Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/137

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга М.Баярмэнд

Улсын яллагч Б. Төрболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргал

Шүүгдэгч М.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Даваасүрэнд холбогдох 2223000000081 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сумд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж дүү нарын хамт амьдардаг Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг гүүрний хэсэг 1-14 тоотод оршин суух хаягтай, өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Сартуул овогт Мөнхбатын Даваасүрэн /Регистрийн дугаар:ИА96060339/

Шүүгдэгч М.Даваасүрэн нь 2022 оны 02 дугаар сарын 24-нөөс 27-ны хооронд  Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн нутаг Цагаан дэрс гэх газраас  хохирогч Б.Мягмарсүрэнгийн өмчлөлийн 2 тооны үхрийг  машин механизм ашиглан хулгайлж, түүнд 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “олон тооны мал хулгайлах” 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “ машин механизм ашиглаж мал хулгайлах” гэмт хэрэгт тус тус хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

 ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “ Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж  заасан журмын дагуу хохирогч Б.Мягмарсүрэнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хохирогч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч шүүх хуралдаанд ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Сартуул овогт Мөнхбатын Даваасүрэн нь 2022 оны 02 дугаар сарын 24-нөөс 2022 оны 02 дугаар  сарын 27-ны өдрийн хооронд Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн нутаг Цагаан дэрс гэх газар бэлчээрлэж байсан хохирогч Б.Мягмарсүрэнгийн өмчлөлийн 2 тооны үхрийг Портер маркийн 99-01 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачин хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Тухайн үед 2 тооны үхрээ хулгайд алдсан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч Б.Мягмарсүрэнгийн “... 2022 оны 02 сарын 24-ний өдөр үхэрнүүдээ үзэхэд Алдархаан сумын Өгөөмөр багийн нутаг Борхын Цагаан дэрс гэдэг газарт бүрэн байсан тэгээд 2022 оны 02 сарын 27-ны өдөр 10 цагт үзэхэд үхэр дотроос нь судалтай хүрэн ягаан зүсмийн 2 тооны тугалах гэж байсан үнээ алга болсон. 2 үнээ бол 2 чих оно имтэй сартай хүрэн ягаан зүсмийн гунжин үнээ, нөгөөх нь хүрэн ягаан зүстэй, 2 чих оно имтэй гунжин буюу 3 настай үнээнүүд байсан...Алдархаан сумын Өгөөмөр багийн иргэн Мөнхбат овогтой Даваасүрэнг сэжиглэж байна. Учир нь Даваасүрэн миний 2 үнээг хулгайлж аваад аймгийн төвд 200 боодол өвснөөс өгсөн байсан...” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 24-25 дахь тал/

М.Даваасүрэн 2 тооны үхрийг машин дээр ачилцаж өгөөч гэж гуйсны дагуу үхрийг хамт ачилцсан талаараа шууд тусган мэдүүлсэн гэрч Б.Бат-Эрдэний “...Намайг 2022 оны 02 сарын 25-ны өдөр оройн 23 цагийн үед гэртээ унтах гээд байж байтал Даваасүрэн утсаар залгаад, та хүрээд ир гэхээр нь би явж очсон чинь Даваасүрэн 2 үхэр бариад уячихсан байхаар нь би, Даваасүрэнг яах гэж байгаа юм гэсэн чинь, би хүнд өгөх гэсэн юм гэхээр нь хамжиж машин дээр нь ачиж өгсөн. Тэр 2 үхрийг Алдархаан сумын Өгөөмөр багийн баруун Цагаан дэрс гэх газраас ачсан. 2 тооны бага шиг гунж байсан, тэр хоёр хоёулаа улаан зүстэй байсан, им тамгыг нь хараагүй. Я.Даваасүрэнгийн нэр дээр байдаг ч, миний өөрийн хөх өнгийн Портер маркийн машинтай явсан. Даваасүрэн өөрөө миний үхэр гээд байсан... Надад тэр 2 үхрийг хулгайлж байгаагаа хэлээгүй” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 49 дэх тал/

М.Даваасүрэн өөрт нь 2 үхэр өгч 200 боодол өвс худалдаж авсан талаар шууд тусган мэдүүлсэн гэрч Л.Гомбодоржийн “... намайг аймгийн төвд өвс зараад зогсож байтал 1 залуу ирээд та өвсөө үхрээр зарах уу гэхээр нь би болно гэсэн чинь тэр залуу надад 200 боодол өвс авч оронд нь 2 үхэр өгье гэсэн. Өвс буулгаж өгсөн өдрөөс хойш 2 хоногийн дараа шөнө 00:00 цагийн үед над руу нөгөө залуу 88514664 гэсэн дугаараас залгаж үхрээ ав гэхээр нь би 2 үхэр авч хашаандаа хийсэн юм. Тэр 2 үхрийг хашаандаа 7-8 хонуулаад байж байтал нөгөө залуу над руу залгаж, та үхрээ гаргавал над руу яриарай би хүргэж өгнө гэхээр нь энэ 2 үхрийг Шургах гэдэг газарт аваачмаар байна гэсэн чинь нөгөө залуу Идэр сум орох ажилтай, би хүргээд өгье гээд бид хоёр нөгөө 2 үхрийг Тэлмэн сумын Шургах гэдэг газарт Жижигээ гэдэг залуугийнд нөгөө 2 үхрээ хүргэсэн. Би Идэр сумын Батмөнх гэх залууд нөгөө 2 үхрээ 4 метр куб банзнаас өгөхөөр болж зарсан. 2 чих оно имтэй зөв талын ташаандаа цэнхэр будагтай, нэг нь сартай нөгөөх нь саргүй судалтай хүрэн гунжин монголын үхэр байсан. Тэр залуу өөрийгөө Алдархаан сумынх гэж хэлээд цэргийн ангийн хувцас буюу цоохор хувцастай байсан. Надад нэрээ хэлээгүй 88514664 дугаарын утсаар ярьсан, махлагдуу бор царайтай, 20 гаруй насны бага шиг залуу байсан, хар хөх өнгийн нилээн шинэ 99-01 УБА гэсэн дугаартай портер маркийн автомашин байсан ” гэсэн мэдүүлгээр хэргийн 30-31 дэх тал/

Л.Гомбодорж М.Даваасүрэнгээс худалдаж авсан 2 үхрээ өөрийнх нь хариулгад үлдээсэн тухай шууд тусган мэдүүлсэн гэрч Ж.Ёндонсамбуугийн “... Манайх 3-р сард Тэлмэн сумын Өгөөмөр багийн Дунд шургах гэдэг газарт байсан. Би 03-р сарын 02-ны өдөр айлын хотны хөр ховхлох гэж яваад 2 хоноод иртэл манай малын хашаанд 2 тооны үнээ байхаар нь эхнэр лүүгээ утсаар залгаад, юун үхэр вэ гэхэд, Яруугийн Гомбодорж танайд 2 үхэр тавиадахъя авах хүн мэдэж байгаарай, би Алдархаан сумаас өвсний оронд авсан чинь гүйчих гээд байна гэж хэлсэн. Тэр 2 үхрийг Идэр сумын Батмөнх ирээд ачаад авч явсан. Нэг нь сартай хүрэн ягаан зүсмийн нөгөөх нь судалтай хүрэн ягаан зүсмийн 2 гунжин үнээ байсан имийг нь хараагүй” гэсэн мэдүүлгээр /хэргийн 39-40 дэх тал/ 

гэрч Н.Пүрэвжаргалын “...03-р сарын 04-ний өдөр Яруу сумын Гомбодорж над руу утсаар ярьж, танай үхэрт 2 үхэр тавья манай үхэрт байхаар буцаад гүйчих гээд байна. Би Алдархаан сумаас өвсний оронд хүнээс авсан юм гэхээр нь би наадахаа Ёндонсамбуутай ярь гэсэн чинь, Гомбодорж за яахав танайх сүлжээтэй юм чинь гээд 2 үхэр тавиад явсан байсан. 03-р сарын 09-ний өдөр Батмөнх ирээд Идэр сум руу нөгөө 2 үхрийг аваад явсан” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 42-43 дахь тал/

Л.Гомбодоржоос дээрх 2 үхрийг худалдаж авсан тухайгаа шууд тусган мэдүүлсэн гэрч С.Батмөнхийн “... Над руу Гомбоо буюу Гомбодорж гэх залуу утасдаж би Жижигээ гэдэг залууд 2 үхэр зарсан чинь наймаа тохирсонгүй, чи тэр 2 үхрийг нөгөө банзандаа авах уу гэж ярихаар нь би тэгье гээд нөгөө 2 үхрийг нь авсан. Би Тэлмэн сумын Шургах багт очиж Жижигээгийнхээс Гомбодоржийн зарсан гэх 2 үхрийг авч ирээд Идэр суманд хариулж байгаа. Жижигээ надад 2 үхэр өгөхдөө энэ байна гээд 2 монголын үхэр барьж өгсөн юм. Жижигээгийн үхэр дотор байсан ижил буруу 2 үхэр барьж өгсөн юм. Жижиг биетэй монголын гунжин үнээ байсан арай жижиг нь сартай, 2 чих хоёулаа оно имтэй, би хүнээс авсан чинь буцаж гүйх гээд байна гэж байсан. Нямжаргал гэж найзыгаа харж байгаарай гэж захисан” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 33-34 дэх тал/

С.Батмөнх худалдаж авсан 2 үхрээ өөрийнх хариулгад үлдээсэн талаар шууд тусган мэдүүлсэн Ш.Нямжаргалын “... Би Идэр сумын Цэцэрлэг багт мал малладаг юм. Батмөнх 2 үхэр хараад байгаарай манай үхэрт тогтохгүй байна танай монголд нийлүүлчихье гэхээр нь би за наад хавиар чинь байж байвал би харж байя гэсэн .... ташаа хондлойдоо ногоон будгаар будчихсан судалтай улаан ягаан зүсмийн монголын гунжин үнээ байсан, би имийг нь ажиглаагүй нэг нь сартай байсан” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 35-36 дахь тал/

С.Батмөнхийн худалдаж авсан 2 үхрийг хохирогч Б.Мягмарсүрэн өөрийн хулгайд алдсан 2 үхэр мөн гэж таньсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 1.600.000 төгрөгийн хохирол учирсан нь Хурд-Од ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Х.Сольхүүгийн “...2 тооны үнээ 1.600.000 төгрөг ” гэж үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

Өөрөөр хэлбэл мал хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд  эд хөрөнгийн шилжилт хийгдсэн байдаг ба эд хөрөнгийг эзэмшигч өмчлөгчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр  нууцаар , хууль бусаар авах байдлаар илэрнэ.

Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “ Энэ зүйлд заасан олон тооны мал гэдэгт ...2 бод түүнээс дээш малыг ойлгоно “ гэж заасан ба олон тооны мал хулгайлсан бол Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн хүндрүүлэх шинж болгон Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэхээр, Мөн мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн үйлдлийг хялбарчлах, халдлагын зүйлийг зөөж тээвэрлэх зорилгоор машин  механизм ашигласан бол  мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 д зааснаар зүйлчлэхээр тус тус заасан байна.

Шүүгдэгчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр  бусдын малыг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсэж үйлдэж хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, тэрээр 2 тооны бод малыг шууд санаатай үйлдлээр хулгайлсан нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийн обьектив шинжийг, олон тооны мал хулгайлах үйлдлээ хялбарчлах, түргэвчлэх зорилгоор машин механизм ашигласан нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох машин механизм ашигласан гэмт хэргийн обьектив шинжийг  тус тус хангаж байна.

Иймд М.Даваасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан машин механизм ашиглан, олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч хохирогчид хохирлоо нөхөн төлсөн нь хэрэгт авагдсан хохирогч Б.Мягмарсүрэнгийн “хохиролдоо нийт 3.000.000 төгрөг төлүүлсэн” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “ энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчимтай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан  эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч М.Даваасүрэн нь гэмт хэрэг үйлдэхдээ бусдын өмчлөлийн 16.000.000 төгрөгийн үнэтэй Портер маркийн 99-01 УБА улсын дугаартай автомашиныг ашигласан нь хэрэгт авагдсан гэрч Л.Бат-Эрдэнэ, Л.Гомбодорж, Я.Даваасүрэн нарын мэдүүлэг, тухайн автомашиныг 16.000.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автомашин Эрүүгийн хуулийн  7.5 дугаар зүйлийн 1-д заасан “тээврийн хэрэгсэл” гэсэн ойлголтод хамаарч байх тул тээврийн хэрэгслийн үнэ 16.000.000 төгрөгийг М.Даваасүрэнгээс гаргуулж улсын орлого болгон, уг автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Даваасүрэн нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1,3, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сартуул овогт Мөнхбатын Даваасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан машин, механизм ашиглан олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т  заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар М.Даваасүрэнг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Даваасүрэнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Даваасүрэнгээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Портер маркийн 99-01 УБА улсын дугаартай автомашины үнэ 16.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Даваасүрэнд өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорин таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Гэрч Я.Даваасүрэнгийн өмчлөлийн Портер маркийн 99-01 УБА улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн прокурорын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           З.НАНДИНЦЭЦЭГ