран ажиллах боломжгүй болсон учраас 2020.06.02-ны өдөр ажлаас чөлөөлсөн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 182/ШШ2020/02178 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг удирдлага болгон Өвөрзалаат ХХК-иас 2,000,000 төгрөгийг гаргуулан А.Нинжиндуламд олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалган, кэмпийн эмч, нярваар үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор болон алданги буюу хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 46,950 төгрөг, нэхэмжлэгчээс 94,022 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2293 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/02178 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11-д тус тус зааснаар А.Нинжиндуламыг Өвөрзалаат ХХК-ийн кемпийн эмчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 9,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, холбогдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нярвын ажилд эгүүлэн тогтоолгох, алданги гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... 56.1 ... гэснийг ... 56.2 ... гэж, ... 46,950 ... гэснийг ... 158 950 ... гэж тус тус өөрчлөн, ... , А.Нинжиндуламаас 94,022 төгрөгийг тус тус ... гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 2020.10.26-ны өдөр төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхээс Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг ИХ-н 359.1-д заасан Хөлсөөр ажиллах гэрээ-ний харилцаа хэмээн дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь хэрэгт авагдсан 2020.03.17-ны өдрийн 20/74 тоот гэрээгээр Өвөрзалаат ХХК нь А.Нинжиндуламыг кэмпийн эмчээр хугацаагүйгээр ажиллуулах, албан тушаалын цалин гэж 1,500,000 төгрөг сар бүр олгох, ажил үүргээ биелүүлэхэд шаардагдах нөхцөл бололцоо, зориулалтын тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгслээр хангах, А.Нинжиндулам нь ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэх, Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, зааварчилгааг мөрдөн ажиллахаар тус тус харилцан тохиролцсон байхаас гадна талууд ажлын нөхцөл, долоо хоногийн ажлын цаг, ажил амралтын горим, сул зогсолт, эд хөрөнгийн хариуцлага, ноцтой зөрчил, урамшуулал, тэтгэмж зэрэг нөхцлийг тогтоосон байна. Талуудын хооронд гэрээний агуулгаас үзэхэд хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах хөдөлмөрийн гэрээний харилцаа байна. Иймд талуудын хооронд ИХ-н 369.1-д заасан хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байх тул анхан шатны шүүхийн хөлсөөр ажиллах гэрээний хүрээнд хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болсон гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай Өвөрзалаат ХХК нь барилга, замын үйл ажиллагаа эрхэлдэг компани өгөөд манай компанид эмчийн нэг ч орон тоо байдаггүй ээ. А.Нинжиндуламтай байгуулсан 2020.03.17-ны өдрийн гэрээ байгуулан өмчийн эмчийн хөдөлмөрийн гэрээ нь манай компанид байдаг загвар гэрээ юм. А.Нинжиндулам ч анхан шатны шүүхэд төслийн хугацаанд ажиллана гэдгээ мэдэгдэж байсан. Ямар сайндаа эмчийн ажил үүрэг бага тул 2020.04.01-с кэмпийн нярвын ажил үүргийг хавсран гүйцэтгүүлж байсан. Үүнийг А.Нинжиндулам ч анхан шатны шүүхэд хүлээн зөвшөөрсөн. Мөн харилцан ажилладаг нягтлан бодогч, дэд захирлын мессежүүдэд ч хэдхэн хоноод ажил дуусахын хооронд, хэл амгүй ажлаа хийгээд дуусгаач гэсэн утгатай мэссэжээр тодорхой байдаг. Мессежүүдэд үзлэг хийлгэж, нотлох баримтаар бэхжүүлсэн байдаг. Өвөрзалаат ХХК нь Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрт байрлах, Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн 414.6 км төмөр замын төсөлд замын ажил гүйцэтгэх гэрээг нэг талаас Зэвсэгт хүчний жанжин штабтай байгуулсан бөгөөд уг гэрээ нууцын зэрэглэлтэй гэрээ байсан тул хугацаатай гэрээ байсан талаархи хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар анхан шатны шүүхэд үзлэг хийлгэх хүсэлт гаргаж, нууц гэсэн дардастай гэрээг авч очсон. Гэтэл уг гэрээ хугацаатай байгуулагдсан, кэмп тухайн хугацаанд л байгуулагдана гэх үйл баримтын тухайд, түүнчлэн тус гэрээгээр тохиролцсон ажил нь шүүх хуралдаан болох өдрийн байдлаар дууссан бөгөөд мөн өдрөөр кэмп татан буугдаж байгаа үйл баримтын тухайд тус тус маргахгүй байгаа тул үзлэг хийх шаардлагагүй, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан гэж шүүх хуралдаан үргэлжлэн хуралдсан байдаг, түүнчлэн манай компанийн зүгээс Зэвсэгт хүчний жанжин штабаас Ковид 19-ийн нөхцөл байдалтай уялдуулан төмөр замын ажлыг гүйцэтгэж байгаа бүх кэмпүүдэд эмч ажиллуулах шаардлага тавьсан тул тус кэмпийн ажиллах хугацаанд л эмчийг ажилд авсан. Хавтаст хэрэгт тус ажлыг гүйцэтгэх ажилтнуудыг байрлах хугацаанд Ковид-19 халдварт өвчнөөс шалтгаалан урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд эмчийг кэмп-д байнга ажиллуулах шаардлага бүхий Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газраас зэвсэгт хүчний дугаар ангийн захирагч, туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагад хүргүүлсэн албан бичиг нотлох баримтаар авагдсан байна. А.Нинжиндуламын хийх ажил үүрэг нь зөвхөн өглөө бүр халууныг бичиж тэмдэглэдэг байсан ажил төдийгүй ажиллах хугацаандаа энэхүү үүргээ бүрэн биелүүлдэггүй, удирдах ажилтнаас өгсөн даалгаврыг биелүүлдэггүй байсан. Үүрэг даалгаврыг биелүүлдэггүй байсан талаар гэрч асуулгаж, холбогдох бусад баримтаар нотолсон байдаг. Түүнчлэн ёс зүйгүй талаар мөн холбогдох баримтыг өгсөн байдаг. Энэ хүний үйлдлээс болж хариуцагч байгууллагын ажилчид ажлаасаа гарч, зарим ажилтныг авч үлдэхийн тул цалин урамшуулал олгож, хөрөнгө мөнгөөрөө хохирсон байдаг. Анхан шатны шүүхийн Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрт Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн автозам барих ажлын нэг удаагийн шинж байдал, тус ажлыг гүйцэтгэх кэмпийг байрлах хугацаанд Ковид-19 халдварт өвчний онцгой нөхцөл байдлаас шалтгаалан эмчийн үзлэгийг тогтмолжуулж, урьдчилан сэргийлэх шаардлагатай байсныг хүлээн зөвшөөрсөн зохигчдын тайлбар, кэмпийн түр зуурын байдлаар нөхцөлдсөн эмчийн орон тооны байнгын бус шинжид үндэслэн нэг талаас Өвөрзалаат XXК, нөгөө талаас А.Нинжиндулам нарын хооронд 2020.03.17-ны өдөр байгуулсан кэмпийн эмчээр ажиллах тухай гэрээг ИХ-н 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ гэж дүгнэлээ гэж дүгнэсэн нь харин үндэслэл бүхий болсон байдаг. Харин анхан шатны шүүхээс 2020.04.01-ний өдөр кэмпийн нярваар ажиллахаар дээрх этгээдүүдийн хооронд харилцан тохиролцсон нь мөн л хөдөлмөрийн гэрээний байнгын орон тооны шинжийг агуулахгүй байх тул ИХ-н 359.1-д заасан хөдөлмөрийн гэрээ гэж дүгнэх үндэстэй байна гэж дүгнээд няравын албан тушаалын цалин хөлсийг гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй хариуцагчийн зүгээс гомдол гаргасан юм. Давж заалдах шатны шүүхээс Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг А.Нинжиндулам нь нярвын ажил, албан тушаалыг эрхлэх талаар ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, нярвын ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгэж байсан, мөн тодорхой ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгүүлэх эсэхийг ажил олгогч дангаараа шийдвэрлэх эрхтэй тул нярвын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй атлаа цалин хөлсийг олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

А.Нинжиндулам 2020.06.22-ны өдөр Өвөрзалаат ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, кемпийн эмч болон няравын ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэх, цалин хөлс тогтоосон хугацаанд нь олгоогүйгээс алданги гаргуулахыг шаарджээ. /хх1,31-32,130/

Анхан шатны шүүх хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт хариуцагчаас 2,000,000 төгрөг гаргуулан А.Нинжиндуламд олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, зохигчийн хооронд хөлсөөр ажиллах бус, харин хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, А.Нинжиндуламыг Өвөрзалаат ХХК-ийн кемпийн эмчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 9,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нярвын ажилд эгүүлэн тогтоох, алданги гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний харилцааны талаар дүгнэлт хийхдээ Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэжээ.

1\. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй. Зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно. Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

А.Нинжиндулам 2020.03.17-ны өдөр кэмпийн эмч, 2020.04.01-ний өдрөөс кэмпийн нярвын ажлыг давхар гүйцэтгэж байгаад 2020.06.02-ны өдөр хариуцагч гэрээг цуцалсан, нэхэмжлэгч 2020.06.11-ний өдөр ажлаа хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн, нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө хариуцагч Өвөр залаат ХХК нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км. төмөр замын төслийн тодорхой хэсэгт 7 км төмөр замын суурь бүтэц угсрах, доод бүтэц барих ажлын туслан гүйцэтгэгчээр ажилласан, туслан гүйцэтгэх ...ажлын хугацаанд А.Нинжиндуламыг кемпийн эмчээр ажиллуулсан.. гэх /хх 34/ тайлбар өгсөн байна.

 

Нэхэмжлэгч нь кемпийн эмч-ийн ажлыг ӨвөрзалаатХХК туслан гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгэж байсан газар хийж байсан үйл баримт болон нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй тул эдгээр нөхцөл байдлыг тогтоогдсон гэж анхан шатны шүүх үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт нийцжээ.

2\. Талуудын гаргаж өгсөн баримт, хэргийн нөхцөл байдлын талаарх эрх зүйн дүгнэлтийг шүүх хийнэ.

Ажилтан нь байнгын ажлын байранд хугацаатай, хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж болно. Харин хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно.

Нэхэмжлэгч нь ...хөдөлмөрийн хугацаагүй гэрээгээр ажиллаж байсан.. гэж марган 2020.03.17-ны өдрийн 20\24 дугаартай гэрээг шүүхэд гаргаж өгсөн байх боловч энэ нь нэхэмжлэлийг хангах нөхцөл болохгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Өвөрзалаат ХХК нь ажил гүйцэтгэж буй газарт тухайн үеийн нөхцөл /Ковид-19/ -с хамаарч эмч ажиллуулах /хх 132-133/ зайлшгүй шаардлага бий болсон, энэ нь түр буюу туслан гүйцэтгэх ажлын хугацаагаар үргэлжлэх байсан /хх86-107/ нь тогтоогдсон, үүнийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй байна.

Зохигч нар гэрээгээ хөдөлмөрийн гэж нэрлэсэн нь, мөн хариуцагч ажилд авах-халах тушаал гаргаж байсан зэрэг нь талуудын хооронд үүссэн харилцааг шууд тодорхойлох нөхцөл биш бөгөөд шүүх эдгээрийг хэргийн бусад баримтууд, зохигчийн тайлбартай харьцуулан үнэлж дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-6.5, 40 дүгээр зүйлийн 40.1-40.3, 42 дугаар зүйлийн 42.4, 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт нийцжээ.

А.Нинжиндулам байнгын ажлын байранд ажиллаж байсан гэх нөхцөл байдал нотлогдоогүй, хариуцагч байгууллагын бүтцэд кемпийн эмч гэх байнгын орон тоо байдаг нь тогтоогдоогүй байх тул талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 359 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.2 дахь хэсгийн зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3\. Шүүх ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцжээ.

 

Хариуцагчийн гүйцэтгэж байгаа ажил дууссан, кэмп татан буугдаж байгаа талаар зохигч маргаагүй, зохигчийн хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн нь тогтоогдсон.

 

Хөлсөөр ажиллах гэрээ болон хөдөлмөрийн гэрээ нь хүний хөдөлмөрлөх эрх, үүрэгтэй холбоотой боловч тэдгээрийг нэг төрлийн эрх зүйн харилцааг үүсгэдэг гэж үзэхгүй бөгөөд хөлсөөр ажиллагч нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах Хөдөлмөрийн тухай хуульд заасан шаардах эрхийг эдлэх үндэслэлгүй болно.

 

Иймд давж заалдах шатны шүүх хариуцагчаас Хөдөлмөрийн тухай хуульд заасан олговор гаргуулсан нь буруу гэж үзнэ.

 

4\. Нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа нотлох үүргийг зохигч хүлээнэ. Шүүх нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэнэ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн,хэргийг шийдвэрлэсэн үндэслэл тодорхой заасан байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээн хариуцагч талын гаргасан гомдлын зарим хэсгийг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2293 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/02178 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 160,000 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД, Б.МӨНХТУЯА

Б.УНДРАХ

Г.ЦАГААНЦООЖ